Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 73

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч М.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Э.Энхцэцэг, Б.Оюунням, тэдний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Энхбаатарын Энхцэцэг, Боржигон овогт Батмөнхийн Оюунням нарт холбогдох эрүүгийн 201626022949 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн нарангийн 4 дүгээр гудамж 78 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй ял шийтгэлгүй Харчин овогт Энхбаатарын Энхцэцэг /РД:УШ94090221/,

 

Монгол улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймагт төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт амьдардаг гэх, Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн Ард Аюушийн 17-444 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Боржигон овогт Батмөнхийн Оюунням /РД:ОЕ94092600/

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Э.Энхцэцэг, Б.Оюунням нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энжои нэртэй бааранд үйлчлүүлж байсан Б.Оч-Эрднийн халааснаас түрийвчийг нь хулгайлж улмаар Хаан банкны картаар нь 2,230,000 төгрөгийг авч, хохирогч Б.Оч-Эрдэнэд нийт 2,380,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Энхцэцэг мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэргийн талаар мөрдөн байцаалтанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оюунням мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэргийн талаар мөрдөн байцаалтанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Оч-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр би 22 цагийн орчим би Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Энжой нэртэй бааранд ганцаараа орсон. Би бааранд ороод тэкин дээр очоод 100 грамм архи авч уугаад 15,000 төгрөгийн тооцоог өөрийнхөө Хаан банкны виза картыг уншуулж тооцоог хийсэн. Тэгээд би тухайн үед баарны зөөгчөөс суух ширээ байна уу гэсэн чинь намайг түр хүлээж байгаарай гээд хэсэг хугацааны дараа баарны тэкны баруун гар талын ширээн дээр танихгүй 5 охинтой хамт нэг ширээнд суулгасан. Тэгээд тэр эмэгтэйчүүдтэй сууж байхдаа би дахиад нэг 100 грамм архи 9000 төгрөг картнаасаа уншуулсан. Тэгээд би тасарчихсан. Тэгээд би нэг сэрсэн 21 дүгээр хорооллын 2-58 дугаар байрны гадаа таксин дотор сэрээд таксины мөнгөө өгөх гээд хэтэвчээ хайгаад олоогүй. Тэр үед манай байрны Өлзий ах таксиний мөнгө өгөөд би гэртээ ороод унтсан. Би 2016 оны 11 дүгээр сарын 07-ний өглөө сэрээд гар утсаа үзсэн чинь миний Хаан банкны 5026995681 дугаартай дансанаас 2,260,000 төгрөг уншигдсан мессэж ирсэн байсан.

Тухайн алдсан хэтэвч маань шаргал өнгийн нүд шиг хээтэй, дотор нь миний иргэний үнэмлэх, цалингийн Капитал банкны виза карт, Хаан банкны виза карт зэрэг эд зүйлс байсан. Харин Хаан банкны виза картанд 3,400,000 төгрөг байснаас 2,260,000 төгрөгийг нь хүн ушуулаад авчихсан байсан” гэжээ. /хав 13 хуу/

 

            Эд зүйлийн үнэлгээ /хав 17 хуу/

            Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хав 21, 22, 23 хуу/

 

            Гэрч Б.Батчимэг мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 11 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Энжоё бааранд барменаар ажиллаж байсан. ...тухайн шөнөдөө эд зүйлээ алдсан гэдгийг нь мэдээгүй бөгөөд хэд хоногийн дараагаар манайхаар үйлчлүүлж байсан залууг эд зүйлээ алдсан гэдгийг нь мэдсэн. Тухайн залуугийн хажууд эмэгтэйчүүд сууж байсан бөгөөд яг хэдэн эмэгтэйчүүд байсанг анзаарч хараагүй. Уг залуу эхлээд ганцаараа тооцоогоо хийсэн дараагаар дахин тооцоо хийхэд нь нэг эмэгтэй хамт байсан. Түрийвчээ алдсан гэх залуу баарнаас ганцаараа гарч явсан бөгөөд уг залуу мөн л ганцаараа орж ирсэн.  Уг залуу тооцоогоо картаар төлсөн ба карт уншуулахад нэг эмэгтэй хамт байсан ба тэр хоёр нэгнийгээ таньдаг юм шиг л харагдсан” гэжээ. /хав 26 хуу/

 

            Гэрч Б.Пүрэвдорж мэдүүлэхдээ: “...би 2016 оны 11 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 хороонд байрлах Энжоё бааранд зохион байгуулагчаар ажиллаж байсан. ...Б.Оч-Эрдэнэ гэх хүн түрийвчээ алдсан гэдгийг нь тухайн хэрэг болсоноос 2 хоногийн дараа мэдсэн. Тухайн хүний хажууд 3 эмэгтэй сууж байсан ба тэр гурван эмэгтэйгийн нэгийг нь Энгүүн гэдэг байсан. Энгүүн урд нь “S” пабад ажиллаж байсан ба тухайн үед Энгүүн нь жирэмсэн байсан ба яг ямар хувцастай байсанг нь ажиглаж хараагүй. Энгүүнтэй хамт явж байсан хүмүүсийн талаар надад мэдэх зүйл байхгүй. Түрийвчээ алдсан гэх залуу баарнаас ганцаараа гарч явсан бөгөөд уг залуу мөн л ганцаараа орж ирсэн” гэжээ. /хав 28 хуу/

