Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2026/0282

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

Ц.А-н нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Б.Адъяасүрэн

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч

Нэхэмжлэгч: Ц.А

Хариуцагч: ХЭҮК дарга

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 226 дугаар,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Ц.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 226 дугаар шийдвэрээр:

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.4.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.А-н  ХЭҮК даргад холбогдуулан гаргасан “ХЭҮК даргын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Ц.Ат сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

            2. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

2.1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байгаа талаар:

2.1.1 Шүүх Б/14 тушаалын хууль зүйн үндэслэлийг хянаж, дүгнэлт гаргаагүй. Миний хувьд "Сахилгын шийтгэл оногдуулсан тушаал"-ын хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар дараах тайлбарыг өгч маргасан боловч энэ талаар шүүх ямар ч дүгнэлт хийсэнгүй. Тухайлбал, Намайг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, Тамгын газрын дүрмийн 2.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж, хариуцагч тушаалын үндэслэх хэсэгт тусгасан нь бодит нөхцөл байдалтай тохирч байна уу гэдгийг шүүх анхаарч үзсэнгүй. "Тамгын газрын даргын албан тушаалын тодорхойлолт"-д зааснаар миний бие Тамгын газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах зорилгын хүрээнд 4 зорилт, 25 чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр үүргээс миний бие дангаар гүйцэтгэх 19 (6 нь гүйцэтгэх, 11 нь шийдвэрлэх, 2 хянах) үүрэг байна. Үлдсэн 6 үүрэг нь багаар гүйцэтгэх үүрэг бөгөөд үүний 2 нь гүйцэтгэж хянах, 1 нь гүйцэтгэж шийдвэрлэх, 3 нь хянаж шийдвэрлэх үүрэг болно.

Гэтэл шүүх хариуцагчийн тогтоосон гэх зөрчлийн хэд нь Тамгын газрын даргын дангаараа хүлээх үүрэгтэй холбоотой, хэд нь багаар гүйцэтгэх үүрэгтэй холбоотой гэдгийг ялгамжтай авч үзээгүй, Тамгын газрын даргад шууд хамааралтай гэх зөрчил нь ажлаас халах хэмжээний зөрчил мөн эсэхийг дүгнээгүй, удаа дараа" албан үүргээ гүйцэтгээгүй, эсхүл зөрчил "давтан үйлдсэн үү гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөөгүй атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 29-д "Тамгын газрын даргын дээрх үйл ажиллагааны алдаа нь захиргааны актын хууль ёсны байдлыг алдагдуулсан гэж үзэх үндэслэл болохгүй" гэж, 35-д "Тамгын дарга Ц.А хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон" гэж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхэд анхаарал хандуулаагүй атлаа Комиссын даргын 2024 оны 6 дугаар сарын 24- ний өдрийн А/21 дүгээр тушаалаар өгсөн үүргийг биелүүлээгүй нь хариуцлага тооцох үндэслэл болно гэж нэхэмжлэгчийг яллах байдлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Тушаалд болон шүүхийн шийдвэрт дурдагдсан мэдээллийн аюулгүй байдлын өдөр тутмын шуурхай удирдлагыг мэдээлэл, технологийн асуудал хариуцсан ажилтан, санхүүгийн өдөр тутмын шуурхай удирдлагыг Төсвийн ерөнхийлөн захирагчийн Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч, нууцтай холбоотой асуудлыг Тагнуулын Ерөнхий Газраас зөвшөөрсөн нууц хамгаалах ажилтан, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомж, стандартын удирдлагыг Захиргаа удирдлагын хэлтсийн дарга хэрэгжүүлж, Комиссын болон Тамгын газрын даргыг мэргэшлийн зөвлөгөө, мэдээллээр хангаж, албан хаагчдыг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллах үүрэгтэй.

Миний хувьд албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт чиг үүргээ биелүүлэх хүрээнд "Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журмын дагуу төсвийн ерөнхийлөн захирагч миний ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг 2023 онд 95.6 хувь буюу "маш сайн", 2024 онд 84.7 хувь буюу "хэвийн", 2025 оны эхний хагаст 78.6 хувь буюу "хэвийн" гэж үнэлэгдсэн. Тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн дотоод журмын 5.4.3, 12.1.1, 12.1.2 дахь заалтыг зөрчсөн гэж дурдсан боловч эдгээр заалтад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд дуусгавар болгох "ноцтой зөрчил"-ийн талаар огт тусгаагүй байна. Хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4. "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 6.1 дэх заалт²-ыг зөв хэрэглэсэн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, урьд өмнө нь сахилгын шийтгэл хүлээлгэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа эсэхийг шалгаагүй, хуулийг буруу тайлбарлаж шийдвэр гаргасан.

Тушаалын үндэслэх хэсэгт Шилэн дансны тухай хуулийн 7.1.1, 7.1.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэхдээ шилэн дансны мэдээллийг оруулах үүргийг ямар албан тушаалтан хариуцан гүйцэтгэх, ямар албан тушаалтан зохион байгуулах, ямар ямар албан тушаалтан ямар хугацаанд хяналт хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн, тэдний хэн нь энэхүү чиг үүргээ хэрэгжүүлээгүйг нэг бүрчлэн тогтоогоогүй. Тамгын газрын даргын хувьд шилэн данстай холбоотой зөрчил гаргасан Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн Бүртгэл хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Х-нд 2025 оны Б/73 тушаалаар сахилгын шийтгэл оногдуулж, өөрийн зүгээс хийх ёстой арга хэмжээг авсан. Дээр дурдсанаас үзэхэд шүүх талуудын маргаад байгаа тушаалын үндэслэл нь бодит байдалтай тохирч байгаа эсэх, хариуцагч холбогдох хууль, журмын заалтыг зөв сонгон хэрэглэсэн эсэхэд огт дүгнэлт хийгээгүй.

