| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 128/2026/0068/З |
| Дугаар | 221/МА2026/0283 |
| Огноо | 2026-04-29 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2026/0283
ТАЗ-н
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Б.Адъяасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч М.Цэцэгмаа
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: хариуцагч
Нэхэмжлэгч: ТАЗ
Хариуцагч: И.Б
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 208 дугаар
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, хариуцагч И.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2026/0068/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ТАЗ-өөс И.Б-д холбогдуулан “… Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан И.Бг-ийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 30.801.791 төгрөгийг нөхөн төлүүлж, төрийг хохиролгүй болгох”-оор маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 208 дугаар шийдвэрээр:
Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ТАЗ-өөс И.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, төрд учирсан хохирол 30.801.791 төгрөгийг хариуцагч И.Б-гээс гаргуулахаар шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
3.1. Л.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр "... Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д "Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ" гэж заасан байна.
Миний бие ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтэй байгаа бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч байгаа тул Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022.12.16-ны өдрийн Б/345 дугаар тушаалыг хүчингүй болгож, Л.Б намайг Нийгмийн бодлогын хэлтсийн Соёл урлаг, соён гэгээрүүлэх асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү” гэсэн гомдлыг ТАЗ-д гаргасан.
Улмаар ТАЗ-өөс Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Бд хаяглан 2023 оны 01 дүгээр сарын 24-ний 04/199, 27-ны өдрийн 04/238 дугаартай "Л.Б-гийн ТАЗд ирүүлсэн гомдлыг хянан шалгахад холбогдох баримт, тайлбарыг нотлох баримтын шаардлага хангаж, Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4.1, 75.4.3 дахь заалтад заасны дагуу ирүүлэх" гэсэн ижил утга бүхий албан бичгүүдийг ирүүлсэн.
Энэ нөхцөлд ТАЗ дээрх албан бичгээр тайлбар, баримт гаргуулахаар шаардсан нь Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.3-т "Төрийн албаны төв байгууллага гомдлыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор маргаан үүсгэх эсэх талаар шийдвэр гаргаж ...", 75.4-т заасан "Маргаан үүсгэсэн тохиолдолд төрийн албаны төв байгууллагын хянан шалгах комисс дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ", 75.4.1 "холбогдох этгээдээс тайлбар авах", 75.4.3 "хяналт тайлбар, тодорхойлолт, бусад баримт шалгалтын ажилд шаардлагатай бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах" гэж заасны хүрээнд Л.Бгийн гаргасан гомдолд маргаан үүсгэсэн гэж үзэхээр байна.
Гэвч Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.3-т "...30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд энэ хугацааг 14 хоногоор сунгаж болно" гэж заасныг ТАЗ-н 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01/915 дугаартай "... Л.Б-г үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг нь харгалзан төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах боломжтой эсэхийг дахин судалж, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн шийдвэрээ эргэн харж, 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор эргэж мэдэгдэх"-ийг "Хууль хэрэгжүүлэх тухай" албан бичгээр ирүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.3-т заасан 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх, шаардлагатай бол энэ хугацааг 14 хоногоор сунгах тухай заасан шийдвэрлэх хугацаанаас 41 хоногоор хэтрүүлсэн нь дээрх албан бичгээс харагдаж байна.
Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д "Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ" гэж заасны дагуу хууль бус шийдвэрийг Төрийн албаны төв байгууллага тогтоох чиг үүрэгтэй байна.
Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д "Энэ хуулийн 75.1-д заасан төрийн албаны хүний нөөцийн удирдлага, мэргэшлийн шалгалттай холбогдон гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгоно" гэж зааж, үүрэг болгосныг ТАЗ нь эс үйлдэхүйгээр хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д "иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана", мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2-т "гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгох" гэж тус тус заасан.
