Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2012 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 83

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                Хэргийн индекс: 171/2012/0097/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч Н.Идэр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт Б  овогт Ч.Б д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000108 дугаартай хэргийг 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б  овогт Ч.Б  /РД:ТЯ.../, 19..  оны .. дүгээр сарын ..-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эх, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн .. сумын . баг, . тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

 

Шүүгдэгч Ч.Б  нь согтуугаар 2012 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн оройн 21 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын төвд байрлах "Оргил" нэртэй бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж, иргэн Ч.Х ын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... “2012 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн оройн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын төвд байрлах "Оргил" нэртэй бааранд найз Б, С Т , М , Б нартай хамт орсон юм. Тэгээд бид нар архи хувааж уугаад бүжиглэж байсан юм. Тэгээд нэг мэдэхэд би нэлээн согтуу болоод хана налаад зогсож байсан юм. Үүнээс хойш юу болсныг мэдэхгүй маргааш нь эрүүлжүүлэхэд байснаа мэдсэн. Би цагдаа Х  ахыг цохьсноо санахгүй байна. Учир нь тасарчихсан байсан” гэв.

 

Шүүгдэгч Ч.Б  нь согтуугаар 2012 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн оройн 21 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын төвд байрлах "Оргил" нэртэй бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж, иргэн Ч.Х ын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь:

хохирогч Ч.Х ын:…”2012 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 21 цаг өнгөрч байхад манай найз П, П гэдэг найз нар маань хөдөөнөөс ирээд намайг "Оргил" нэртэй бааранд дуудахаар нь би тэр бааранд очсон юм.

                   D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Øèéòãýõ òîãòîîë 2012\×.Áàò÷óëóóí-181.2.1-83.doc

Тэгээд бид хоёр пиво ууцгаасан юм. Тэгээд би дахин пиво авах гээд баарны тек рүү очиход надтай хамт ажилладаг О ширээн дээр ирээд сууж байсан юм. Тэгэхэд нь би дахиад пиво нэмж захиалах гээд тек рүү явж байтал гэнэт нэг хүн миний нүүр рүү цохиод авсан юм. Тэгээд би нүүрээ дараад ширээн дээрээ ирж суухад миний хамраас цус гарсан ба үүдэн хоёр шүд маань хугарсан байсан. Тэгээд би цусаа тогтоож байхад манай найз П, О нар намайг цохисон залууг дагуулаад 00-ын өрөөнд ороод цагдаа дуудаж өгсөн юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 7-9 дахь тал/,

гэрч Г.Б-ын:…”2012 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 21 цаг өнгөрч байхад би өөрийн найз нар болох Б , Т , Мөөгий, Сээгий, Улаанаа, нарын хамт "Оргил" нэртэй бааранд орж пиво ууцгаасан юм…Тэгтэл энгийн хувцастай цагдаагийн нэг залуу доошоо тонгойгоод хамраа дараад сандал дээр очоод сууж байгаа нь харагдсан юм. Тэгээд бид нар бүжиглэж байх үед Очироо гэдэг ах манай найз Б ыг дагуулаад 00-ын өрөө рүү орж байгаа нь харагсдан юм…Тэгээд би араас нь өөрийнхөө нэрийг хэлээд ороход Очироо ах надад хандан “танай найз чинь баларсан, цагдаа хүнийг цохчихлоо шүү дээ” гэж хэлсэн юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11 дахь тал/,

гэрч С.П-ийн:…”Х  дахин пиво авах гээд тек рүү дөхөөд бүжиглэж байгаа хүүхдүүдийн ойролцоо явж байхад нь нэг өндөр залуу түүний нүүр рүү гараараа цохиж авсан юм. Тэгтэл Х  нүүрээ дараад хойшоогоо ухарч яваад ширээн дээрээ ирж суусан юм. Тэгээд Х ын хамраас нь цус гарсан харагдсан юм. Тухайн үед О цагдаа Х ыг цохисон залууг 6 дугаар байрны Б  гэдэг залуу байна гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 12 дахь тал/,

гэрч Л.П-ын:…”Тэгээд Одбаяр, Пүрэвсүрэн бид гурав хамт сууж байтал Х  пиво нэмж авах гээд баарны тек рүү явсан юм. Тэгтэл нэг өндөр залуу түүний нүүр рүү цохиод авсан юм. Тэгтэл Х  нүүрээ дараад хойшоогоо ухарч ширээн дээрээ ирж суусан” гэсэн мэдүүлэг /хэргийн 13 дахь тал/,

гэрч Ц.О-ын:…”Тэгээд Х  бүжгийн талбай руу бүжиглэж байгаа хүмүүс рүү очиход тэнд байсан Б  гэдэг залуу Х ын нүүр рүү шууд л гараараа цохиж авсан. Тэгэхэд нь Х  нүүрээ дараад буцаж ширээ рүү ирээд суусан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 144 тоот актын

  1. “Ч.Х ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын хугарлыг зассаны

дараах байдал, нэг шүдний хугарал, нүүр, баруун мөр хүзүүний орчмын зөөлөн эдийн няцарлын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 33 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Иймд Б  овогт Ч.Б ыг бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Х  нь “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Ч.Б аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Б  урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 44 дэх тал/.

 

Шүүгдэгч Ч.Б  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б  овогт Ч.Б ыг бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар Ч.Б д 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ч.Б д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Ч.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Ч.Б д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын  хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Ч.Б д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Ч.Б д мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Б д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Б д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

 

 

 ДАРГАЛАГЧ,

                                ШҮҮГЧ                                                   Ё.РИНЗААН