Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2020/02106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Н.Сарангүн, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.А-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: СХЗГхолбогдох

Нэр төр сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийлгэхийг даалгах, гэм хорын хохиролд 6,831,150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэрэндэжид, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхүү, иргэдийн төлөөлөгч Ц.Баттулга, О.Бяраабазар, У.Хүрэлтулга, нарийн бичгийн дарга Б.Янжилхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие СХЗГажиллаж байгаад хууль бусаар халагдсан ба энэ талаар Төрийн албаны зөвлөл, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх хугацаанд тус байгууллагын ******* сайтад 2018 оны 06 дугаар сарын 12, 18-ны өдрүүдэд Цагдаагийн байгууллагаас Б.А-д сахилгын шийтгэл оногдуулжээ гэж, мөн Б.А-нь СХЗГ-ын ХХШБ-ын газрын даргаар ажиллаж байгаад ёс зүйн зөрчил гаргаж ажлаасаа халагдсан гэсэн нийтлэл тавьж, миний нэр төр, алдар хүндийг гутаасан.

Би, хариуцагч СХЗГ-ын нэр бүхий ажилтныг гүтгэн доромжилсон үйлдэл гаргаагүй, харин тус байгууллагын хэд хэдэн ажилтан, албан хаагчдын гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар Авилгатай тэмцэх газарт гомдол гаргасан ба тухайн асуудал шийдэгдэж дуусаагүй байсан.

Гэтэл хариуцагч тал намайг гүтгэсэн гэдэг үндэслэлээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргаж, Зөрчлийн тухай хуульд зааснаар торгуулах арга хэмжээг авахуулсан хэдий ч тухайн шийтгэвэр хүчингүй болсон юм.Өөрөөр хэлбэл, миний бие тус дүүргийн Цагдаагийн газрын байцаагч, цагдаагийн дэслэгч Д.х-ын оногдуулсан шийтгэлийг үл зөвшөөрч, харъяа дүүргийн шүүхэд гомдол гаргасны дагуу 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар тус шийтгэлийг хүчингүй болгосон юм.

Гэтэл хариуцагч тал оногдуулсан шийтгэврийг шүүхээс хүчингүй болгосон байхад дараагийн өдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 12, 18-ны өдөр бүрэн бус буюу шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон шийтгэврийн талаар илтэд үндэслэлгүй худал зүйлийг олон нийтэд түгээсэнд гомдолтой байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д зааснаар Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр шүүхийн өмнө эрх тэгш байна гэж, мөн 16 дугаар зүйлийн 16.12.-т төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй гэж зааснаас гадна хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй ба гэм буруутай нь шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэсэн байдаг.Гэвч хариуцагч СХЗГ-ын зүгээс бүрэн шийдвэрлэгдээгүй, шүүхээс хүчингүй болсон шийдвэрийн талаар үндэслэлгүй мэдээллийг ******* сайтад нийтэлсэн.

Уг мэдээллийн улмаас миний сэтгэл санаа хүчтэй цочирдон унтаж чадахгүй, мэдрэлийн эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэсэн ба нойргүйдэлтэй болсон, сэтгэцийн гэмтлийн дараах байдал гэх онош тогтоогдсоны улмаас одоо хэвтэн эмчлүүлэх шаардлага гарсан. Үүний улмаас сэтгэл санаанд 5,000,000.00 төгрөгийн хохирол , өмгөөлөгчид 1,700,000.00 төгрөг, нотариатын зардал 4,200 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 126,950.00 төгрөгийг тус тус төлж, нийт 6,831,150.00 төгрөгөөр хохирсон.

Би, анхнаасаа хариуцагч СХЗГхолбогдуулан нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өөрчилж, нэр төр сэргээх, тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах болон сэтгэл санаа, эд хөрөнгөд учирсан хохиролд нийт 6,851,150.00 төгрөгийг нэхэмжилсэн болно.

Намайг хариуцагч СХЗГ-ын нэр хүндэд халдсан эсэх асуудлыг өнөөдрийг хүртэл бүрэн тогтоогоогүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. Эрүүгийн хэргийн хурал дээр хариуцагчийн төлөөлөгч Б.Ууганбаяр өөрөө оролцох хүсэлт гаргаж байсан боловч түүнийг хохирогч биш учраас оруулах шаардлагагүй гэсэн.

