| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | З.Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 171/2013/0149/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/139 |
| Огноо | 2013-08-29 |
| Зүйл хэсэг | 181.3., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2013/ШЦТ/139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0149/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Д.Алтантуяа, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэйгээр,
иргэдийн төлөөлөгч Ц.Цэндсүрэн, Д.Ганболд, С.Банди
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар
улсын яллагч Н.Мөнгөнсүх
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам
хохирогч Н.Р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б Х т холбогдох эрүүгийн 201309000332 дугаартай, нэг хавтас хэргийг 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 19... оны .. дүгээр сарын ..-нд Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 435 дугаар ангид ял эдэлж байгаа, ам бүл-7, ээж, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Б. тосгоны ...тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд :
1994 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил хорих ял, 1996 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 2 сар хорих ял, 1997 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил хорих ял, 1999 онд Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сар хорих ял, 2000 онд Эрүүгийн хуулийн 3, 211 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар 8 жил хорих ял оногдуулж, уг ялаа эдэлж байхдаа оргож, 2006 онд Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар ял нэмүүлж, нийт 11 жил 3 сар хорих ялаар шийтгүүлсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн М... дугаартай, Б овогт Б Х .
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:
Шүүгдэгч ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 435 дугаар ангид ял эдэлж байхдаа 2013 оны 05 дугаар сарын 30-ны орой 22 цагийн орчим тус ангид шинээр шилжиж ирсэн ялтан Н.Р г үл ялих зүйлээр шалтаглан эрүүн тус газар нь цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Р бид 2 урьд нь дамжин дээр муудаж байсан юм. Хэрэг болох өдөр Т Р г дуудуулаад “өрөөндөө цэвэрхэн суугаарай, ахиж хог шороо тарих асуудал байхгүй шүү” гэж хэлсэн тэгэхэд Р нь өөрөө “Чойрын шоронд байсан, шоронд ийм зүйл байдаг юм уу” гээд яриад байсан. Тэгэхээр нь би жоохон дургүй хүрээд л цохичихсон юм. Тэрнээс биш санаатай эрүү амыг нь хугалах санаа байгаагүй. Хохирлын мөнгө 500.000 төгрөгийг төлсөн.
Х
Буруугаа хүлээж байгаа, надад хөнгөн ял оноож өгнө үү” гэв.
Хохирогч Н.Р шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 05 дугаар сарын 29-нд би уг ангид шилжиж ирсэн юм. Тэгээд 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн орчим өрөөндөө байж байхад байрны дарга ялтан Т орж ирээд “байрандаа цэвэрхэн суугаарай” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би “цэвэрхэн сууна аа” гэж хэлчихээд хамт хоригдож байсан өрөөний залуугийн хэл нь булталзаад байхаар нь инээсэн чинь Т “чи хүнийг үл тоолоо” гэж хэлээд намайг алгадаж авчихаад гараад явчихсан...Тэгээд орой 22 цаг 30 минутанд тоо болоод дууссан бөгөөд өрөөндөө ороод ороо засаад байж байтал Батдэлгэр ирээд “байрны дарга дуудаж байна” гэсэн. Тэгээд би ганцаараа байрны даргын өрөөнд ороход тэдний өрөөний 8 ялтан бүгд байсан. Тэгээд ороход байрны дарга “өдөр чи муу яагаад байсан бэ” гэхээр нь би “яагаач үгүй шүү дээ” гэхэд Т “чамайг хэн гэдэг юм” гэсэн тэгэхээр нь би “ Р ” гээд нэрээ хэлсэн чинь Т “халхын шоронд Р гэж сонсоогүй юм байна шүү” гэж хэлсэн. Гэтэл баруун талд ороо засаж байсан ялтан Х дундуур орж ирээд “чи чинь Чойроос ирсэн гэл үү, би ч гэсэн Чойрт чинь байсан наашаа хар даа” гэхээр нь эргээд хартал миний зүүн шанаа орчим баруун гараараа нэг удаа цохиод авсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэрч Д.Т ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...орой 22 цагийн орчим тоо явсны дараа Батдэлгэрээр Р г өөрийнхөө өрөөнд дуудуулсан. Тэгээд Р ороод ирэхээр нь би Р д хандаж “ чи наад өрөөндөө цэвэрхэн суу чи наанаа 10 ч хонож магадгүй, эсвэл сар ч болж магадгүй” гээд хэлсэн. Тэгэхэд Р юм ярихгүй цээжиндээ гараа зөрүүлж тэвэрчихээд зогсоод байсан. Тэгэхэд нь Р д “ чи хаана ял эдэлж байсан чинь хамаагүй, би байр хариуцдаг юм, чи өрөөндөө цэвэрхэн байгаарай” гээд хэлсэн. Тэгэхэд Р өөрийгөө “би Чойрын шоронд байсан” гэж хэлсэн чинь хажууд нь ороо засаж байсан Х “би ч гэсэн Чойрын шоронд байсан, наана чинь байрны дарга чинь юм хэлээд байгаа юм биш үү” гэж хэлээд Р гийн зүүн шанаа руу нэг удаа алгадаад авах шиг болсон юм. Тэгэхэд Р өрөөнөөс гараад гүйчихсэн юм. Тэгээд удаагүй харуул, ээлжийн дарга нар ирсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 9 дүгээр тал/
Гэрч Ц.Ц-ийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Орой тоо явсны дараа өрөөндөө Р бид 2 байж байхад Р г нэг хүн ирээд “байрны дарга дуудаж байна” гэж хэлээд аваад гарсан юм. Ингээд 10 орчим минут болоогүй Р буцаад өрөөндөө ороод ирсэн. Тэгээд надад юу ч хэлээгүй байж байхад араас нь харуул орж ирээд “ эрүү чинь зүгээр үү” гэж асуусан. Тэгэхэд Р “эрүү нэг эвгүй байна” гэж хэлсэн. Ингээд эмч дуудаад Р аваад явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 10 дугаар тал/
Гэрч С.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Орой 22 цаг 30 минутын орчим өрөөнүүдийг шалгаад явж байхад Т ын өрөөнд Р орсон байсан. Тэгээд намайг ороход Т Р д хандаад хаана байсан чинь хамаа байхгүй шүү өрөөндөө цэвэрхэн суу” гээд хэлж байсан. Тэгээд би унтаж амарцгаа гэж хэлээд гараад 2 дахь өрөөг өнгөрөхөд Р тэдний өрөөнөөс цохиулсан байдалтай гараад гүйсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 11 дүгээр тал/,
Гэрч Д.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн “...Байрны дарга Т Б-ийг хажуу өрөө рүү ороод Р г дуудаад ир гэж хэлээд явуулсан. Тэгээд Батдэлгэр Р г дагуулаад ороод ирсэн ба Р өрөөний голд зогссон. Тэгэхэд Т өөрөө өрөөний хойморт суугаад Р д хандаад “чи наад өрөөндөө байх хугацаандаа цэвэрхэн байгаарай, хэд ч хонож магадгүй, гээд хэлж байсан. Тэгээд Т “чи хаанаас ирсэн юм бэ” гэхэд Р нь “Чойрын шоронгоос дэглэм дээшилж ирсэн” гэж хэлсэн. Тэгэхэд Х хажуу талаас нь “ чамтай байрны дарга юм яриад байхад чи яагаад байгаа юм бэ, чи Чойрын шоронгоос ирсэн чинь хамаа байхгүй шүү, би ч гэсэн тэр Чойрын шоронд чинь байсан” гэж хэлээд Р гийн зүүн шанаа хэсэг рүү нь нэг удаа алгадаад авах шиг болсон юм. Тэгэхэд Р шууд шанаагаа дараад хаалгаар намайг дайрчих дөхөөд гараад явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 12 дугаар тал/
Гэрч Ц.А-ын “...Оройн тоо явсны дараа Т Батдэлгэрийг явуулж Р г өрөөндөө дуудаж ирүүлсэн. Ингээд Р г өрөөндөө оруулж ирээд “чи өдөр хог шороогоо цэвэрлэ гэж байхад цэвэрхэн суудаггүй юм уу, чиний хаана байсан чинь хамаагүй шүү, энд бол цэвэрхэн сууна шүү” гээд хэлсэн. Тэгэхэд тэр Р гэдэг нөхөр элгээ тэврээд зогсоод байсан. Тэгэхэд хажуу талаас нь Х Р д хандаж “Чиний хаана байсан чинь хамаагүй шүү, тэр Чойрт чинь би ч гэсэн байсан” гэж хэлээд баруун гараараа шанаа хэсэг рүү нь цохиод авсан. Би яг аль шанаа руу нь цохьсонг нь хараагүй. Тухайн үед би шүдээ угаагаад байж байсан юм. Тэгээд Р цохиулчихаад гараад гүйгээд явчихсан...” гэх мэдүүлэг /хэргийн 13 дугаар тал/
