Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 123/ШШ2020/0018

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би И ХХК-ийн Төв аймгийн С сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/67 дугаар захирамжийн хавсралтын 7 дахь хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийн хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 46 тоот нэхэмжлэлийн шаардлагыг тус сумын Засаг дарга бүрэн хүлээн зөвшөөрч байгаа болно.

Иймд уг хэргийг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Энэ хэрэгт гуравдагч этгээд байхгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

И ХХК Төв аймгийн С сумын Засаг даргад холбогдуулан  Төв аймгийн С сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/67 дугаар захирамжийн хавсралтын 7 дахь хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Төв аймгийн С сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч,  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. Түүнд Сэргэлэн сумын Засаг даргаас 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөх эрхийг олгожээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар тайлбарлахад тэрээр хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан И ХХК-ийн Төв аймгийн С сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/67 дугаар захирамжийн хавсралтын 7 дахь хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, И ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн С сумын Засаг даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн С сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.  

3.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