ТАЗ нь гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагын хувьд Л.Бгийн гомдлыг шийдвэрлэхдээ маргаантай шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах бүрэн боломжтой байсан боловч уг бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас И.Б миний эрх зүйн байдлыг дордуулж, хохирол үүсэх, цаашлаад нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн.
Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/- ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана" гэж заасны дагуу тухайн нөхцөлд үүссэн хохирлыг бүхэлд нь надад хариуцуулах нь хууль зүйн үндэслэлгүй, хуульд нийцэхгүй гэж үзэж байна.
3.2. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлд буруутай этгээдээр учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр зохицуулсан хэдий ч тухайн этгээдийн гэм буруу (санаатай эсхүл болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй) нь хуульд заасан журмын дагуу тусад нь нотлогдсон байх шаардлагатай. Иймд хохирол нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн захиргааны акт, шийдвэрийг гаргах эрх бүхий этгээд хэн байсан, тухайн цаг хугацаанд уг бүрэн эрхийг хэн хэрэгжүүлж байсан нөхцөл байдлыг зайлшгүй харгалзан үзэх учиртай.
Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д "... төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан 14 хоногийн дотор гаргана", мөн зүйлийн 43.2-т "түр орлон гүйцэтгэгч нь тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлнэ" гэж тус тус заасан.
Эдгээр зохицуулалтын дагуу Нийслэлийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/99 дүгээр захирамжаар И.Б миний бие Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлэх эрх үүссэн.
Улмаар Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/96 дугаар захирамжаар уг албан үүргээс чөлөөлөгдсөнөөр миний бүрэн эрх дуусгавар болсон.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйл (Захиргааны байгууллагын эрх шилжүүлэх)-ийн 8.1-д "хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно" гэж заасан бөгөөд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзвэл намайг чөлөөлсөн захирамж гарсан өдрөөс хойш Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн эрх, хэмжээ дуусгавар болж, тухайн албан тушаалын эрх, үүргийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэсгүй болсон гэж ойлгосоор ирсэн.
Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар гэм хорын хариуцлага нь хууль бус үйлдэл, гэм буруу, хохирол, шалтгаант холбоо бүгд тогтоогдсон тохиолдолд үүсэх бөгөөд миний албан үүрэг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болсноос хойш шүүхийн шат дамжлага, давж заалдах, хэрэг сунжрах, шийдвэр биелүүлэх ажиллагаа нь дараагийн албан тушаалтны бүрэн эрхийн хүрээнд явагдсан тул уг хугацаанд үүссэн хохирлыг миний үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх боломжгүй байна.
Ажлаас чөлөөлөгдсөн нөхцөлд миний хувьд уг эрх, хэмжээг хэрэгжүүлэх, дараагийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад нөлөөлөх, үүрэг чиглэл өгөх хууль зүйн болоод бодит байдалд боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, миний бие хуульд заасны дагуу албан үүргээс чөлөөлөгдсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд заасан захиргааны эрх шилжих (залгамжлах) харилцаанд хамаарах бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй гэж заасан.
Миний албан тушаалын эрх, хэмжээ дууссанаас хойш тухайн маргааныг дараагийн эрх бүхий албан тушаалтан: эвлэрэх замаар шийдвэрлэх,нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн эсхүл бүхэлд нь хүлээн зөвшөөрөх, маргааныг богино хугацаанд дуусгах, шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломж нь хуулиар нээлттэй байсан.
Гэвч маргаан гурван шатны шүүхээр үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд нөхөн төлбөрийн хэмжээ нэмэгдсэн байна. Миний албан тушаалын эрх, хэмжээ дууссанаас хойших хугацаанд гарсан шийдвэр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үргэлжилсэн байдал болон үүнээс үүдэн нэмэгдсэн үр дагаврыг миний биеэр бүхэлд нь хариуцуулах нь шалтгаант холбооны болон захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.
