| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2020/0461/и |
| Дугаар | 142/ШШ2020/00980 |
| Огноо | 2020-08-17 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 142/ШШ2020/00980
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4-20-22 тоотод оршин суух, Т.Б /Регистрийн дугаар: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4-10-61 тоотод оршин суух, “Т” ХХК /Регистрийн дугаар: 4397746, 86053900/-д холбогдох
6,359,280 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Б, хариуцагчийн төлөөлөгч О.Ууганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Төмөр овогтой Болормаа нь 2010 оноос хойш барилгын ажил хийж байгаа бөгөөд хийсэн ажлуудаа цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэн хүлээлгэж өгч байсан. 2019 оны 08-р сарын 15-ны өдөр ТХХК-ийн захирал Л.У-тай 1500м2 талбайтай явган хүний замын ажлыг 1м2-ийг 8000 /найман мянга/ төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, тус ажлыг 2019 оны 08- р сарын 15-наас 2019 оны 09-р сарын 15-ны хооронд хийж гүйцэтгэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажлаа эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацаанд ажлаа хийж гүйцэтгэсэн бөгөөд явган хүний замыг хүлээлгэж өгөхөөр талбайн хэмжилт хийлгэхэд 2294,91 м2 болсон бөгөөд гэрээнд тусгаснаас гадна 794,91 м2 талбайн ажлыг илүү хийж гүйцэтгэсэн байсан. Энэ нь тухайн компанитай байгуулсан гэрээний м2-ийг тохиролцсон ханшаар бол 6 359 280 /зургаан сая гурван зуун тавин ёсөн мянга хоёр зуун ная/ төгрөг болж байна. Иймд 2019 оны 08 сарын 15-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний нөхцөлөөс илүү хийж гүйцэтгэсэн 794,91 м2 буюу гэрээнд заасан ханшаар 6 359 280 /зургаан сая гурван зуун тавин ёсөн мянга хоёр зуун ная/ төгрөгийг “Т“ ХХК-наас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т ХХК шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа: Т ХХК нь Иргэн Т.Бтай давхар туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулахдаа гүйцэтгэгч байгуулага Новый Мираж ХХК-тай байгуулсан гэрээний 2.1-д заасны дагуу 1500м2 явган хүний замын ажлыг 2019 оны 08 дугаар сарын 15-наас 2019 оны 09 сарын 15-ны хооронд тохирч ажлын зургийг хамт өгч ажил эхэлүүлсэн. Манай компани нь 2014 оноос хойш барилгын гадна тохижилт болон дотор заслын ажлыг хийж гүйцэтгэж байна. Орхон аймагтаа 4-5 нь компанитай хамтран ажиллаж туслан гүйцэтгэгчээр нь ажилладаг. Тэдний нэг нь “Новый Мираж ХХК”-ны захирал Б.Насанбаяртай сүүлийн 2 жил хамтран ажиллаж байна. 2019 оны 08-р сарын 15-ны өдрөөс 2019 оны 09-р сарын 15-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай “Орхон аймгийн Гэрэлт гудамжны 1500м2 талбайтай явган хүний замын ажлыг 1м2-ийг 10 000 /арван мянган/ төгрөг буюу 15 000 000 /арван таван сая/ төгрөгөөр НӨАТ олгохоор тохиролцон гэрээг байгуулж урьдчилгаа болгон 5 000 000 /таван сая/ төгрөгийг “ТХХК”-ны данс болох 13000023529 дугаартай дансаар авсан. Манай компани нь 2019 оны 08-р сард Булган аймгийн Рашаант суманд Мах боловсруулах үйлдвэрийн ажлыг хийж гүйцэтгэж байсан тул хүн, хүчээ нэмэх шаардлагатай болсон. Энэ нөхцөл байдлыг Новый Мираж ХХК-д албан ёсоор мэдэгдсэн. Би Т.Бтай 2019 оны 05-р сард холбогдож, 2019 оны 07-р сард анх уулзаж танилцаад барилгын ажил гарвал хамтарч ажиллахаар болсон. Ингээд 2019 оны 08-р сарын 14-нд дахин холбогдож Гэрэлт гудамжны 1500м2 талбайтай явган хүний замын ажлыг санал болгоход зөвшөөрсөн. Иймээс давхар гэрээг 2019 оны 08-р сарын 15нд 1м2-ийг 8000 / найман мянган/ төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянган/ төгрөгийг суутгаж авахаар 11 400 000 /арван нэгэн сая дөрвөн зуун мянган төгрөгөөр гэрээ хийж бэлнээр 3 000 000 /гурван сая/ төгрөгийг урьдчилгаа болгон өгсөн. Т.Б нь өөрийн бригадтай хийх болсон учир манай компаниас 1 хүнийг төлөөлөгчөөр 1 сарын хутцаатай ажилуулсан. Би ажил эхлүүлээд Булган аймгийн Рашаант сум руу буцсан. 2019 оны 08-р сарын 29 нд “Новый Мираж ХХК”-ны зүгээс ажлын явц удаашралтай хүн нэмэж ажиллуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр 2019 оны 08-р сарын 31-нд ирсэн, Ажлын явц зам хуулалтын ажил 80%-тай зам талбайн хавтан суулгалт 40%-тай байсан. Би ирээд Орхон аймгийн Цагдаагийн газарт хүсэлт гаргаж прокурорын зөвшөөрөлтэйээр баривчлгааны хүмүүсээс ажиллах хүч авч, 6 хүний бүрэлдэхүүнтэй 2 өдрийн турш үлдэгдэл талбайн хавтан хуулалт болон цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэсэн. Ажлын хувьд маш хүнд 1 хавтан 100-150 кг, 1 хавтанг ачиж буулгахад 4-5 хүн ажиллаж хуулалт болон ачилтын ажил дээр маш их хугацаа алдсан байсан. Шаардлагын дагуу арын хэсэг буюу 400 м2 талбайд 5 хүнийг Т.Бд нэмэлтээр гаргаж өгсөн. 2019 оны 09-р сарын 11 нд би Булган аймгийн Рашаант сум руу буцсан. Гэрээний дагуу ажил 50%-д орсон тул 2019 оны 09-р сарын 16 ны өдөр Новый Мираж ХХК-аас миний хувийн данс болох хаан банкны 5094084677 гэсэн дугаартай дансруу 5 000 000 /таван сая/ төгрөгийг хийсэн. Үүнийг аваад 2 972 000 /хоёр сая есөн зуун далан хоёр мянган/ төгрөгийг Т.Бгийн өгсөн хаан банкны 5604020072 дугаартай данслуу шилжүүлээд, үлдэгдэл болох 2 028 000 /хоёр сая хорин найман мянган/ төгрөгийг арын хэсэг буюу 400 м2 талбайд ажилласан ажилчдад нь хувааж өгсөн. Ингээд мөн л 2019 оны 09-р сарын 29 ны өдөр ажлын явц удаашралтай байна гэсэн шалтгаанаар дахин ирсэн. Ажлын явц зам талбайн хавтан суулгалтын ажил 75%-тай байсан. 11хоногийн турш талбай дээр цуг ажиллахад хавтан суулгалтын ажил 100-250 м2 талбай үлдэхэд Новый Мираж ХХК-ны захирал Б.Насанбаяр, Т.Б нартай уулзаж дахин ирэх боломжгүй асуудалгүй ажлаа дуусгаарай гэж хэлээд 2019 оны 10-р сарын 11 нд Булган аймгийн Рашаант сум руу буцсан. 2019 оны 10-р сарын 20 нд Т.Б нь надтай холбогдож ажил 100% дууссан гэрээний дагуу сүүлийн санхүүжилтийг авмаар байна яаралтай шийдэж өгнө үү гэсэн. Ажилчдын цалин маш өндөр гарсан ажилчид цалин хөлсөө нэхэмжилсэн гэхэд нь би Б.Насанбаяртай холбогдож асуудлыг хэлэхэд аймаг ажил хүлээж аваагүй байна, хүлээж авахаар тооцоог дуусгана гээд яриагаа дуусгасан. 2019 оны 11-р сарын 16-нд дахин холбогдоход мөнгө орж ирээгүй гэсэн хариу өгсөн. 2019 оны 11-р сарын 24 нд Т.Б, Б.Насанбаяр 2-той холбогдох гэсэн боловч гар утаснууд нь хаалттай байсан. Энэ хугацаанд аль, аль нь надтай холбоо бариагүй. 2019 оны 12-р сарын 27-нд манай компаний ажил дуусаж, би Улаанбаатарт орж ирээд Б.Насанбаяртай холбогдоход сүүлийн санхүүжилтийн 5 000 000 /таван сая/ төгрөгийг Т.Бд өгөөд тооцоо дуусгасан өөрсдөө учраа олоорой гээд утасаа тасалсан. Гэрээний дагуу бол сүүлийн 5 000 000 /таван сая/төгрөгний 3 400 000 /гурван сая дөрвөн зуун мянган/ төгрөг нь Т.Бгийн ажпын хөлс 1 600 000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөг нь манай компаний ашиг байсан. Гэтэл Новый Мираж ХХК нь ТХХК-ны оролцоогүйгээр туслан гүйцэтгэгч Т.Бтай тооцоо хийсэн нь гэрээний заалтыг зөрчсөн байна. 2020 оны 01-р сарын 05 ны өдөр Улаанбаатараас ирээд Т.Бтай холбогдоход өөдөөс м2-ын зөрүүний талаар асуудал ярьсан. Ингээд дахин Б.Насанбаяртай холбогдож м2-ын зөрүүний талаар асуухад мэдэхгүй би аймагтай 1500 м2-аар гэрээг хийсэн ажил дуусаагүй байхад хэмжиж үзэхгүй яасан юм гээд утасаа тасалсан. Т.Б Орхон аймгийн Тендерийн хороо болон холбогдох хүмүүстэй уулзахад Новый Мираж ХХК-нь Гэрэлт гудамжны явган хүний замын ажпыг 2093 м2-аар гэрээг хийсэн болохыг мэдсэн. Т.Б нь хийсэн ажлынхаа нийт талбайг хэмжихэд 739.91 м2 талбайг илүү хийсэн байна гэжээ.
Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Б нь Т ХХК-д холбогдуулан 6,359,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь 2019 оны 08-р сарын 15-ны өдөр Т ХХК-ийн захирал Л.Убайгуулсан ажил гүйцэтгэх гэрээг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгож байна.
Талууд 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 03/19 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр нэхэмжлэгч нь 1500м2 талбайтай явган хүний замын ажлыг 1м2-ийг 8000 /найман мянга/ төгрөгөөр 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 15-ны хооронд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байна.
Нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаанд ажлыг хийж гүйцэтгэн явган хүний замыг хүлээлгэж өгөхөөр талбайн хэмжилт хийлгэхэд 2294,91 м2 болсон байх ба гэрээнд тусгаснаас гадна 794,91 м2 талбайн ажлыг илүү хийж гүйцэтгэсэн байсан. Энэ нь тухайн компанитай байгуулсан гэрээний м2-ийг тохиролцсон ханшаар бол 6 359 280 /зургаан сая гурван зуун тавин ёсөн мянга хоёр зуун ная/ төгрөг болж байна гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.
Ийнхүү нэхэмжлэгч нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний нөхцөлөөс илүү хийж гүйцэтгэсэн 794,91 м2 буюу гэрээнд заасан ханшаар 6 359 280 /зургаан сая гурван зуун тавин ёсөн мянга хоёр зуун ная/ төгрөгийг “Т“ ХХК-наас гаргуулж өгнө үү гэж нэхэмжилж байна.
Талууд гэрээ байгуулагдсан, 1500м2 талбайтай явган хүний замын ажлыг 1м2-ийг 8000 /найман мянга/ төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон болон гэрээний хугацааны талаар маргахгүй байна.
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн № 14-07-030/101 дугаартай дүгнэлтээр Т ХХК нь нэхэмжлэгч Т.Бгаар явган замын шинэчлэлтийн ажлын 1788.05 м.кв талбайг хийж гүйцэтгүүлсэн. Түүнчлэн гүйцэтгэгч Новый Мираж ХХК нь 2143.84 м.кв талбайн явган замын шинэчлэлтийн ажлыг хийж улсын ашиглалтанд 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 19/02/185 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлтээр хүлээлгэн өгсөн байна гэж дүгнэжээ.
“ТХХК болон Новый Мираж ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1500 м.кв талбайтай явган хүний замын ажлыг хийж гүйцэтгэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд мөн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Т ХХК нь нэхэмжлэгч Т.Бтай явган хүний замын ажлыг хийж гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулж Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д зааснаар туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан байна.
Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, явган хүний замын хашлагын ажлыг оруулж тооцоогүй гэж үзэж байгаа бөгөөд энэхүү ажлыг хийж гүйцэтгэсэн гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Иймд 794,91 м2 явган хүний замын ажлыг илүү гүйцэтгэсний төлбөр 6,359,280 /зургаан сая гурван зуун тавин ёсөн мянга хоёр зуун ная/ төгрөгийг “Т“ ХХК-наас гаргуулж, нэхэмжлэгч Т.Бд олгох үндэстэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,347 дугаар зүйлийн 347.1-д заасныг баримтлан Т ХХК-аас 6,359,280 төгрөг гаргуулан Т.Бд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,698 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 116,698 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН