Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 657

 

А.Г-, А.Т- нарт холбогдох

                                                                    эрүүгийн хэргийн тухай       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Ариунцэцэг,

шүүгдэгч А.Г-, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,

шүүгдэгч А.Т-, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 492 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч А.Т-, А.Г- болон шүүгдэгч А.Г-н өмгөөлөгч У.Сайнбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Г-, А.Т- нарт холбогдох эрүүгийн 1906000001865 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             1. А.Г-, 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 63 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            2. А.Т-, 1987 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эх, дүү нарын хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 286 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

            А.Г-, А.Т- нар 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн гудамжинд байрлах “Аз” нэртэй хүнсний дэлгүүр, 016 дугаар худгийн орчим Д.Баатарыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж бүлэглэн зодож “тархины битүү гэмтэл, зүүн зулай, чамархай хэсгийн хуйхан доорх цус хуралт, их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсны доорх болон тархины хажуугийн ховдол, III, IV ховдол дахь цусан хураа” бүхий гэмтэл учруулан алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Г-, А.Т- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Т-, А.Г- нарыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, бүлэглэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад зааснаар тус бүрийг 16 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлж, тэдгээрийн тус бүр цагдан хоригдсон 206 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар А.Т-, А.Г- нараас 3.443.605 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхтулгад олгож, тэдэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч А.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний хэд хэдэн удаагийн хүчтэй цохилтоос болж амь хохирогчид хүнд гэмтэл учирч үхэлд хүргэх шалтгаан болжээ. Миний буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсонд маш их гэмшиж байна. Дүү А.Г-н хувьд амь хохирогчийн толгойн тус газарт гараараа цохиж, 1 удаа өшиглөж унагаасан байсан. Энэ нь амь хохирогчийг үхэлд хүргэх шалтгаан болсон үгүйг анхан шатны шүүх нарийн тогтоож өгсөнгүй. Дүү маань анхны мэдүүлгээ үнэн зөв өгсөн байгаа. Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн боловч “хэргийг бүлэглэн үйлдсэн, хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж үйлдсэн” гэх нөхцлүүдээр миний болон дүүгийн маань эрх зүйн байдлыг дордуулсан. Амь хохирогчийн ар гэрээс нэхэмжилсэн гэм хорын хохирлыг төлж барагдуулахаа амлаж байна. Дүү бид хоёрыг хоригдсоны дараа гэр орныг маань шатаачихсан байсан. Одоо ар гэрт группт байдаг эх, хөгжлийн бэрхшээлтэй дүү хоёр маань үлдсэн. Иймд ар гэрийн байдлыг харгалзан үзэж дүүгийн маань ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хүний амь нас хохирсонд маш их харамсаж байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн боловч “хэргийг бүлэглэн үйлдсэн, хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж үйлдсэн” гэх нөхцлүүдээр миний эрх зүйн байдлыг дордуулсан. Миний учруулсан гэмтэл амь хохирогчийг үхэлд хүргэх шалтгаан болсон эсэхийг тогтоолгож, гэрч, хохирогчийн мэдүүлэг болон камерын бичлэгийг дахин шинжлэн судлуулмаар байна. Миний ар гэрт группт байдаг эх, хөгжлийн бэрхшээлтэй дүү хоёр маань үлдсэн. Эдгээрийг харгалзан үзэж ял, хэргийн байдлыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч А.Г-н өмгөөлөгч У.Сайнбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:          

1. Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч нь хүнд зэргийн согтолттой байсан болох нь тогтоогдсон боловч зөвхөн энэ дүгнэлтийг үндэслэн “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй ... болохыг мэдсээр байж” гэж хүндрүүлэн зүйлчилж байгаа нь үндэслэлгүй юм. Хэрэгт авагдсан дүрс бичлэгээр амь хохирогч нь согтууруулах ундаа хэрэглэсэн хэдий ч бусадтай харилцах, босч алхах, гүйх зэргээр идэвхтэй үйлдэл хийж байсан нь харагддаг. Энэ нь амь хохирогч биеэ хамгаалах чадваргүй нь бусад хүмүүст мэдэгдэх хэмжээнд байгаагүйг харуулж байх бөгөөд шүүгдэгчийн хувьд амь хохирогчийг хүнд зэргийн согтолттой байгааг тухайн үед мэдэх боломжгүй байсан. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан хэргийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

