Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 69

 

 

 

          Хэргийн индекс: 171/2012/0086/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч Н.Идэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт Б овогт Б.Э т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000149 дугаартай хэргийг 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Б.Э  /РД:ПЮ.../, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Ховд аймагт төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Дулааны цахилгаан станцад халах гадаргуун засварчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

 

Шүүгдэгч Б.Э  нь 2012 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “Сутай” гэдэг нэртэй баарны гадаа иргэн И.М тай маргалдаж улмаар түүнийг түлхэн газар унагаж баруун хөлийн шилбэний шаант, тахилзуур ясыг хугалж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2012 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 21 цагийн орчимд хамт ажилладаг Н ын хамт “Сутай” гэдэг нэртэй бар руу пиво уух гээд орсон юм. Тэгтэл тэр бааранд надтай хамт ажилладаг М , Отгонбаяр, Мягмардорж нар бүжиглэж байсан ба Батаа, Даваа гэх хоёр залуу тэд нартай хамт явж байсан юм. Тэгээд тэд нар манай ширээн дээр ирж суухад нь би цалин буусан гээд нэг шил пиво авч өгсөн юм. Тэгтэл М  пиво ууж байхдаа надад хандан “цалин чинь буусан юм бол нэг шил юм авч өгөөч дээ” гэж хэлэхэд нь би түүнд хандан “чиний цалин бас буусан биз дээ архи уумаар байвал өөрийнхөө мөнгөөр авч уухгүй юу” гэж хэлээд бид хоёр маргалдсан юм. Тэгтэл М  намайг хамт гаръя гэхэд нь би түүнтэй хамт гарахад М  намайг заамдаж аваад надад хандан “чи над руу тороод байна уу” гэж хэлэхэд би М ын нүүр рүү нь түлхтэл М  газар унаад өгсөн юм. Харин маргааш нь М ын эхнэр манай эхнэр рүү утсаар яриад “М ын хөлийг нь танай нөхөр хугалсан байна” гэж хэлэхэд нь би мэдсэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэв.

 

D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Øèéòãýõ òîãòîîë 2012\Á.Ýðäýíýáèëýã-98.1-69.doc

Шүүгдэгч Б.Э  нь 2012 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “Сутай” гэдэг нэртэй баарны гадаа иргэн И.М тай маргалдаж улмаар түүнийг түлхэн газар унагаж баруун хөлийн шилбэний шаант, тахилзуур ясыг хугалж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

хохирогч И.М ын:...”Намайг баарны гадаа гарчихсан Э тэй маргаж байхад Э  миний нүүр рүү гараараа түлхээд намайг газар унагасан юм. Тэгээд би газар унахад миний баруун хөл янгинаад байсан юм...Тэгээд маргааш нь аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд миний баруун хөлийн савх яс хугарсан байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-19 дахь тал/,

гэрч Г.О-ийн:...”2012 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө манай нөхөр М  надад хандан “хүрээд ирээч би хүнд зодуулаад хөлөө хугалуулсан байна” гэж хэлэхэд нь би очсон юм... тэгээд маргааш нь эмнэлэгт очиход эмч М ын хөлийг үзээд баруун хөлийн савх яс хугарсан байна, шууд эмнэлэгт хэвт гэж хэлээд М ыг эмнэлэгт хэвтүүлсэн юм. Тухайн үед би М аас чи хаана явж байгаад хөлөө хугалуулсан юм бэ гэж асуухад М  надад хэлэхдээ Э  намайг түлхэхэд би газар унаад хөлөө хугалсан байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 30 дахь тал/,

гэрч Н.О-ын:...”Э  ажил дээр надад хандан “Сутай нэртэй баарны гадаа М тай маргалдаж заамдаж аваад түлхэж газар унагасан юм. Тэгтэл М ын хөл нь хугарсан гэнээ, би уг нь М ыг нээх их хүчтэй түлхээгүй юм” гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 32 дахь тал/,

гэрч М.Н ын:...”Тухайн үед “Сутай” гэдэг нэртэй бааранд Э , М  хоёр хоорондоо маргаж байгаад баарнаас хамт гарсан юм. Тэр үед би араас нь дагаад гарсан...Тэгтэл Э  М ыг заамдаж байгаад тэр чигт нь газар түлхэж унагасан юм. Тэгээд М  газар уначхаад Э ийг заамдаад тавихгүй байхаар нь би баарны хамгаалагчтай хамт тэр хоёрыг салгасан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 38 дахь тал/,

гэрч М.Д-ын:...”Тухайн үед М  Э  хоёр хоорондоо юм ярьж байгаад гараад явсан юм. Тэгээд таваас арван таван минут өнгөрөхөд нь Батаа бид хоёр баарнаас тэр хоёрын араас гартал М  газарт унасан байдалтай байсан ба Э ийг баарны хамгаалагч залуу боль гэж хэлээд байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 41 дахь тал/,

гэрч Д.Б-ын:...”Тухайн үед Э  М  хоёр хоорондоо маргаж байгаад гараад явсан юм. Хэсэг хугацааны дараа Давааням бид хоёр араас нь гарахад М  баарны буланд сууж байсан ба Э ийг баарны хамгаалагч залуу болон Н  нар барьчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 44 дахь тал/,

гэрч Г.Ж-ийн:...”Би 2012 оны 2 дугаар сарын 18-ны өдөр “Сутай” бааранд хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байсан юм...Тэгтэл баарны гадаа танихгүй хоёр залуу бие биенээ бариад авчихсан маргалдаж байсан юм. Тэгтэл нэг залуу нь нөгөө залуугаа цохисон уу эсвэл түлхсэн үү ямар ч байсан нэг залуу нь газар уначихсан юм. Тэгээд би газар унасан залууг босгох гэхэд тэр залуу надад хандан “миний хөл эвгүй болчихлоо” гэж хэлээд босож чадахгүй байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 48 дахь тал,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 222 тоот актын

1. “И.М ын биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны битүү хугарлын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 51 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Иймд Б овогт Б.Э ийг бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хохирогч И.М  нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч Б.Э ээс нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Э  урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 72 дахь тал/.

 

Шүүгдэгч Б.Э  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б.Э ийг бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Б.Э т 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Э т оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Б.Э  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Б.Э т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Б.Э т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Б.Э т мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр байлгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Э т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                           Ё.РИНЗААН