Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2020/02474

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Э-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Б Г Э” ХХК-д холбогдох

Түрээсийн төлбөрт 8,045,160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Баясгалан, хариуцагчийн төлөөлөгч Т.Мөнхболд, нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “Б Г Э” ХХК--ийн захирал Б.*******тай уулзаж өөрийн эзэмшлийн ******* маркийн 0007 УБС улсын дугаартай өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг ******* аймгийн асфальт хучилтын газар шорооны ажилд түрээслэхээр харилцан тохиролцож 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээг байгуулсан. Миний бие гэрээний үүргээ биелүүлэн 2 сарын хугацаанд ажиллаж 6,363,440 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Үүнээс 1,0000,000 төгрөг авсан болно. Ингээд үлдэгдэл төлбөр болох 5,363,440 төгрөгийг төлөх талаар удаа дараа захирал Б.*******аас шаардахад удахгүй төлнө гэж хэлээр өнөөдрийг хүрсэн. Иймд

Тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээний үүрэгт “Б Г Э” ХХК--иас түрээсийн төлбөр 5,363,440 төгрөг алданги 2,681,720 төгрөг нийт 8,045,160 төгрөгийг гаргуулж өгөн үү гэж нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хариу тайлбарыг үзээд Д.Э-ын банкны хуулгыг гаргуулж шалгаж үзэхэд 3,500,000 төгрөгийг төлсөн байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж түрээсийн төлбөрт 1,863,440 төгрөг, алданги 2,681,720 төгрөг, нийт 4,545,720 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани *******ын *******–*******–******* чиглэлийн 60 м.кв хатуу хучилттай авто замын үлдэгдэл ажил гэрээ 2018 оны 5 дугаар 09-ний өдөр Д.Э-тай тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээ хийсэн нь үнэн болно. Гэвч тус ажлыг гүйцэтгэх хугацаанд түрээслүүлэгч тал төлийн ажлыг бүрэн гүйцэтгээгүй төслийн ажлын дундаас орхиж явснаас үүдэн шууд хамааралтайгаар манай төсөл тухайн техникүүдийг байхгүйгээс /Д.Э- болон түүнтэй хамт ажиллаж байсан түрээсийн авто самсовалууд бүгд төслийн талбайг орхиж цуг явсан/шалтгаалан тээврийн ажил 2 сар зогсож улмаар бусад түрээснүүдэд бид 335,000,000 төгрөгийн өр үүсэн алдагдал хүлээж төслийн үлдэгдэл санхүүжилтээ авч чадахгүйд хүрсэн. Гэвч бид энэ алдагдлуудыг үл харгалзан аливаа маргаан үүсгэлгүй тус түрээсийн техникт төлбөр төлсөн болно. Манай компанийн хэдий тус төслийн санхүүжилтээ авч чадаагүй ч Д.Э-т төслийн гэрээт ажлын төлбөрт нийт 6,363,440 төгрөгийг түрээсийн тооцоо хийхээр тохирсноос нийт 1,000,000 төгрөг, 2,500,000 төгрөг, 1,000,000 төгрөг нийт 4,500,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 1,863,440 төгрөгийг санхүүгийн боломжтой үедээ төлөхөөр тохиролцож байсан. Д.Э- төслийн нийт хугацаанд 17 хоног ажлын аливаа ачаалалгүй ажилласан. Гэвч төслийн үндсэн гол ажил эхлүүлээд л элдэв шалтгаан тоочин төслийн талбайг орхин явсан. Сарын 5,500,000 төгрөгийн түрээстэй Д.Э-ын техник 17 хоног ажилласан, нийт 35 хоног сул зогссоны төлөө бид 6,363,440 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Гэвч бидэнд үүсгэсэн алдагдлыг үндэслэж Д.Э-т түрээс төлөхөөргүй байх байсныг эс тооцож ажилласан хоногийг бодитоор тооцвол 17 хоногийн 3,116,666 төгрөгийг үнэ төлөхөөр байна. Бид түрээсийн техникүүдийг төслийн ажил дуусах хүртэлх сул зогсолтод тодорхой хэмжээгээр гэрээнд заасан хувь хэмжээгээр төлбөр төлөх нөхцөлтэй гэрээ хийсэн болохоос биш төслийн ажлыг дуусгалгүй орхиж явсан төслийг хүндрүүлэх шалтгаан болсны төлөө сул зогсолтод аливаа түрээс алданги тооцох үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэгч Д.Э-ын нэхэмжилсэн дүн нь алдаатай бас бодит биш түүнд түрээсийн үлдэгдэл, алдагдал өр төлбөр бид төлөх үүрэггүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э- нь хариуцагч “Б Г Э” ХХК--д холбогдуулан тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээний үүрэгт 5,363,440 төгрөг, алданги 2,681,720 төгрөг нийт 8,045,160 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргаж, хэрэг хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад гэрээний үүрэгт 1,863,440 төгрөг, алданги 2,681,720 төгрөг нийт 4,545,160 төгрөгийг гаргуулахаар багасгажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн гэрээний үүрэгт 1,800,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги 2,681,720 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

Нэхэмжлэгч Д.Э- нь хариуцагч “Б Г Э” ХХК--тай 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр №Kh/04 дугаартай гэрээг байгуулж, *******ын аймгийн *******–*******–******* чиглэлийн 60 км.в хатуу хучилттай авто замын ажлыг барьж байгуулахад Д.Э-ын эзэмшлийн NORD маркийн ******* УБС улсын дугаартай, самосвал машиныг нэг сарын 5,500,000 төгрөгөөр түрээслэх, түрээслүүлэхээр харилцан тохиролцжээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдаж, гэрээний хүчин төгөлдөр эсэхийн талаар талууд маргаагүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 1,800,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Зохигчид “Түрээсийн төлбөр барагдуулах тохиролцоо” –г байгуулж хариуцагч ******* УБС авто самосвал машины түрээсийн төлбөрийн үлдэгдэлд 5,363,440 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө төлнө” гэж тохиролцжээ./хх-ийн 10 дугаар тал/

Хариуцагч “Б Г Э” ХХК- нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөгийг, 7 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг нийт 3,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Э-ын Хаан банкны 000000000 дансанд шилжүүлсэн нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна./хх-ийн 23-26 дугаар тал/

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт түрээсийн гэрээний дагуу үүргээ хугацаанд гүйцэтгээгүй тул алданги 2,681,720 төгрөгийн алданги шаардсан хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох зохигчдын хооронд 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээ”-г эх хувиар гаргаж өгөөгүй тул алданги нэхэмжлэх эрхгүй гэж шүүх  үзэв.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн үндэслэл болох “Тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээ”-г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд гаргаж өгөөгүй тул шүүх гэрээний хуулбарыг дүгнэх боломжгүй тул алданги шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх төлбөр 1,800,000 төгрөгийг шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг үндэслэн талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 1,863,440 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,681,720 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 143,673 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан 1,863,440 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 44,765 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан “Б Г Э” ХХК-/рд: /-иас 1,863,440 төгрөгийг гаргуулж Д.Э-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,681,720 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 143,673 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан 1,863,440 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 44,765 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ГАНЧИМЭГ