2.1.2. Шүүх хүчин төгөлдөр үйлчилж байгаа зарим хууль, журмыг хэрэглээгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 19-д мэдээллийн технологийн аюулгүй байдлын хяналт хангалтгүй, эрсдэлтэй түвшинд байгаа нь тогтоогджээ", 20-д "Тухайлбал, мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдалд шууд аюул учруулж болзошгүй, мэдээллийн аюулгүй ба байдлын удирдлагын тогтолцооны үндсэн шаардлагын 79 хувь нь тодорхой бодлого, журам, хяналтгүй, стандартын хавсралтад заасан 93 хяналтаас 12 хувь нь огт баримт бичиг үүсгэж байгаагүй, 45 хувь нь ямар нэгэн бодлого, журам, зохицуулалт байхгүй зэрэг зөрчлүүд тогтоогджээ" гэж дүгнэсэн.

Шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ хариуцагч ямар стандартыг хэрэглэж дүгнэлт гаргасан, ISO/IEC 2700152022 олон улсын стандартыг сонгон хэрэглэхдээ хуульд заасны дагуу бүртгүүлсэн эсэх, эрсдэлийн үнэлгээг холбогдох хуульд заасан мэргэжлийн байгууллага хийсэн эсэх, Комиссын даргын байгуулсан Ажлын хэсэг болон хяналт шинжилгээний ажилтан нь мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн тогтоож, дүгнэлт гаргах эрхтэй эсэх, энэхүү дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Хоёр. Шүүх хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, ЗХШХШТХ- ийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг зөрчсөн талаар:

Хариуцагч тушаалын 1 дэх заалтад дараах зөрчлийг нэрлэн тоочиж, тогтоогдсон гэж тайлбарласан байдаг. Үүнд:

Комиссын даргын 2024 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн А/21 дүгээр тушаалаар өгсөн "Нууцын жагсаалт, журам, танилцах эрх бүхий албан тушаалтныг батлах үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангаагүй, байгууллагын нууцын талаар хууль, журамд заасан холбогдох арга хэмжээг авч ажиллаагүй; мэдээллийн технологийн аюулгүй байдлын хяналт хангалтгүй, эрсдэлтэй түвшинд байгаа; тушаал, шийдвэр батлан гаргахдаа хүчингүй болсон хууль тогтоомжийн заалтыг үндэслэл болгосон, шилэн дансны мэдээллийг хуульд заасан хугацаанд цахим хуудсанд байршуулаагүй; Бид тушаалын 1 дэх хэсэгт нэрлэн дурдсан зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй маргадаг. Гэтэл шүүх тушаалын 1 дэх хэсэгт сахилгын шийтгэл оногдуулах зөрчилд хамааруулаагүй, талууд маргаагүй дараах асуудлыг шүүрэн авч, үнэлэлт, дүгнэлт хийж, хууль зөрчиж шийдвэр гаргасан. Үүнд:

-Албан тушаалын сул орон тоог олон нийтэд мэдээлээгүй, сул орон тоо гарсан боловч хуульд заасан хугацаанд хүргүүлээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 27.2-т заасан зохицуулалтыг шууд зөрчсөн үйлдэл гэж дүгнэсэн /Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 17, 18 дахь заалт/

Үндэсний аудитын газрын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1020/A0111241 СНАГ-2025/031-НА-СТА-ТЕЗ дугаар бүхий "Зөрчил арилгах тухай" албан шаардлагыг Комисст хүргүүлсэн байна гэж дүгнэсэн. /Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 34 дэх заалт/

2.2. Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн эсэх, буруу хэрэглэсэн эсэх, үүнтэй холбоотой захиргааны акт нь хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт хийгээгүй.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн агуулгыг задалж үзвэл 1-рт, энэ хуулийн 37 дугаар зүйлийг зөрчсөн эсэх, энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан хориглох зүйлийг зөрчсөн эсэх, бусад хуулийг зөрчсөн эсэх, албан үүргээ биелүүлээгүй байдал, энэ хуульд заасан бусад тохиолдол бий болсон эсэхийг судалж, зөрчлийн шинжийг тодорхойлох, 2-рт, зөрчлийг анх удаа үйлдсэн эсэх, давтан үйлдсэн эсэхийг тогтоох, ингэхдээ зөрчил хоорондын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхийг тогтоох, 3-рт, сахилгын шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэх нөхцөл байдлыг тодорхойлох, 4-рт, сахилгын шийтгэлийг сонгон хэрэглэхээр зохицуулжээ. Энэ зохицуулалтыг "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"/цаашид "журам" гэх/-аар нарийвчлан зохицуулдаг.

