| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Алтанхуяг |
| Хэргийн индекс | 2012/ШЦТ/85 |
| Дугаар | 85 |
| Огноо | 2012-04-25 |
| Зүйл хэсэг | 099.1., 099.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 85
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгсбаяр,
улсын яллагч Б.Сүрмандах ,
шүүгдэгч П.М , Д.Х нарын өмгөөлөгч Л.Цуурай,
хохирогч Т.М , П.М ,
шүүгдэгч Т.М , Б.Э , П.М , Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт Б овогт Т.М , мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт Б овогт П.М , Б овогт Д. Х , Х овогт Б.Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000040 дугаартай хэргийг 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн Б овогт П.М , /РД:ОЖ..../, 19.. оны .. дүгээр сарын ..-нд Увс аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан сум .. дугаар баг .. .. дүгээр хэсэг . тоотод оршин суудаг, Л ХХК-д ажилладаг, 2005 оны 08 дугаар сарын 01-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгүүлж уг ялыг тэнсэж 1 жил хянан харгалзаж байсан.
2007 оны 12 дугаар сарын18-ны өдрийн 313 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар ял шийтгүүлж 150 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан.
Монгол улсын иргэн Х овогт Б.Э , /РД:РЮ....19... оны ...дүгээр сарын ..-нд Хөвсгөл аймагт төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Дархан сум .-р баг ..-гийн .. тоотод оршин суудаг, Л ХХК-д оёдолчноор ажилладаг, ял шийтгэлгүй.
Монгол улсын иргэн Б овгийн Д овогтой Х , /РД:ФВ....../, 19.. оны .. дугаар сарын ..-нд Архангай аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан сум .-р баг ..-гийн .. тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй.
Монгол улсын иргэн Б овогт Т.М , /РД:ЧЕ.../, 19.. оны 0. сарын ..-нд Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан сум . дугаар баг . .-р хэсэг . тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй.
Шүүгдэгч П.М , Д.Х , Б.Э нар нь бүлэглэн 2012 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Дархан сум ..-р баг, ... хороололд иргэн Т.М ийн жолоодон явсан .... ДАР дугаарын автомашин дотор П.М нь Т.М тэй маргалдсанаас үүдэн жолооч Т.М ийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,
Шүүгдэгч Т.М нь П.М тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "Тэр өдөр П.М , Д.Х , Б.Э гурав Дархан Номингийн урдаас машинд суугаад гэр рүүгээ хүргүүлсэн. Замдаа П.М надтай маргасан. Би гэрийнхэн гадаа буулгаад би машинаа асаагаад явах гэтэл машины түлхүүр сугалаад авсан. Тэгтэл хойноос эмэгтэйн үсдээд байсан. Тэгээд машинаас буугаад ирэхэд П.М намайг цохисон. Би зөрүүлээд цохисон. Тэр үед харанхуй байсан болохоор Д.Х , Б.Э нарыг цохисон эсэхийг анзаараагүй ямар ч байсан зууралцаж байгаад салцгаасан. Салгаж байсныг нь би над руу дайрч байна гэж буруу ойлгосон байж магадгүй" гэв.
Шүүгдэгч П.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "Дархан-Номингийн урдаас машинд суусан. Тэгтэл таксины жолооч нь урьд манай ээжийг бариул хугалчихлаа гэж хэл, амаар доромжилж татаж чангаасан залуу байсан. Тэрнээс болоод маргалдаж эхэлсэн. Тэгээд цаашаа гэрийн үүдэнд буугаад би нэг цохисон зөрүүлээд намайг цохисон. Тэгээд намайг салгаад авсан" гэв.
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ "20 цагийн үед Дархан Номингоос унаанд суусан. Энэ хоёр таньдаг юм шиг юм ярьж байгаад замдаа муудалцсан. Тэгээд П.М ынд очиход энэ хоёр машинаас гараад хоорондоо цохилцсон. Би салгасан надад зодож цохисон зүйл байхгүй" гэв.
Шүүгдэгч Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "Бид Дархан Номингоос П.М , Б.Э нартай таксинд суусан. Замдаа Т.М тэй П.М маргалдсан. М ын гэрийн гадаа очоод П.М Т.М нар нэг нэгнээ цохихоор нь больцгоо гээд салгасан. Надад бол цохиж зодсон үйлдэл байхгүй" гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгээр хавтаст хэрэг цугларсан дараахь нотлох баримтууд болох хохирогч П.М ын "Би урд суудал дээр суугаад Х эхнэрийнхээ хамт арын суудал дээр сууж явсан юм. Таксинд суугаад харахад тэр залуу манай ээжтэй урьд муудалцаж байсан буюу түүнийг заамдаж сэгсэрч байхад нь хүн салгасан байсан юм. Тэр залуу мөн байхаар нь жолоочид чи настай хүнийг айлгаж сүрдүүлж байсан юм байж уучлалт гуйчихгүй юм уу гэсэн чинь би та нарын урд бөхөлздөг хүн бишээ гэж хэлэхэд нь бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн юм. Тэгтэл согтуу юм байж аятайхан суугаад явж чадахгүй бол буу гээд миний нүүр лүү гараарай мангасдаж түлхэхээр нь би зөрүүлдэж барьж аваад хоорондоо заамдалцаж барьцалдаж авсан юм. Тэгээд миний шар хөдлөөд гэрийн гадаа ирсний дараа буугаад нөгөө талаар нь тойрч очоод би ээжээсээ чамайг уучлалт гуйлгаж чадна шүү гээд тойроод очиход нөгөө залуу машинаасаа бууж ирээд боох гэхэд нь түүнийг нүдний хэсэгт гараараа нэг удаа цохисон чинь намайг зөрүүлээд миний нүд рүү цохитол Х ирээд болиоч чи хоёр пиво уучихаад согтоод байгаа юм уу гээд салгаж аваад гэр лүү оруулсан" гэсэн мэдүүлэг, / хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/
хохирогч Т.М ийн "Тэр өдөр таксинд өөрийнхөө .... ДАР улсын дугаарын автомашинтай явж байгаад орой Дархан Номин худалдааны төвөөс хоёр эрэгтэй, нэг эмэгтэй Мангирт хүргүүлнэ гээд хүргэж өгсөн юм. Тэгтэл гэрийнхээ гадаа очоод урд талын суудал дээр сууж байсан залуу нь мөнгөө өгөхгүй гэхээр нь чи яахаараа өгдөггүй юм гэж хэлэхэд шууд гараараа миний хацар хавьд цохихоор нь яагаад намайг цохиж байгаа юм бэ, та хоёр харсан биз дээ гээд хойно сууж байсан хоёр хүнд хэлэхэд эмэгтэй нь би юу ч хараагүй шүү гэж хэлэхээр нь яахлаараа та нар хардаггүй юм бэ гээд уурлаад машинаа асаагаад хөдлөх гэтэл миний түлхүүрийг урд сууж байсан залуу сугалаад авахаар нь нэг гараараа бариад нөгөө гараараа цээжнээс нь зуураад авахад тэр залуу зөрүүлээд заамдаад авсан юм. Тэр үед ард сууж байсан эмэгтэй миний үснээс арагшаа татсан чинь урд сууж байсан залуу миний нүүрлүү хэд хэд удаа цохихоор нь ноцолдож байгаад салаад машинаас гарсан чинь тэр гурав зэрэг буугаад ирсэн юм. Тэгээд урд сууж байсан намайг цохисон залууг очоод нүүр лүү гараараа цохиод авсан чинь ард сууж байсан залуу намайг хажуугаас барьж аваад 3 талаас зодсон юм. Тухайн үед 2 залуу нь архи уучихсан халамцуу байсан" гэсэн мэдүүлэг, /хэргийн 6 дугаар хуудас/
гэрч Г.М-ийн "... хашааны гадаа машин ирж байгаа гэрэл гарахаар нь гараад очтол Х М ыг барчихсан таксины жолооч уурлаад өөдөөс нь юм яриад байхаар нь яасан юу болсон талаар асуухад Х хэлэхдээ М таксины жолоочтой маргалдаад тэгээд хоорондоо зодолдсон гэж хэлж байсан. Би тэгээд гэртээ оруулаад харахад М ын нүдний доор хавдсан байсан" гэсэн мэдүүлэг, /хэргийн 11 дүгээр хуудас/
гэрч Б.У-ын "Тэр өдөр гэрээсээ халтуур хийнэ гэж гараад орой гэртээ 16-20 цагийн хооронд /би яг хэдэн цагт орж ирсэн гэдгийг санахгүй байна/ орж ирсэн ба зүүн нүдний доод хэсэгт язарч нүд нь хавдчихсан байдалтай мөн толгой эргээд байна гэж хэлж байсан. Тухайн үед яасан юу болсон талаар асуухад өмнө маргалдаж байсан хөгшний хүүхдүүд нь намайг халтууранд явж байхад Дархан Номингийн үүднээс гэртээ хүргүүлнэ гэж халамцуу суугаад гэрийнхээ үүдэнд хүргүүлээд намайг бөөнөөрөө зодсон гэж хэлж байсан" гэсэн мэдүүлэг, /хэргийн 12 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹43 тоот актын "1. Т.М ийн биед хоёр нүдний зовхины цус хуралт, нүдний алимны доргилт, нүд хөдөлгөх булчингийн няцралын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно" гэсэн дүгнэлт, /хэргийн 16 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹70 тоот актын "1. П.М ын биед тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно" гэсэн дүгнэлт /хэргийн 20 дугаар хуудас/
Шинжээч эмч Д.Т-ийн "Т.М ийн биед үүссэн 43 тоот үзлэгийн дүгнэлтэнд бичигдсэн гэмтэл нь зүүн нүдний орчимд нэг удаа цохиход үүсэх боломжтой. Ер нь нүдний зовхи нь өөхөн эд, эслэг ихтэй тул нэг нүдэнд зөөлөн эдийн гэмтэл авахад нөгөө нүдэн цус хуралтын гэмтэл нь дамжиж хоёр нүдний зовхинд цус хуралт үүсэх нь элбэг байдаг. Хохирогчийн биед 20012 оны 1-р сарын 01-ний өдөр учирсан гэх гэмтлийг 2012 оны 1-р сарын 04-ний өдөр өөрийн биеэр үзсэн байна. Тухайн үед үзэхэд уг гэмтэл нь зүүн нүдний орчимд хатуу мохоо зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой" гэсэн мэдүүлэг /хэргийн 21 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч П.М , Д.Х , Б.Э нар нь 2012 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Дархан Номин худалдааны төвөөс иргэн Т.М ийн автомашин сууж гэрлүүгээ хүргүүлэх замдаа П.М нь Т.М тэй "манай ээжийг машины бариул хугаллаа гээд барьж авч сэгсэрсэн, уучлал гуй" гэх шалтгаанаар маргалдсаны улмаас Т.М ийг нүүрэн тус газар нь цохиж хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд харин Д.Х , Б.Э нар нь Т.М ийг бүлэглэн зодож биед нь гэмтэл учруулсан болох нь нотлогдон тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.
Хохирогч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт "Д.Х , Б.Э нар намайг цохьсон эсэхийг сайн мэдэхгүй байна. Харанхуй байсан болохоор салгах гэсэн байж магадгүй" гэсэн мэдүүлэг, шинжээч эмч Д.Туяагийн "Т.М ийн биед үүссэн 43 тоот үзлэгийн дүгнэлтэнд бичигдсэн гэмтэл нь зүүн нүдний орчимд нэг удаа цохиход үүсэх боломжтой. ... Тухайн үед үзэхэд уг гэмтэл нь зүүн нүдний орчимд хатуу мохоо зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой" гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудыг үндэслэн Д.Х , Б.Э нар уг хэрэгт гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар шүүгдэгч Д.Х , Б.Э нарт ашигтайгаар шийдвэрлэж тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Тухайн үед болсон маргааныг шүүгдэгч П.М үүсгэж улмаар Т.М ийн нүүрэн тус газар цохиж гэмтээсэн ба харин Т.М ийн үйлдэл нь бусдын биед санаатай хөнгөн гэмтэл учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй өөрийн биеийг хамгаалах үйлдэл хийсэн байх тул түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин П.М нь урьд өмнөх таарамжгүй харьцаанаас үүдэн Т.М ий нүүрэн тус газар цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж П.М ыг уг хуулийн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
П.М нь хамгийн сүүлд 2007 оны 12 дугаар сарын18-ны өдрийн 313 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар ял шийтгүүлж 150 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан боловч түүний ялтай байх хугацаа дууссан тул анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүх хуралдаанд хохирогч Т.М иргэний нэхэмжлэл гаргаагүй бөгөөд сайн дураараа шүүгдэгчтэй эвлэрч байгаа тухайгаа илэрхийлж байх тул П.М ыг хөнгөн гэмтэл анх удаа үйлдсэн, төлөх хохирол, төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар П.М ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 248.1.2, 246 дугаар зүйлийн 246.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.2, 248 дугаар зүйлийн 248.1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б.Э , Б овгийн Дамбын Х нарт холбогдох хэргийг, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 248 дугаар зүйлийн 248.1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т.М д холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож Б.Э , Д.Х , Т.М нарыг цагаатгасугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П.М ад холбогдох хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилсүгэй.
3. Шүүгдэгч Б овогт П.М ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д зааснаар П.М ад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар П.М ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
6. Шүүгдэгч П.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Т.М , Б.Э , П.М , Д.Х нарт урьд авсан авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