Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 142/ШШ2020/00453

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,   

Нэхэмжлэгч: ******* /регистрийн дугаар /-ын нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,  

“Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг  тоот байрны гэрчилгээг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “******* би “*******” ХХК-аас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж баг Б хотхонд 2018 оны 09 дүгээр сарын 11-нд байр худалдан авч ХААН банкны ******* тоот дансанд 55 770 000 төгрөг шилжүүлсэн болно. Гэтэл 7 хоногийн дараа байрны гэрчилгээг гаргаж өгнө гэж хэлээд албан ёсны байрны гэрээ хийсэн боловч одоо хүртэл гэрчилгээ гаргаж өгөөгүй. Иймд байрны гэрчилгээг гаргаж өгнө үү” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэгч *******-ын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1. Нэхэмжлэгч нь анх байр худалдаж авах үедээ уг байр нь барьцаанд байгааг мэдэж байсан.

2. Тийм учраас нэхэмжлэгчийн тус байранд орсноос хойших гарч байгаа зардлыг компани хариуцан төлж байгаа.

3. Хариуцагчаас нэхэмжлэгчид 3 сая төгрөгийг зээлдүүлсэн боловч одоог хүртэл эргүүлэн төлөөгүй байгаа зэрэг шалтгааны улмаас мөн одоогоор барилгын ажил зогссон компанийн санхүүгийн боломж муу байх тул уг байрны гэрчилгээг ойрын хугацаанд гаргах боломжгүй байна” гэжээ.   

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь “*******” ХХК-д холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Б тоот байрны гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч байгууллага нь орон сууцны гэрчилгээг гаргаж өгнө гэх боловч, одоогоор байр нь тэр чигээрээ банкны барьцаанд байгаа, санхүүжилт орж ирэхээр барьцаагаа чөлөөлөөд *******-ын нэр дээр шилжүүлж өгнө гэсэн тайлбар гаргасан.

 ******* нь “*******” ХХК-ийн барьсан Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж баг Б тоот орон сууцыг 55 770 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч үнийг бүрэн төлж уг орон сууцанд орсон байх ба, байрны гэрчилгээг хариуцагч байгууллага хэд хоногийн дараа гаргаж өгнө гээд одоог болтол гаргаж өгөөгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч: ...Б хотхоны барилгын /объектыг/ бүхэлд нь банкны барьцаанд тавьсан.  “*******” ХХК барилгын үйл ажиллагаа эрхэлдэг, барилгаа 80 хувь хүртэл бариад 20 хувьд объектоо барьцаалаад зээл авсан. Бид хариуцлагаа ухамсарлаж Н.Э-ыг мөнгө төгрөг хэрэгтэй гэхэд нь 3,0 сая төгрөг зээлүүлсэн. Мөн тог цахилгааны мөнгийг нь төлж байгаа. Мөн тог цахилгааны төлбөрт 1,0 сая төгрөг өгч байсан. Одоо, зээлүүлсэн 3,0 сая төгрөг болон тогны мөнгө, дээрх мөнгүүдийг авахгүйгээр улсын төсвөөс санхүүжилт орж ирэхээр эхний ээлжинд Н.Э-ын байрны гэрчилгээг гаргаж өгөхөөр эвлэрье гэсэн санал тавьсан.   

Нэхэмжлэгч нь хариуцагчийн эвлэрэх саналыг хүлээж авсан. Гэсэн ч шүүх эвлэрлийг батлах боломжгүй гэж үзсэн. Учир нь тухайн объект нь хэзээ барьцаанаас чөлөөлөгдөх, хэзээ байрны гэрчилгээг гаргаж өгөх нь тодорхойгүй байх ба, хэзээ биелэгдэх нь тодорхойгүй эвлэрлийг батлах боломжгүй гэж шүүх үзсэн учир хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэв.

Н.Э нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж баг Баян-Өндөр хотхоны ******* тоот орон сууцыг худалдан авч, үнийг бүрэн төлсөн боловч байрныхаа гэрчилгээг гаргаж өгөөгүй учир бид байраа зарж үрэх, захиран зарцуулах эрхгүй байна. Эхлээд байрыг авахад байрыг банкны барьцаанд байгаа гэж хэлээгүй, хэдэн сарын дараа тэрийгээ бидэнд хэлсэн. Эхнэр маань хавдартай болж мөнгө төгрөг хэрэгтэй болоход байраа барьцаалаад ч зээл авах боломжгүй болсон. Бид илүү их хэмжээгээр хохирч байна... гэсэн тайлбар гаргасан.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба, нэхэмжлэгч Н.Э нь мөнгөө бүрэн төлсөн тул хариуцагчаас байрны гэрчилгээг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Хариуцагч “*******” ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, өөрөөр байрны гэрчилгээг нэхэмжлэгчид өгөөгүй байна. 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх тул Н.Э-ын гаргасан шаардлагын дагуу шийдвэрлэсэн бөгөөд, нэгэнт хариуцагч нь байрны гэрчилгээг гаргаж өгөхийг хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан Н.Э-т          Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж баг Баян-Өндөр хотхоны     тоот орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхийг “*******” ХХК-д даалгасугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА