Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2026/0263

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“МД” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч М.Цэцэгмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч З.Ганзориг

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уянга

Нэхэмжлэгч: “МД” ХХК

Хариуцагч: ЭМДЕГ

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 153 дугаар,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул

Хэргийн индекс: 128/2025/0611/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “МД” ХХК-аас ЭМДЕГт холбогдуулан “ЭМДЕГтай байгуулсан “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 9.854.529 төгрөгийг олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 05/1463 дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 9.854.529 төгрөгийг “МД” ХХК-д олгох шийдвэр гаргахыг ЭМДЕГт даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 153 дугаар шийдвэрээр:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “МД” ХХК-аас ЭМДЕГт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 05/1463 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.14-д заасныг баримтлан “МД” ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэлийг хянаж зохих журмын дагуу шийдвэр гаргахыг ЭМДЕГт даалгаж шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. ЭМДЕГ нь "МД" ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ДУ-04/014 дугаар "Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ"-г нэг жилийн хугацаатай байгуулсан.

3.2. Гэрээгээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч нь хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтсан эмийг жор бичих эрх бүхий эмчийн бичсэн жорыг үндэслэн даатгуулагчдад хөнгөлөлттэй үнээр олгох, гэрээний 2.1.1-д зааснаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авагч нь чанар болон төлбөрийн хяналтыг үндэслэн санхүүжилт хийх эрх, үүргийг тус тус хүлээсэн.

3.3. Дээрх гэрээний 2.4.4-т эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч нь үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэхэмжлэлээ дараа сарын 05-ны өдрийн дотор цахимаар ирүүлэх гэж заасан. "МД" ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн. Энэ байдлыг шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.5-д нэхэмжлэгч нэхэмжлэл илгээх хугацаа хэтрүүлсэн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөрт багтаан хүрүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч гэрээнд заасан нэхэмжлэлийг хугацаанд нь гаргах үүргээ зөрчсөн буруутай байна гэж дүгнэсэн.

3.4. "Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ"- ний 2.1.7-д "Дараах тохиолдолд холбогдох баримт, нотолгоог үндэслэн тусламж, үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзах:, 2.1.7.2-т гэрээний 2.4.4-т заасан хугацаанаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцроосон нэхэмжлэл:", 2.2-т "Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авагч дараах үүрэг хүлээнэ: 2.2.1.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчээс ирүүлсэн нэхэмжлэлийг хянаж, хяналтын үр дүнд суурилсан шаардлага хангасан нэхэмжлэлийн төлбөрийн хэмжээг тогтоох", 2.4-т "Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч дараах үүрэг хүлээнэ: 2.4.4. Тусламж, үйлчилгээний зардлын нэхэмжлэлийн мэдээллийг цахим системээр, албан бичгээр гэрээний баримт бичигт заасан холбогдох хаягаар сар бүрийн 05-ны дотор хүргүүлэх, 2.4.7. Төсвийн тухай хуульд заасан санхүүгийн тайлангийн цаглабартай холбогдуулан тухайн төсвийн жилийн 6, 12 дугаар саруудад үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийг дараа сарын нэхэмжлэлтэй хамтатган хүргүүлэх" гэж тус тус заасан.

3.5. "гэрээнд заасан нэхэмжлэл ирүүлэх хугацааг хэтрүүлсэн эсэх" асуудал нь маргааны гол үйл баримт. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ нэхэмжлэх ирүүлэх хугацааг хэтрүүлсэн буруутай гэж дүгнэсэн атлаа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 05/1463 дугаартай татгалзсан шийдвэр нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэл бүхий эргэлзээгүй дүгнэлт болж чадаагүй гэж үзэж байна.

3.6. Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйл, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн зохицуулалтаар, гэрээг үгийн шууд утгаар, гэрээний бусад нөхцөлийг ерөнхий агуулгаар, талуудын хооронд хэрэглэж заншсан агуулгаар тайлбарлах бөгөөд талуудын хооронд байгуулсан "Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ"-ний 2.4.4, 2.4.7 дахь заалтууд нь бүтцийн хувьд харилцан хамааралгүй буюу салангид биш, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн "нэхэмжлэл илгээх" үүрэг гүйцэтгэх хугацааг "сар бүрийн 05-ны өдрийн дотор" гэж тодорхойлсон нь тухайн жилийн 6, 12 дугаар сарын нэхэмжлэлийг ирүүлэхэд ч нэгэн адил хамаарна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2026/0153 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

 

ХЯНАВАЛ

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. “МД” ХХК-аас ЭМДЕГт холбогдуулан “ЭМДЕГтай байгуулсан “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 9.854.529 төгрөгийг олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 05/1463 дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 9.854.529 төгрөгийг “МД” ХХК-д олгох шийдвэр гаргахыг ЭМДЕГт даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж “МД” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж,  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 05/1463 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “МД” ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэлийг хянаж зохих журмын дагуу шийдвэр гаргахыг ЭМДЕГт даалгаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

4. Дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

4.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Д аймгийн С суманд байрлах “МД” ХХК-ийн “МД” эмийн сан буюу Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч тал нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ДУ-04/014 дугаар “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-г[1] ЭМДЕГ буюу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авагч талтай байгуулсан байна.

4.2. Тус гэрээгээр “МД” эмийн сан нь “хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтсан эмийг жор бичих эрх бүхий эмчийн бичсэн жорыг үндэслэн даатгуулагчид хөнгөлөлттэй олгох”, харин ЭМДЕГ нь “чанарын болон төлбөрийн хяналт, гүйцэтгэлд үндэслэн санхүүжилт олгох”-оор харилцан тохиролцсон байна.

4.3. Хэрэгт нэхэмжлэгч “МД” ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд даатгуулагчдад эмийг хөнгөлөлттэй үнээр борлуулсан зардлын төлбөр 9.854.529 төгрөгийн санхүүжилтийг хүссэн нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Д аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн [email protected] хаягаар хүргүүлсэн байх бөгөөд Д аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс “... танай байгууллага “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний 2.4.4, 2.4.5 заалтын дагуу хугацаандаа нэхэмжлэлийн мэдээллийг албан бичгээр илгээгээгүй тул манай байгууллага тус гэрээний 2.1.7, 2.1.7.2 дахь заалтуудыг үндэслэн тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзаж буйг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хариуг[2] , мөн Д аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 21/25 дугаар албан бичгээр[3] “... “МД” эмийн сан нь 2022 оны 07 дугаар сард иргэн даатгуулагчдад үзүүлсэн эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх тусламж үйлчилгээний нэхэмжлэлийг тус хэлтсийн цахим хаягаар 08 дугаар сарын 05-ны дотор ирүүлээгүй тул “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний 2.4.4, 2.4.5 заалтын дагуу хугацаандаа нэхэмжлэлийн мэдээллийг албан бичгээр ирүүлээгүй тул манай байгууллага тус гэрээний 2.1.7, 2.1.7.2 дахь заалтуудыг үндэслэн тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзаж буйг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хариуг иргэн Г.Эт цахим шуудангаар тус тус хүргүүлсэн үйл баримтууд тогтоогдсон байна.

4.4. Нэхэмжлэгч “МД” ХХК-аас 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 16 дугаар албан бичгээр[4] “... Эмийн сангийн жор баригч Т.О нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралт авсан бөгөөд эмийн сангийн эрхлэгч Г.Э нь ганцаараа ажиллаж байсан боловч 1 настай хүүхэд нь төрөлхийн төвөнхийн мөгөөрсний дутуу хөгжилтэй бөгөөд уушгины үрэвсэлтэй өндөр халуурч өвдсөнөөс нэхэмжлэл болон эмийн жагсаалтаа 8 дугаар сарын 04-ний өдөр хүргэсэн боловч онлайнаар хүргэж амжаагүй болно. 6 дугаар сарын 11-ний өдрөөс 07 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд 9.854.529 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр олгосон мөнгийг дээрх шалтгааныг хүндэтгэн үзэж олгох өгөх талаар арга хэмжээ авч бидний ажилд тусална уу ...” гэсэн хүсэлтийг холбогдох баримтууд болох нэхэмжлэх, эмийн сангийн эрхлэгч Г.Э-ын өргөдөл, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр зэрэг баримтын хамт ЭМДЕГт хүргүүлсэн байна.

4.5. Үүний дараа нэхэмжлэгчээс тус асуудлаар дахин ЭМДЕГт гомдол гаргасан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 05/1463 дугаар албан бичгээр  “... гомдлыг судлан үзэхэд “МД” ХХК нь гомдолд дурдсан хугацаанд нэхэмжлэлээ гэрээний 2.4.4-т заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирүүлээгүй байна. Түүнчлэн 2022 онд хийгдсэн гүйлгээнд 2 байгууллага тооцоо нийлж, өглөг, авлагын үлдэгдэлгүй болохыг баталгаажуулсан байна” гэсэн хариуг тооцооны үлдэгдлийн баталгааны маягтын хавсралтын хамт нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.

4.6. Дээрх албан бичгийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “МД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргахад тус зөвлөлөөс 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 110 дугаар албан бичгээр “... гомдлоо холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.

4.7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:”, 3.1.4-т ““эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага” гэж эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллага болон эмийн санг”, 3.1.8-д ““даатгалын гэрээ” гэж эрүүл мэндийн даатгалын байгууллага болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хооронд байгуулсан гэрээг”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь энэ хуулийн 16.1.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон эмийн сантай даатгалын гэрээ /цаашид “гэрээ” гэх/-г байгуулах бөгөөд гэрээний хэрэгжилтийг хянаж, дүгнэнэ”, 10.2-т “Гэрээнд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төсөв, нэр төрөл, тоо хэмжээ, чанарын шалгуур үзүүлэлт, төлбөрийн арга, төлбөрийн хэмжээ болон гэрээний хугацаа, талуудын хүлээх үүрэг, хариуцлага, гэрээг цуцлах нөхцөлийг тодорхой тусгасан байна” гэж тус тус заасан.

4.8. Хэрэгт авагдсан "Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах тухай гэрээ” гэрээний 2.1.7-д “дараах тохиолдолд холбогдох баримт, нотолгоог үндэслэн тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзах”, 2.1.7.2-т “гэрээний 2.4.4-т заасан хугацаанаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцроосон нэхэмжлэл”, 2.4-т “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч дараах үүрэг хүлээнэ”, 2.4.4-т “тусламж үйлчилгээний зардлын нэхэмжлэлийн мэдээллийг цахим системээр, албан бичгийг гэрээний баримт бичигт заасан холбогдох хаягаар эсхүл, орон нутгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан ёсны цахим хаягаар сар бүрийн 5-ны дотор хүргүүлэх”, 4.2-т “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч энэхүү гэрээний 2.4.4-т заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биелүүлээгүй тохиолдолд хоцроосон хоног тутамд холбогдох тусламж, үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийн дүнгийн 0.5 хувиар тооцож суутган, хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заажээ.

4.9. Энэхүү гэрээнд зааснаас үзэхэд эрүүл мэндийн даатгалын байгууллага нь төлбөрийн нэхэмжлэлийг цахимаар, албан бичгийг цахим болон цаасан хэлбэрээр аль алинаар хүлээн авахаар байх бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч нь тухайн сард үзүүлсэн үйлчилгээний нэхэмжлэхийг дараа сарын 05-ны өдрийн дотор гэрээний баримт бичигт заасан холбогдох хаягаар эсхүл, орон нутгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан ёсны цахим хаягаар хүргүүлэх нь гэрээний үүрэг байна.

4.10. Харин эрүүл мэндийн хөнгөлөлттэй тусламж, үйлчилгээг худалдан авч буй захиргааны байгууллагын хувьд нэхэмжлэх тогтоосон хугацаанд ирсэн, үнийн хөнгөлөлт олгох холбогдох нөхцөл шаардлагыг хангасан хянаж, үйлчилгээ үзүүлсэн хуулийн этгээдэд төлбөр олгох эсэхийг баталгаажуулж, олгох төлбөрийн хэмжээг тогтоох ба гэрээгээр тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлбэл хоног тутамд ногдох алданги суутган тооцох боломжтой байна.

4.11. Энэ тохиолдолд нэхэмжлэгчээс төлбөрийн нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр цахимаар хүргүүлснийг хариуцагчаас бичгээр нэхэмжлэхийг 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор ирүүлээгүй гэсэн үндэслэлээр татгалзсан хариуцагчийн татгалзал хууль бус, үндэслэлгүй.

4.12. Тодруулбал тухайн хугацаанд “МД” эмийн санд ажиллаж байсан эмийн сангийн эрхлэгчийн хүүхэд өвчтэй байснаас шалтгаалан төлбөрийн нэхэмжлэхийг албан бичгээр хүргүүлээгүй гэж тайлбарласан, цахимаар 08 дугаар сарын 07-ны өдөр хүргүүлж, хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах нөхцөл байдлыг нотолсон баримтыг өргөдөлд хавсарган хүргүүлсэн байхад дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэх эсэх талаар ажиллагаа явуулаагүй,  мөн нэхэмжлэгчээс хүргүүлсэн хүсэлтийн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх цаг хугацаанд хамаарах алдангийг суутган тооцохоор байхад хариуцагчаас “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлсэн, цахимаар нэхэмжлэхийг явуулсан” гэсэн үндэслэлээр татгалзсан хариу өгсөн нь дээрх хууль, гэрээнд нийцээгүй байна.

 4.13. Энэ талаарх анхан шатны шүүхийн “... нэхэмжлэгч нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хувьд нэхэмжлэгч 2022 оны 06 дугаар сарын 11-ээс 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу эмийг хөнгөлөлттэй үнээр олгож бодитойгоор үйлчилсэн, холбогдох мэдээллийг даатгалын байгууллагад хүргүүлсэн байх тул эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн зардлыг гаргуулах эрхтэй бөгөөд нэхэмжлэлээ гаргах хугацаа хэтрүүлсэн нь уг зардлыг санхүүжүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын санг тухайн хугацаанд үйлчилгээ авсан даатгуулагчдад олгосон хөнгөлөлтийн зардалд зарцуулах эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ уг даатгалын сангаас хуваалцах эрх бүхий даатгуулагчийн эрхийг хамгаалах Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн зорилтод нийцэхээр байна” гэсэн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.

4.14. Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн маргаж буй даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ, тухайн хугацаанд хөнгөлөлт үзүүлсэн иргэдийн мэдээлэл, эм борлуулсан нийт үнийн дүн зэрэг баримтууд нь зөрүүтэй байгаагаас шалтгаалан нэхэмжлэгчид олгох төлбөрийн нийт дүн зөрүүтэй байх тул хариуцагчаас холбогдох журмын дагуу нэхэмжлэлд тодорхойлсон цаг хугацаанд хамаарах нэхэмжлэх, холбогдох бусад баримтуудыг хянаж, нийт дүнг бодитоор тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 153 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                 М.ЦЭЦЭГМАА

ШҮҮГЧ                                                                   З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

 

[1] Хэргийн 46 дахь тал

[2] Хэргийн 38 дахь тал

[3] Хэргийн 36 дахь тал

[4] Хэргийн 56 дахь тал