Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 142/шш2020/00731

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Г-т холбогдох

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г-тай 2017 онд танилцаж, уулзаж үерхэж байгаад 2019 оны 09 сарын 09-нд охинтой болсон. Намайг жирэмсэн байх хугацаанд байнга маргалдаж таарч тохирохгүй болж 7 сартай жирэмсэн байхад орхин яваад түүнээс хойш холбоогүй байгаа учир эцэг тогтоолгож, охиндоо тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч М.Г- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие М.Г- нь Ж.Б-ын нэхэмжлэлийн дагуу хүүхдийн тэтгэмжийг хүлээн зөвшөөрч татгалзах зүйлгүй болно гэжээ.

Хариуцагч М.Г- шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие шүүх хуралдаанд ирж амжихгүй ажилтай байгаа тул шүүх хуралдааныг миний эзгүйд явуулж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б- нь хариуцагч М.Г-т холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

Хариуцагч М.Г-т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

 

 

 

Нэхэмжлэгч Ж.Б-, хариуцагч М.Г- нар нь 2017 онд танилцаж, хамтран амьдарч тэдний дундаас 2019 оны 09 сарын 09-ний өдөр охин Б.З- төрж, охин төрсөн цагаасаа эхлэн эх Ж.Б-ын асрамжид байгаа, Ж.Б-, М.Г- нар нь таарч тохирохгүй болсны улмаас тусдаа амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно гэж заасны дагуу 2019 оны 09 сарын 09-ний өдөр төрсөн охин Б.З-ийн эцэг М.Г- мөн болохыг тогтоож, хариуцагч М.Г-аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, охин Б.З-ийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг харгалзан төлөхөөр тогтоосон ба 2019 оны 09 сарын 09-ний өдөр төрсөн охин Б.З-д ******* аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 206000 төгрөгийн 50 хувь буюу 103000 төгрөгийг сар бүр хариуцагч М.Г- төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Б.З-д сар бүр төлөх тэтгэлэг 103000 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, нийт 1236000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 34214 төгрөгийг М.Г-аас гаргуулж төрийн санд, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Г-аас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2019 оны 09 сарын 09-ний өдөр төрсөн охин Жт овогт Б-ын З-ийн эцэг М овогт М-н Г мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 09 сарын 09-ний өдөр төрсөн охин Ж овогт Б-ын З-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг М овогт М-ийн Г-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б-ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Г-аас улсын тэмдэгтийн хураамж 34214 төгрөг гаргуулан төгрөгийг төрийн санд, 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-д тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