Гэрч Ж.Б-ы мөрдөн байцаалтанд өгсөн “...Т Р г дуудаж өрөөндөө оруулж ирээд “өрөөндөө цэвэрхэн суу” гэж хэлсэн. Тэгэхэд Р “Чойрын шоронд байсан гээд жоохон хэг ёг хийсэн байдлаар хариулсан” юм. Тэгэхэд хажуу талаас нь Х “би Чойрын шоронд чинь байсан” гэж хэлээд нэг удаа алгадаад авсан. Тэгэхэд Р өрөөнөөс гараад гүйсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 14 дүгээр тал/
Гэрч Т.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Орой тоо явсны дараа Т надад хандан “хажуу өрөөнөөс Р г дуудчих” гэж хэлсэн. Ингээд би хажуу талын өрөөнд ороод Р д байрны дарга чамайг дуудаж байна гэж хэлсэн. Тэгээд би буцаад өрөөндөө ороход араас Р орж ирсэн. Тэгэхэд Т Р д хандаж “чи хаанаас ирсэн чинь хамаагүй шүү, өрөөндөө цэвэрхэн суугаарай” гэх мэтийн зүйл ярихад хажуу талаас нь Х Р д хандаж “ чи Чойроос ирсэн чинь хамаа байхгүй шүү би ч гэсэн Чойрын шоронд байсан” гэж хэлээд нэг алгадаад авсан. Тэгэхэд Р шанаагаа бариад өрөөнөөс гараад явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 15 дугаар тал/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 540 тоот дүгнэлтэнд “...Р гийн биед доод эрүүний хоёрлосон хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл болно...” гэх дүгнэлт /хэргийн 19 дүгээр тал/,
Хориh дугаар ангийн холбооны телекамерын бичлэг шалгасан тухай тэмдэглэл /хэргийн 43, 72 дугаар тал/,
Шүүгдэгч ******* ын иргэний үнэмлэхний лавлагаа / хэргийн 41 дүгээр тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 42 дугаар тал/,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 573 дугаар таслан шийдвэрлэх тогтоол /хэргийн 58-59 дүгээр тал/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 137 дугаар таслан шийдвэрлэх тогтоол, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 204 дугаар таслан шийдвэрлэх тогтоол, /хэргийн 50-54 дүгээр тал/,
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.-т заасныг журамлан ******* ыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцжээ” /хэргийн 55-56 дугаар тал/,
Дархан-Уул аймаг дахь хорих 435 дугаар ангийн 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ялын тооцоогоор “Б овогтой Х нь Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 жил 3 сар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар оногдуулсан 5 жил 3 сар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 6 жил 10 сар 28 хоногийн хорих ялын зарим хэсэг болох 6 жил хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 11 жил 3 сараар тооцож” хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хорих 435 дахь ангид ял эдлэж байхдаа биеэр 9 жил 7 сар 17 хоног эдэлж, 2 сар 25 хоногоор шагнуулж, бүгд 9 жил 10 сар 12 хоног, үлдэж байгаа хугацаа 1 жил 4 сар 18 хоног байна” гэжээ /хэргийн 59 дүгээр тал/,
Дархан-Уул аймаг дахь хорих 435 дугаар ангийн “тус хорих ангид ял эдлэж байгаа Б овогтой ялтан Х нь ялтан Н.Р гийн эмчилгээний төлбөр болох 500,000 төгрөгийг төлсөн нь үнэн болно” гэсэн тодорхойлолт /хэргийн 60 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* нь онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдож, хорих ангид ял эдэлж байхдаа 2013 оны 05 дугаар сарын 30-ны орой 22 цагийн орчим тус ангид шинээр шилжиж ирсэн ялтан Н.Р г үл ялих зүйлээр шалтаглан эрүүн тус газар нь цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:
-Хохирогч Н.Р гийн “...баруун талд ороо засаж байсан ялтан Х дундуур орж ирээд “чи чинь Чойроос ирсэн гэл үү, би ч гэсэн Чойрт чинь байсан наашаа хар даа” гэхээр нь эргээд хартал миний зүүн шанаа орчим баруун гараараа нэг удаа цохиод авсан” гэх мэдүүлэг,
