| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2012/0089/Э/ |
| Дугаар | 71 |
| Огноо | 2012-04-05 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 71
Хэргийн индекс: 171/2012/0089/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,
улсын яллагч Н.Идэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт Т овогт Э.М ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000186 дугаартай хэргийг 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т овогт Э.М /РД:ВЭ...19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, технологийн багш мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн . дугаар сургуульд . багшийн ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ..дугаар баг .. дугаар хороолол .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгч Э.М нь 2012 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутагт байрлах 16 дугаар сургуулийн “Мөнгөн жигүүр” нисэх загварын клубийн сургалтын танхимд клубийн захирал иргэн М.А тэй архидан согтуурч улмаар түүнийг татаж газар унаган зүүн хөлийн тойгны ясыг хугалан бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2012 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 21 цагийн үед би олимпиадад бэлдэж байсан хүүхдүүдээ тараачхаад клубдээ А ахтай юм ярьж байгаад нэг шил 0.5 литрийн “хараа” нэртэй архи хувааж уусан юм. Тэгээд бид хоёрыг архи ууж байхад гаднаас манай найз Б орж ирэхэд нь би дахин нэг шил 0.5 литрийн “хараа” нэртэй архийг гарч дэлгүүрээс аваад бид гурав хамт ууж суусан юм. Тэгээд архи дуусахын алдад А ахтай хүүхдийнх нь асуудлаас болж маргасан юм. Учир нь би А ахын хүүхдийг нисэх загварын дэлхийн аваргын тэмцээнд бэлтгэж байсан юм. Тухайн үед А ах надад хандан “чи манай хүүхдийг олигтойхон бэлдэж чадах юм уу” гэж хэлэхэд нь би А ахад хандан “бэлтгэж чадахгүй” гэж хэлснээс болж маргаан үүсэн юм. Тэгээд А ах босож ирээд миний нүүр рүү мөргөхөөр нь би А ахын өмсөж явсан цамцны хоёр мөрнөөс нь барьж аваад буйдан дээр дарж унагах гэхэд А ах хажуу тийшээ унахдаа пилтан шалан дээр хальтраад унасан юм. Ийм байдлаас болж энэ асуудал үүслээ. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэв.
D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Øèéòãýõ òîãòîîë 2012\Ý.̺íõáàò-98.1-71.doc
Шүүгдэгч Э.М нь 2012 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 21 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутагт байрлах 16 дугаар сургуулийн “Мөнгөн жигүүр” нисэх загварын клубийн сургалтын танхимд клубийн захирал иргэн М.А тэй архидан согтуурч улмаар түүнийг татаж газар унаган зүүн хөлийн тойгны ясыг хугалан бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:
хохирогч М.А ийн:...”2012 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутагт байрлах 16 дугаар сургуулийн “Мөнгөн жигүүр” нисэх загварын клубийн байрандаа М бид хоёр нэг шил 0.5 литрийн архи хувааж уусан юм…Тэгтэл гаднаас Б орж ирэхэд дахин нэг шил архи авч бид гурав хувааж уугаад дуусаж байтал М бид хоёр клубийн дотоод асуудлаас болж маргалдсан юм. Тэгтэл М миний ам руу салаавч өгөн урдаас өрвөлзөөд байхаар би түүний хөл хэсэг рүү нэг удаа тийрсэн юм. Тэгтэл М босож ирээд өмсөж явсан цамцаар маань намайг боосон болохоор нь би тавиулах гээд М ын хамар руу нэг удаа мөргөсөн юм. Тэгтэл М намайг боосон чигээрээ татаж тонгорч унагах үед би хөлөө гэмтээсэн байсан. Тухайн үед унаж босож ирэхдээ миний хөл эвгүй болчихлоо гэж хэлэхэд М , Б хоёр тэр даруйд нь миний өмдийг сөхөөд зүүн хөлийг маань үзсэн юм. Тэгэхэд миний зүүн хөлийн өвдөг хавдсан байсан ба гишгэж болохгүй байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 7-8 дахь тал/,
гэрч Д.Б гийн:...”2012 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 22 цагийн үед хуучин ажил болох 16 дугаар сургууль дээр үйл ажиллагаагаа явуулдаг “Мөнгөн жигүүр” техник засварын клуб дээр би найз М , А нартай уулзахаар очсон юм. Намайг очиход А , М хоёр нэг шил 0.5 литрийн архи хувааж уугаад дуусчихсан байсан юм. Тэгтэл М дахин нэг шил 0.5 литрийн архи худалдаж аваад бид гурав хувааж уусан юм. Тухайн үед А , М хоёр клубийн дотоод асуудал болон А ахын хүүхдийг тэмцээнд бэлтгэх асуудлаас болж маргалдаж эхэлсэн. Тэгтэл А ах эхлээд М ын хамар руу мөргөхөд М А ахыг заамдаж байгаад тэр чигтээ хажуу тийш нь дараад унагасан юм...Тухайн үед А ах миний хөл эвгүй болчихлоо гээд байхаар нь би тэр хоёрыг эвлэрүүлэн хооронд нь гар бариулсан юм. Тэгээд А ахын өмдийг нь сөхөж хартал түүний өвдөг хэсэг нь хавчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 9, 51 дахь тал/,
гэрч Л.А-ийн:...”2012 оны 3 дугаар сарын 11-ний өдөр манай нөхөр А маань хөлөө хугалчхаад байрны гадаа ирээд гэртээ өөрөө орж чадахгүй байхад хоёр давхраас охин бид хоёр түшиж гэртээ оруулсан юм...Тэгээд маргааш өглөө нь түргэн дуудаж эмнэлэгт үзүүлэхэд зүүн хөлийн тойг яс хугарсан байсан. Тэгээд хагалгаанд орж хадуулсны дараа А надад хандан “М , Б хоёртой архи уугаад клуб дотор М тай зодолдоод хугалсан гэж битүүхэн юм ярьсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 13 дахь тал/,
шинжээч эмч Д.Т-ийн:...”Хохирогч М.А ийн зүүн хөлдөө 2010 онд авч байсан хуучин гэмтэл нь 2012 оны 3 дугаар сарын 11-ний өдөр зүүн хөлдөө авсан гэмтэлд нөлөөлөхгүй. Хуучин гэмтэл нь хавсарсан байдлаар үүсгэгдээгүй шинэ гэмтэл байсан. 2012 оны 3 дугаар сарын 11-ний өдөр авсан гэмтлээрээ М.А нь хагалгаанд орсон бөгөөд эмчийн онош эмчилгээ зөв хийгдсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 281 тоот актын
1. “М.А ийн биед зүүн талын тойг ясны битүү хугарлын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 18 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Иймд Т овогт Э.М ыг бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.А нь “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Э.М аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.М урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 50 дахь тал/.
Шүүгдэгч Э.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т овогт Э.М ыг бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Э.М ад 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Э.М ад оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Э.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Э.М ад энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Э.М ад хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Э.М ад мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.М ад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр байлгасугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.М ад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ё.РИНЗААН