| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2020/01295/И |
| Дугаар | 101/ШШ2020/02476 |
| Огноо | 2020-07-07 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2020/02476
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Я О” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.М-д холбогдох
5,593,356 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр, хариуцагч Д.М-, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* дүүргийн 2 дугаар хороонд байршилтай ******* хотхон, 000 байр , ******* 58.68 м.кв орон сууц нь /рд: /, улсын бүртгэлийн ******* дугаартай “Я О” ХХК--ийн хууль ёсны өмчлөлд байдаг. 2019 оны 8 дугаар сард Д.М- гэгч нь уг байрыг сонирхон үзнэ хэмээн түлхүүрийг нь аваад 2019 оны 8 дугаар сараас эхлэн Д.М- уг байранд хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй буюу “Я О” ХХК--ийн зөвшөөрөлгүйгээр амьдрах болсон. Нэхэмжлэгч “Я О” ХХК- нь хуулиар олгогдсон өмчлөгчийн эрх, үүргээ хэрэгжүүлж Д.М-ийн хууль бус өмчлөлөөс өөрийн үл хөдлөх хөрөнгө болох ******* дүүргийн 2 дугаар хороонд байршилтай ******* хотхон, 000 байр , *******од байршилтай 58.68 м.кв орон сууц чөлөөлүүлэхээр удаа дараа шаардсан. Гэтэл хариуцагч нь шаардлага хүлээж аваагүй, хууль бусаар тухайн орон сууцад оршин суусаар 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байрыг суллаж өгсөн. Д.М- уг байранд амьдарч байх хугацаандаа байртай холбоотой ямар ч төлбөр тооцоо хийгээгүй бөгөөд 2019 оны 8 дугаар сараас 2020 оны 02 дугаар сар хүртэлх байрны халуун, хүйтэй ус, цахилгаан, байрны , зогсоолын, СӨХ-ийн төлбөр гэх мэт гарсан бүхий л зардлыг төлөөгүй, “Я О” ХХК- нь төлж ирсэн. Д.М- уг байрыг суллаж өгсөн хэдий ч холбогдон гарсан зардлыг өдийг хүртэл нөхөн төлөөгүй зэрэгцээ орон сууцанд оршин суусан хугацааны түрээс төлөөгүй байна. Иймээс уг хэрэгт маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр аргагүйд хүрлээ. Манай компанийн нэхэмжилж буй төлбөрүүд:
1. 2019 оны 8 дугаар сарын байрны түрээс, ус дулааны төлбөр, байрны СӨХ-ийн, зогсоолын түрээс, ашиглалтын төлбөр нийт 757,549.60 төгрөг,
2. 2019 оны 9 дүгээр сарын байрны түрээс, ус дулааны төлбөр, байрны СӨХ-ийн, зогсоолын түрээс, ашиглалтын төлбөр нийт 775,203.77 төгрөг,
3. 2019 оны 10 дугаар сарын байрны түрээс, ус дулааны төлбөр, байрны СӨХ-ийн, зогсоолын түрээс, ашиглалтын төлбөр нийт 780,093.77 төгрөг,
4. 2019 оны 11 дүгээр сарын байрны түрээс, ус дулааны төлбөр, байрны СӨХ-ийн, зогсоолын түрээс, ашиглалтын төлбөр нийт 903,529.28 төгрөг,
5. 2019 оны 12 дугаар сарын байрны түрээс, ус дулааны төлбөр, байрны СӨХ-ийн, зогсоолын түрээс, ашиглалтын төлбөр нийт 1,009,250.48 төгрөг,
6. 2020 оны 01 дүгээр сарын байрны түрээс, ус дулааны төлбөр, байрны СӨХ-ийн, зогсоолын түрээс, ашиглалтын төлбөр нийт 971,584.28 төгрөг,
7. 2020 оны 02 дугаар сарын байрны түрээс, ус дулааны төлбөр, байрны СӨХ-ийн, зогсоолын түрээс, ашиглалтын төлбөр нийт 396,198.48 төгрөг,
Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1–т хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх нэгтгэх, дахин боловсруулах, зэргээр захиран зарцуулах бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 495.2-т энэ хуулийн 495.1-д зааснаар бусдын эрхийг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд нь хохирлыг нэн даруй нөхөн төлөхийг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэжээ. Хэрэв иргэн Д.М- тухайн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшээгүй бол нэхэмжлэгч өөрийн хөрөнгийг бусдад түрээслүүлэн орлого олох боломжтой байсан. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Иймд “Я О” ХХК--ийн хууль ёсны өмчлөлийн ******* дүүргийн 2 дугаар хороонд байршилтай ******* хотхон, 000 байр , ******* 58.68 м.кв орон сууцыг 2019 оны 8 дугаар сараас 2020 оны 02 дугаар сарыг хүртэл иргэн Д.М- нь хууль бусаар эзэмшсэн тул дээрх хугацааны байрны түрээс, халуун хүйтэн ус, цахилгаан, машины зогсоолын түрээс, СӨХ-ийн төлбөр нийт 5,593,356 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Я О” ХХК- нь 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. ******* дүүргийн хоёрдугаар хорооны 000 байр ны ******* хаягт хууль бусаар оршин суусны төлбөр, ашиглалтын зардал 5,523,856 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Тус байранд 2019 оны 8 дугаар сараас эхлэн Д.М- амьдарсан. Хариуцагч нь байр үзэж, харах зорилгоор байрны түлхүүрийг авчхаад тус байранд үргэлжлүүлээд амьдарч байсан. Байрнаас гарах шаардлагыг удаа дараа тавьсан. Бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Тус мэдэгдлийг хариуцагчийн ээж н.Бадамханд хүлээж авсан. Байрнаас гарахыг удаа дараа шаардсан боловч гараагүй. Иргэний хуулийн 495 дугаар зүйлд зааснаар бусдын хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулах нөхцөл байдал үүссэн.
Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д зааснаар хариуцагчийг байрыг албадан чөлөөлүүлж өгөөч гэж нэхэмжлэгч байгууллага нь надад хандсан. Би өөрсдөө гарах талаас хандъя заавал шүүхэд хандаад яахын гэсэн. Ингээд 2020 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 20 цагт байрыг хариуцагчаас нэхэмжлэгч компани нь байрыг хүлээж аваад акт үйлдсэн байгаа. Байраа хүлээж авсны дараа 2019 оны 8 дугаар сараас хойш 2020 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд оршин суусан түрээсийн төлбөрийг шаардсан. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан байдаг. Зах зээлийн дундаж зах ханшаар тооцоод сарын 500,000 төгрөгөөр тооцож түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн. Ашиглалтын зардлыг төлөөгүй байсан. Манай компанид ашиглалтын зардлын нэхэмжлэлүүд ирсэн. Манай компани нь ашиглалтын зардлуудыг төлсөн баримтаа хэрэгт өгсөн байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: миний бие өнгөрсөн оны хавар 2019 оны 5 дугаар сард иргэн *******ын *******д 160,000,000 төгрөг зээлдүүлж, хамтрагч ажиллахаар тохиролцсон юм. Г.Л-гийн хувьд 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн тендерт шалгарч гүйцэтгэх ажлын гэрээ хийсэн талаар танилцуулж ажлаа эхлэхэд мөнгө хэрэгтэй байна гэсэн. Хэрэв чи мөнгө зээлдүүлбэл хариуд Зайсан байрлалтай 2 байр байгаа, нэгийг нь чи зах зээлийн үнээс хямд үнээр ав гэсэн. Миний хувьд түрээсийн байраа хэзээ шилжүүлж өгөх талаар асуухад намар 8 сард байрандаа орохдоо нэрээ шилжүүлж аваарай, энэ байр нь “С Б” ХХК -тай ажил гүйцэтгэх гэрээнд бартераар авч байгаа байрнууд гэсэн. Би 7 сард хэд хэдэн удаа байрныхаа байршлыг зааж өгөхийг шаардсан хэдий ч хөдөө ажиллаж байгаа гэх шалтгаанаар зааж өгөхгүй явсаар 8 сарын дунд үе хүрсэн. Амьдарч буй байрны түрээсийн хугацаа дуусаж Г.Л-г өдөр шөнөгүй шалж байж Зайсанд байршилтай 67 м.кв байр, ******* хотхонд 54 мкв байр гараашийн хамт 2 байрыг очиж үзсэн. Тэгээд ******* хотхоныг байрыг бид сонгож худалдан авахаар болж нүүж орсон. Тухайн үеийн байрны гэрчилгээг үзүүлэх цаашлаад нэрээ шилжүүлэх шаардсан хэдий ч тун удахгүй гүйцэтгэсэн ажлаа дүгнүүлж нэрээ шилжүүлж авах эрх үүснэ 10 сардаа багтааж нэрээ шилжүүлнэ гэсэн.
Миний хувьд Г.Л-г хаана ямар ажил гүйцэтгэж байгааг сэдэж байсан болохоор ажил нь дуусаад байрныхаа нэрийг шилжүүлж өгөх юм байна гэж итгэсэн. Тухайн үед “Я О” ХХК- гэдэг нэр огт дурсагдаагүй бөгөөд би түлхүүрийг гардаж аваагүй ба Г.Л- гэдэг хүнтэй явж үзээд түлхүүрийг нь авч орсон. Г.Л- ажлаа дуусаад “С Б” ХХК -иас аваад над руу шилжүүлэх юм байна гэж ойлгосон. Гэтэл 11, 12 дугаар сар өнгөрч байхад өнөөдрийг хүртэл зээлдүүлсэн мөнгөнөөс нэг ч төгрөг авч чадахгүйгээр барахгүй худалдаж авсан гэ ойлгож байсан байрнаасаа хөөгдөж гараад байгаа юм. Гэтэл “Я О” ХХК- түлхүүрээ хүлээлгэж өгөөгүй харилцан тохиролцсон зүйлгүй атлаа миний гарт түлхүүр хүлээлгэж өгсөн мэтээр бичиж надтай түрээсийн гэрээ хийгээгүй байж мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Түрээстэй холбоотой асуудал дээр хариуцагч нь Г.Л- байх. Болсон процессын хувьд тийм байх гэж ойлгож байгаа. Би амьдрах явцад хэрэглээний зардлын асуудлыг би тодорхой хэмжээнд төлөөд явж байсан. Хэрэглээний зардлын төлбөр он гарснаас хойших 756,018 төгрөгийг би төлөх ёсгүй гэж ойлгож байгаа. Гэхдээ би тус орон сууцанд амьдарсан учраас хэрэглээний зардал 756,018 төгрөгийг төлөхөөс татгалзах зүйлгүй байна. Нэхэмжлэгч компани нь н.Лхагавсүрэнтэй түрээслэхээр тохирсон эсэхийг нь мэдэхгүй байна. Би “Ядам Од” ХХК-ийг мэдэхгүй байсан. 2019 оны 12 сард эзгүй байх хугацаанд бичиг үлдээгээд явсан байсан. Намайг уулзъя гэхээр надтай уулздаггүй байсан. Би сүүлдээ хүний байранд амьдарч б айгаа юм байна. Хэдий би н.*******тэй асуудалтай ч хөндлөнгийн хүмүүс гараад ирсэн болохоор тус байрнаас гарахаас өөр аргагүй болсон. Хуулийн хувьд би ямар байдлыг нь сайн мэдэхгүй. Би өнөөдрийг хүртэл 160,000,000 төгрөгөөсөө нэг ч төгрөг олж авч чадаагүй. Би худалдаж авлаа гэж бодоод ороод, амьдарч байсан байрандаа. Гэтэл тус байранд түрээс төлөх боломжгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Я О” ХХК- нь хариуцагч Д.М-эс ******* дүүргийн 2 дугаар хороонд байршилтай ******* хотхон, 000 байр , ******* 58.68 м.кв талбайтай орон сууцын түрээсийн төлбөрт 3,150,000 төгрөг, байрны төлбөр/ус, дулаан/ 400,018.43 төгрөг, СӨХ-ийн төлбөрт 193,900 төгрөг, цахилгааны төлбөрт 169,437 төгрөг, зогсоолын түрээсийн төлбөрт 1,526,000 төгрөг, зогсоолын ашиглалтын төлбөрт 160,000 төгрөг, нийт 5,593,356 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч орон сууц болон зогсоолын түрээсийн гэрээг байгуулаагүй тул шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, ашиглалтын зардалд 756,018 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө гэж маргасан.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.
Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэгдсэн, ******* дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр гудамж, ******* хотхон 000 байр ны ******* хаягт байршилтай 58.68 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэгдсэн ******* дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 000 байр ны зоорийн давхрын 31 тоот хаягт байршилтай 22,57 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тус тус бүртгэгджээ. /хх-ийн 17-18 дугаар тал/
Хариуцагч дээрх орон сууцанд 2019 оны 8 дугаар сараас 2020 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд амьдарсан, авто зогсоолд 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд авто машин байршуулсан гэдэгт маргаагүй, харин орон сууцны түлхүүрийг Г.Л- гэдэг хүнээс авсан нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй гэж маргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “манай компанийн Д.М-тэй орон сууц болон зогсоол хөлслөх, хөлслүүлэх, түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулаагүй, хариуцагч орон сууцны түлхүүрийг манай компаниас өөрөө хүлээн авсан” гэж тайлбарласан ч хариуцагчтай гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгсөн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасан үүргээ биелүүлээгүй болно
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, энэ хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар зохигчдын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй байх тул хариуцагчийн орон сууц, зогсоолын түрээсийн төлбөр төлөхгүй гэж маргасан хариуцагчийн татгалзал нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4,676,000 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч Д.М- маргааны зүйл болох орон сууцанд 2019 оны 8 дугаар сараас 2020 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд амьдарч байх хугацаанд ашиглалтын зардлыг төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Нэхэмжлэгч “Я О” ХХК- нь ******* хотхоны 000 байр ны *******од байрлах 2 өрөө орон сууцны ус, дулааны төлбөрт 301,300 төгрөг, цахилгааны төлбөрт 122,656 төгрөг, СӨХ-д 193,900 төгрөг, нийт 617,856 төгрөгийн төлбөрийг “Стандарт Хийт” ХХК, УБЦТС ХК, “*******” СӨХ-д тус тус төлсөн хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна/хх-ийн 9-11 дүгээр тал/
Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д “хууль ёсны өмчлөгч ,эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах, зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан.
Хариуцагч Д.М- шүүхийн хэлэлцүүлэгт “би 2019 оны 12 дугаар сард авто машин аваад 000 байр ны зоорийн давхрын 31 тоот хаягт байршилтай авто зогсоолыг ашигласан” гэж маргах боловч энэ талаарх баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасан үүргээ биелүүлээгүй тул зогсоол ашигласны төлбөр 160,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзэв.
Иймд хариуцагчаас байрны зардал/ус, дулаан/ 301,300 төгрөг, цахилгааны төлбөр 122,656 төгрөг, СӨХ-ийн төлбөр 193,900 төгрөг төгрөг, зогсоолын ашиглалтын төлбөрт 160,000 төгрөг, нийт 777,849 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөрт нэхэмжилсэн 4,815,507 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104,444 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан 777,879 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 23,218 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д заасныг баримтлан Ган овогт Д.М-ээс 777,849 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Я О” ХХК-/рд: /-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,815,507 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104,444 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан 777,879 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 23,218 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