 

            Гэрч Б.Юмжаргал мэдүүлэхдээ: “...Тухайн шөнө найз Оюунням, Энхцэцэг нарын хамтаар Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Энжоё бааранд орцгоосон бөгөөд бид нарыг ороход бааранд хүн их байсан тул нэг залуугийн хажуугаар шахаж суулгасан. Тэгээд Оюунням бид хоёр бүжгийн талбай дээр гарч бүжиглэж байсан. Харин Энхцэцэг жирэмсэн байсан тул босохгүйгээр суудал дээрээ сууж нөгөө согтуу залуутай юм яриад байсан. Тэгээд Оюунням бид хоёрыг бүжиглэж байгаад ширээн дээрээ ирэхэд уг залуу бид нарт пиво аваад өгсөн байсан. Тэгээд бид гурав гарч тамхи татах гээд зогсож байтал манай нөхөр ирсэн бөгөөд намайг явъя гэсэн тул Энхцэцэг, Оюунням хоёр хувцсаа авах гээд орсон ба хэсэг хугацааны дараа тэр хоёр хамт гарч ирсэн. Тэгэхээр нь бид дөрөв такси бариад явсан ба бид нар манай гэрийн үүдэнд бууцгаагаад нөхөр бид хоёр гэртээ орсон. Харин Оюунням, Энхцэцэг хоёр харьлаа гээд л явсан. Тэгээд дахиж уулзаагүй. ...Энхцэцэг хамт уг залуутай хамт явж тооцоог хийсэн. Тэр залуу их согтчихсон байсан ба бараг л тасарчихсан байсан” гэжээ. /хав 30 хуу/

 

            Гэрч Ж.Мэнд-Амар мэдүүлэхдээ: “...Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Энжоё бааранд байж магадгүй гэж бодоод уг бааранд очтол манай эхнэр Оюунням, Энхцэцэг гэх хоёр найзтайгаа байсан тул би эхнэрийгээ явъя гэж хэлэхэд манай эхнэр за гэсэн бөгөөд хоёр найз нь хувцсаа аваад ирье гэж баарлуу орчихоод хэсэг хугацааны дараагаар баарнаас гарч ирэхээр нь бид дөрөв такси бариад манай гэрийн гадна талд машинаас буусан. ...би бааранд ерөөсөө ороогүй” гэжээ. /хав 32 хуу/

 

            Шүүгдэгч Э.Энхцэцэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хав 60, 62/

            Шүүгдэгч Б.Оюуннямын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хав 66, 69 хуу/ зэрэг болон хавтаст хэрэг дэх бичгийн баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

            Шүүгдэгч Э.Энхцэцэг, Б.Оюунням нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энжои нэртэй бааранд үйлчлүүлж байсан Б.Оч-Эрдэнийн халааснаас түрийвчийг нь хулгайлж улмаар Хаан банкны картаар нь 2,230,000 төгрөгийг авч, хохирогч Б.Оч-Эрдэнэд нийт 2,380,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Оч-Эрдэнэ /хх 13/, гэрч Б.Батчимэг /хав 26/, Б.Пүрэвдорж /хав 28/, Б.Юмжаргал /хав 30/, Ж.Мэнд-Амар /хав 32/ нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хав 17/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хав 21, 22, 23/, шүүгдэгч Э.Энхцэцэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хав 60,62/, шүүгдэгч Б.Оюуннямын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хав 66,69 хуу/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих зүйлүүд нотлогдсон тул шүүгдэгч Э.Энхцэцэг, Б.Оюунням нар нь бүлэглэн урдьчилан үгсэн тохиролцон шунахай сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Б.Оюунням согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүгдэгч Э.Энхцэцэг, Б.Оюунням нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хадгалах, хэрэгт иргэний бичиг баримт хавсаргаагүй, хохирогч Б.Оч-Эрдэнэ нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдлаа.

 

Шүүгдэгч нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Оюуннямын хүү О.Алтаншагай нь 1 нас 4 сартай /хх 71/, шүүгдэгч Э.Энхцэцэгийн охин Л.Эмүжин нь 1 сар 27 хоногтой /хх 65/ байх тул тэдгээрт оногдуулах хорих ялыг хойшлуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Харчин овогт Энхбаатарын Энхцэцэг, Боржигон овогт Батмөнхийн Оюунням нарыг бүлэглэн урдьчилан үгсэн тохиролцон шунахай сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Харчин овогт Энхбаатарын Энхцэцэгийг эд хөрөнгө хураахгүйгээр 02 /хоёр/ жил хорих ялаар, Боржигон овогт Батмөнхийн Оюуннямыг эд хөрөнгө хураахгүйгээр 02 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Харчин овогт Энхбаатарын Энхцэцэг, Боржигон овогт Батмөнхийн Оюунням нарын тус бүрт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар хохирогч Б.Оч-Эрдэнэд 2.290.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар шүүгдэгч Э.Энхцэцэг, Б.Оюунням нарын тус бүрт оногдуулсан 02 жилийн хорих ялыг 02 жилийн хугацаагаар хойшлуулж, тэдгээрт хяналт тавихыг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД бичлэгийг хэрэг хадгалагдах хүртэл хэрэгт хавсаргасугай. 

 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч нарын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                           

ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