| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2012/0128/Э/ |
| Дугаар | 115 |
| Огноо | 2012-06-14 |
| Зүйл хэсэг | 091.2.12, |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0128/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оч даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ё.Ринзаан нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгсбаяр,
иргэдийн төлөөлөгч С.Банди, Д.Ганболд, Ц.Цэндсүрэн,
улсын яллагч Н.Идэр,
хохирогч Р.У ,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т заасан гэмт хэрэгт Б овогт Н.А т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000159 дугаартай хэргийг 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Монгол Улсын иргэн Б овогт Н.А , /РД:Т../, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Дархан хотод төрсөн, эмэгтэй, 26 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Дархан сумын . баг .. хороолол, .. байрны .. тоотод оршин суудаг, эрхэлсэн ажилгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Н.А нь согтуугаар 2012 оны 3 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 20-7 дугаар байрны 2 дугаар орцны жижүүрийн өрөөнд иргэн Ц.Б ийг онц харгис хэрцгий аргаар хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Түүхий эдийн цэг дээр юмаа өгөх гээд явж байсан. Тэгээд юмаа тушаачихаад явж байгаад хохирогчтой таарсан. Би 3000 төгрөгийн түүхий эд тушаасан. Хохирогч манай ахыг асуусан. Тэгээд манайд очъё гэхээр нь зам нийлээд хамт явсан. Тэгээд дэлгүүрээс 0.75 литрийн шилтэй архи авч уусан. Дараа нь дахиад юм аваад уусан юм. Тэгээд нилээн согтоод халсан байсан. Нэг мэдсэн зодолдсон байсан. Тэгээд гэнэт явах гээд миний шуудайтай юм хаана байна гэж асуухад би мэдэхгүй гээд бид хоёр хоорондоо муудалцсан. Миний гар дээр хутга байсан. Тэгээд юмаа авах гээд айлгах санаатай чичилж байсан юм. Хэдэн удаа чичилсэн ээ санахгүй байна.
C:\Documents and Settings\User\Desktop\Í.Àëòàí÷èìýã 91.2.12-.doc
Би согтуу байсан юм. Миний өөдөөс юу ч хэлэхгүй дуугүй байсан. Тэгээд би гараад найз залуугийнхаа гэрт очсон. Хоночихоод өглөө нь хамт очъё гээд хамт очсон. Тэгээд тэрийг дагуулж ирээд хаалгын татсан. Тэгсэн чинь чи хүн алсан байна гэсэн тэгээд намайг гэртээ байж бай гээд би зах орчихоод ирье гээд явсан. Тэгээд 2 цагдаа ирээд намайг ирээд аваад явсан” гэв.
Хохирогч Р.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай багт Ц.Б гэдэг эмэгтэй бүртгэлтэй байсан. Тэр өөрийн гэсэн орон гэр байхгүй, орц хонгилоор амьдардаг юм. Уг нь Засаг даргын захирамжаар улсын асрамжинд явуулах гэж байсан. Гэтэл бусдын гарт амь насаа алдсан байна. Намайг Дархан сумын Засаг даргын тамгын газраас энэ хэрэгт хохирогчоор томилсон юм” гэв.
Шүүгдэгч Н.А нь 2012 оны 3 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 20-7 дугаар байрны 2 дугаар орцны жижүүрийн өрөөнд иргэн Ц.Б тэй хамт архидан согтууран улмаар “миний хогны уут байхгүй байна, би мөнгөөрөө архи авсан” гэх зэргээр хоорондоо маргалдан зодолдож улмаар тавцан дээр байсан хутгыг авч Ц.Б ийг олон удаа чичилж, түүнийг хутгалж 37 удаагийн шарх гэмтэл буюу нурууны баруун дал, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, баруун суга, хүзүү, баруун чихний дэлбэн, баруун хөх, баруун эгэм, баруун гарын сарвуу, зүүн гарын сарвуу, дух, хамар самалдаг, залгиурын хөндийрүү нэвтэрсэн шарх, баруун нүдний гадна талын булангийн шарх зэрэг гэмтлүүдийг үүсгэж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
гэрч Л.О-ийн “Би өчигдөр шөнө 2012 оны 03 сарын 11-12-нд шилжих шөнө 02 цагийн орчим өөрийнхөө байрны 2-р орцонд 00-ийн өрөөнд амьдарч орцны жижүүр хийдэг Б гэж охиныд орсон чинь Б гэртээ нэг хүүхний хамт байсан тэр хоёр унтаагүй архины талаар чи архи авсан би архи авсан гэх мэтээр маргалдаж байсан ба хоёулаа согтуу байдалтай харагдсан тэгээд хоёулаа удалгүй зодолдоод эхэлсэн тэгэхээр нь би та хоёр болиоч гэсэн чинь нөгөө Б ийн гэрт байсан улаан куртиктэй охин надад хандан чамд хамаагүй гээд түлхээд байсан ингэж байгаад нөгөө охин хаанаас ч юм бэ хутга гаргаж ирээд Б ийн нүдэнд хутгалсан тэгээд гараад цаг уурын цаашаа гараад зугтаачихсан. Б ч тэр дороо нүүрнээс нь цус гараад унаад өгсөн би нөгөө хүүхнийг хөөгөөд гүйцээгүй алдчихсан. Би тэр хоёртой 19 цагийн орчим 20-7 дугаар байрны 2-р орцны өмнө таарсан юм.
“... Манай тэр хавиар шил сав түүгээд явж байдаг хүүхэн байгаа юм. Би харвал шууд танина” гэсэн мэдүүлэг, /хэргийн 75, 76 дугаар хуудас/,
гэрч Л.О-аар хүн таньж олуулах ажиллагааны “... 1 дугаартай эмэгтэй нь тухайн үед Б тэй хамт байсан эмэгтэй мөн байна. Би энэ эмэгтэйг шууд хараад таньж байна. Энэ эмэгтэй тэр үед улаан өнгийн юүдэнтэй богино үслэг куртик өмссөн байсан. Энэ эмэгтэй манай тэр хавиар шил сав түүгээд явж байдаг байсан. Би нэг харсан хүнээ сайн танина. Тэр үед талийгаач Б энэ хүүхэн хоёр чи миний архийг уусан гээд хэрэлдээд байсан. Энэ эмэгтэй тэр үед гартаа хутга барьчихсан байсан” гэсэн тэмдэглэл, /хэргийн 50 дугаар хуудас/,
Н.А ийг таньж олуулах ажиллагаа хийх үеийн гэрэл зураг, /хэргийн 49 дүгээр хуудас/,
гэрч П.Б-ийн “2012 оны 3 дугаар сарын 11-ний орой 21 цагийн орчим намайг гэрлүүгээ орохоор орцоор орох үед орцны жижүүрийн өрөөний модон хаалга нь хагас онгорхой байдалтай дотор нь тод улаан өнгийн үсэрхэг, юүдэнтэй куртиктэй эмэгтэй мөн орцны жижүүрийн өрөөнд амьдардаг хөл муутай охин хоёр юм яриад сууж байгаа харагдсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 92 дугаар хуудас/,
гэрч П.Б-оор эд зүйл таньж олуулах ажиллагааны “... 1 гэсэн дугаарласан зургийг зааж энэ тод улаан өнгийн хар өнгийн толботой юм шиг юүдэнтэй куртик мөн байна. Тэр үед орцны жижүүртэй хамт байсан эмэгтэй энэ куртикийг өмссөн байсан” гэсэн тэмдэглэл болон гэрэл зураг, /хэргийн 53, 54 дүгээр хуудас/,
гэрч П.У-ийн “... хогоо уутанд хийгээд орцны жижүүр Б т өгөхөөр жижүүрийн байрны үүдийг таттал Б өрөөнийхөө орны тэр хавьд буланд толгойгоо хананд наагаад бие нь гулжийгаад суучихсан нүүр нь нил цус болчихсон байсан. Тэгэхээр нь би хүүхдээ гэртээ оруулаад 4-р орцны жижүүр Октябрь эгч дээр очоод хүүшээ Б эгч нил цус болчихсон байна хоёулаа хамт очиж зүгээр эсэхийг нь үзье гэтэл тэгье гээд хамт ирж хаалгыг нь нээгээд хартал Б хөдлөх шиг харагдсан. Тэгэхээр нь би цагдаа дуудъя битгий хөдөлгөөрэй гээд гэртээ орж ирж гэрийнхээ утснаас цагдаад дуудлага өгсөн. ...
