Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 123/ШШ2019/0038

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хажидмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А А ХХК

Хариуцагч: Төв аймгийн Ж  сумын З Д ад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Ж  сумын З Д ын 2019 оны 04 сарын 05-ны өдрийн А/89 тоот захирамжийг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А А ХХК-ийн захирал Б.Баярхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас, хариуцагч Төв аймгийн Ж  сумын З Д а Т.Ц, гуравдагч этгээд Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гүнболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөр нарыг оролцуулан хийв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай "А А" ХХК нь Төв аймгийн Ж  сумын нутаг дэвсгэрт сумын З Д ын 2017 оны 05 сарын 18-ны өдрийн А/403 тоот захирамжийн дагуу газар эзэмших эрхийн 000320237 гэрчилгээгээр 200 га газрыг тариалангийн зориулалтаар эзэмшдэг болно. Тухайн газраа бид зориулалтын дагуу ашиглаж орон нутагт ажлын байр бий болгоод зогсохгүй манай үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн Төв аймгийн брэнд бүтээгдэхүүний тоонд орж амжилт гарган ажиллаж байгаа билээ. Манай компани өөрийн эзэмшлийн газрыг хууль, журамд заасны дагуу зохих ёсоор эзэмшиж байсан ба газрын төлбөрийг Төв аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын 2019.04.09-ны өдрийн газрын төлбөрийн нэхэмжлэхийн дагуу тус өдөр төлж барагдуулсан байдаг. Гэтэл Төв аймгийн Ж  сумын З Д ын 2019 оны 04 сарын 05-ны өдрийн А/89 дугаар захирамжаар "газрын төлбөрийг төлөөгүй, газар эзэмших гэрээгээ сунгах хүсэлт гаргаагүй" гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байсныг газрын төлбөр төлсний дараа мэдлээ. Бодит байдал дээр 2017, 2018 онуудын газрын төлбөрийг Төв аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын нэхэмжлэхийн дагуу төлсөн, газар эзэмших гэрээг 2018 оны 03 сарын 29-ны өдрийн гэрээ дүгнэх актаар 2 жилийн хугацаагаар сунгасан ба газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусаагүй байсан болно. Тиймээс Төв аймгийн Ж  сумын З Д ын 2019 оны 04 сарын 05-ны өдрийн А/89 тоот захирамжийг хүчингүй болгож газар эзэмших эрхийг сэргээж өгөхийг Төв аймгийн З Д ад хүссэн гомдлыг 2019 оны 04 сарын 22-ны өдрийн 18 тоот албан бичгээр гаргасан. Уг гомдлын дагуу Төв аймгийн З Д аас 2019 оны 05 сарын 02-ны 01/874 тоот "Чиглэл хүргүүлэх тухай" бичгийг Ж  сумын З Д а Т.Цд хүргүүлсэн байдаг. Уг бичигт "... гэвч А А ХХК нь 2019 оны 04 сарын 09-ний өдөр 2017, 2018 оны газрын төлбөрийг бүрэн төлсөн, ... газар эзэмших эрхийг нь баталгаажуулж, үйл ажиллагааг нь хэвийн явуулахыг мэдэгдэж байна" хэмээн чиглэл өгсөн ч Ж  сумын З Д а өөрийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгоогүй байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй" бол эрхийн гэрчилгээг цуцлах боломжийг тухайн шатны З Д ад олгожээ. Бодит байдал дээр аймгийн газартай холбоотой чиг үүргийг хэрэгжүүлдэг Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын нэхэмжлэхийн дагуу эрхийн гэрчилгээ цуцалсныг мэдэхээс өмнө буюу 2019 оны 04 сарын 09-ний өдөр төлсөн, мөн газар эзэмшүүлэх гэрээг 2018 оны 03 сарын 29-ний өдөр 2 жилийн хугацаатай байгуулсан байсан зэрэг нөхцөлүүд нь манай газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл бүрдээгүй байсан болохыг харуулж байна. Нөгөөтээгүүр Ж  сумын З Д ын 2019 оны 04 сарын 05-ны өдрийн A/89 тоот захирамжийг гаргахийн өмнө Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6, 26-р зүйлд тус тус заасны дагуу мэдэгдэх сонсгох ажиллагаа хийлгүй шууд хүчингүй болгосон нь дээрх нөхцөл байдал үүсэхэд шууд нөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсгох ажиллагааны зорилго нь тухайн шийдвэр гаргах ажиллагаанд нэхэмжлэгчийг оролцуулах, оролцоог хангах замаар нэхэмжлэгчийн зүгээс тайлбар, нотлох баримт гаргах боломж олгох, үүний үр дүнд захиргааны байгууллагын зүгээс дахин шалгах зүйл байгаа эсэхийг нягтлах, дутуу судалсан алдааг залруулах зэргээр "нөхцөл байдал өөрчлөгдөх" үр дагаварыг агуулах шинжтэй байдаг. Хэрэв З Д ын зүгээс уг ажиллагааг хийсэн байсан бол манай компанийн газар эзэмших эрхийн гэрээний хугацаа дуусаагүй байсныг тогтоож өөрийн алдаагаа засах боломж бүрэн байсан болно. Иймээс Төв аймгийн Ж  сумын З Д а Т.Цийн 2019 оны 04 сарын 05-ны өдрийн А/89 тоот захирамжийг хүчингүй болгож газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Баярхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 200 га газар дээр үйл ажиллагаа эрхэлж байгаагийн хувьд 200 га газар нь бага хэмжээтэй байгаа. 200 га газар жижигдээд дахиад эргэлтийн 200 га газар байгаад, түүнийг ашиглаад явбал жинхэнэ утгаараа бизнес болохоор харагдаж байгаа. Тэгэхээр 200 га газраа хариуцагчийн зөвшөөрснөөр 100, 100 га газраар нь хуваагаад авчихаар  ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болно. Ашигтай ажиллахын тулд энэ газраа хэвээр нь авч үлдэх, цаашлаад нэмж газар олгож өгнө үү гэсэн хүсэлтийг хариуцагчид тавимаар байна. Манай компаниас цалин хөлс авдаг олон хүн байгаа. Оюутнууд хүртэл илүү цагаараа ирж ажилладаг. Тиймээс энэ аж ахуйн нэгжийг хөл дээр нь босгох, Тариалан эрхлэлтийг дэмжих сан-д тавигдсан өр зээлийг дарах боломжийг олгох зэрэг эдгээр нөхцөл байдлыг шүүх харж үзээч ээ гэсэн хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/89 тоот захирамжийн хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага байгаа. З Д ын захирамж нь 2 үндэслэлээр гарсан. Нэгт нь төлбөр төлөөгүй, хоёрт нь газар эзэмших гэрээг сунгах хүсэлт гаргаагүй гэдэг. Энэ 2 үндэслэл хоёулаа бүрдээгүй.  Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6 болон 23 дугаар зүйлүүдэд тус тус заасны дагуу мэдэгдэж сонсгох ажиллагаа хийгээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 11-34 дүгээр зүйлүүдэд заасны дагуу захиргааны акт гарахаас өмнө авч хэрэгжүүлэх алхмуудыг зааж өгсөн. Өөрөөр хэлбэл З Д а А/89 тоот захирамж гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуульд заасан ямар ч алхмуудыг хийгээгүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Тухайн маргаан бүхий газартай холбоотой нөхцөл байдлыг тодорхойлоогүй буюу уг хуулийн 24 дүгээр заалтыг зөрчсөн. Актын үндэслэл болсон газрын төлбөр төлсөн эсэх Барилга хот байгуулалтын газраас Аруно Агро ХХК руу газрын төлбөр төлсөн үү, үгүй юу гэдэг нэхэмжлэхийг тодорхойлоогүй. Улмаар актын үндэслэлд оролцогчийн сонсох ажиллагаа буюу Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дахь заалтуудад заасан ажиллагааг явуулаагүй. Үүний дараа захиргааны байгууллагаас шийдвэр гарсны дараа, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу шийдвэрийг мэдэгдэх үүргийг хэрэгжүүлээгүй. Энэ нь хэргийн материалаар хангалттай нотлогдож байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1 дэх заалтад хуульд үндэслэх, уг хуулийн 4.2.5 дахь заалт зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд таарсан, шийдвэр нь үндэслэл бүхий байх уг хуулийн 37.6 дахь заалт хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг хэлнэ гэж тус тус заасан. А/89 тоот захирамжийг эрх зүйн зөрчилтэй акт гэж үзэж байна. Учир нь актын толгой хэсэг буюу гарчиг нь газар эзэмших гэрчилгээний холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай гэж байгаа. Гэрчилгээний аль хэсгийг хүчингүй болгоод байгаа нь ойлгомжгүй. Захиргааны ерөнхий хуулийн 48.1 дэх заалтад хэсэгчлэн буюу бүхэлд нь хүчингүй болгох гэсэн үр дагавар байдаг. Мөн уг хуулийн 37.6 дахь заалтад эрх зүйн зөрчилтэй акт хууль бус захиргааны актад тооцох тухай заасан маргаан бүхий актын үндэслэсэн, Газрын тухай хуулийн 49.1.1, 40.1.5 дахь заалтад заасныг тус тус үндэслэсэн. Гэтэл энэ маргаан бүхий акт дээр Газрын тухай хуульд дуусгавар болгох, хүчингүй болгох ойлголтууд нь өөр өөр үр дагавартайгаар харагдаж байгаа. Жишээ нь Газрын тухай хуулийн 39.1.1 дэх заалтад сунгуулах хүсэлтийг гаргаагүй бол дуусгавар болгох үр дагавартай түүний урьдчилсан нөхцөл нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлтээ өгөх ёстой байдаг. Гэтэл бодит нөхцөл дээр газар эзэмших эрх нь 15 жилээр, гэрээгээ дүгнэх хугацаа нь 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр. Гэтэл акт 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр сунгуулах хүсэлтээ гаргаагүй гэдгээр гарсан. Тэгэхээр сунгуулахтай холбоотой хүсэлт гаргаагүйтэй үйл баримт болоогүй гэж харж байгаа. Актын 2 дугаар үндэслэлд газар эзэмших эрхийн төлбөр төлөөгүй гэсэн. Тэгсэн атал актын гарчиг холбогдох хэсгийг нь хүчингүй болгох гэж байгаа. Газрын тухай хуулийн 40.1 дэх заалтад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох гэж заасан болохоос гэрчилгээний холбогдох хэсгийг хүчингүй болгоно гэдэг ойлголт байхгүй. Зарим хэсэг нь хэвээр үлдээд зарим нь хүчингүй болгоно гэсэн ойлголт бий болчихсон байна. Үүгээрээ Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5, 40.4 дэх заалтуудыг зөрчсөн. Акт нь утга агуулгын зөрчилтэй, үндэслэл бүхий болж чадаагүй. Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 47.6, 48.1 дэх заалтуудад зааснаар хүчингүй болгох үр дагавартай тул З Д ын А/89 тоот Захирамжийг хүчингүй болгож өгөөч ээ гэж хүсч байна. Хариуцагчийн тайлбарт 2017 оны 03 дугаар сарын 17-ны дотор төлбөрөө барагдуул гэсэн мэдэгдэл хүргүүлсэн гэж байна. Гэтэл хавтаст хэргийн 17 дахь талд шуудангийн бичиг байна. Уг бичигт 03 дугаар сарын 06-ны өдөр Аруно Агро ХХК, Баярхүүд гээд татварын байгууллагаас мэдэгдэл ирүүлсэн байна. Доод талд нь З Д ын тамгын газраас гэсэн байгаа. Тэгэхээр 03 дугаар сарын 06-ны өдөр З Д ын тамгын газраас эсхүл З Д а Т.Цээс Аруно Агро гэх компанид огт бичиг явуулаагүй. Татварын албанаас бичиг ирсэн ба НӨАТ-аа төлөөч ээ гэсэн байгаа. Харин тэр бичгийг нь хүлээж авсан түүний дагуу татвараа төлсөн. Ж  сумын З Д ын тамгын газрын даамлаас газар эзэмшигчид хүргүүлэх мэдэгдэх хуудас гэдэг дээр он сар байхгүй, хэзээ, хаана, юугаа хүргүүлж байгаа гэдэг нь мэдэгдэхгүй албан бичиг энэ хэрэгт байгаа. Үүнийг хариуцагч огт хүргүүлж байгаагүй учир татварын албаны бичигтэй андуураад байна уу эсхүл зориуд худал мэдэгдэж байна уу. Харин энэ мэдэгдлийг хүргүүлсэн байх боломжтой хэрэгт эх хувиараа байгаа дугтуй байх ёстой. Энэ дугтуй дээр Цэцэгмаагаас газрын даамал, Ж  сум, Төв аймаг, 41200 гэх кодтой Монгол шууданд хийсэн бичиг байгаа. Энэ 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр, буцсан 04 дүгээр сарын 17-ны өдөр гэсэн хаягтай байгаа. Гэтэл акт 04 дүгээр сарын 05 өдөр гарсан. Захиргааны ерөнхий хууль бол захиргааны байгууллагуудын хийх алхмуудыг бүгдийг нь нарийн тусгайлан зааж өгсөн материаллаг болон процессийн хууль. Энэ хуулиар буюу Захиргааны ерөнхий хуулийн 11-36 дахь заалт хүртэл захиргааны шийдвэр гаргах гэж байгаа бол ийм, ийм алхмуудыг ийм, ийм үе шаттайгаар буюу заавал оролцогчдод мэдэгдэнэ, нөхцөл байдлыг тодорхойлно, нотлох баримтыг цуглуулна, актаа гаргахдаа үндэслэлээ танилцуулна зэрэг энэ бүх шатуудыг тусгайлан зохицуулсан. Гэтэл өнөөдөр хариу тайлбараа мэдэгдлийг 03 дугаар сарын 17-ны өдөр ир гэж хэлээд 03 дугаар сарын 06-ны өдөр шууданд хийсэн гэж байна. Хариуцагч болоод газрын даамал Цэцэгмаагийн бичиг ерөөсөө тэр шууданд тийм зүйл байгаагүй. Татварын албаны хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ-ын албан татвар гэсэн 3 татвараа төлөөч ээ гэсэн бичиг ирсэн. Хариуцагч "даамал миний өрөөнд сууж байгаад Баярхүүтэй ярьсан. Тэгсэн мөнгө байхгүй, ийш тийшээ явж байна" гэж тайлбарлаж байна. Хэрэв үнэхээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэж татгалзаж байгаа бол түүнийгээ нотлох баримтаар хэлэх үүрэгтэй. Ямар ч баримтгүй ярьж болохгүй. Гэрээний тухайд жил бүр гэрээ дүгнэнэ гэж ерөөсөө хараагүй. Миний ойлгож байгаагаар гэрээний 4.5 дахь заалтыг хэлж байх шиг байна. Газар эзэмшигч дараахь эрх үүрэгтэй буюу Газар ашиглуулах гэрээг жил дүгнэх гэж байна. Үүнийг өөртөө ашигтайгаар жил бүр дүгнэнэ гэж тайлбарлаж магадгүй. Гэтэл нэхэмжлэгч ч бас "жил бүр дүгнэнэ биш" гэж тайлбарлаж болно. Энэ ойлголтын зөрүүтэй гэрээний нэг заалтыг нотлох баримтаар үнэлж шийдвэр гаргаж болохгүй гэж үзэж байна. Гэрээг 2 жил тутамд дүгнэх ёстой байсан гэдгийг гэрээний 6.2 дахь заалтаас харж болно. Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатай байгуулав гэсэн байдаг. 2 жилийн хугацaанд байгуулчхаад 1 жил болгон дүгнээд байж болохгүй шүү дээ. Ерөнхий нийт хугацаа нь 15 жилээр олгогдсон. Энэ хугацаанд дотроо 2 жилд нэг удаа тухайн газраа ашиглаж байна уу, төлбөрөө төлж байна уу зэрэг байдлаар дүгнэх  боломжтой. Тийм учраас гэрээний 4.5 дахь заалтад байгаа жил дүгнэх гэдэг байдал бол уг гэрээний 6.2 дахь заалтаар үгүйсгэгдэнэ. Гуравдагч этгээд манайх хохирох гээд байна, 16.538.750 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэх агуулгатай зүйл ярьж байна гэж ойлгож байна. Хэрэв Аруно Агро ХХК гэрээний үүргээ зөрчсөн бол захиргааны хэргийн шүүхэд биш иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Бидний өнөөдрийн маргаан нь А/89 тоот захирамжийг хүчингүй болгуулах маргаан байгаа. Энэ маргаан нь 2 үндсэн зүйл яригдаж байгаа буюу сунгуулах хүсэлтээ хугацаандаа өгөөгүй болон газрын төлбөрөө төлөөгүй гэж маргаж байгаа . Газрын харилцаа нь онцгой харилцаа бөгөөд Газрын тухай хууль болоод Захиргааны ерөнхий хуулиудаар давхар зохицуулагддаг. Газрын тухай хуулийн 40.1.5 дахь заалтын дагуу газрын харилцааг дуусгавар болгож байгаа буюу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа бол уг хуулийн 40.2 дахь заалтад заасны дагуу заавал мэдэгдэх үүрэгтэй. Энэ нь газар эзэмшиж, ашиглаж байсан Аруно Агро ХХК болоод барьцаалсан Тариалан эрхлэлтийг дэмжих сан-д давхар мэдэгдэх үүрэгтэй. Энэ үүргээ хариуцагчийн зүгээс биелүүлээгүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж З Д ын А/89 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Ж  сумын З Д а Т.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус суманд үр тарианы зориулалтаар 200 га талбай эзэмшиг А А ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр газар эзэмших ашиглах гэрээ дүгнүүлэхдээ 2017, 2018 оны газрын төлбөрийг огт төлөөгүй байсан. Газрын даамлын зүгээс төлбөр төлөх хугацаа өгөн дахин гэрээ байгуулсан боловч 2017, 2018 оны төлбөрийг төлөөгүй байна. Газар эзэмшүүлсэн гэрээг 2 жилээр байгуулсан хэдий ч 4.5 дахь заалтанд жил бүр дүгнэнэ гэсэн. Гэрээний биелэлтийг хангаагүй бол 6.3 дахь заалтанд энэхүү гэрээтэй холбоотой бусад асуудлыг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ гэж заасны дагуу 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/89 дугаар захирамж гарсан.

Захирамжийг гаргахдаа 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдэх хуудас шуудангаар явуулсан. Дурьдсан хугацаанд буюу 03 дугаар сарын 17-ны өдөр ирж амжихгүй нь гэдгээ сумын газрын даамал Л.Цэцэгмаад утсаар мэдэгдээд төлбөрөө хугацаа тохирч төлөхөөр тохирсны дагуу төлбөрөө тушаагаагүй байна. Мөн А А ХХК-ийн захирал Б.Баярхүү нь Газар тариалан хөдөө аж ахуйн нэгдсэн бирж гэсэн фэйсбүүк хуудсанд 200 га талбайгаа зарна гэж зар тавьсан нь цаашид зориулалтын дагуу ашиглахгүй нь тодорхой байна. Иймд А А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Төв аймгийн Ж  сумын З Д а Т.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мэдэгдлийн 03 дугаар сарын 17-ны дотор ирж гэрээгээ хүргүүлнэ үү гэсэн албан бичиг явуулсан. Үүнд газрын төлбөр төлсөн баримт, зориулалтын дагуу эзэмшиж байгаа нотолгоо зэрэг мэдэгдэл өгсөн. 03 дугаар сарны 06-ны өдөр шууданд хийсэн. Манай сумын даамал 03 дугаар сарын 17-ны өдөр хугацаа чинь дуусах гэж байна шүү гэж нэхэмжлэгч Баярхүүтэй ярьсан. Баярхүү маргааш очиж амжихгүй нь, мөнгөгүй байна гээд 03 дугаар сарын 17-ны өдрөө ирээгүй. Захирамжийг 04 дүгээр сарын 05-ны өдөр гарахад даамалтай холбогдсон байдаг. Гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан хэдий ч гэрээг жил бүр дүгнэнэ гэж заасан байгаа. Газрын тухай хуульд ч гэсэн гэрээг жил бүр дүгнэнэ гэж заасан. Газрын тухай хуулийг зөрчсөн үйлдэл нь гэрээг дүгнэх хугацаа болоогүй гэдгээр зөвтгөгдөхгүй. Жил бүр дүгнэнэ гэж заасан ба гэрээгээ дүгнүүлэх хугацаандаа нэхэмжлэгч ирээгүй. Төв аймгийн З Д ын албан тоотын хувьд Аруно Агро ХХК нь Газрын тухай хуулийн энэ заалтыг зөрчсөн байна. Гэвч тэдэн сарын тэдэнд төлбөрөө хийсэн байна. Тийм учраас нэг удаа энэ компанийг үйл ажиллагааг нь явуулна уу гэх агуулгаар ирсэн. Аймгийн газрын албаны захирамжийг хянаж үзээд З Д ын албан тоотыг гаргаж байгаа. Үүн дээр Газрын тухай хуулийг зөрчсөн гэсэн үг байгаа. Аймгийн З Д а нь сумын З Д ын захирамжийг цуцлах бүрэн эрхтэй ч энэ нөхцөл байдлыг үзээд хууль зөрчсөн юм байна, гэхдээ нэг удаа боломж олгох боломжтой гэх байдлаар албан бичиг гарсан. Гэрчилгээний холбогдох хэсэг гэж ерөөсөө гэрчилгээнд дурдсан 200 га газрыг л хэлж байгаа. Мэдэгдэл авсан хугацаандаа Баярхүү нь Цэцэгмаа руу ярьж 17-ны өдөр очиж амжихгүй нь гэдгээ мэдэгдсэн. Төлбөрөө төлж чадахгүй байна, зав олдохгүй байна гэж ярьж байсан. Өнөөдөр надтай огт яриагүй мэтээр ярьлаа. Татварын байцаагч, газрын даамал 2 мөр зэрэгцээд суудаг. Нэг дугтуйнд хийчихсэн байж магадгүй юм. Дөнгөж сая тэгж бодлоо. Үүнийг даамлаасаа эргэж тодруулъя. Анхандаа оролцоог хангалгүйгээр захирамж гаргаад шүүх дээр ялагдаж байсан түүхтэй. Тиймээс Аруно Агро ХХК нь ажил авснаасаа хойш нэлээд хэдэн газар хүчингүй болгоод шүүх дээр ирж байгаа 5, 6 тохиолдол байгаа. Мэдэгдэл өгөхгүйгээр шууд захирамж гаргасан үйл явц болоогүй. Оролцоог хангаж явуулсан. Мөн 04 дүгээр сарын 05-ны өдөр захирамж гараад мэдэгдсэний дараа Баярхүүгийн зүгээс яаруу түргэн газрын төлбөрийг төлсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байна гэжээ.

Гуравдагч этгээд Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гүнболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь газар тариалангийн салбарын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Засгийн газрын тусгай сан, улсын төсөвт үйлдвэрийн газар юм. Тус сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Тариалангийн тухай хууль, Засгийн газрын 2005 оны 139 дүгээр тогтоолын хавсралт Тариалан эрхлэлтийг дэмжих санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих, тайлагнах журам болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

Бид үйл ажиллагааныхаа хүрээнд тариаланчдад түлш шатахуун, ургамал хамгаалахад ашиглах бодис, бордоо, үрийн улаан буудай, техник тоног төхөөрөмж зэргийг хөнгөлөлттэй нөхцөлөөр зээрээр болон санхүүгийн дамжуулах түрээсийн нөхцөлөөр олгож төлбөрийг намрын ургацын үрийн болон хүнсний улаан буудайгаар эсвэл бэлнээр төлбөрийг тооцож авдаг.

Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 248 тоот тодорхойлолтоор А А ХХК нь 500 га эргэлтийн талбайд үйл ажиллагаа явуулдгаас 2017 онд 230 га-д уринш хийсэн болохыг тодорхойлсон болно.

Иймд А А ХХК нь тус сантай 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ҮР-СЭТ-2018/204 тоот улаан буудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 27 тонн Алтайская-325 соортын үрийг нэгж бүрийн үнэ 570.000 төгрөг нийт 15,359,000 төгрөг бөгөөд урьдчилгаа 1,539,000 төгрөг төлж, үлдэгдэл 13,851,000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ТШ-2018/44 тоот түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан нэгжийн үнэ 7,500 төгрөг 40 литр нийт 300,000 төгрөгийг урьдчилгаа 30 хувь болох 90.000 төгрөг төлж үлдэгдэл 210.000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулан дэмжлэг авсан байна.

Тус зээлээр худалдах, худалдан авах гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Барьцааны гэрээ-г байгуулж А А ХХК-ийн Төв аймгийн Ж  сумын 4-р баг Загдалд байрлах байршилтай тариалангийн зориулалттай нэгж талбарын 18547395103847 дугаартай гэрчилгээний 000320237 дугаартай 200 га газрын эзэмших эрхийг барьцаалсан. Мөн тухайн газрын эрхийн гэрчилгээ барьцаалсан тухай тэмдэглэл дээр нь Цэцэгмаа гэх тамга, тэмдэглэлээ байх бөгөөд энэ гэрээ нь, барьцаа бүрэн хүчин төгөлдөр болсон баталгаа болно.

А А ХХК нь тус санд хүнсний улаан буудай тушаагаагүй бөгөөд 2017 он 2018 онуудад хүнсний улаан буудай урамшуулалд хамрагдаж байгаагүй болно. Хугацаа хэтэрсэн 16.538.750 төгрөгийн өр төлбөртэй байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу тухайн санд бүртгэлтэй барьцаанд байгаа газрын эрхийг цуцалсан Төв аймгийн Ж  сумын З Д ын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/89 тоот захирамж нь тухайн орон нутгийн засаг захиргаа өөрийн эрх мэдлийн хүрээнд газар эзэмших эрх олгох, цуцлах нь хуулийн дагуу шийдэгдэх тул, тус сан нь А А ХХК-тай хугацаа хэтэрсэн өр төлбөрийг төлүүлэх хүсэлтэй байх тул уг маргаанд 16.538.750 төгрөгийн өр төлбөрийг хангуулах хүсэлтэй байна гэжээ.

Гуравдагч этгээд Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гүнболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Аруно Агро ХХК нь 2017 оноос хойш манайхтай харьцаж эхэлсэн. 2018 онд 3 гэрээ хийсэн ба газраа барьцаалсан. Энэ гурван гэрээнээс өөр материал манай санд байдаггүй. Уг нь тариаланчид тариагаа тариад намар нь гэрээнийхээ дагуу жил жилдээ гэрээгээ дүгнээд төлбөрөө төлөх ёстой. А А ХХК нь 2018 оныхоо төлбөрөө төлөөгүй байгаа. Бидний хувьд хавар дэмжлэгээ өгөөд намар 11 дүгээр сарын 25-наас өмнө тариа буудайгаараа төлбөрөө барагдуулдаг. Тариа будаагаа тариад урамшуулал авах ёстой байдаг. Тариалан эрхлэлтийн санд өгөхгүй байсан ч гэсэн өөр газар өгсөн байвал тэр мэдээгээ бидэнд авч ирээд урамшууллаа авах ёстой байдаг. Газрын маргаан нь тухайн 2 байгууллагын хооронд байгаа тул бид зөвхөн Аруно Агро ХХК-ийн хугацаа хэтэрсэн байгаа төлбөрийнхөө мөнгийг баталгаатай болгохоор оролцож байгаа. Газрын маргаанаас нь болоод хохирсон ч юм уу ямар нэгэн зүйл байхгүй. Төв аймгийн хувьд 2017, 2018 онуудад ургац алдсан байдаг. Тэгсэн ч будаа тушаасан юм байна. Тэгэхээр манайхтай уулзаад будааныхаа урамшууллыг аваад явах боломжтой. А А ХХК-ий тариалангийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор зээлээр өгсөн улаан буудай, түлш, бордооны үнэ 16538750 төгрөгийн өр төлбөрийг хангуулах хүсэлтэй байна гэсэн боловч шүүх хуралдааны явцад А А ХХК нь 2 жил ямарч үйл ажиллагаа явуулаагүй нь тариалалтын тайлан мэдээнээс харагдаж байна, иймд бид дараа нь тооцоо хийж, энэ өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэх тул одоо үүнийг нэхэмжлэхгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Аруно Агро ХХК-иас шүүхэд хандан Төв аймгийн Ж  сумын З Д ын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/89 тоот захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбар мэдүүлэгт тулгуурлан дор дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн агуулгадаа Төв аймгийн Ж  сумын З Д а нь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/89 тоот захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6, 26-р зүйлд тус тус заасны дагуу мэдэгдэх сонсгох ажиллагаа хийлгүй газар эзэмших эрхийн гэрчилгээг шууд хүчингүй болгосон, бид газрын төлбөрөө төлсөн, газар эзэмших гэрээг шинээр хийсэн байсан тул үндэслэлгүйгээр гэрчилгээг хүчингүй болгосон гэж,

Хариуцагч нь А А ХХК нь 2017, 2018 оны газрын төлбөрөө төлөөгүй, төлөх талаар 2019 оны 03 дугаар сарын 17-ны дотор ирж гэрээгээ дүгнүүлнэ үү гэсэн мэдэгдлийг явуулсан. Үүнд газрын төлбөр төлсөн баримт, зориулалтын дагуу эзэмшиж байгаа нотолгоо зэргээ авч ирэхийг мэдэгдсэн мэдэгдлийг 03 дугаар сарны 06-ны өдөр шууданд хийсэн, газар эзэмших гэрээг 2 жилээр байгуулсан ч гэрээнд жил тутам дүгнэх талаар заасан байхад гэрээгээ дүгнүүлээгүй гэж тус тус маргажээ.

Шүүх маргаан бүхий захиргааны акт болох Төв аймгийн Ж  сумын З Д ын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/89 тоот захирамжийн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн Загдал 4-р багийн нутаг дэвсгэрт 17/413 га-д үр тарианы зориулалтаар 200 га газар эзэмшигч А А ХХК-ийг газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, газар эзэмших гэрээгээ сунгах хүсэлт гаргаагүй тул . . . газар эзэмших эрхийн гэрчилгээний /000320237/ дээр дурдсан газарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон актын хууль зүйн үндэслэлийг авч үзвэл:

Нэхэмжлэгч А А ХХК-д Ж  сумын З Д а 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/421 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусад шилжүүлэх тухай захирамжаар /х.х 126/ Загдал 4-р багийн нутаг дэвсгэрт Зөөхийн 17/413 га-с үр тарианы зориулалтаар 200 га газрыг Амар арвижах тал ХХК-иас А А ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмших эрхийн 000320237 дугаар гэрчилгээ олгож, 2016 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр Амар арвижах тал ХХК, сумын газрын асуудал хариуцсан албан тушаалтан Л.Золзаяа нарын хооронд 2 жилийн хугацаатай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ зэргийг үндэслэн дээрх газрыг эзэмшүүлжээ.

Харин энэхүү гэрээний 2 жилийн хугацаанд байхад буюу 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Ж  сумын газрын даамал Л.Цэцэгмаа А А ХХК-ий захирал Б.Баярхүүтэй газар эзэмших ашиглах гэрээг дүгнээд гэрээ дүгнэх хуудсаар /х.х 18-19/ 2017 оны газрын төлбөрийг 2018 оны 2 дугаар улиралд багтаан хийхээр тохиролцов гэж тэмдэглээд, гэрээг 2 жилийн хугацаатай сунгасан байх бөгөөд мөн өдөр Аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх 18/11 дугаартай гэрээг /х.х 20-21/ 2 жилийн хугацаатай шинээр байгуулжээ. Мөн Төв аймгийн ГХБХБГазрын газрын төлбөр, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Э.Насанжаргал, А А ХХК-ий захирал Б.Баярхүү нар газар эзэмших гэрээг дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдэж, уг актаар газрын төлбөрт жилд 231600 төгрөг төлнө. Үүнээс 2018 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн төлөгдөөгүй 2016 оны үлдэгдэл 231600 төгрөг гээд газрын төлбөрийн алданги, торгуулийн хамт . . . дансанд 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор багтаан төлөхөөр тогтоож, тус тусын гарын үсгийг зурж баталгаажуулжээ. /х.х 19/

Эдгээр баримтаас үзвэл хариуцагч нь 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдөр гэрээг 2 жилийн хугацаатай шинээр байгуулсан атлаа гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгчийг гэрээгээ сунгах хүсэлт гаргаагүй, гэрээгээ сунгаагүй гэж үзэх үндэслэлгүй байна. Хариуцагч нь гэрээг хэдий 2 жилээр байгуулсан ч гэрээндээ жил бүр дүгнэхээр заасан гэж маргах боловч гэрээний 4.5 дахь заалт нь алдаатай бичигдсэн, гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан байх тул гэрээг хуулийн хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй байна.

Мөн маргаан бүхий актад нэхэмжлэгчийг газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэж үзсэн тухайд авч үзвэл: Ж  сумын газрын даамал Л.Цэцэгмаа нь А А ХХК-ий захирал Б.Баярхүүтэй газар эзэмших ашиглах гэрээг дүгнээд, гэрээ дүгнэх хуудсаар /х.х 18-19/ 2017 оны газрын төлбөрийг 2018 оны 2 дугаар улиралд багтаан хийхээр тохиролцсон байх боловч уг хугацаандаа төлөөгүй, 2018 оны газрын төлбөрийг мөн маргаан бүхий акт гарсан 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл төлөөгүй бөгөөд харин Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн нэхэмжлэхийн дагуу 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 2017-2018 оны газрын төлбөр гэж 463200 төгрөгийг төлсөн /х.х 95/ нь хавтаст хэрэг авагдсан бичгийн нотлох баримтууд шүүх хуралдаанд өгсөн талуудын тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий акт гарсаныг газрын төлбөр төлснөөс хойш мэдсэн, бидэнд маргаан бүхий акт гаргах талаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй, хүргүүлсэн гэх мэдэгдлийг би аваагүй тул мэдээгүй байхад шууд газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгож хууль зөрчсөн гэж, хариуцагч нь газрын төлбөрөө төлөх, гэрээгээ дүгнэх талаар нэхэмжлэгчид албан ёсны мэдэгдлийг 2019.03.06-нд хүргүүлсэн боловч заасан хугацаанд ирээгүй тул хүчингүй болгосон гэж тус тус маргаж байгааг авч үзвэл:

Хариуцагч нь хавтаст хэргийн 33 дугаар хуудаст авагдсан Төв аймгийн Ж  сумын ЗДТГ-ын газрын даамлаас газар эзэмшигчид хүргүүлэх мэдэгдэх хуудас гэх баримтад А А ХХК-д гэж хаяглаж . . . газар эзэмших гэрээгээ 2019 оны 03 дугаар сарын 17-ны дотор дүгнүүлнэ үү гээд . . газрын төлбөр төлсөн баримт . . . ирүүлээгүй тохиолдолд арга хэмжээ авахыг үүгээр мэдэгдэж байна гэж газрын даамал Л.Цэцэгмаа гарын үсгээр зурсан байх бөгөөд огноог 2019.03.06 гэжээ.

Хариуцагч энэхүү мэдэгдлийг 2019.03.06-ны өдөр шуудангаар хүргүүлсэн гэх боловч ЗДТГ-ын бичиг хүргэх шуудангийн бүртгэлийн дэвтэрт явуулсан огноо 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр УБ хот ХУД 4-н улирал цэцэрлэг А А ХХК Б.Баярхүүд гээд явуулсан албан хаагч гэдэгт ЗДТГазар гэж бүртгэгдсэн бүртгэл, газрын даамал Л.Цэцэгмаагаас гэж хүргүүлсэн бичгийн дугтуй дээр дарсан 2019.04.17 гэсэн шуудангийн тэмдэг /х.х 113/ мөн сумын Татварын улсын байцаагч А.Хишигжаргалаас гэж хүргүүлсэн татвар төлөхийг мэдэгдсэн мэдэгдэх хуудас, бусад баримтыг шуудангийн бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэж явуулсан огноо уг мэдэгдлийг хүргүүлсэн дугтуй дээрхи 2019 оны 03 дугаар сарын 17 гэсэн шуудангийн тэмдэг зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгчид 2019 оны 03 дугаар сарын 17-ны дотор гэрээгээ дүгнүүлэх, төлбөрийн талаархи мэдэгдлийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүргүүлсэн гэх хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байна.

Иймд хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д захиргааны байгууллага үйл ажиллагаанд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг баримтлах, 26, 27-р зүйлд заасан сонсох ажиллагааг явуулах, оролцогчид мэдэгдэх, оролцогчийн тайлбар санал авах . . . зэрэг үүргээ биелүүлээгүйгээс газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн болох нь дээрхи хууль зүйн үндэслэл, нөхцөл байдлуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нөгөөтэйгүүр гуравдагч этгээд Тариалан дэмжих сангаас шүүхэд өгсөн тайлбартаа А А ХХК-ий тариалангийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор зээлээр өгсөн улаан буудай, түлш, бордооны үнэ 16538750 төгрөгийн өр төлбөрийг хангуулах хүсэлтэй байна гэсэн боловч шүүх хуралдааны явцад А А ХХК нь 2 жил ямар ч үйл ажиллагаа явуулаагүй нь тариалалтын тайлан мэдээнээс харагдаж байна, иймд бид дараа нь тооцоо хийх нь зүйтэй байна, энэ өр төлбөрийн асуудлыг одоо шийдвэрлүүлэх шаардлагагүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А А ХХК-ий нэхэмжлэлийг хангаж, Төв аймгийн Ж  сумын З Д ын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/89 тоот захирамжийг хүчингүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЖИДМАА