| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2020/00390/и |
| Дугаар | 142/шш2020/00765 |
| Огноо | 2020-06-10 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 142/шш2020/00765
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.М-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Бт холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М-, хариуцагч Р.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.М- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.М- нь хариуцагч Р.Б-тай 2007 оноос 2010 хүртэл амьдарсан бөгөөд бидний дундаас охин М.А- 2009 оны 01 сарын 26-нд мэндэлсэн. Эцэг Б- нь иргэний үнэмлэхээ гээсэн нэрийдлээр охиноо овоглож аваагүй. Амьдарч буй хугацаандаа Б- нь архи байнга ууна, мөн элдвээр харааж хэл амаар доромжилдог байсан. Энэ үйлдэл нь удаа дараа давтагддаг, уг хүн нь цагдаагийн байгууллагад ажилладаг байсан ширүүн догшин ааш авиртай мөн гар хүрч байсан. Мөн хадам талаас намайг байнга дарамталж хэрүүл хийж мөнгөгүй, гуйлагчин, сал, зодно, ална шүү гэх мэтээр хүчирхийлдэг байсан. Би амьдрах аргагүйн улмаас сална гэж олон удаа хэлж байсан. Би нас тогтсон хүний хувьд нөхрөө охиноо гарахад ааш араншин нь засрах байх гэж найддаг байсан, гэвч огт өөрчлөлт гараагүй. Одоо би настай ээж охины хамт эгчийнхээ байранд амьдарч байна. 2010 оноос хойш Б- нь охин А-тай 2018 он хүртэл жилд 1-2 удаа уулздаг байсан. Түүнээс хойш өдийг хүртэл сураг чимээгүй болсон. Эх хүний хувьд охиноо хүний дайтай явуулахын төлөө явж байгаа хэдий ч мөн хүний байранд амьдардаг боломж бололцоо хомс байдаг. Тиймээс эцэг Р.Б-аас эх, эцэг адил тэгш үүрэг хүлээх хуулийн дагуу тэтгэмж тогтоолгож өгнө үү гэв.
Хариуцагч Р.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.М-ын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Өргөдөлд хүүхдийн тэтгэвэр тогтоолгох талаар хүсэлт гаргажээ. Миний бие Д.М-тай 2007-2010 он хүртэл хамтран амьдарч байсан нь үнэн. Бидний дундаас 2009 онд охин төрсөн юм. Би охин А-д тэтгэвэр тэтгэмж өгөхөд татгалзах зүйлгүй. Хамтран амьдарч байх хугацаандаа М-тай гэрлэлтээ батлуулах талаар хөөцөлдсөн боловч М- нь өмнө нь амьдарч байсан хүнээсээ гэрлэлтээ цуцлуулаагүй байсан тул бидний гэр бүлийг баталж өгөөгүй болно. Иймд охиныг өөрийн нэрээр овоглож чадаагүй билээ. Өнгөрсөн хугацаанд охины өмсөх хувцас, хичээлийн хэрэгсэл зэргийг жил бүр авч өгч, шаардлагатай үед мөнгө хэрэгцээтэй эд зүйлийг нь дутаахгүй авч өгч байсныг банкаар шилжүүлж байсан мөнгөний баримтууд болон өмсөж эдэлж байгаа он оны хувцас хэрэгсэл батлаж өгнө. Би охиндоо хэзээ ч тэтгэвэр тогтоолгохоос татгалзахгүй. Миний бодож байгаагаар заавал шүүхээр ажил болж шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.М- нь хариуцагч Р.Б-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.
Нэхэмжлэгч Д.М-, хариуцагч Р.Б- нар нь 2007 онд танилцаж, хамтран амьдарч тэдний дундаас 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр охин М.А- төрж, хүүхэд төрсөн цагаасаа эхлэн эх Д.М-ын асрамжид байгаа, Р.Б-, Д.М- нар нь таарч тохирохгүй болсны улмаас тусдаа амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Д.М-, хариуцагч Р.Б- нар нь хамтран амьдарч, тэдний дундаас охин М.А- төрсөн хэдий ч охины эцэг биш гэж Р.Б- хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээр охины биологийн эцэг мөн эсэхийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2610 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Р.Б- нь М.А-ын биологийн эцэг байх магадлал нь 99.99% байна гэж дүгнэсэн байх тул Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно гэж заасны дагуу 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин М.А-ын эцэг Р.Б- мөн болохыг тогтоож, хариуцагч Р.Б-аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, охин М.А-ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг харгалзан төлөхөөр тогтоосон ба 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин М.А-д Орхон аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 206000 төгрөгийг сар бүр хариуцагч Р.Б- төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар М.А-д сар бүр төлөх тэтгэлэг 206000 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, нийт 2472000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 54502 төгрөгийг гаргуулж төрийн санд, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Р.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин А овогт М-ын А-ын эцэг Ж овогт Р-н Б- мөн болохыг тогтоосугай.
. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин А овогт М-ын А-ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг Ж овогт Р-ийн Б-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Р.Б-аас 54502 төгрөгийг гаргуулж төрийн санд, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Р.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