Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 100

 

    

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэргийн индекс: 171/2012/0112/Э/

 

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч Н.Идэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт Ж овогт С.Ө , Б овогт С.Т  нарт холбогдуулан яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн эрүүгийн 201209000234 дугаартай хэргийг 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн Б овогт С.Т  /РД:ТЗ.../ 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 54 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, агротехнигч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, групэд байдаг, ам бүл 2, хүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг, .. дүгээр хороолол .. тоот оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

2. Монгол Улсын иргэн Ж овогт С.Ө  /РД:Т... / 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 58 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, эх баригч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт байдаг, ам бүл 2, нөхрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг, .. тоот оршин суудаг, үндсэн оршин суух хаяг нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын .. дугаар баг .. дүгээр хэсэг . тоотод бүртгэлтэй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

 

Шүүгдэгч С.Т  нь 2012 оны 4 дүгээр сарын 05-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4-1 дүгээр байрны 25 тоотод өөрийн төрсөн эгч С.Ө тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч С.Ө  2012 оны 4 дүгээр сарын 05-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4-1 дүгээр байрны 25 тоотод өөрийн төрсөн дүү С.Т тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Шүүгдэгч С.Т  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Бид хоёр хоорондоо эвлэрсэн тул мэдүүлэх зүйлгүй гэв.

            Шүүгдэгч С.Ө  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Бид хоёр хоорондоо эвлэрсэн тул мэдүүлэх зүйлгүй гэв.

       D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Øèéòãýõ òîãòîîë 2012\Ñ.Òóÿà, Ñ.ªëçèéõàíä íàð-99.1-100

     Шүүгдэгч С.Т  нь 2012 оны 4 дүгээр сарын 05-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4-1 дүгээр байрны 25 тоотод өөрийн төрсөн эгч С.Ө тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

     хохирогч С.Ө ын:…”2012 оны 4 дүгээр сарын 05-ны орой Т  Бат-Эрдэнэ, Т цэцэг, гэдэг хоёр дүү рүүгээ утсаар яриад тэдэндээ хандан “энэ 60 гарсан зөнөг чавганц чинь байр булааж авах гээд байранд орж ирээд гарахгүй байна. Дөлгөөнийг авч ирээд зодуулчих уу” гэж хэлээд надад хандан чи энэ утсыг чагна даа гэж хэлэхэд нь би утсыг нь цохиод цаашлуулсан чинь зүүн гараараа намайг үсдээд доош нь дараад байж байтал хажууд байсан өрөө хөлслөгч залуу Т г салгах гэхэд Т  намайг үсэдсэн чигээрээ татагдаад миний толгойноос туг үс зулгааж аваад газар хаясан юм. Тэгээд би өдөржингөө хэвтсэн чинь Т  бүх ах дүү нар руугаа залгаад тэдэндээ хандан “энэ авгай намайг зодоод байна. Бас та нарыг муу хэлээд байна” гэж худлаа хэлээд байсан. Тэгээд бас Улаанбаатар хотод байдаг хүү рүүгээ залгаад “хурдан ирээрэй намайг алах гээд байна, байрыг маань булаах гээд байна” гэж хэлээд байсан юм. Тэгтэл миний дотор эвгүйрхээд байхаар нь би гэртээ очиж цай уугаад бас даралтын эм уучхаад буцаад 4-1 дүгээр байр луу очоод шатаар дөрвөн давхар руу өгсөж байтал Т  хүүхэдтэйгээ гүйж ирээд хүүхдэдээ хандан “Д  хурдан наадхынхаа гараас бариад ав” гэж хэлээд миний баруун гараас өөрөө зуураад зүүн гараас маань хүүхэд нь зуурсан юм. Тэгээд Т  хүүхдэдээ хандан “Д  гараа тавьж болохгүй шүү, наадхаа доош нь чирээд зодоорой, ингэж мэдрэл муутай болгож байж энэ байраа салгаж авна шүү” гэж хэлээд байсан юм. Тэгээд Т  намайг үсдээд толгой руу цохиод байсан ба хүү нь намайг доош нь гурван давхар руу авчраад миний толгой руу цохиод байсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11 дахь тал/,

     гэрч О.Б ын:…”2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Ө  ирээд Т тай хэрэлдээд мэдрэл муутай өвчтэй гэж хэлж байсан юм. Тэгтэл Т  өөдөөс нь хэрэлдээд тэр хоёр нэг нэгэндээ салаавч гаргаад байсан юм. Тэгээд би 00-ын өрөө рүү орчхоод гараад ирсэн чинь том өрөөнд Т , Ө  нар хоорондоо үсдэлцээд зогсож байхаар нь би эхнэрийн хамт тэр хоёрыг салгасан юм. Тухайн үед Т гийн нүүр нь шалбарсан, эрүү нь хөхөрсөн байсан. Харин Ө ын үс нь унасан байсныг өөрөө цуглуулж авсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/,

     гэрч Т.Н ийн:…”Том өрөөний цонхны хажууд Ө  зогсож байсан. Тэгээд Ө  Т тай хэрэлдэж байснаа гэнэт Т гийн нүүр рүү цохих шиг болтол Т гийн нүүрийг нь маажчихсан бас эрүүн доор нь хөхөрчихсөн байсан юм. Тэгтэл Т  өөдөс нь үсдээд тэр хоёр нэг нэгнээ үсдээд авахаар нь нөхөр бид хоёр татаж салгасан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 19 дахь тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 157 тоот актын

1. “С.Ө ын биед тархи доргилт, хүзүүний ар хэсгийн ба баруун өвдөгний зулгаралт, зүүн тохойны цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэсэн дүгнэлт /хэргийн 23 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч С.Ө  2012 оны 4 дүгээр сарын 05-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4-1 дүгээр байрны 25 тоотод өөрийн төрсөн дүү С.Т тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

хохирогч С.Т гийн:…”2012 оны 4 дүгээр сарын 05-ны орой Ө  над руу ойртоод ирэхээр нь би цаашаа байгаач гэж хэлээд энгэр рүү нь түлхсэн чинь эгч надад хандан “чи эхэлж гар хүрсэн шүү” гэж хэлэхээр нь би эгчид хандан “би танд гар хүрээгүй зүгээр л таныг ингэж түлхсэн шүү” гэж хэлээд ахиад энгэр рүү нь түлхтэл Ө  баруун гараараа миний нүүр рүү цохиод дараа нь түлхээд гараа авахдаа миний зүүн талын хацар дээр маажсан юм. Тэгээд ахиад миний зүүн талын шанаа руу доороос нь сөхөж цохисон юм. Тэгэхэд нь баруун гараараа Ө ын үснээс нь зулгаагаад автал хажууд байсан манай гэрт байдаг залуу бид хоёрын дундуур ороод салгасан юм…Манай хүү Дөлгөөн хотоос ирээд хүү бид хоёр гарах гээд орцоор уруудаж байтал хоёр давхрын шатан дээр Ө тай таарахад Ө  бид хоёрын өөдөөс орилоод эхлэхээр нь хүү бид хоёр Ө ын хоёр талаас нь сугадаад орцноос гаргаад тавьсан чинь над руу дайраад миний цээж рүү цохисон юм. Тэгэхээр нь би баруун гараараа Ө ыг үсдээд доош нь дараад тавьсан. Тэгээд Ө  цагдаа дуудахад цагдаа нар ирсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 8 дахь тал/,

гэрч О.Б ын:…”2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Ө  ирээд Т тай хэрэлдээд мэдрэл муутай өвчтэй гэж хэлж байсан юм. Тэгтэл Т  өөдөөс нь хэрэлдээд тэр хоёр нэг нэгэндээ салаавч гаргаад байсан юм. Тэгээд би 00-ын өрөө рүү орчхоод гараад ирсэн чинь том өрөөнд Т , Ө  нар хоорондоо үсдэлцээд зогсож байхаар нь би эхнэрийн хамт тэр хоёрыг салгасан юм. Тухайн үед Т гийн нүүр нь шалбарсан, эрүү нь хөхөрсөн байсан. Харин Ө ын үс нь унасан байсныг өөрөө цуглуулж авсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/,

     гэрч Т.Н ийн:…”Том өрөөний цонхны хажууд Ө  зогсож байсан. Тэгээд Ө  Т тай хэрэлдэж байснаа гэнэт Т гийн нүүр рүү цохих шиг болтол Т гийн нүүрийг нь маажчихсан бас эрүүн доор нь хөхөрчихсөн байсан юм. Тэгтэл Т  өөдөс нь үсдээд тэр хоёр нэг нэгнээ үсдээд авахаар нь нөхөр бид хоёр татаж салгасан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 19 дахь тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 157 тоот актын

1. “С.Т гийн биед тархи доргилт, нүүр, их биеийн зөөлөн эдийн цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэсэн дүгнэлт /хэргийн 26 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч С.Ө , С.Т  нар нь харилцан зодолдож бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Ө , С.Т  нар урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 43, 50 дахь тал/

 

Шүүгдэгч С.Ө , С.Т  нар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “Бид нэг нэгэндээ гомдол, санал байхгүй эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт бичгээр гарган ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар С.Ө , С.Т  нарын үйлдсэн “Бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нарын шүүхэд ирүүлсэн хүсэлтэд үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч С.Ө , С.Т  нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иймд С.Т , С.Ө  нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, хоорондоо эвлэрсэн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан үндэслэлээр С.Ө , С.Т  нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

      Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ж овогт С.Ө ыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Б овогт С.Т г бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус  үйлдсэн гэм буруутайд тооцсугай..

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай 99 дугаар зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Ж овогт С.Ө , Б овогт С.Т  нарт холбогдох 201209000234 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар С.Ө , С.Т  нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч С.Ө , С.Т  нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол С.Ө , С.Т  нарт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Ө , С.Т  нарт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ

              ШҮҮГЧ                                               Ё.РИНЗААН