Хэрэв анхан шатны шүүхийн шийдвэрийг (Л.Б-гийн нэхэмжлэлтэй шүүхийн шийдвэр) тухай үед шууд биелүүлсэн бол хохирлын хэмжээ нэмэгдэхгүй байх боломжтой байсан нөхцөлийг шүүх (2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №128/ШШ2026/0208 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэр) огт үнэлэлгүй, захиргааны эрх шилжүүлэн авсан албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг миний гаргасан шийдвэрийг хамгаалсан үйлдэлтэй адилтган дүгнэсэн нь албан тушаал эрхэлж буй этгээдийн эрх хэмжээ, чиг үүргийн ялгааг харгалзан үзээгүй, улмаар хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нөгөө талаар, шүүхийн шийдвэр нь анхан, давж заалдах, хяналтын шатны аль ч шатанд гарсан байхаас үл хамааран хуульд заасан журмын дагуу хүчин төгөлдөр үйлчлэх шинжтэй бөгөөд уг зарчмыг үгүйсгэсэн агуулгатайгаар дүгнэсэн нь хууль хэрэглээний алдаа гэж үзэхээр байна.
Түүнчлэн ТАЗ-н итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтэд хамтран хариуцагчаар татах асуудлыг хөндсөн нь тухайн маргаанд оролцогч этгээдүүдийн хариуцлага ганц надад бус, захиргааны эрх шилжих (залгамжлах) харилцааны хүрээнд бусад этгээдэд хамаарах боломжтойг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч буй үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, уг гэм хорыг миний бие дангаар, бүхэлд нь хариуцахгүй болох нөхцөл байдлыг нэхэмжлэгч тал өөрийн үйлдлээр илэрхийлсэн байна.
Иймд бүх хохирлыг миний үйлдэлтэй холбон дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.
Анхан шатны шүүх нь миний гэм бурууг тогтоогоогүй, шалтгаант холбоог буруу дүгнэсэн, хариуцагчид хамаарах хохирлын бодит хэмжээг тогтоогоогүй, түүнчлэн хохирогч буюу нэхэмжлэгч нь санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл гаргаж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс өөрт учирсан гэм хорын нөхцөл байдлыг үнэлж, дүгнээгүй атлаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасан шийдвэрийг гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн, бодитой үнэлж дүгнээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймээс ТАЗ хуульд заасан маргаан хянан шийдвэрлэх бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйн улмаас төрд учирсан хохирлын хэмжээ нэмэгдсэн, миний хариуцлагын хүрээг зөвхөн албан үүрэг гүйцэтгэж байсан хугацаанд хамаарах, бодит, шууд шалтгаант холбоотой хохирлоор хязгаарлан Өөрчлөн шийдвэрлэх үндэслэлтэй байсныг анхан шатны шүүх бүрэн үнэлж, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, эсхүл хохирлын хэмжээг өөрчлөн тогтоох боломжтой байсныг хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд энэхүү гомдлыг гаргаж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлуудыг бүрэн тодруулаагүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цуглуулаагүй, маргааны үйл баримтад бүрэн дүүрэн хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч ТАЗ-өөс И.Б-д холбогдуулан “… Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан И.Б-гийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 30.801.791 төгрөгийг нөхөн төлүүлж, төрийг хохиролгүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
3. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрд хууль зүйн дүгнэлт бүрэн дүүрэн хийгээгүй, хэргийн оролцогчдын маргаж буй зарим үндэслэлтэй холбогдуулан маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн тодруулах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журамд нийцээгүй, “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
3.1. Нэхэмжлэгчээс “...ТАЗ-н 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 04/2002 дугаар албан бичгээр төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх тухай мэдэгдлийг И.Б-д хүргүүлсэн боловч ТАЗ-өөс тогтоосон хугацаанд нөхөн төлөөгүй болно. Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас хууль бусаар чөлөөлснийг захиргааны хэргийн 3 шатны шүүх тогтоож, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Л.Б-д ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгожээ Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасны дагуу Л.Б-д ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг улсын төсвөөс олгосны улмаас төрд хохирол учирсныг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан болох И.Бгээр учирсан хохирлыг нөхөн төлүүлж, төрийг хохиролгүй болгохоор байна ...” гэсэн үндэслэлээр маргасан байна.