Журмын 4.1-д "сануулах" шийтгэл ногдуулах үндэслэлийг, 5.1-д "албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах" сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг, 6.1-д "төрийн албанаас халах" шийтгэлийг ногдуулах үндэслэлийг тус тус журамласан бөгөөд хариуцагч сахилгын шийтгэлийг оногдуулахдаа үндэслэлийг зөв тогтоож, шийтгэлийн хэлбэрийг оновчтой сонгон хэрэглэсэн эсэх, хуулийн хүрээ хязгаараас хэтэрсэн эсэх, харгалзан үзэх нөхцөл байдлыг тооцсон эсэх, шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нехцөлийг тогтоосон эсэх, хууль болон журмыг буруу хэрэглэсэн эсэхэд нотлох баримтын хүрээнд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 6.1-д заасны дагуу хариуцагч төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулахдаа "сахилгын зөрчил удаа дараа гаргаж, шийтгэл хүлээсэн байх" гэсэн урьдчилсан нөхцөл бүрдсэн эсэх, эсхүл "зөрчлийн шинж байдал нь төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй" гэсэн үндэслэлийг тогтоосон эсэхэд шүүх дүгнэлт хийсэнгүй.

"Сахилгын зөрчил удаа дараа гаргаж, шийтгэл хүлээсэн байх" гэсэн урьдчилсан нөхцөл удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ нь Төрийн албаны тухай хуулийн 47.1.1-д хангалтгүй биелүүлсэн" бол тухайн төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах гэсэн зохицуулалтыг хэрэгжүүлэх процессын хэм хэмжээ юм. Иймд хариуцагч 1-рт, зөрчил бүрийг нэгбүрчлэн тогтоож, 3 ба, түүнээс дээш удаа зөрчил гаргасан гэдгийг тогтоосон эсэх, 2-рт, "удаа дараа" зөрчил гаргасан гэдгийг тогтоосон бол түүнд тохирсон сахилгын шийтгэл хүлээлгэсэн эсэх, энэ талаар тушаал шийдвэр гаргасан эсэх, 3-рт, "удаа дараа" гаргасан гэх зөрчилд оногдуулсан сахилгын шийтгэл нь хүчин төгөлдөр байгаа эсэхийг тогтоосон байдлыг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн үнэлж, хариуцагчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх байсан. Гэвч энэ талаар ямар дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

2.3. "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаprax журам"-ын 6.1 дэх заалтын агуулгаас харахад хариуцагч 1-рт, "зөрчлийн шинж байдал"-ыг тогтоох, 2-рт, уг зөрчил нь төрийн албаны болон байгууллагын нэр хүндийг гутаах, эсхүл хохирол учруулах зэргээр төрийн ашиг сонирхолд нөлөөлөхөөр сөрөг үр дагавар үүсгэсэн эсэх, 3-рт, Хөдөлмөрийн дотоод журамд "ноцтой зөрчил" гэж тусгайлан заасан зөрчлийг гаргасан эсэх, 4-рт, шүүхийн шийтгэх тогтоолоор тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй, ял оногдуулсан эсэх, 5-рт, давтан буюу 2 ба түүнээс дээш удаа зөрчил гаргасан, ингэхдээ зөрчил хоорондын хугацаа нь сахилгын шийтгэл хүлээсэн бол 12 сар, хүлээгээгүй бол 6 сар өнгөрсөн эсэхийг тогтоосны үндсэн дээр тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзсэн үндэслэлээ тодорхойлох үүрэгтэй. Гэвч хариуцагч "зөрчлийн шинж байдал"-ыг тогтоосон эсэх, "хөөн хэлэлцэх хугацаа"-r баримталсан эсэх, тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзсэн үндэслэлийг зөв тогтоосон эсэхийг шүүх нотлох баримтын хүрээнд үнэлж, хариуцагчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгсөнгүй. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцсэнгүй.

2.4. Төрийн албаны тухай хуулийн 47.1.2-т "гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон" бол төрийн албанаас халахаар, Төрийн албаны тухай хуулийн 48.8 дахь хэсэгт "Энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь түүнийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэл болно гэж заасан бөгөөд энэ нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэл болно.

Төрийн албаны тухай хуулийн 62.1 1-д "энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх байх нэмэгдэл баталгааг хуульчилснаас гадна хуулийн 49.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд халахыг хориглоно" гэж, 49.2-т "Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас халахыг хориглоно" гэж хуульчилсан байна. Иймд тушаалын 1 дэх хэсэгт заасан байгууллагын үйл ажиллагаанд чиглэсэн Ажлын хэсгийн дүгнэлт, дотоод хяналт шалгалт, дотоод аудитаар илрүүлсэн үйл баримт нь намайг төрийн албанаас халж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болохгүй, харин надад сахилгын шийтгэл оногдуулах эсэхийг тогтоох шалгалт явуулах үндэслэл болно.

Журмын 2.2, 2.3-т заасны дагуу дотоод хяналт шалгалт хийх эрх бүхий албан тушаалтан нь дээрх баримтыг үндэслэн Тамгын даргад сахилгын оногдуулах үндэслэл байгаа эсэхийг 14 хоногт багтаан шалгалт явуулж, сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл байгаа эсэхийг шалгаж, сахилгын шийтгэл оногдуулах эсэх талаар дүгнэлт гаргаж удирдлагад танилцуулах үүрэгтэй. Гэвч хариуцагч надад чиглэсэн сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг тогтоох шалгалт хийгээгүй, надад сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл, холбогдох баримт материалыг урьдчилан танилцуулаагүй, энэ талаар тэмдэглэл үйлдээгүй, гарын үсэг зуруулаагүй болно.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2026/0226 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

            3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

3.1. “Маргаан бүхий 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар ХЭҮК Тамгын газрын дарга Ц.А-т төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13 дахь заалтыг үндэслэсэн. Өөрөөр хэлбэл "албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах" нийтлэг үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгасан.

Ингэхдээ Комиссын мэдээллийн аюулгүй байдлын нөхцөл байдалд хийсэн Ажлын хэсгийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн илтгэх хуудас;

Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан албан хаагчийн гүйцэтгэсэн дотоод хяналт шалгалтын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн илтгэх хуудас,

Төсөв, дотоод аудит хариуцсан албан хаагчийн Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн дотоод аудитын 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тайлангаар тус тус зөрчлийг тогтоосон гэжээ.

Эдгээр илтгэх хуудас, тайлан /тушаалд зориуд "дүгнэлт" гэх нэр томьёо ашигласан/-аар нэхэмжлэгч Ц.А-н зөрчлийг тогтоогоогүй. Байгууллагын үйл ажиллагааны илтгэх хуудас, тайлангаар хэрхэн тамгын газрын дарга Ц.А-ийг буруутгаж байгаа нь ойлгомжгүй.

3.2. Маргаан бүхий Б/14 тушаалд "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам /цаашид "журам" гэх/"-ыг үндэслэжээ. Гэтэл ажил олгогч энэхүү журмыг огт хэрэгжүүлээгүй. Журмын 1.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрт гомдол гаргахад энэ журмыг мөрдөнө" гэж заасан нь императив буюу заавал мөрдөх шинжтэй байна.

3.3. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа журмын 1.4-д заасан хариуцлага гарцаагүй байх, сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байх, хууль зүйн үндэслэл бүхий байх зарчмуудыг хэрэгжүүлээгүй.

3.4. Журмын 1.6-д "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах ундэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна" гэжээ. Журмын 2- т зааснаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах, 3-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулах журмыг огт хэрэгжүүлээгүй. Аль зөрчлийг хэн шалгаж, хэрхэн тогтоосон талаарх баримт, тайлбарыг хариуцагч гаргаж өгөөгүй. Шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн тайлбарыг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзэхийг хүсье.

3.5. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д "Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ" гэж, 42.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ" гэж тус тус заасан. Комиссын дарга Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-48.1.6-д заасан сахилгын шийтгэлийн төрлүүдээс "төрийн албанаас халах" шийтгэлийг сонгон хэрэглэж байгаа шалтгаан, үндэслэлээ тодорхойлж чадаагүй. Журмын 6.1-д "Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна" гэж заасан. Захиргаа нь Ц.Аийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзсэн үндэслэлээ тодорхойлоогүй.

3.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1- д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч талын тайлбар, түүний үндэслэл, холбогдох нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй. Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хариуцагч талын тайлбар, баримтуудыг дүгнэсэн /ингэхдээ өөрийн санаачилгаар маргаанд хамааралгүй, тушаалд дурдагдаагүй асуудлыг ч зорчилд тооцсон/. Нэхэмжлэл болон нэмэлт тайлбарт дурдагдсан материаллаг эрх зүйн болон процессын эрх зүйн зөрчлийн талаарх дүгнэлтийг огт хийгээгүй. Дээр дурдсан илтгэх хуудас, тайлан нь Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах журмын дагуу хэрэгжсэн эсэх, зөрчилд буруутгагдаж буй төрийн жинхэнэ албан хаагчийг шалгах ажиллагаанд оролцуулсан эсэх, Тамгын газрын дарга Ц.Ат чиглэж гараагүй, байгууллагын үйл ажиллагаанд холбоотой зэрэгт шүүх тайлбар өгөөгүй.

3.7. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “төрийн алба гэж төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг", 3.1.2-т "төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг" гэж заасан. Анхан шатны шүүх "хүний нөөцийн манлайлал хэрэгжүүлэх" зорилтын хүрээнд Тамгын газрын дарга нь тухайн байгууллагынхаа бүх дутагдал, алдааны төлөө төрийн албанаас чөлөөлөгдөх хариуцлага хүлээх ёстой гэж дүгнэж байгаа нь ял халдаах, хариуцлагыг хавтгайруулах сорог үр дагавартай. Хэлтэс нэгжийн алба хаагч, хэлтсийн удирдлагууд төрийн албан хаагч болохынхоо хувьд өөрийн үйл ажиллагааны үр дүн, алдаа дутагдлыг хариуцах ёстой.

3.8. Шүүх ХЭҮК даргын 2025 оны 11 сарын 20-ны өдрийн А/50 тушаалаар батлагдсан Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, Мэдээллийн технологийн үйл ажиллагааны журам хавтаст хэрэгт авч үнэлүүлэх хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч, шүүгчийн захирамжийнхаа биелэлтийг хангуулаагүй. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тус журмыг хариуцагч тал нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүх нотлох зарчим зөрчигдсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, дахин шинэ акт гарах хүртэл маргаан бүхий актыг хоёр сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж, 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж тус тус зааснаар хэрэв маргаан бүхий акт хууль бус болох нь мөн уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тус тус тогтоогдсон тохиолдолд шүүх уг актыг хүчингүй болгох, харин хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, тэрхүү нэмж тодруулан зүйлийн цар хүрээ нь шүүхийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шинжлэх, судлах боломжоос хэтэрсэн болох нь тогтоогдсон тохиолдолд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаж буй захиргааны актыг /шийдвэрийг/ тодорхой хугацаа зааж түдгэлзүүлж шийдвэрлэнэ.

2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ХЭҮК даргын маргаан бүхий 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:”, 48.1.4-т “төрийн албанаас халах” гэж заасныг баримтлан Тамгын газрын дарга Ц.Ат 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

2.3. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаас үзэхэд эрх бүхий удирдах албан тушаалтнаас төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр гаргах тохиолдолд тухайн төрийн албан хаагчийн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан үзсэний үндсэн дээр тус хуульд заасан сахилгын шийтгэлүүдийн аль тохирохыг хэрэглэхээр байна.  

            2.4. Хариуцагч 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Ц.Ат “ Комиссын мэдээллийн аюулгүй байдлын нөхцөл байдалд хийсэн Ажлын хэсгийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлтээр “Байгууллагын нууцын талаар хууль, журамд заасан холбогдох арга хэмжээг авч ажиллаагүй, мэдээллийн технологийн аюулгүй байдлын хяналт хангалтгүй, эрсдэлтэй түвшинд байгаа”, “Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан албан хаагчийн гүйцэтгэсэн дотоод хяналт шалгалтын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлтээр “Комиссын даргын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/21 дүгээр тушаалаар өгсөн “Нууцын жагсаалт, журам, танилцах эрх бүхий албан тушаалтныг батлах” үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй”, “тушаал шийдвэр батлан гаргахдаа хүчингүй болсон хууль тогтоомжийн заалтыг үндэслэл болгосон”, Төсөв, дотоод аудит хариуцсан албан хаагчийн Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн дотоод аудитын 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлтээр “шилэн дансны мэдээллийг хуульд заасан хугацаанд цахим хуудсанд байршуулаагүй” зэрэг зөрчил гаргасан болох нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэлийг тодорхойлсон байна. Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчийг зайлшгүй албан тушаалаас нь халахаас өөр аргагүйд хүрсэн нөхцөл байдлыг бодитой тогтоогоогүй буюу актад дурдагдсан зөрчил дутагдлууд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаатай салшгүй холбоо хамааралтай буюу зөвхөн түүний хийж хэрэгжүүлэх албаны чиг үүрэгт харьяалагдсан байхад зөрчил дутагдал гаргасан болохыг бүрэн дүүрэн тогтоогоогүй нөхцөлд маргаан бүхий актыг гаргасан гэж үзэхээр байна.

Тодруулбал,

3. “Байгууллагын нууцын талаар хууль, журамд заасан холбогдох арга хэмжээг авч ажиллаагүй, мэдээллийн технологийн аюулгүй байдлын хяналт хангалтгүй, эрсдэлтэй түвшинд байгаа” гэсэн зөрчлийн тухайд:

3.1. Нэхэмжлэгчээс тус зөрчилд холбогдуулан “... Маргаан бүхий тушаалын үндэслэл болсон дүгнэлтүүд нь байгууллагын үйл ажиллагаанд хийсэн хяналт, шинжилгээ байхад төрийн жинхэнэ албан хаагчийг сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгосон, ... Ажлын хэсгийг бүрэн бүрэлдэхүүнээр хуралдуулахтай холбоотой гадаад болон дотоод хүчин зүйлсээс шалтгаалан хуралдах боломжгүй байсан, ...  2024, 2025 онд байгууллагын дотоод бүтцийг ХЭҮК дарга нийтдээ 4 удаа өөрчилсөн тул тушаалд өөрчлөлт орох шаардлагатай болсон, ... Хяналт шалгалт явуулж эдгээр нөхцөл байдлыг тодруулах боломжтой байсан, ... ямар стандартыг хэрэглэж дүгнэлт гаргасан, ISO/IEC 2700152022 олон улсын стандартыг сонгон хэрэглэхдээ хуульд заасны дагуу бүртгүүлсэн эсэх, эрсдэлийн үнэлгээг Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлсэн хуулийн этгээд хийж гүйцэтгэсэн эсэх болон ажлын хэсэг нь дүгнэлт гаргах эрхтэй эсэх” гэсэн үндэслэлээр маргажээ.

3.2. Хариуцагчаас “... Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 11.1-д “Байгууллага, албан тушаалтан төрийн болон албаны нууцыг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 11.1.1-д “эрхэлсэн салбар, харьяа байгууллагын хэмжээнд төрийн болон албаны нууцыг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах;” 11.1.2-т “эрхэлсэн салбар, харьяа байгууллагын хэмжээнд байгаа төрийн болон албаны нууцын хамгаалалтад хяналт тавих” гэж заасан үйлдлийг хэрэгжүүлээгүй үйлдэл юм. ХЭҮК Тамгын газрын даргын албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1-д, 4 дүгээр зорилтын 8-д заасан үндсэн чиг үүрэгт хамаарна ...” гэж тайлбарлан маргасан байна.

3.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Комиссын мэдээллийн аюулгүй байдлын нөхцөл байдалд хийсэн Ажлын хэсгийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөл байдлын тухайд үйл ажиллагааны хяналтад “... нууц мэдээлэлтэй танилцах албан хаагчдын нууцын баталгааны журам зөвхөн Засгийн газрын нийтлэг журмаар зохицуулагдаж, байгууллагын өөрийн нарийвчилсан журамгүй байгаа нь тогтоогдсон, ... байгууллага дотоод болон гэрээт, түр ажилтнуудтай “ нууц задруулахгүй байх гэрээ байгуулаагүй” гэж дүгнэгджээ.

3.4. Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Кибер аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлсэн хуулийн этгээд хийнэ” гэж заасан байна.

3.5. Энэ тохиолдолд Комиссын мэдээллийн аюулгүй байдлын нөхцөл байдалд хийсэн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлтийг гаргасан ажлын хэсэг нь дээрх хуульд заасны дагуу кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх эрхтэй эсэх, тус дүгнэлтээр нэхэмжлэгч Ц.А нь Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан ямар чиг үүргээ биелүүлээгүй болох, хариуцагчаас “Байгууллагын нууцын талаар хууль, журамд заасан холбогдох арга хэмжээг авч ажиллаагүй” гэж буруутгасантай  холбогдуулан нэхэмжлэгч ямар хуульд заасан ямар арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй байсан, “эрсдэлтэй түвшинд байгаа” гэдэг нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоо хамааралтай эсэх нь мөн тодорхой бус байна.

4. “Комиссын даргын 2024 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн А/21 дүгээр тушаалаар өгсөн “Нууцын жагсаалт, журам, танилцах эрх бүхий албан тушаалтныг батлах” үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй” гэх зөрчлийн тухайд:

4.1. Нэхэмжлэгчээс тус зөрчилд холбогдуулан “... тус ажиллагаатай холбоотойгоор Тагнуулын ерөнхий газраас зөвшөөрөгдсөн албан хаагч энэ ажиллагааг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй.  Комиссын нууцын асуудал хариуцсан ажилтныг Комиссын дарга  томилдог. Ажлын хэсэг ажлынхаа боловсруулсан төсөл материалаа Тагнуулын ерөнхий газарт 2024 оны 09 дүгээр сард албан бичгээр хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө авсан, ... тухайн цаг үеийн ажлын онцлог, ачаалалтай холбоотойгоор Комиссын дарга, гишүүд болон комиссын хуралдаанаас зарим нэгэн ажлуудыг хойш тавьж нэн чухал ажлуудыг хийе гэсэн үүрэг даалгавар, чиглэлүүд өгөгдсөн ... ” гэсэн үндэслэлээр маргасан байна.

4.2. Харин хариуцагчаас “... ХЭҮК даргын  2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/21 дүгээр тушаалаар өгсөн үүрэг даалгавар бөгөөд тус тушаалын 5 дахь заалтаар тус арга хэмжээг авч 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр багтаан танилцуулах байсан боловч хэрэгжүүлээгүй” гэж тайлбарлан маргажээ.

4.3. Хэрэгт авагдсан ХЭҮК даргын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/21 дүгээр тушаалын 1 дэх заалтаар ХЭҮК төрийн болон албаны нууц хамгаалах журмын төсөл төрийн болон албаны нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтны жагсаалт, албаны нууцын жагсаалт, онцгой нөхцөл байдал үүссэн үед төрийн болон албаны нууцыг хамгаалах төлөвлөгөөний талаар санал тус тус боловсруулах ажлын хэсгийг томилж, 2 дахь заалтаар ахлагчаар нэхэмжлэгч Ц.Адъяахишгийг, 3 дахь заалтаар гишүүд, 4 дэх заалтаар нарийн бичгийн даргыг тус тус томилж, 5 дахь заалтаар Комиссын Төрийн болон албаны нууцыг хамгаалах журам, төрийн болон албаны нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтны жагсаалт, албаны нууцын жагсаалт, онцгой нөхцөл байдал үүссэн үед төрийн болон албаны нууцыг хамгаалах төлөвлөгөөний талаар санал боловсруулах ажлыг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөрт багтаан гүйцэтгэж танилцуулахыг даалгасан байна.

4.4. Дээрх тушаалаар батлагдсан ажлын хэсэг нь ахлагч болон гишүүд, нарийн бичгийн дарга гэсэн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан байх бөгөөд ажлын хэсгийн ахлагч Ц.А-с шалтгаалан тухайн үүрэг даалгавар хэрэгжээгүй  эсэх, тухайн үед ажлын хэсгээс уг үүрэг даалгаврыг биелүүлэхээр арга хэмжээг зохион байгуулж байсан эсэх, нэхэмжлэгчийн “ажлын хэсгийг үүрэг даалгавраа биелүүлэхэд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан “нэн чухал ажлуудыг хий” гэсэн үүрэг даалгавар, чиглэлүүд өгөгдөж байсан” гэх тайлбар үндэслэлтэй эсэх, уг үүрэг даалгавар биелэгдээгүйд нэхэмжлэгч дангаараа буруутай гэж үзэх хангалттай үндэслэл эргэлзээгүйгээр тогтоогдсон гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчаас энэ талаарх баримт нотолгоог шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.

4.5. Мөн хариуцагчаас тус зөрчилтэй холбогдуулан маргаан бүхий актын үндэслэлдээ “... Комиссын даргын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/21 дүгээр тушаалаар өгсөн “Нууцын жагсаалт, журам, танилцах эрх бүхий албан тушаалтныг батлах” үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй” гэсэн боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ХЭҮК даргын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан гэж үзэхээр байгааг тэмдэглэв.

5. “Тушаал шийдвэр батлан гаргахдаа хүчингүй болсон хууль тогтоомжийн заалтыг үндэслэл болгосон” гэх зөрчлийн тухайд:

5.1. Нэхэмжлэгчээс тус зөрчилд холбогдуулан “... Захиргааны албан хаагчдын ур чадвартай холбоотойгоор тушаал шийдвэрт алдаа гарах боломжтой бөгөөд эдгээр алдаа нь техникийн шинжтэй алдаа гэж үзэж байна, зөрчлийг тогтоосон гэх дүгнэлт нь Тамгын газрын ажлын гүйцэтгэл, үр дүнтэй холбоотой гарсан ...” гэсэн үндэслэлээр маргажээ.

5.2. Засгийн газрын 2024 оны 214 дүгээр тушаалаар батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ын 2.4-т “Байгууллагын ажилтан Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 35.4-т зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 2.4.1-д “баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, зөв бичих дүрэм, стандартад заасан шаардлагын дагуу зохион бүрдүүлж, түүний үнэн зөв, албан ёсны хүчинтэй байдлыг ханган боловсруулж, хянуулан баримтжуулах”,  4.14.2-т “албан бичигт гарын үсэг зурж, баталгаажуулсан өдөр нь явуулсан баримт бичгийн бүртгэл (11 дүгээр  хавсралт)-д бүртгэнэ. Баримт бичгийн агуулга, хэл найруулга, баримт бичгийн стандартын бүрдлийг боловсруулсан болон хянасан ажилтан хариуцна”, 4.15-д “Дотоодод үүссэн баримт бичгийг боловсруулах, баталж мөрдүүлэх ажиллагаа нь ирсэн баримт бичгийг хянан шийдвэрлэх болон явуулах баримт бичгийг боловсруулж, баталгаажуулахтай ижил байх бөгөөд дотоодод үүссэн баримт бичигтэй ажиллахдаа дараах зохион байгуулалтын ажил хийнэ:”, 4.15.2-т “хууль, эрх зүйн асуудал хариуцсан нэгж (ажилтан) нь захирамжлалын баримт бичгийн үндэслэл, агуулга нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянасан байна” гэж заасан байна.

5.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ХЭҮК 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Тушаалын боловсруулалт, хэрэгжилт хянасан тухай” илтгэх хуудсаар Комиссын даргаас өгсөн үүргийн дагуу 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Комиссын дарга болон Тамгын газрын даргын батлан гаргасан тушаалын эрх зүйн үндэслэл болон албан хэрэг хөтлөлтийн стандартад хяналт шалгалт хийсэн байна.

5.4. Тус хяналт шалгалтын илтгэх хуудаст зөрчилтэй тушаалуудыг боловсруулсан болон хянасан эрх бүхий албан тушаалтнаар нарийвчлан зөрчил тус бүрээр ялган тодорхойлсон байх бөгөөд Тамгын газрын даргад хамаарах тушаалын тухайд нийт 175 тушаалаас 30 тушаалд “хүчингүй болсон хууль тогтоомжийг үндэслэл болгосон илэрхий алдаатай-4, албан хаагчийн албан тушаалын нэр буруу бичсэн-6, зөв бичих дүрмийн алдаатай-19, албан хэрэг хөтлөлтийн стандартын алдаатай-1 зөрчлүүд илэрсэн дараах зөрчил илэрсэн” гэж тэмдэглэгдсэн байна.

5.5. Гэвч журмын дээрх зохицуулалтаас үзэхэд баримт бичгийн агуулга, хэл найруулга, баримт бичгийн стандартын бүрдлийг боловсруулсан болон хянасан ажилтан хариуцахаар заасан байхад дан ганц нэхэмжлэгч Ц.Ат хариуцлага тооцох үндэслэлтэй гэж үзсэн хариуцагчийн шийдвэр ойлгомжгүй байна.

6. “Шилэн дансны мэдээллийг хуульд заасан хугацаанд цахим хуудсанд байршуулаагүй” гэх зөрчлийн тухайд:

6.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Үндэсний аудитын газрын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн СНАГ-2025/031-НА-СТА-ТЕЗ албан шаардлагаар “Өмнөх оны санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, шилэн дансны цахим хуудсанд мэдээллийг цаг хугацаанд нь тогтмол байршуулаагүй зөрчлийг таслан зогсоож, биелэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт ирүүлэх, Цаашид алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг ХЭҮК дарга Д.С, Ерөнхий нягтлан бодогч Б.Б-д нарт даалгасан” байна.

6.2. Шилэн дансны тухай хуулийн 7.1-д “Шилэн дансны мэдээллийг энэ хуулийн дагуу иргэн олон нийтэд хүргэх үүргийг дараах албан тушаалтан хүлээнэ:”, 7.1.1-д “Засгийн газрын бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгсэл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, төсөв, өмч, хөрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа шийдвэр гаргасан, гарын үсэг зурсан эрх бүхий албан тушаалтан” 7.1.3-д “тухайн зарлага, төлбөрийн даалгаварт нэгдүгээр, хоёрдугаар гарын үсэг зурж гүйлгээ хийсэн албан тушаалтан.” 7.2-т “Энэ хуулийн 7.1-д заасан эрх бүхий албан тушаалтан мэдээлэх үүргээ бусдад шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” 8 дугаар зүйлийн 8.2-т “Энэ хуулийн 3.1.1-д заасан төсвийн байгууллага, албан тушаалтны шилэн дансны үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хэрэгжүүлнэ” гэж заасан.

6.3. Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна” гэж, “Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журам”-ын 8.5-д “Төсвийн ерөнхийлөн захирагч (дотоод аудитын алба) нь Шилэн дансны тухай хуулийн 8.2-т заасны дагуу шилэн дансны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана” гэж тус тус заасан байна.

Хууль болон журмын дээрх зохицуулалтуудаас үзэхэд шилэн дансны үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг төсвийн ерөнхийлөгч захирагч хэрэгжүүлэхээр байна.

6.4. Энэ тохиолдолд албан тушаалын тодорхойлолтод заасны дагуу төсвийн шууд захирагчийн шууд буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан шилэн дансны мэдээллийг хуульд заасан хугацаанд цахим хуудсанд байршуулаагүй гэх нөхцөл байдал тодорхой бус байна.

7. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.3-д “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна:”, 25.1.2-т “оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах”, 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 26.2-т “энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж тус тус заасан.

8. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй, энэхүү хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийж, нотлох баримт цуглуулах, үнэлж дүгнэсний үндсэн дээр шийдвэр гаргахаар байна.

9. Хариуцагчаас маргаан бүхий актаар нэхэмжлэгч Ц.А-т төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журам”-ын 2-д “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах” гэж заасныг хэрэгжүүлээгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах тохиолдол бүрийн үндэслэлийг судалж тогтоох үүргийн хүрээнд нэхэмжлэгч Ц.А ямар хууль, журмаар тогтоосон зөвхөн түүний ажил албан тушаалын чиг үүрэгт хамаарах ямар үүргийг хэрхэн хэрэгжүүлээгүй буюу зөрчил дутагдал гаргасан гэж үзсэн үндэслэл тус бүрийн тухайд авч үзэж түүний албаны чиг үүрэгт хамааралтай зөрчил дутагдал байгааг эргэлзээгүйгээр тодруулан тогтоох үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй байна.

10.  Өөрөөр хэлбэл, аливаа захиргааны байгууллага нь хэн нэгэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг, тухайлбал тухайн шийдвэр гаргахад хамааралтай нөхцөл байдлыг бүрэн тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох, тайлбар, санал гаргах боломжоор хангах зэрэг ажиллагааг хэлбэрийн төдий хийх бус, харин өөрийн шийдвэрээ үндэслэлтэй, хууль ёсны гаргахын тулд бодитойгоор, үр нөлөөтэйгөөр хэрэгжүүлэх учиртай.

             11. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалд өөрчлөлт оруулах тухай тогтоолын 4.10.11-д “Хуулийн 106.3.11-т шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан cap хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нэхэмжлэлийн хүрээнд нэмж тодруулах ажиллагааг хэн, ямар хугацааны дотор хийж гүйцэтгэх, шинээр гаргах актыг хэзээ гаргахыг заана. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн хүсэлтээр гүйцэтгэх хуудас бичиж болно, ийнхүү гүйцэтгэх хуудас бичихээс өмнө шүүхээс ямар ажиллагаа хийж байгаа талаар хариуцагчаас тодруулга авсан байвал зохино”, 4.10.11-ийн а-д “Төрийн албаны маргааны хувьд: зарчмын хувьд ажлаас халсан маргаан бүхий хэрэгт дахин нэмж тодруулах ажиллагаа хийхийг хариуцагчид даалгах үндэслэлгүй, хэрэв захиргаа шийдвэр гаргахдаа нөхцөл байдлыг дутуу шалгасан бол энэ нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болно. Гэвч зарим тохиолдолд эрүүгийн маргаан шийдвэрлэгдээгүй, энэ нь маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд нөлөөлөх байвал, эсхүл өөр захиргааны байгууллагын шийдвэрийг заавал гаргуулах шаардлагатай зэрэг тохиолдолд дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгасан бол ямар ямар ажиллагааг захиргаа хийх үүрэгтэй, юу тодруулах талаар заана. Жишээлбэл, төрийн албаны сонгон шалгаруулалттай холбоотой маргааны хувьд: сонгон шалгаруулалт явуулах нөхцөл байдлыг хэрхэн тогтоох, өмнө явуулсан сонгон шалгаруулалтын бусад оролцогчийн шалгалтын дүнг хэвээр үлдээх, эсхүл хүчингүй болгох эсэх, нэхэмжлэгчийн ямар эрхийг хэрхэн сэргээх талаар тодорхой үүрэгжүүлсэн агуулгатай байж болно” гэж шийдвэр бичих аргачлалыг зааж журамласан.

12. Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3.3-т “Сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан үзнэ”, 3.3.1-д “зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар”-ыг харгалзан үзэхийг захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтанд даалгасан байна.

13. Түүнчлэн захиргааны хэргийн шүүх аливаа маргаан бүхий акт Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д зааснаар зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, шударга ёсыг хангасан байх зарчимд нийцсэн тохиолдолд тухайн шийдвэрийг хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гэж үзэх үндэслэлтэй.

14. Иймд хариуцагч нь сонгох боломжийг зөв хэрэгжүүлж, зөвхөн тухайн албан хаагчийн албаны чиг үүрэгт хамааралтай тогтоогдсон зөрчилд нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтад заасан хариуцлагын төрлөөс аль тохирохыг сонгож, зохих журмын дагуу шийдвэрлэх гаргах нь зүйтэй байна.

15. Энэ тохиолдолд хариуцагчаас  нэхэмжлэгчийн зөрчил гаргасан гэх нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй, мөн түүний гаргасан гэх зөрчил түүний үр дагаврыг харгалзаж үзсэн эсэх нь тодорхой бус энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэр нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн шинж байдалд тохирсон эсэх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэхэд эцэслэн дүгнэлт өгөх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, ХЭҮК даргын маргаан бүхий 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

            16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж зааснаар хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий акт хүчингүй болохыг, шүүхийн энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болж, хариуцагчаас дахин шинээр гаргасан ч нэхэмжлэгчээс тухайн актыг эс зөвшөөрөх тохиолдолд хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж гомдол, нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэйг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 226 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан ХЭҮК даргын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохыг дурдсугай” гэсэн 2 дахь заалтыг нэмж, 2 дахь заалтыг 3 гэж өөрчилсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                                                    З.ГАНЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                       Б.АДЪЯАСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