Иймд, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 510 дугаар зүйлийн 510.1. 511 дүгээр зүйлийн 511.1.-д тус тус зааснаар миний нэр төрийг сэргээж, хариуцагчид мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгаж, тус байгууллагаас 6,831,150.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр нэхэмжлэгч Б.А-д 2,000,000.00 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулснаас гадна хариуцагчийн зүгээс түүнийг хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэсэн /ёс зүйн зөрчил гаргасан/ утгатай мэдээллийг нийтэлсэн байна.Гэтэл уг мэдээлэлд нэхэмжлэгчийг ямар утгаар гутаан доромжилсон бэ гэдгийг анхаарах шаардлагатай. Хэрэв санаатайгаар түүний нэр төр, алдар хүндийг гутаасан бол иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш. Нэхэмжлэгч тал удаа дараа хариуцагч СХЗГ-ын нэр бүхий ажилчдын нэр төрд халдсан мэдээлэл түгээсэн. Иймд, төрийн албан хаагчийн нэр төрд халдсан гэж төрийн байгууллага хариу тайлбар нийтлүүлж, нийгэмд анхааруулсан болохоос хүний нэр төрийг гутаасан агуулгатай мэдээлэл огт нийтлээгүй.

Цагдаагийн газраас нэхэмжлэгчид шийтгэл ногдуулсан үйл баримт бол бодитоор бий болсон, харин тэрээр шийтгэл ногдуулсныг үндэслэлгүй гэж үзээд тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Гэвч хариуцагч тал шүүх хуралдаанд оролцоогүй учраас 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр шүүхээс ямар шийдвэр гарсан талаар мэдэх боломжгүй байсан.Нэхэмжлэгч Б.А-нь ёс зүйн зөрчлийн улмаас төрийн албанаас халагдсан, түүний гомдлыг Төрийн албаны зөвлөл хүлээж аваагүй тухай маргахгүй гэж байна. Бид, санаатайгаар бусдыг гутаан доромжилсон мэдээ, нийтлэл гаргаагүй, уг мэдээлэл тийм үг, үсэг агуулаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримт болох Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2018 оны 05 дугаар сарын албан бичиг, мөн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн прокурорын газрын 5/4264 тоот бичгээр эрх бүхий албан тушаалтны торгосон шийтгэврийг хэвээр үлдээсэн гэсэн байдаг.

Энэ мэдээлэл бодит үйл баримтад тулгуурласан тул Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3.-т тус тус зааснаар нэхэмжлэл гаргах үндэслэлгүйгээс гадна огт мэдээлэх ёсгүй гэх тайлбарын үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн өөр иргэний хэрэгт хуульд зааснаар төлсөн тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэх эрх байхгүй, сэтгэл санаанд учирсан гэх 6,831,150 төгрөгийг ямар баримт, тооцооллыг үндэслэн нэхэмжилж буй нь тодорхойгүй байна. Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А-нь хариуцагч СХЗГхолбогдуулан нэр төр сэргээлгэх, алдар хүндийг гутаасан мэдээ тараасан тул уучлал гуйлгах, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах, сэтгэл санаа эд хөрөнгөнд учирсан хохирол 5,000,000 төгрөг гаргуулахыг шаардаж, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэр төрөө сэргээлгэх, тараасан хэлбэрээр няцаалт хийх гэж өөрчилж бусад шаардлагаа дэмжиж, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 1,831,150 төгрөгөөр шаардлагаа нэмэгдүүлж нийт 6,831,150 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч манай байгууллага мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас ирсэн албан тоотыг үндэслэн өөрийн байгууллагын веб сайтад мэдээлэл тавьсан. Б.А-гийн нэр төрд халдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараас дараах нөхцөл байдал тогтоогдов.

1. Нэр төр сэргээх, мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийхийг даалгах шаардлагын тухайд:

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёр дугаар хэлтсээс 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 30О/3693 “СХЗГ-ын дарга Г.Гантөмөр танаа” гэсэн албан тоотыг хариуцагч СХЗГхүргүүлжээ./хх-ийн 24 дүгээр тал/

Хариуцагч СХЗГ дээрх албан тоотыг үндэслэл болгож, өөрийн байгууллагын *******  цахим сайтад 2018 оны 6 дугаар сарын12, 18-ны өдрүүдэд “Цагдаагийн байгууллагаас Б.А-д  шийтгэл оногдуулжээ” гэсэн гарчигтай мэдээллийг нийтэлжээ.

 Уг мэдээлэлд “СХЗГ-ын үйл ажиллагаа, нэр бүхий албан хаагчдыг баримт нотолгоогүйгээр илтэд гүжирдэж хүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон Б.А-болон Dorgio.mn сайтад Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Б.А-д 2,000,000 төгрөг, Dorgio.mn буюу Эм Жил Эл Медиа ХХК-ийг 20,000,000  төгрөгөөр Зөрчлийн тухай хуулийн 6.21.1-дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл ногдуулсан байна.Б.А-нь СХЗГ-ын Хэмжих  хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газрын даргаар ажиллаж байгаад ёс зүйн зөрчил гаргаж ажлаасаа халагдсан аж”  гэсэн агуулгатай байсан байна. 

