Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 66

 

 

 

 

 

          Хэргийн индекс: 171/2012/0050/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар /305/,

хохирогчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг,

хохирогч Б.М  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт Д  овогт Н.М т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21123397 дугаартай хэргийг 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д  овогт Н.М  /РД:МД.../, 1977 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эрэгтэй, 35 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Баруун билсэг” ХХК-ны захирлын ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг ... тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял эдэлж байгаагүй.

 

Шүүгдэгч Н.М  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг .. дүгээр хороолол, .. дүгээр байрны ... тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Б.М тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2011 оны 7 дугаар 21-ний өдөр Б , М  хоёр манай гэрийн гадаа ирсэн юм. Тэгээд Б гийн төрсөн өдөр болж байна гэхэд нь би дэлгүүр дээрээ очоод нэг шил архи аваад түүний гэрт очсон юм. Тэгээд Б гийн гэрт нь Б  М  бид гурав юм ярьж сууж байгаад дахиад нэг шил архи ууж дуусгаад М  гэр рүүгээ явлаа гэхэд нь Б  М д хандан “чи согтуу машин бариад яах юм бэ, жолооч дуудаад яв” гэж хэлсэн юм. Тэгээд нээх удалгүй “Хас” банкны жолооч бас М  гэдэг нэртэй залуу ирсэн юм. Тэгээд би М тай банкны зээлийн асуудлаас болж маргалдаж байсан юм. Тэгээд жолооч М  нь машинаа ойртуулах гээд гараад явсан хойгуур нь М  бид хоёр маргалдаж байснаа М  миний нүүр рүү цохиход нь би зөрүүлээд М ы шанаа руу нэг удаа гараараа цохисон юм. Би ийм юм болно гэж огт бодоогүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

                                                               

Хохирогч Б.М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2011 оны 7 дугаар сарын 21-ний өдөр би хамт ажилладаг Б  руу утсаар ярихад Б  Дархан руу явж байна гэж хэлсэн юм. Тэгээд орой нь 19 цагийн үед ажлаа тараад Б  руу утсаар ярихад Б  гэртээ ирж байна гэхэд нь би өөрийнхөө машинтай Б гийн гэрт нь очсон юм. Тэгээд бид хоёр жоохон хууч хөөрч байхад М  Б  руу залгахад нь Б  М т хандан “М  бид хоёр хамт байна” гэж хэлэхэд М  манайд хүрээд ир гээд бид хоёр руу хоёроос гурван удаа утсаар ярьсан юм. Тэгээд бид хоёр миний машинаар М ын байрны гадаа нь очиход М  орцноосоо гарч ирээд миний машинд суусан юм. Тухайн үед М  архи уусан байдалтай согтуу байсан юм. Тэгээд Б  дэлгүүр орж нэг шил архи аваад М  бас нэг шил архи аваад Б гийн гэрт нь очсон юм. Тэгээд Б гийн гэрт нь очоод бид нар архи ууж байх үед М  Б  бид хоёрт хандан “Танай банк шулаач банк” гээд олон юм яриад байсан. Тэгээд би харих гээд ажлынхаа жолооч М ыг машин бариулах гэж дуудсан юм. Тэгээд намайг Б гийн гэрээс гарах гэхэд М  надад хандан “Чи явах гэж байгаа юм уу дандаа ингэж байх юм” гэж хэлээд намайг заамдаад авсан юм. Тэгтэл Б  жолооч М  хоёр бид хоёрыг салгаад жолооч М  бид хоёр Б гийн гэрээс гараад орцны үүдэн дээр гарсан юм. Тэр үед жолооч М  миний машиныг авчрах гээд явсан хойгуур би Б гийн гэрийн үүдэн дээр дахин очиход М  гарч ирснээ Б гийн гэрийн үүдэнд миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон юм...” гэв.

 

2011 оны 7 дугаар сарын 21-ний орой иргэн Д.Б  гэгчийн гэрт шүүгдэгч Н.М , хохирогч Б.М  нар нь архидан согтуурч улмаар “Хас” банкны зээлийн хүү өндөр байгаа гэж маргалдаж Н.М  нь хохирогч Б.М ы нүүрэн тус газар нь нэг удаа цохьсны улмаас доод эрүүний хоёрлосон ил хугарал буюу хүндэвтэр зэргийн гэмтэл бие махбодид нь санаатай учруулсан болох нь:

     гэрч Д.Б гийн:…”2011 оны 7 дугаар сарын 21-ний өдөр би Улаанбаатар хотоос ирсэн юм. Тухайн үед надтай хамт ажилладаг М  над руу утсаар яриад надад хандан “хотын юм авчирсан биз дээ одоо би танайд очлоо” гэж хэлээд утсаа тасалсан. Түүний дараа М  бас над руу залгаад надад хандан “чи ирсэн юм уу” гэж асуухад нь би түүнд хандан “ирсэн байна. Одоо манайд М  ирнэ” гэж хэлсэн юм. Тэгээд манайд М  19 цаг өнгөрч байхад машинтайгаа ирэхээр нь манай гаднаас хөдлөөд хээтэй хорооллын 4-7 дугаар байр ороод М ыг аваад замаасаа дэлгүүр ороод хоёр шил архи аваад М , М  бид гурав манайд очсон юм…Тэгээд жолооч М  ирээд удаагүй байхад М  М  хоёр хоорондоо нэг зээлийн талаар яриад байсан ба М  М д хандан “их хэмжээний хүү төлсөн, танай банк шулсан” гэсэн юм ярихад нь М  М  хандан “чи хэрэгтээ үедээ авчхаад одоо яах гэж ингэж байдаг юм бэ” гэж хэлээд маргалдсан. Тэгээд М  жолооч М тай хамт гараад явсан хойгуур намайг жижиг өрөөнд байх үед хаалга тогшоод байсан юм. Тэгээд би дээгүүрээ фудволкоо өмсөөд хаалган дээр ирсэн чинь М  хаалга онгойлгосон ба М , М  хоёр бие биенээ барьсан байхаар нь би араас нь салгаад тэр хоёрыг хоёр тийш нь болгосон юм. Тэгээд би тэр хоёрыг гэртээ оруулсан чинь М  М т хандан “чи миний шүдийг хугалчихлаа” гэж хэлсэн юм. Тухайн үед намайг М  руу харахад ам хамраас нь цус гараагүй байсан. Гэхдээ М ы яриа нь нэг л сонин болчихсон байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 46 дахь тал/,

     гэрч Б.М ы:…”2011 оны 7 дугаар сарын 21-ний өдөр орой 22 цаг 40 минутын үед манай банкны эрсдэлийн менежер М  ах над руу залгаад надад хандан “хээтэй хорооллын 4-4 дүгээр байранд айлд байна жоохон архи уучихлаа намайг аваад машиныг минь гэрт хүргээд өгөөч” гэж хэлэхэд нь би очиход манай ажлын Б  ахынх байсан. Тэгээд тэд нар архи ууж байхдаа М  М  болон Б  хоёрт хандан “танай банк шулдаг, шулаачин” гэж хэлээд бие биедээ үг хаяад байсан юм.

М  М  ах хоёр хоорондоо хэрэлдээд бие биеэ заамдах гээд байхад нь Б  ах бид хоёр салгаад би М  ахыг аваад тэднийхээс гарч байрны орцны үүдэн дээр авчраад наанаа байж байгаарай гэж хэлээд цаанаас нь машин авчрах гээд явсан юм. Тэр үед М  ах орц руу орж харагдсан. Тэгээд намайг машин авчраад ирэх үед М  ах буцаад орцноос гарч ирсэн. Тэгээд М  ахын гэр рүү явж байх үед надад хандан “миний шүд эвгүй болчихлоо, М  сая намайг цохьчихлоо, ахын дүү хараад өгөөч” гэхэд нь машины кабины гэрэлд амыг нь ангайлгаж байгаад харсан чинь баруун доод эрүүний шүд нь хазайсан юм шиг харагдахаар нь эмнэлэг рүү явж эмчид үзүүлэхэд эрүү нь хугарсан байна, зураг авахуул гэсэн юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 47 дахь тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 719 тоот актын

1. “Хохирогчийн биед доод эрүүний хоёрлосон ил хугарлын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 54 дахь тал/,

Шинжээчийг байцаасан тэмдэглэл:...”Хохирогч Б.М ы хувьд доод эрүүний ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулж байгаа учир хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарч байгаа юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 48-49 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 657 тоот дүгнэлт

  1. “Урьд гаргасан шүүх эмнэлгийн 719 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2, 3. М ы биед доод эрүүний их биеийн баруун талд дээрээс доош чиглэлтэй, эрүүний ясны зүүн салаа дунд хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

6. Дээрх эрүүний ясны хугарал гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

7. Б.М  нь цусны цагаан эсийн цочмог хорт хавдар, ходоод 12 хуруу гэдэсний шархлаа өвчтэй байсан байна” гэсэн дүгнэлт /хэргийн 99-101 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 59 тоот дүгнэлт

1. “Б.М ы биед доод эрүүний хоёрлосон ил хугарал, уг гэмтлийн улмаас 3 шүдээ авахуулсан гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

2. Б.М  нь цусны цагаан эсийн цочмог хорт хавдар, 12 хуруу гэдэсний шархлаа өвчтэй байх ба 12 хуруу гэдэсний шархлаанаас цус алдсан байна.

3. Эрүүний хоёрлосон ил хугарал гэмтлийн улмаас цус алдаагүй байна.

4. Дархан-Уул аймгийн НЭ болон УКТЭ-ийн өвчний түүхээс үзэхэд эрүүнд учирсан гэмтлийн улмаас баруун доод 3, 4, 5 дугаар шүдийг авсан байна. Уг 3 шүдийг гэмтлийн улмаас авсан нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварт тогтонги 10 хувь нөлөөлнө.

5. Б.М  нь цусны цагаан эсийн цочмог хорт хавдар, 12 хуруу гэдэсний шархлаа өвчтэй байна. Цусны цагаан эсийн цочмог хорт хавдар өвчин яг хэдийд үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй, 12 хуруу гэдэсний шархлаа өвчин нь өвчний түүхээс үзэхэд 2011 оны 8 дугаар сард үүссэн байхаар байна” гэсэн дүгнэлт /хэргийн 209-214 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Иймд Д  овогт Н.М ыг бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

 

Хохирогч Б.М  нь цусны цагаан эсийн цочмог хорт хавдар, 12 хуруу гэдэсний шархлаа өвчтэй байсан нь шүүгдэгч Н.М ын хохирогчийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэлтэй шалтгаант холбоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд хохирогчийн биед эрүүний хоёрлосон хугарал оноштойгоор 2011 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2011 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүртэл, 2011  оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Дархан-Уул аймгийн Нэгдэн эмнэлгийн гэмтлийн тасаг, УКТЭ-ийн мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлсэн хугацаанд хамаарах хэрэгт авагдсан хохирлын гэх баримтуудаас хуульд заагдсанаар нотлох баримтын шаардлага хангасан эмнэлгийн ор, хоногийн төлбөр 253.050 төгрөг, эмийн сангаас 2011 оны 8 дугаар сарын 23-ны өдөр авсан эмийн үнэ болох 257.700 төгрөг, 2011 оны 8 дугаар сарын 05-ны өдөр авсан эмийн үнэ болох 16.150 төгрөг, 2011 оны 8 дугаар сарын 09-ний өдөр авсан эмийн үнэ болох 215.840 төгрөг 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, 15-ны өдрүүдэд шинжилгээ хийлгэсний төлбөр 630.000 төгрөг, 2011 оны 8 дугаар сарын 10-ны өдөр, 15-ны өдөр, 21-ний өдөр, 23-ны өдөр, 28-ны өдрүүд мөн 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр авсан шатахууны зардал 391.000 төгрөг, 2011 оны 8 дугаар сард дутуу авсан цалин 332.977 төгрөг 2011 оны 9 дүгээр сард дутуу авсан цалин 484.800 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулж, дээрх хугацаанд хамаарахгүй болон нотлох баримтын шаардлага хангахгүй баримтаар нэхэмжилсэн эмийн үнэ 2.036.877 төгрөг, шинжилгээний төлбөр 675.000 төгрөг, хоол хүнсний зардал 918.952 төгрөг, шатахууны зардал 760.200 төгрөг, нэмэгдэл зардал 2.073.420 төгрөг, бусад нэхэмжлэл 1.890.000 төгрөг, ирээдүйд гарах зардал гэх 12.500.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүх хурлын хэлэлцүүлэгт өгсөн хохирлын 9 хуудас нотлох баримтыг шүүх үнэлэхгүйгээр орхиж цаашид хийлгэх эмчилгээний зардал болон бодит хохиролтойгоо хамтатган хохирогч Б.М  нь иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.М  урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 179 дахь тал/.

 

Шүүгдэгч Н.М  нь тохиолдлын нөхцөл байдалтайгаар хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хохирогч Б.М д учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж байгаа, хохирогчийн согтуурсан хэт хайхрамжгүй байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.М т хуульд зааснаар ял шийтгэлийг оногдуулж ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Д  овогт Н.М ыг бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Н.М т 260 /хоёр зуун жар/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солихыг Н.М т анхааруулсугай.

 

 

 

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нотлох баримтын шаардлага хангасан эрүүл мэндийн болон дутуу авсан цалин болох 2.581.540 /хоёр сая таван зуун наян нэгэн мянга таван зуун дөч/ төгрөгийн хохирлоос урьд төлөгдсөн 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг хасаж үлдэх 781.540 /долоон зуун наян нэгэн мянга таван зуун дөч/ төгрөгийг шүүгдэгч Н.М аас гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг... тоотод оршин суух Б овогт Б. М  /РД:ГЮ...../-д олгосугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.4-д зааснаар хохирогч Б.М  нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа хуульд заагдсан арга хэлбэрээр бүрдүүлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заагдсаны дагуу иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг мэдэгдэж, энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  297 дугаар зүйлийн 297.1.3, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Н.М  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.М т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр байлгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

            10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.М т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлгэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                           Ё.РИНЗААН