            2. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарт 12 жилийн хорих ял оногдуулах санал гаргасныг шүүх ямар үндэслэлээр хүндрүүлж 16 жилийн хорих ял оногдуулсан нь ойлгомжгүй. Гэмт хэргийг бүлэглэн, биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж үйлдсэн гэдэг нөхцлүүд нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдож байгаа. Шүүгдэгч А.Г-н хувьд үйлдэл оролцоо багатай, хамжигч байдлаар оролцсон байдаг. Иймээс эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж А.Г-д оногдуулсан ялыг хөнгөрүүлж, 12 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч А.Т-гийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэрэгт авагдсан дүрс бичлэгээс үзэхэд, шүүгдэгч А.Г- хохирогчийг 1 удаа цохиж байгаа, харин А.Т- дээрээс нь дэвсэх, өшиглөх зэргээр хохирогчийн амь насанд аюул учруулж, үхэлд хүргэж болохуйц үйлдлийг хийж байгаа нь харагддаг. Иймээс шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нөхцөл байдал бий болж байна. Түүнчлэн “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх шинж тухайн цаг хугацаанд амь хохирогчийн биеэ авч явсан байдал, шүүгдэгч нарын ухамсарлан ойлгоогүй нөхцөл байдал зэргээр үгүйсгэгддэг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан хэргийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож, хэргийн үйл баримт, амь хохирогчийг үхэлд хүргэсэн шалтгаан нөхцлийг зайлшгүй тодруулах шаардлагатай.” гэв.

            Прокурор М.Ариунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэрэгт авагдсан дүрс бичлэгийг шүүх хуралдаанаар шинжлэн судлах явцад, шүүгдэгч нар нь өөрсдийгөө танихгүй байгаа мэтээр гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл дээрх зураглалаас үзэхэд шүүгдэгч нар бүлэглэн амь хохирогчийг ээлж дараалан зодож буй үйлдэл тодорхой харагддаг. Энэ үед амь хохирогч ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй байдаг. Түүнчлэн шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүх шийдвэрээ гарсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

А.Г-, А.Т- нар бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн гудамжинд байрлах “Аз” нэртэй хүнсний дэлгүүр, 016 дугаар худгийн орчим 41 настай, эрэгтэй Д.Баатарыг архи ууж согтуурсан, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үл ялих зүйлээр шалтаглан, түүний толгойн тус газарт өшиглөх, дэвсэх зэргээр ээлж дараалан зодож алсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдлыг харсан гэрч Н.Ганболд “...талийгаач эхнэр Болормаагийн хамт дэлгүүрийн гадна сууж байсан. Мөнхтулга бид хоёр очоод хамт зэрэгцэж суусан. Тэгээд юм яриад сууж байтал гэнэт худгийн дэргэд Г-, төрсөн ах Т-гийн хамтаар талийгаачтай маргалдаж зодолдсон. Би дундуур нь ороод салгах гээд дийлээгүй бөгөөд талийгаач газар дагз хэсгээрээ унах шиг болсон. Тэгээд би өндийлгөж босгох гээд дийлээгүй, эхнэр Болормааг нь дуудсан. Миний харснаар эхлээд Т- Баатарыг өшиглөөд, очиж салгахад Г- зөрж очоод өшиглөөд байсан. Тэр хоёр хоёулаа Баатарын толгой руу ээлжлээд өшиглөөд байсан. ...” /1хх 52, 233-234/ гэж мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

- гэрч Д.Даваагийн “...Г- “ээж том агаа Баянхонгорын Баатарааг алчихлаа шүү дээ” гээд уйлахаар нь “Юу яриад байгаа юм бэ” гэж асуухад “Та өөрөө очоод үз” гэж хэлсэн. Намайг очиход 016 дугаар худгийн зүүн хойд талд улаан цамцтай согтуу эмэгтэй хүн “миний нөхрийг алчихлаа шүү дээ. Та нарыг үр удмаар чинь устгана” гээд орилоод над руу гутлаа тайлаад шидсэн. Тэгээд би 102 дугаарын утсанд залгаж “Энд хүн амины хэрэг гарсан байна. Манай хоёр хүүхэд болох Т-, Г- нар зодсон гэнэ” гэж хэлсэн. ...” /1хх 39-40/,

- гэрч Э.Хонгорзулын “...дэлгүүр дээрээ байж байхад хүмүүс орж ирээд “гадаа зодоон болоод байна, нэгнийгээ цохиод унагаачихлаа” гэж хэлсэн... 10-15 минутын дараа орж ирэхдээ “Нөгөө хүн сэрэхгүй байна, түргэн дуудаад өгчих” гэхээр нь би түргэн тусламж дуудсан. ...” /1хх 44-45/,

- гэрч Б.Болормаагийн “...Баатарын найзтай тааралдаад гудамжинд бид гурав архи хувааж уугаад салаад явсан. Ингээд би хаашаа явсан, хэнтэй уулзсан талаар мэдэхгүй тасарчихсан байсан. Нэг мэдсэн чинь Баатарыг тэврээд уйлаад сууж байсан. ...” /1хх 235-236/,