Өчигдөр орой 19 цагийн алдад гэртээ орж ирээд том өрөөний цонхоор гадагш хартал нилээн тод, гуяны дээд хэсгээрээ татсан урттай хиймэл үстэй юм шиг тод улаан өнгийн юүдэнтэй куртиктэй юүдэнг нь өмссөн танихгүй хүүхэнтэй Б 10-р орцны чигтээ явж байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 63-65 дугаар хуудас/,
гэрч Н.Д-гийн “... хэдэн цаг болж байсныг мэдэхгүй А согтуу орж ирчихсэн би хүн алчихлаа гээд орилоод байсан. Тэгэхээр нь би А т чиний хүн ална гэж юу байдаг юм бэ дуугай унт гэж хэлээд унтуулсан. ... Тэгээд маргааш өглөө нь гэгээ орчихсон байхад А сэрээд би хүн алчихсан байхаа гэж надад хэлсэн. Тэгээд хоёулаа явья миний шуудайтай хувцас хунар хоол ундыг авъя гэхээр нь хаана байгаа юм бэ гэж асуухад биржийн доод талын ягаан байрны 2-р орцонд байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би А тэй хамт 20.7-р байрлуу хамт явсан. ... Жижүүрийн хаалга цоожгүй хаалттай байхаар нь би эхэлж татаж үүдэн дээрээс хартал орцны жижүүрийн өрөөнд шалан дээр өрөөний мухарлуу толгой нь чиглэсэн байдалтай дээгүүрээ хар куртиктэй куртик нь нил цус болчихсон хүн дээшээ хараад хэвтэж байсан. Би тэгэхээр нь сандраад чи хүн алчихсан байна шүү дээ гэж хэлээд эргэтэл миний яг ар талд А зогсч байсан. ... А ер нь улаан өнгийн богино юүдэнтэй үсэрхэг куртик өмсдөг юм” гэсэн мэдүүлэг, /хэргийн 89-90 дүгээр хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, /хэргийн 4-10 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 1112/13 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд
“1.Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад урагдалт, цооролт, ханзралт, зүсэгдэлт үүссэн байна.
2. Зүсэгдэлтүүд нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна.
3. Зүсэгдэлтүүд нэг багаж зэвсгийн үйлчлэлээр аль эсвэл олон багаж зэвсгийн үйлчлэлээр үүссэн эсэхийг тогтоох боломжгүй.
4. Зүсэгдэлтүүд шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүссэн байж болно” гэсэн дүгнэлт, гэрэл зургууд /хэргийн 108-109, 110-114 дүгээр хуудас/,
Ц.Б ийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний ¹35 дугаартай дүгнэлт:
Магадлан шинжилгээний онош:
1. Цээж, нуруу, хамар, самалдаг, залгиурын хөндийрүү нэвтэрсэн нүүр, цээж, нуруу, хүзүүний зөөлөн эдийн шарх. Баруун уушиг, голтын эслэг, хүзүү, залгиурын булчин, улаан хоолойн амсар хэсгийг гэмтээсэн шарх. Нүүр хоолойн хүзүү, их, гарын зөөлөн эдийн шарх.
2. Хурц гадуур дотуур цус алдалт. Хурц цус багадалт. Цээжний хөндийн цусан хураа. Уушигны шалчийлт.
3. Цусан дахь этилийн спирт. Хүнд зэргийн согтолт. Нүүр, гарын зөөлөн эдийн зулгаралт, цус хуралт. Хуйх, гавал ясны хальсны цус хуралт.
Дүгнэлт:
1. Талийгаачийн биед дээрх оношд бичигдсэн гэмтэл, өөрчлөлтүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон хурц ир үзүүртэй багаж зэвсгийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно.
3. Хохирогчид үүссэн гэмтлүүд нь амьд ахуйд нь үүссэн гэмтлүүд байна.
4. Хохирогчийн биед үүссэн шарх, уушигны шалчийлт, дотуур гадуур цус алдалтын улмаас цусны эргэлт, амьсгалын хурц дутагдлаар нас баржээ.
5. Шархны шинж байдлаас биед үүссэн шархны гэмтлүүд нь баруун гар, цээж, хүзүү, нуруу, зүүн гар, нүүрний шархны гэмтэл гэсэн дарааллаар үүссэн байж боломжтой.
6. Талийгаач дээрх гэмтлүүдийг авах үедээ хэвтээ байрлалд байсан байх боломжтой.
7. Шархны хэмжээнээс харахад дээрх шархнууд нь 1 төрлийн хурц ир үзүүртэй багаж зэвсгийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.
8. Талийгаач дээрх гэмтлүүдийг авсан даруйдаа нас барсан байх боломжтой.
9. Талийгаачид үүссэн гэмтэл шарх нь бусдын гараар үүсгэгдсэн байна. Энэ нь гэмтлийн чиглэл, байрлал, давтамж зэргээс харагдаж байна.
10. Талийгаачийн цус Аll бүлэг байна.
11. Талийгаачийн цусанд 3.0 промиль этилийн спирт илэрсэн нь хүнд зэргийн согтолт болно” гэжээ. /хэргийн 152-153 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.А ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “2012 оны 3 дугаар сарын 11-нд 20-7 дугаар байрны орцонд байдаг Б ийн гэрт очиж Б бид хоёр мульти ундааны савтай найруулсан Гомбоо гэдэг архийг 1000 төгрөгөөр авсан байсныгаа хувааж уусан. Б ийн амьдардаг орцны жижүүрийн өрөөнд уусан. Тэгээд бид хоёр дахиж мөнгөө нийлүүлээд 46 дугаар брак байрны хойд талд байдаг дэлгүүрээс 0.75-тай Мөнхжин нэртэй архийг 3000 төгрөгөөр авсан. Тэгээд буцаж Б ийн гэрт очиж хувааж уусан. Тэгээд бид хоёр согтсон. Энэ үед миний шуудайтай солих хувцас, төрсний гэрчилгээ алга болсон байсан. Тэгээд үүнээс болж бид хоёр маргалдаад зодолдсон. Тэгж байтал би согтуудаа хаанаас авсныг мэдэхгүй хар иштэй хутга авчихсан байсан. Тэгээд тэр үед би Б ээс миний шуудайтай хувцас хаана байна гэж хэлээд айлгах гээд хутгаар чичиж байсан. ... Би Б ийг хатгаснаа мэдэж байсан. Харин хэдэн удаа хаана нь хатгаснаа мэдэхгүй байсан юм” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүх эмнэлгийн шинжээчийн ¹35 дугаартай дүгнэлтийг мэргэжлийн тусгай мэдлэгтэй, олон жилийн туршлагатай шинжээч эмч гаргасан байх бөгөөд шинжээч нь дүгнэлт гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254, 255 дугаар зүйлүүдийг сануулж дүгнэлтээ гаргасан тул уг шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв байна гэж шүүх дүгнэлээ.
Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бөгөөд уг цугларсан баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Б овогт Н.А нь архидан, согтуурч маргалдсаны улмаас зодолдож иргэн Ц.Б ийг олон удаагийн үйлдлээр хутгалж олон тооны шарх, гэмтэл учруулж түүнийг санаатай алсан нь бусдыг онц харгис хэрцгий аргаар санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Иймд Н.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Н.А ийн сэтгэцийн байдлыг тодорхойлсон Шүүх сэтгэц гэм судлалын ¹17/2012 дугаартай магадлагаанд “Эрүүл” гэсэн дүгнэлт гаргасан тул /хэргийн 103 дугаар хуудас/ түүнийг сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Талийгаач Ц.Б ийн цогцсыг хариуцах эзэнгүй тул Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны даргын тушаалаар Дархан сумын оршуулгын газар оршуулж зардлыг тус аймгийн Санхүү, төрийн сангийн газраас гаргуулжээ.
Энэхүү хэрэгт талийгаач Ц.Б ийн хууль ёсны төлөөлөгчөөр Дархан сумын 6-р багийн Засаг дарга Р.У г томилсон байх бөгөөд тэрээр мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй бөгөөд Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албанаас хүсэлт гаргасны дагуу Ц.Б ийн цогцос, 1 сар орчим настай хариуцах эзэнгүй нярайн цогцос оршуулахад нийт 775900 төгрөгний зардал гаргасан байх тул уг зардлын Ц.Б ийг оршуулахад гарсан зардлыг зохих байгууллага нь цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Н.А нь энэ хэргийг согтуурсан үедээ үйлдсэн байдлыг ял хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.
Шүүгдэгч Н.А ийн энэ хэрэгт 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн талийгаач Ц.Б ийн амьдарч байсан байранд байсан эд зүйлс болон хувцас зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, харин 1000 төгрөгийн хоёр ширхэг мөнгөн дэвсгэртийг улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Наранцэцэгийг А ийг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар Н.А ийг 20 /хорь/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Н.А т оногдуулсан 20 /хорь/ жил хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Н.А ийн энэ хэрэгт 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 93 /ерэн гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хар өнгийн хуванцар бариул бүхий нэг ширхэг хутга, ногоон өнгийн хуванцар сав, цэнхэр өнгийн жимсний сав, цэнхэр өнгийн сам, цагаан өнгийн хугархай лампиран тааз, дугуй хэлбэртэй шил, 0.75 граммийн “Мөнхжин” гэсэн шошго бүхий архины шил, “claramt” гэсэн бичигтэй бор өнгийн пудрийн сав, “reylow” гэсэн бичигтэй кремний сав, гэрлийн унтраалга, хар өнгийн урд хэсэг нь шар өнгийн саатай малгай, улаан өнгийн, юүдэнтэй, хар өнгийн толботой, үслэг, урдуураа цахилгаантай куртик, саарал өнгийн урдуураа цахилгаантай спорт цамц, цайвар цэнхэр өнгийн урд хэсгээрээ товчтой цамц, дугуй захтай бор шар өнгийн хөндлөн судалтай ноосон цамц, саарал саатай футболк, хар өнгийн жинсэн өмд, хар ноосон өмд, саарал эрээн хос оймс, богино түрийтэй үдээстэй хар өнгийн гутал, хоёр хадаастай хар өнгийн хуванцар бариултай хутга, богино хар өнгийн урдуураа цахилгаантай юүдэнтэй куртик, урдуураа олон товч бүхий хар өнгийн пиджак, улаан өнгийн юүдэнтэй цамц, шар өнгийн оруулгатай мөрөвчтэй өмд, хар хөх өнгийн биеийн тамирын өмд, бор шар өнгийн хос түрийтэй гутал, улаан өнгийн дотоож, шар өнгийн хос оймс, “спичики” бичигтэй шүдэнз, бор өнгийн оёдлын машины утас, ногоон өнгийн дөрвөлжин цаасан дээр “оёдлын машин засна” гэсэн бичигтэй цаас, хөх ягаан өнгийн хуванцар гэртэй бал, цагаан өнгийн модон гэртэй нүдний будгийн харандаа, тэмдэглэлийн дэвтэр, гурван ширхэг улаан шонхор тамхи, улаан өнгийн гурван шаар, чанасан махны жижиг өөх гурван ширхэг, жижиг мах гурван ширхэг зэрэг эд зүйлсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, АР9039811, АР1656305 гэсэн серийн дугаартай 1000 төгрөгийн хоёр ширхэг дэвсгэртийг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар Н.А нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2-т зааснаар хариуцах эзэнгүй цогцос оршуулсантай холбогдуулан гарсан зардлыг нэхэмжлэвэл зохих байгууллага нь цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Н.А т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.А т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧИД А.АЛТАНХУЯГ
Ё.РИНЗААН