-Гэрч Д.Т ын “...Р өөрийгөө “би Чойрын шоронд байсан” гэж хэлсэн чинь хажууд нь ороо засаж байсан Х “би ч гэсэн Чойрын шоронд байсан, наана чинь байрны дарга чинь юм хэлээд байгаа юм биш үү” гэж хэлээд Р гийн зүүн шанаа руу нэг удаа алгадаад авах шиг болсон юм” гэх мэдүүлэг,
-Гэрч Ц.Ц “...Р буцаад өрөөндөө ороод ирсэн. Тэгээд надад юу ч хэлээгүй байж байхад араас нь харуул орж ирээд “ эрүү чинь зүгээр үү” гэж асуусан. Тэгэхэд Р “эрүү нэг эвгүй байна” гэж хэлсэн. Ингээд эмч дуудаад Р аваад явсан” гэх мэдүүлэг,
-Гэрч С.Б-ийн “... Р тэдний өрөөнөөс цохиулсан байдалтай гараад гүйсэн” гэх мэдүүлэг,
-Гэрч Д.М-ын “...Х хажуу талаас нь “чамтай байрны дарга юм яриад байхад чи яагаад байгаа юм бэ, чи Чойрын шоронгоос ирсэн чинь хамаа байхгүй шүү, би ч гэсэн тэр Чойрын шоронд чинь байсан” гэж хэлээд Р гийн зүүн шанаа хэсэг рүү нь нэг удаа алгадаад авах шиг болсон юм” гэх мэдүүлэг,
-Гэрч Ц.А-ын “...Х Р д хандаж “Чиний хаана байсан чинь хамаагүй шүү, тэр Чойрт чинь би ч гэсэн байсан” гэж хэлээд баруун гараараа шанаа хэсэг рүү нь цохиод авсан” гэх мэдүүлэг,
-Гэрч Ж.Б-ы “...Х нь “би Чойрын шоронд чинь байсан” гэж хэлээд нэг удаа алгадаад авсан” гэх мэдүүлэг,
-Гэрч Т.Б-ийн “Х Р д хандаж “чи Чойроос ирсэн чинь хамаа байхгүй шүү би ч гэсэн Чойрын шоронд байсан” гэж хэлээд нэг алгадаад авсан” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч ******* ын “...Р нь өөрөө “Чойрын шоронд байсан, шоронд ийм зүйл байдаг юм уу” гээд яриад байсан. Тэгэхээр нь би жоохон дургүй хүрээд л цохичихсон юм. Тэрнээс биш санаатай эрүү амыг нь хугалах санаа байгаагүй” гэх хэргээ хүлээсэн мэдүүлэг,
-Шүүх эмнэлгийн шинжээчийн үзлэг хийсэн 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 540 дугаар “Р гийн биед доод эрүүний хоёрлосон хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт,
- “******* ыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон тухай” Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоол зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ******* нь онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон байхдаа ялимгүй зүйлээр шалтаглан хүч хэрэглэн, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан “танхайрах гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн үйлдсэн бол” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдож, ял эдэлж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7-т зааснаар онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирогч Н.Р нь “гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч ******* ыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг оногдуулав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 293, 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б Х ыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон байхдаа танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар ******* т 5 /тав/ жил 10 /арав/ хоног хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар шүүгдэгч ******* т энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 /тав/ жил 10 /арав/ хоног хорих ял дээр, өмнөх Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 11 /арван нэг/ жил, 3 /гурав/ сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сар 18 /арван найм/ хоногийн хорих ялын зарим болох 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жил 6 /зургаа/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7-т зааснаар шүүгдэгч ******* т оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч ******* ын энэ хэрэгт 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ******* т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА
ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА
Я.ТУУЛ