| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Алтанхуяг |
| Хэргийн индекс | 2012/ШЦТ/101 |
| Дугаар | 101 |
| Огноо | 2012-05-17 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгсбаяр,
улсын яллагч Г.Яндаг,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
шүүгдэгч Н.Т , Л.О , Б.А , А.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Х овогт Н.Т , И овогт Л.О , Б овогт Б.А , О овогт А.О нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000211 дугаартай хэргийг 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн Х овогт Н.Т , /РД:М..../ 19.. оны .. дугаар сарын ..-нд Ховд аймгийн Алтай суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ... сумын .. дугаар баг .. хөтөл гэх газар оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Монгол улсын иргэн И овогт Л.О ,/РД:МУ.../ 19.. оны .. дүгээр сарын ..-нд Сэлэнгэ аймгийн аймгийн Жавхлант суманд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн ажилтан мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын .. дугаар баг ..хөтөл гэх газар оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Монгол улсын иргэн Б овогт Б.А ,/РД: МУ.../ 19.. оны .. дугаар сарын ..-нд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Жавхалант сумын .. дугаар баг, .. .. гэх газар оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Монгол улсын иргэн О овогт А.О , /РД: .../ 19..оны .. дүгээр сарын ..-нд аймгийн аймагт төрсөн, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, нөхрийн эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын .. дугаар баг, . гэх газар оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгч Н.Т , Л.О , Б.А , А.О нар нь бүлэглэн Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1-р баг, Хужирт тохой гэх газраас 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр "Дэм дэмэндээ" бүлгэмийн хадлангийн талбай хамгаалан барьсан 6 га газрын 140 орчим шонгийн 5 эгнээ 8 боодол нийт 2000 метр хайсны өргөстэй торыг машин механизм ашиглан хулгайлж 518.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр би үхрээ тэжээгээд байж байтал А над руу яриад төмөр торонд хамт явъя гэсэн юм. Тэгээд тэр орой О , А хоёр ирээд бид гурав миний машинтай явсан. Замаараа эхнэрээ авсан. Тэгээд бид хэд очиж тэр торнуудаас авсан юм гэв. Авсан тороо А гийнд аваачиж буулгаад дараа авъя гээд явсан юм" гэв.
Шүүгдэгч.Л.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "Намайг сумын төвд байж байхад нөхөр Т ирээд А гийн торонд явж байна хамт явъя гэсэн юм. Тэгэхээр би хэрэггүй юм биш үү гэтэл зүгээрээ дөрвүүлээ хамт явбал хурдан торыг нь авна гэсэн юм. Тэгээд би зөвшөөрөөд хамт явсан юм. А , Т хоёр хашаанаас бахиар хөвөөд О бид хоёр төмөр торыг эвхэлцсэн юм. Тэгээд авсан тороо А гийнд аваачиж буулгасан юм" гэв.
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн алдад би найз Т рүү залгаад Шарын голын Хужиртын тохойд тортой хашаа байна хамт яваад ачаад өгөөч машинд чинь түлш хийж өгнө гэсэн юм. Тэгээд Т зөвшөөрсөн юм. Тэгээд би эхнэрээ дагуулаад Т ийнд очсон. Тэгээд тэднийхээс гараад замдаа эхнэрийг нь аваад Хужиртын тохой гэдэг газар очиж торон хашааны торыг авсан. Тэгээд манай гэрийн гадаа ирээд бүх тороо буулгасан. Тэгээд би торноосоо аваад яваач гэтэл Т дараа ирж авъя гээд яваад өгсөн. Тэгээд 2 хоногийн дараа цагдаа ирж Т ийн машинд ачаад аваад яваад өгсөн юм" гэв.
Шүүгдэгч А.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "Мэдүүлэг өгөхгүй" гэв.
Шүүгдэгч Н.Т , Л.О , Б.А , А.О нар нь бүлэглэн Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1-р баг, Хужирт тохой гэх газраас 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр "Дэм дэмэндээ" бүлгэмийн хадлангийн талбай хамгаалан барьсан 6 га газрын 140 орчим шонгийн 5 эгнээ 8 боодол нийт 2000 метр хайсны өргөстэй торыг машин механизм ашиглан хулгайлж 518000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд болох:
Гэрэл зургууд, / хэргийн 11-12 дугаар хуудас/
Эд зүйлс хураан авсан тухай, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, /хэргийн 16-17 дугаар хуудас/
хохирогч Ц.О ын "... Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян Өлзийт 1-р баг Хужирт тохой гэх газар байрладаг хадлангийн талбай хамгаалан барьсан 6 га газрын торон хашаа байх ба 2012 оны 03 дугаар сарын 21-ний шөнө энэ хашааныхаа торноос 170 орчим шонгийн 5 эгнээ 8 боодол 2000 метр хайсны өргөстэй торыг хулгайд алдаж сумын хэсгийн төлөөлөгч Ган-Эрдэнэд бүртгүүлсэн. Манай хашааны шонгуудын хооронд нь 2 метр болон 2 метр гаран хэмжээтэй, шонгоо зоож тор татсан учраас нийт тор алдсан шонгууд нь тоолж үзэхэд 170 шонгийн нийт 2000 метр тор хулгайд алдагдсан. ... Бүгд хохирол 627000 төгрөгний хохирол надад учирсан. Энэ хохирлыг гэм буруутай этгээдүүдээр бүрэн төлүүлсөн буюу торыг нь бүгдийг нь бүрэн буцааж татуулж хуучин байсан хэвэнд нь оруулсан, хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэж байгаа тул миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй" гэсэн мэдүүлэг, /хэргийн 36 дугаар хуудас/
гэрч Л.Б.ийн "2012 оны 03 сарын 21-ний өдөр 12 цагийн алдад манай бэр О , Т рүү утсаар яриад нөхөр болох манай хүү А г эртхэн үхрээ хураа торонд явъя гээд байсан. Тэгээд би хаашаа юунд явах гэж байгаа юм бэ гэтэл доошоо Т ийнхрүү яваад ирье гээд А г дагуулаад явсан. Тэгээд цагийг нь сайн санахгүй байна. Шөнө болсон байхад Т ийн машинтай хамт ирээд өвөлжөөний ард юм буулгаад байсан ба тор буулгасан байсныг нь өглөө нь босоод би мэдсэн. Тэгээд тор харчихаад би А гаас юун тор буулгачихваа гэтэл А хүнээс авсан юм гэж хэлсэн. Гэтэл 2 хоногийн дараа Орхон сумын цагдаа ирээд хулгайн тор байна. Ачиж явна гээд ачаад явсан" гэсэн мэдүүлэг /хэргийн 37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Н.Т , Л.О , Б.А , А.О нарыг бүлэглэн, автомашин ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх сэтгэц гэм судлалын магадалгаагаар шүүгдэгч А.О "оюун ухааны хүндэвтэр мангуу тэнэг өвчинтэй байна" гэж тогтоосон боловч А.О нь хэрэг явдлын талаар үнэн зөв мэдүүлэх чадвартай болно гэсэн дүгнэлт, /хэргийн 92 дугаар хуудас/ шинжээч Б.Хишигээгийн "А.О гийн хувьд хэрэг хариуцах чадвартай өмнө зөв мэдүүлэг өгөх чадвартай этгээд юм" гэж мэдүүлжээ.
Дээрх баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.О д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Т , Л.О , Б.А , А.О нарын бусдын эд хөрөнгө болох өргөст торыг хулгайлахдаа ашигласан .... ДАР улсын дугаартай Хюндай Лебера ачааны машины тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ нь Мягмарын Нэргүй гэх хүний нэр дээр бүртгэлтэй бөгөөд уг машиныг Н.Т нь зээлээр худалдаж аваад төлбөрийг бүрэн төлөөгүй болох нь тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ, мөнгө төлөх баталгаа, /хэргийн 106, 107 дугаар хуудас/ М.Нэргүйгийн шүүхэд ирүүлсэн хүсэлт зэргээр тогтоогджээ.
Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох .... ДАР улсын дугаартай Хюндай Лебера автомашин М.Нэргүй гэх хүний өмчлөлд байдаг нь тогтоогдсон тул уг автомашиныг битүүмжилсэн 19/149 дугаартай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т , Л.О , Б.А , А.О нар нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Лавлагааны санд бүртгэгдээгүй байх тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг байдлуудыг ял шийтгэхдээ харгалзан үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298,134 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Н.Т , И овогт Л.О , Б овогт Б.А , О овогт А.О нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Х овогт Н.Т ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих,
И овогт Л.О ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих,
Б овогт Б.А г эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих,
О овогт А.О г эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Н.Т , Б.А нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Л.О , А.О нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч Н.Т , Б.А , Л.О , А.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Н.Т , Б.А , Л.О , А.О нарт тус тус оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг тэнсэж, тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Н.Т , Б.А , Л.О , А.О нарт хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн Газарт хариуцуулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар Н.Т , Б.А , Л.О , А.О нар нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэх буюу захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг түүнд сануулсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар мөрдөн байцаалтын шатанд эд хөрөнгө битүүмжилсэн 19/149 тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэ хуулийн 88 дугаар зүйлийн 81.1.1-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 ширхэг бахийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т , Б.А , Л.О , А.О нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Т , Б.А , Л.О , А.О нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