3.2. Харин хариуцагчаас “... хохирол учирсан байдал нь тухайн этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой байх шаардлагатай. Харин уг маргааны хүрээнд миний гэм буруутай байдал, шалтгаант холбоо бүхий үйлдэлд хамаарах хэсгийг тогтоогоогүй, мөн албан тушаалын эрх, хэмжээ дуусгавар болсноос хойш үргэлжилсэн шүүхийн шат дамжлага, захиргааны байгууллагын дараагийн шийдвэр, үйл ажиллагааны улмаас үүссэн хохирлыг бүхэлд нь надаар төлүүлэхээр нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй... Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч маргааныг үргэлжлүүлсэн нь тухайн үеийн захиргааны байгууллагын шийдвэр байсан бөгөөд миний бие үүнд оролцоогүй ...” гэж тайлбарлан маргасан байна.
3.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/322 дугаар тушаалаар “... шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд иргэн Л.Б-д энэ тушаалын хавсралтад заасан ёсоор ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын батлагдсан төсвөөс олгохыг Ахлах нягтлан бодогчид зөвшөөрсүгэй” гэж, хавсралтаар[1] цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 27.765.691 төгрөг, Тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, Нийгмийн даатгал, эрүүл мэндийн нөхөн олговор 3.470.711 төгрөг, нийт дүн 31.306.602 төгрөг гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр[2] 4.563.231 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр[3] 26.238.578 төгрөгийг, нийт 30.801.809 төгрөгийг Л.Бд шилжүүлсэн байна.
3.4. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн дээрх маргасан үндэслэлтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 30.801.809 төгрөгийг Л.Б-д олгосонтой холбоотой холбогдох тооцоолол, цалингийн задаргаа байхгүй бөгөөд Л.Бгийн сарын үндсэн цалин хөлсийг хэрхэн тооцож тус 30.801.809 төгрөгийн тооцооллыг гаргасан нь ойлгомжгүй байхад энэ талаар тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
3.5. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/345 дугаар тушаалаар Нийгмийн бодлогын хэлтсийн Соёл урлаг, соён гэгээрүүлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Б-г 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон төрийн албанаас чөлөөлж[4], хавсралтаар нэг удаагийн буцалтгүй тусламж 15.926.112 төгрөг олгосон байна.
3.6. Үүний дараа Л.Б нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдөл[5] гаргасан байх бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсаар Л.Б-гийн тэтгэврийн хэмжээг 597.755 төгрөгөөр тогтоосон байна. Улмаар Л.Б-гийн гаргасан хүсэлтүүдийн дагуу 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр, 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрүүдийн Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсаар тэтгэврийн хэмжээг 791.570 төгрөгөөр тогтоосон байна.
3.7. Энэ тохиолдолд хариуцагчаас “... энэ үед Л.Б нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт гарган, өндөр насны тэтгэврээ тогтоолгож, нийгмийн даатгалын харилцаанд орсон байсан тул миний бие тухайн тушаалыг өөрийн санаачилгаар хүчингүй болгож, эгүүлэн томилох нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6 дахь хэсэгт заасан “төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлага”-г зөрчих нөхцөл үүсэхээр байна …” гэж тайлбарлан маргаж байгаа үндэслэлтэй холбогдуулан хууль журмаар тогтоосон хэм хэмжээнд нийцсэн эсэхийг тодруулж, эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх боломжтой байтал энэ талаар ажиллагаа хийгээгүй, мөн дүгнэлт, тайлбар хийгээгүй байна.
Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулж, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн дээр дурдсан алдаа зөрчлийг зөвтгөн засаж, маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 208 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