Хариуцагчийн төлөөлөгч  шүүхийн хэлэлцүүлэгт “тухайн үеийн СХЗГ-ын даргын үүрэг болгосон шийдвэрийн дагуу 2018 оны 6 дугаар сарын 12, 6 дугаар сарын 18-ны өдрүүдэд өөрийн байгууллагын сайтад байршуулсан”-ыг хүлээн зөвшөөрч, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс ирүүлсэн албан тоотыг үндэслэн мэдээллийн тэнцвэртэй байдлын хангах үүднээс нийтэлсэн, харин Б.А-гийн нэр хүндэд халдаагүй гэж маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШЗ2018/19105 захирамжийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар шүүхээс *******  цахим сайтад үзлэг хийж баталгаажуулсанг дурдах нь зүйтэй. /хх-ийн 31-32 ,107-110 дугаар талууд/

Нэхэмжлэгч Б.А-цагдаагийн эрх бүхий албан хаагчийн оногдуулсан шийтгэврийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасныг шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 928 дугаар шийтгэврээр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.х-ын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгон шийдвэрлэжээ./хх-ийн 9-11 дүгээр тал/

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 928 дугаар шийтгэврийг эс зөвшөөрч СХЗГ-ын даргын гаргасан гомдлыг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авч 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 157 дугаар Магадлалаар *******д холбогдох зөрчлийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасныг шүүх хүлээн авч хянан хэлэлцээд тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 53 дугаар захирамжаар хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр цагдаагийн байгууллагад даалгаж, зөрчлийн материалыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст буцаан хүргүүлжээ ./хх-ийн 33-39, 87-88 дугаар тал/

Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн байцаагчийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар Б.А-д холбогдох ******* дугаартай зөрчлийн хэргийг Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан үндэслэлээр эцэслэн шийдвэрлэгдэж дууссан байна.

Монгол улсын Үндсэн хуульд зааснаар бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх,  гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно,  хүний нэр төрийг доромжилж болохгүй, хүний нэр төр, алдар хүнд, эрх хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх нь халдашгүй байх эрхтэй,  хэн боловч хүндэтгэн ёсчлон биелүүлнэ.

Нэхэмжлэгч Б.А-шийтгэврийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаж, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 928 дугаар шийтгэврээр 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар шийтгэлийг  хүчингүй болгон шийдвэрлэсний маргааш өдөр буюу 6 дугаар сарын 12, 18-ны өдрүүдэд давтамжтайгаар хариуцагч өөрийн байгууллагын цахим сайтад мэдээллийг нийтэлсэн нь зохигчдын тайлбар хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Дээрхээс үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу  нэр төр сэргээлгэх, өөрт учирсан эдийн бус гэм хорын хохирлыг шаардах эрхтэй.

Б.А-гийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж дуусаагүй байхад хариуцагч өөрийн цахим санд байршуулсан мэдээллийг “Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс ирүүлсэн албан тоотыг үндэслэн мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс нийтэлсэн” гэх хариуцагч төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар няцаагдаж байна. 

Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.х-ын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар шийтгэл хүчин төгөлдөр болоогүй, эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хариуцагч өөрийн байгууллагын цахим сайтад “Цагдаагийн байгууллагаас Б.А-д шийтгэл оногдуулжээ” гэх нийтлэлийг тавьсан нь хариуцагчийн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт “Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс ирүүлсэн албан тоотыг үндэслэн мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс нийтэлсэн” гэх тайлбар няцаагдсан гэж үзэв.

СХЗГ нь “Цагдаагийн байгууллагаас Б.А-д шийтгэл оногдуулжээ.” гэх гарчигтай нийтлэлийг байршуулсан нь хуулийн дагуу хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэсэн хуулийн агуулгаар зөвшөөрөгдөх үйлдэл тул нэхэмжлэгчийн нэр төрийг гутаасан олон нийтэд үнэлэгдэх үнэлэмж буурсан гэж үзэхээр байна.

Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ таарсан, уг мэдээ бодит байдалд нийцэж байгааг тараасан этгээд нотолж чадахгүй тохиолдолд эдийн бус гэм хорын хариуцлага хүлээх үндэслэл болно.

Хариуцагч СХЗГ өөрийн ******* цахим сайтад “Цагдаагийн байгууллагаас Б.А-д шийтгэл оногдуулжээ.” гэх гарчигтай мэдээллийг нийтлэхдээ бодит байдлыг гуйвуулж, үнэн зөв, бүрэн гүйцэд мэдээлээгүй, эх сурвалжийг шалгаагүй зөрчлийн  хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад уг мэдээллийг нийтэлсэн нь нотлогдож байна.

Үүний дагуу нэхэмжлэгч Б.А-нь өөрийн нэр төрийг сэргээж, хариуцагч СХЗГуг мэдээ тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцаалт хийх, залруулга гаргуулахаар шаардсан нэхэмжлэл нь үндэслэл бүхий байх бөгөөд хариуцагч нь дээрх нийтлэлээр нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцаах, залруулга хийх үүрэгтэй.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ”,

497 дугаар зүйлийн 497.1.-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж зааснаар нэхэмжлэгч Б.А-гийн нэр төрийг сэргээж, мэдээг тараасан хэлбэр болох ******* цахим сайтад няцаахыг хариуцагч Стандарт хэмжил зүй газарт даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

2. Эдийн бус гэм хорын хохиролд 6,831,150 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.А-сэтгэл санаанд учирсан хохирол 5,000,000 төгрөг, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад талсан хөлс 1,700,000 төгрөг, нотариатын зардалд 4200 төгрөг, ******* ХМХ-д холбогдох иргэний хэрэгт төлсөн улсын тэмдэгтийн хураамж 126,950 төгрөг нийт 6,831,150 төгрөгийг хариуцагч СХЗГ-аас гаргуулахыг шаардсан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй тул зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөгийг гаргуулахыг шаардсан үндэслэлээ заахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэхэмжилж байна” гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар ”эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй бөгөөд мөн зүйлийн 230.2-т зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг буюу сэтгэл санааны хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.

Хавтас хэрэгт Б.А-2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Эпимон эмнэлгийн мэдрэлийн эмчид үзүүлж, үзлэгийн төлбөрт 20,000 төгрөг, ******* эмийн сангаас 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 33,900 төгрөгийг эм худалдаж авсан болох нь баримт авагджээ./хх-ийн 111, 119-120 дугаар тал/

Хариуцагч СХЗГ нэхэмжлэгч Б.А-д холбогдох мэдээллийг өөрийн цахим сайтад байршуулахдаа Үндсэн хуульд заасан шүүхэд гомдол гаргах эрхийг зөрчиж, гэм буруутай болох нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад уг мэдээллийг тарааснаас улбаалан нэхэмжлэгчийн сэтгэл санаа, бие мах бодийн зовлон шаналал үүсэж эмнэлгийн тусламж авсан нь нэхэмжлэгчид эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учирсан байна гэж дүгнэв.  

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гэм хорын хохирол шаардсан шаардлага нь хариуцагчийн үйлдэл/ эс үйлдэхүй/ нь хууль бус санаатай эсхүл болгоомжгүй хэлбэрээр илэрч болох шалтгаант холбоотой байх учиртай.

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.х-ын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан мэдээллийн бодит байдлыг хариуцагч ******* нягтлан шалгаагүйгээс нэхэмжлэгчийн сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгөнд  хохирол учирсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул гэж Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийтгэвэр ногдуулсан 2,000,000 төгрөгийн тавин хувь болох 1,000,000 төгрөгийг  эдийн бус хохирол бодитоор тогтоогдсон гэж үзэж хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нотариатын зардал 4200 төгрөгийг гаргуулахыг шаардсан шаардлага нь хуульд нийцэж, баримтаар нотлогдож  байх тул хариуцагчаас нотариатын зардалд 4200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Б.А-*******д холбогдуулж нэр төр сэргээж, мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийх, уучлалт гуйхыг даалгах гэм хорын хохирол 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 197,150 төгрөгийг  төлжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/******* тоот шийдвэрийн 2 дахь заалтад Б.А-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж *******оос 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн зөрүү 126.950 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв. /хх-ийн 83-85 дугаар тал/

Нэхэмжлэгч өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 1,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг шаардсан шаардлага нь Монгол улсын Үндсэн хуульд зааснаар өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа, шүүх ажиллагаанд биеэр оролцох эрхтэй.

Нэхэмжлэгч Үндсэн хуульд заасан өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эрхтэй хэдий ч нэхэмжлэгч, өмгөөлөгчийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсэж нэхэмжлэгч гэрээний үүрэгт өмгөөлөгчид хөлс төлөх үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй хэдий ч хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэн, эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлсэн хөлсөнд төлсөн 1,700,000 төгрөгийг тус тус хариуцагчаар төлүүлэх боломжгүй байна.

Дээрх нөхцөл байдал, хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэн, нэхэмжлэгч Б.А-гийн нэр төрийг сэргээж, хариуцагч СХЗГтүүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаасан мэдээг тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг  даалгаж, нэхэмжлэлээс гэм хорын хохиролд 1,135,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 31,697 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2.,116., 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 21.3., 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1.-т тус тус заасныг баримтлан Б.А-гийн нэр төрийг сэргээж, мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч *******т даалгаж, сэтгэл санаа эд хөрөнгөнд учирсан хохиролд 1,131,150 төгрөгийг СХЗГ-аас гаргуулж, нэхэмжлэгч Б.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2., Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 31,697 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ГАНЧИМЭГ

                         ШҮҮГЧИД                                   Н.САРАНГҮН

                                                                            Т.ЭНХЖАРГАЛ