- шүүгдэгч А.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... “Аз” дэлгүүрийн урд талын худаг дээр очиход Болдоо ах, Мөнхөө ах, талийгаач, талийгаачийн эхнэр нар архи уугаад сууж байсан. Болдоо ах надад архи хийж өгөхөөр нь уусан. Би Болормааг “яв, эмэгтэй хүн байж гудамжинд архи уугаад” гэж хэлсэн чинь “Чамд хамаагүй” гээд босч ирээд гараараа миний толгой хэсэг рүү цохиод байсан. Болормааг “Зайл” гээд түлхсэн чинь талийгаач эхнэрээ өмөөрөөд над руу дайрахаар нь түлхтэл хашаа налаад уначихсан. Дүү Г- доороос ирж байхдаа намайг талийгаачтай болон эхнэртэй нь муудалцаж байхыг хараад намайг өмөөрч талийгаачийн хөл рүү 1-2 удаа өшиглөсөн. Тэгээд дүү Г-г дагуулаад гэр лүү явсан. Удаагүй байж байхад хойд талын айлын хүүхдүүд орж ирээд “Баатараа ах босохгүй байна” гэж хэлсэн. Тэгээд ээж худаг дээр очиж үзэхээр явсан. ...” /1хх 90-95, 2хх 79/,

- шүүгдэгч А.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Т- ах урдаас гарч ирээд “Баянхонгорын Баатараа эхнэртэйгээ нийлээд зодчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь худаг дээр очоод талийгаачийг “чи битгий далдганаад бай” гэж хэлээд нүүр лүү нь 1 удаа өшиглөсөн чинь газар уначихсан. Босч ирэхгүй байсан. ...” /1хх 104-109, 2хх 80/ гэсэн мэдүүлгүүд,

- хэргийн газрын үзлэг болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 7-10, 11-13/,

- тухайн газар, цаг хугацаанд болж байгаа үйл явдлыг харуулсан “Аз” нэртэй хүнсний дэлгүүрийн гаднах хяналтын дүрс бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож, үзлэг хийсэн “...хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн хойноос алхаж очин салгах гэсэн боловч дийлэхгүй, улаан хүрэн өнгийн судалтай цамцтай залуу, цагаан өнгийн футболктой залуу хоёр амь хохирогч Д.Баатарыг ээлжлэн цохиж байв. Амь хохирогч Д.Баатар газар унасан, ухаангүй байдалтай хэвтэж байхад хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн босгох гэсэн боловч босохгүй байв. Ягаан өнгийн футболктой эмэгтэй хажууд нь очин суув...” /1хх 21-36/ гэсэн тэмдэглэл,

- талийгаач Д.Баатарын цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн 1875 дугаартай “...тархины битүү гэмтэл, зүүн зулай, чамархай хэсгийн хуйхан доорх цус хуралт, их бага, тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсны доорх болон тархины хажуугийн ховдол, III, IV ховдол дахь цусан хураа, баруун чихний дэлбэнгийн урд хэсэг, баруун мөрний ар гадаргын шинэ, баруун болон зүүн бугалганы гадна доод хэсэг, тохойн гадна доод хэсэг дэх хуучин зулгаралт, доод уруулын дотор салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархины битүү гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба талийгаач тархины цус харвалтын улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ...” /1хх 161-164/ гэх дүгнэлт,

- дээрх дүгнэлттэй холбогдуулан тайлбар өгсөн шинжээч М.Энхбаярын “...тархины битүү гэмтэл, зүүн зулай, чамархай хэсгийн хуйхан доорх цус хуралт, их бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх болон тархины хажуугийн ховдол, 3-4 ховдол дахь цусан хураа зэрэг нь нэг болон хэд хэдэн удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Тархинд хүчтэй доргилт өгснөөр уг гэмтэл үүснэ. Баруун чихний дэлбэнгийн урд хэсэг, баруун мөрний ар гадаргын шинэ, баруун болон зүүн бугалганы гадна доод хэсэг, тохойны гадна доод хэсэг дэх хуучин зулгаралт, доод уруулын дотор салстын цус хуралт зэрэг нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл бөгөөд унах үед үүснэ. Талийгаач хүнд зэргийн согтолттой байх үедээ хүнтэй зууралдах, ноцолдох, явах үйлдэл хийх боломжтой. Гэхдээ үүнийгээ өөрөө ухамсарлаж эргэж санахгүй байж болно. Талийгаач шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан тархины гэмтлийг авснаар эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг нь аврах боломжгүй байсан...” /1хх 165-166/ гэсэн мэдүүлэг,

- тухайн цаг хугацаанд талийгаач Д.Баатарын өмсөж явсан хувцсанд шинэ ханзралт, урагдалт, цооролт гарсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 4353 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлт /1хх 192-196/, амь хохирогч Д.Баатарын нас барсны гэрчилгээ /1хх 14/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч А.Т-, А.Г- нарыг бүлэглэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

Шүүгдэгч А.Т-, А.Г- болон А.Г-н өмгөөлөгч У.Сайнбилэг нар гаргасан давж заалдах гомдолдоо: “...амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтэл А.Г-н үйлдлийн улмаас учирсан эсэх нь эргэлзээтэй, амь хохирогч согтууруулах ундаа хэрэглэсэн хэдий ч бусадтай харилцах, босч алхах, гүйх зэргээр идэвхтэй үйлдэл хийж байсан нь “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх хүндрүүлэх шинжийг үгүйсгэж байна...” гэжээ.

“Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар “Хүнийг алах” гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилсан. 

“Биеэ хамгаалж чадахгүй хүн” гэдэгт бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй зэрэг этгээд хамаарах бөгөөд энэхүү байдлыг гэмт этгээд ухамсарлаж, гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох шаардлагатай байдаг.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн 1875 дугаартай “...талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ...” гэх дүгнэлт,

- гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаанд болж байгаа үйл явдлыг харуулсан дүрс бичлэгт үзлэг хийсэн “...20:01:08-20:13:05 цагт амь хохирогч Д.Баатар, ягаан өнгийн футболктой эмэгтэй хүнтэй гуйвсан байдалтай алхаж ... амь хохирогч Д.Баатар улаан хүрэн өнгийн судалтай цамцтай хар бараан өнгийн өмдтэй залуутай зууралдаж ... ягаан өнгийн футболктой эмэгтэй ирэн амь хохирогч Д.Баатарыг хойшоо татав ... 20:14:43-21:07:58 цагийн хооронд улаан хүрэн судалтай цамцтай, хар бараан өнгийн өмдтэй залуу гүйж ирэн амь хохирогч Д.Баатарыг цохиж газар унагаан, цагаан футболктой үл таних залуугийн хамт дээрээс нь ээлж дараалан цохиж, толгой хэсэг рүү нь дэвссэн, амь хохирогч Д.Баатар газар унасан, ухаангүй байдалтай хэвтэж байхад түргэн тусламжийн тээврийн хэрэгсэл ирж байв...” /1хх 21-36/ гэх тэмдэглэл,

- талийгаачийн эхнэр Б.Болормаагийн гэрчээр өгсөн “...Баатарын найзтай тааралдаад гудамжинд бид гурав архи хувааж уугаад салаад явсан. Ингээд би хаашаа явсан, хэнтэй уулзсан талаар мэдэхгүй тасарчихсан байсан. Нэг мэдсэн чинь Баатарыг тэврээд уйлаад сууж байсан. ...” /1хх 235-236/,

- шинжээч М.Энхбаярын “...талийгаач хүнд зэргийн согтолттой байх үедээ хүнтэй зууралдах, ноцолдох, явах үйлдэл хийх боломжтой. Гэхдээ үүнийгээ өөрөө ухамсарлаж эргэж санахгүй байж болно. Талийгаач шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан тархины гэмтлийг авснаар эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг нь аврах боломжгүй байсан...” /1хх 165-166/ гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд, амь хохирогч Д.Баатар нь архи ууж согтуурсны улмаас шүүгдэгч нарын үйлдлийн хариуд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадаагүй, зодуулснаас хойш дахин босоогүй, ямар нэгэн үйлдэл хийлгүй байсаар нас баржээ.

Амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх бөгөөд шүүгдэгч нарын хэн алины цохих, өшиглөх, дэвсэх үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Иймээс шүүгдэгч А.Т-, А.Г- нарыг бүлэглэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх тул гэмт хэрэгт хамтран оролцсон байдал, хэргийн зүйлчлэлийн талаар маргасан шүүгдэгч А.Т-, А.Г- болон А.Г-н өмгөөлөгч У.Сайнбилэг нарын давж заалдсан гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүх ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ улсын яллагчаас гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар зохицуулалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдаагүй бөгөөд шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтоох нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Т-, А.Г- нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар тус бүрт 16 жилийн хорих ял оногдуулж, хаалттай дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Өөрөөр хэлбэл, шүүх гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, түүний үндэслэл, журам, нөхцөлийг хүндрүүлсэн буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд сөрөг үр дагавартай Эрүүгийн хуулийн тодорхой хэм хэмжээг хэрэглээгүй байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Түүнчлэн амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардлыг нэхэмжилсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхтулгын гаргасан шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцон, шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, түүнд олгохоор шийдвэрлэсэн нь  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасанд тус тус нийцсэн байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гэмт хэрэгт хамтран оролцсон байдал, хэргийн зүйлчлэл, ялын талаар гаргасан шүүгдэгч А.Т-, А.Г- болон А.Г-н өмгөөлөгч У.Сайнбилэг нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 492 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Т-, А.Г- болон шүүгдэгч А.Г-н өмгөөлөгч У.Сайнбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.ПҮРЭВСҮРЭН

                           ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН

                           ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН