Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2020/00501

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,   

Нэхэмжлэгч: ******* /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: ******* /регистрийн дугаар /-д холбогдох,   

“Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие ******* нь *******-тай 2012 оны 03 дугаар сард танилцсан. 2012 оны 06 сараас эхлэн хамт амьдарч эхэлсэн. 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр том хүү Ч-ийн Ч, 2016 оны 05 дугаар сарын 20-нд бага охин О-ын Н нар төрсөн. Хамт амьдарч байх хугацаанд нөхөр ******* байнга хардаг. Хардах байдал нь даамжирч гар хүрдэг болсон. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маш их асуудал үүсгэдэг. Намайг зодно хүүхдүүдийг айлгаж, заримдаа гар хүрдэг байсан. Би хоёр хүүхдээ бодоод энэ байдлыг нь ээж, найз нөхөд, хамаатан садандаа хэлэлгүй нуудаг байсан. Бие болон сэтгэлийн маш их дарамтанд амьдарч байсан. 2019 оны 11 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө ******* согтуу ирээд намайг зодсон. Аргаа бараад цагдаад дуудлага өгөөд цагдаа ирээд авч явсан. Тухайн үед цагдаагийн газарт өргөдөл бичиж өгсөн. Цагдаагийн газар шалгаад шүүхэд шилжүүлэхэд баривчлах ял оногдуулсан байсан. Би шүүх хуралдаанд оролцоогүй. 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хоёр хүүхдээ аваад ээж рүүгээ Улаанбаатар хот руу явсан. Одоо ээжтэйгээ Улаанбаатар хотод хоёр хүүхдийн хамт амьдарч байгаа. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Гэрлэлтийн батлахгүй учраас том хүүг би өөрөөрөө бага охиныг аав нь гуйж байгаад өөрөөрөө овоглосон. *******-ын зан араншинг 7 жил тэвчсэн. Зан араншин нь огт өөрчлөгдөхгүй улам догширсон. *******-ын үйлдэл хүүхдүүдийн хүмүүжилд нөлөөлж эхэлсэн. Цаашдаа хамт амьдрах бодолгүй байгаа учраас *******, ******* нарыг өөрийн асрамжид авч, эцэг *******-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна” гэжээ.  

Хариуцагч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хоёр 2013 онд гэр бүл болсон. Надад буруу юм байгаа зодож нүдсэн нь үнэн. Ер нь бол хардалтаас болдог. Анх том хүүг гэдсэнд байхад өөр хүнтэй явж байгаад баригдсан. Би байнга архи уугаад байдаггүй. Хоёр хүүхдээ бодоод эвлэрье, хоёр хүүхдээ өнчрүүлмээргүй байна... гэжээ.           

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь *******-д холбогдуулан хүү *******, охин ******* нарыг өөрийн асрамжид авч, эцгээр нь тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.   

*******, ******* нар нь 2012 онд танилцаж, хамтран амьдарсан бөгөөд тэдний дундаас 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүү *******, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр охин ******* нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байна.   

Хариуцагч ******* нь охин *******-г өөрийн нэрээр овоглож төрсний гэрчилгээ авсан байх ба, Чинхүслэнг төрөхөд гэрлэлтээ батлуулаагүй байсан тул ээжээр нь овоглосон гэсэн тайлбарыг талууд гаргасан.    

Хүүхдийн асрамжийн хувьд хариуцагч маргаж мэтгэлцээгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн сард нэг хүүхдэд олгох тэтгэлгийг тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2.-д 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтооно гэж заасан.  

Иймд хүү *******, охин ******* нарыг эх *******-ийн асрамжид үлдээж, насанд хүртэл нь эцэг *******-аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.  

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд илүү төлсөн 70 200 төгрөгийг  төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 54 502 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү *******, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин ******* нарыг эх *******-ийн асрамжид үлдээсүгэй.  

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү *******, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин ******* нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******-аар сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.   

3. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 54 502 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.    

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон  аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ХИШИГДАВАА