Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 142/шш2020/00735

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.Ц-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-д холбогдох

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ц-, хариуцагч Б.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Ц- би Б.Б-тай 2012 онд танилцаж дотносон 2014 оны 12 сарын 07-нд хүү Б.А-ийг, 2016 оны 10 сарын 11-нд охин ******* нарыг төрүүлсэн. Бид 2017 оны 09 сард ******* аймгийн ******* суманд хурим найраа хийж тэндээ амьдарч байсан. Бид зан харилцаа таарамжгүй болсны улмаас 2018 оноос тусдаа амьдрах болсон. Би одоогоор ******* аймгийн ******* суманд ээжийнхээ гэрт хүүхдүүдийн хамт амьдарч байна. Д.Б-тай цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахаар эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч Д.Б- нь эвлэрүүлэн зуучлагчийн дуудсан хугацаанд огт ирээгүй бөгөөд ажиллагааг дуусгавар болгосон байсан. Нөхөр Б.Б- нь хүүхдүүд дээрээ нэг удаа ирсэн. Тусдаа амьдарснаас хойш дахиж ирээгүй. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн бидний дундаас төрсөн хүү Б.А-, охин Б.Гэгээнзаяа нарыг эх Ц.Ц- миний асрамжинд үлдээж, эцэг Б.Б-аар тэжээн тэтгүүлэхээр хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Б- нь 2013 онд Солонгос улсад гэрээгээр хөдөлмөр эрхэлж байхдаа эхнэр Ц.Ц-той танилцаж 2014 оны 12 сарын 07-нд хүүтэй болсон. Мөн тэнд байх хугацаанд эхнэр жирэмсэн болж Монгол улсад ирж төрсөн. 2017 онд ёс төрөө хийж ******* аймгийн ******* суманд амьдарч байсан. 2018 оны 5 сард ээждээ ногоо тарихад туслана гэж ******* явсан. Түүнээс хойш хэвийн харилцаатай хүүхдүүд болон эхнэртэйгээ холбоотой байж очдог байсан. 2019 оны 2 сараас ярих нь цөөрч хүүхдүүдтэй яриулахгүй хөдөө байгаа гэсэн хариу өгдөг болсон тул ажлын заваараа 2019 оны 05 сард эхнэр, хүүхдээ авахаар ээж, нагац эгч , түүний нөхрийн хамт очсон боловч Ц- гэртээ байхгүй байсан тул хадам ээжтэй уулзаж ярилцаад буцаж ирсэн. Түүнээс хойш хадам ээж болон хүүхдүүдтэйгээ холбоотой байж Ц- холбоо барихгүй байсан тул 2019 оны 12 сард ******* орсон. Тэр үед Ц- нь гэртээ байхгүй хүү А- эмээтэйгээ байсан. Хадам ээжээс Ц-ыг асуухад хотод байгаа гэсэн боловч хүү ээжийн найз энд байдаг гэж хэлсэн учир тэр айлд нь очиход нэг эгч Ц- манай хүүтэй хөдөө хамт амьдарч байгаа гэсэн. Тэр үед эхнэрээ уулзахгүй зугтаад байсан учрыг ойлгосон, Ц- болоод хамтран амьдарч байгаа залуу, миний охин Гэгээнзаяа нар байсан. Тэр үед харилцах гэсэн боловч хамтран амьдрагч залуу ярих боломж олгоогүй учир охинтойгоо уулзаад хүүгээ аваад ирсэн. Хүүтэйгээ 2 сар хамт амьдарч байхад эхнэрийн том эгч ирээд хүүг авч явсан. Хүү маань дүүгээ болоод ээжийгээ санаад байсан учир явуулсан. Бас миний хувьд элэг бүтэн амьдрал хэрэгтэй. Хоёр хүүхэд минь аав, ээжтэйгээ байх нь чухал салах бол хүүхдүүдээ бие биенээсээ холдуулах хүсэл байхгүй. Одоо ч гэсэн өмнө нь ч гэсэн салах талаар бодож байгаагүй. Бид хоёрт гэр бүлийн маргаан байхгүй, ажил амьдралын шаардлагаар тусдаа хэсэг амьдарч байсан. Миний зүгээс эхнэрийнхээ алдааг уучилж гэр бүлээ тогтвортой авч явах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Ц- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2014 онд Солонгост танилцаад 12 дугаар сарын 07-ны өдөр анхны хүүгээ төрүүлсэн. 2015 оны 06 дугаар сард хүүгээ ******* сум руу явуулсан. Түүнээс хойш ажил хийж байгаад 2016 оны 04 дүгээр сард жирэмсэн болоод би ******* буцсан. Тэгээд Б.Б- араас Монголд ирээд 2016 оны 10 дугаар сард би төрсөн. 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бид хоёр хуримаа хийсэн. Түүнээс хойш *******д байж байхад Б.Б- мөрийтэй тоглоод гэртээ тогтохгүй, бас гэрээ зарна гэхээр нь би ******* явлаа гээд 2018 оны 03 дугаар сард *******д ээж дээрээ 2 хүүхэдтэйгээ хамт ирсэн. ... Би хоёр хүүхдээ өөрөө өсгөмөөр байна гэв.

Хариуцагч Б.Б- шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Бид хоёр Солонгост танилцаад хүүтэй болоод хүүгээ Монгол руу явуулаад дараа нь охинтой болсон. Тэгээд би Монголд ирсэн. Эхнэр маань байн байн ******* руу, хот руу явдаг байсан. Би гэрээ зарна гэж хэлээгүй. 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ээж дээр очиж тусална гэж яваад би хүүтэйгээ хоёулаа үлдсэн. Явсных нь дараа гэрээ зарсан. Тэгээд манай ээжийн дүү Эрдэнэтэд ирж амьдар гээд ирсэн. Одоо намайг залгахаар харьцахгүй, блок хийдэг. Өөрийнх нь бодлоор надаас тэтгэлэг аваад байж байх бодолтой байсан юм байна. Замын-Үүдэд байдаг эгч нь надаас 3.000.000 төгрөг аваад хүүхдийн данс руу хийнэ гэсэн хийгээгүй. Намар 2019 оны 12 дугаар сар гаргаад *******д очиход Даагий гэдэг залуутай нэг гэрт цуг амьдарч байсан. ... Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байгаа. Хүүхдийн тэтгэлэгийг бага хэмжээгээр төлнө. Харин хүүгээ өөрийн асрамжинд авах саналтай байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц- нь Б.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Ц-, хариуцагч Б.Б- нар нь 2012 онд танилцаж, 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2014 оны 12 сарын 07-ны өдөр хүү Б.А-, 2016 оны 10 сарын 11-ний өдөр охин Б.Гэгээнзаяа нар төрсөн болох нь гэрлэгчдийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, тэдний тайлбараар нотлогдож байна.

Тус шүүх Ц.Ц-, Б.Б- нарын гэрлэлт цуцлах маргаантай хэрэгт эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хуулийн дагуу явуулсан боловч гэрлэгчид эвлэрээгүй, гэрлэгчид гэр бүлээ үргэлжлүүлэх санал санаачлага гаргаагүй, тусдаа амьдарч байгаа, гэрлэгчид хоёулаа гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа нь тэднийг эвлэрэх боломжгүйг харуулж байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Хариуцагч Б.Б- нь хүү Б.А-, охин Б.Гэгээнзаяа нарыг эх Ц.Ц-ын асрамжинд үлдээнэ гэж хүлээн зөвшөөрсөн, хүүхдүүд төрсөн цагаас эхлэн эхийнхээ асрамжид байгаа байдлыг харгалзан хүүхдүүдийг эх Ц.Ц-ын асрамжинд үлдээж, эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Б.Б-аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчийн хооронд эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, 2 хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 68426 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар тус тус шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан О овогт Б-н Б, Т овогт Ц-ын Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 12 сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.А-, 2016 оны 10 сарын 11-ний өдөр төрсөн охин Б.Г нарыг эх Ц.Ц-ын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 12 сарын 07-ны өдөр төрсөн хүү О овогт Б-ы А, 2016 оны 10 сарын 11-ний өдөр төрсөн охин О овогт Б-ы Г нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг О овогт Б-н Б-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, 68426 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Цогзолмаад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