Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 1548

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00534

 

 

 

“СА” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/01353 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “СА” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Ад холбогдох

 

Орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал төлбөрт 771 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Нэхэмжлэгч “СА” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “СА” СӨХ нь 1999 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан. Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 5а байрны 2 дугаар орцонд байрладаг. 5а, 5б, 16, 17 дугаар байрыг хариуцан ажилладаг. Хариуцагч нь 2014 оноос эхлээд СӨХ-ны мөнгө төлөөгүй, ...2015 оны 4 дүгээр сараас эхлэн орц, дээвэр, лифтний засвар, үйлчилгээ, орцны цэвэрлгээний хөлс, гадна талбай цэвэрлэх үйлчилгээний хөлс зэргийг төлөхгүй байгаа учраас хариуцагчаас 771 900 төгрөг нэхэмжилсэн үнийн дүнгээ 144.000 төгрөгөөр багасгаж 627.900 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч М.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 5а байрны 52 тоотод 1991 оноос хойш тасралтгүй 17 жил амьдарч байна. 1999 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл СӨХ-ны мөнгийг тасралтгүй төлсөн. Нэхэмжлэгч 2014 оны 9 дүгээр сараас хойш СӨХ-ны мөнгө төлөөгүй гэж байгаа боловч тэр талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. 2017 оны 4 дүгээр сарын 26-наас хойш 4 сарын хугацаанд 120 000 төгрөг төлсөн. Энэ мөнгө нь яагаад төлөгдсөн бэ гэвэл манай 8 давхарт амьдардаг нэг эмээ өдөр болгон өглөөний 5, 6 цагийн үед гарч цэвэрлэгээ хийдэг байсан учраас тэр эмээг үнэлээд төлсөн. Өмнөх шүүх хуралдаан дээр сүүлийн 8 жил засвар, үйлчилгээ хийгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрчихөөд засвар үйлчилгээний хөлс нэхэмжлээд байна. Би лифтний мөнгө төлнө. Засвар, үйлчилгээний мөнгө хэзээ, яаж, өөрчлөгдсөн шийдвэр нь байхгүй. Засвар үйлчилгээний мөнгө 7350 төгрөг байсан. 9000 төгрөг болсон байна лээ. Нэхэмжлэгч сууц өмчлөгчдийн өөрсдийнх нь саналаар нэмсэн гээд байгаа. Бидэнд нэг ч тийм санал танилцуулаагүй. Би СӨХ-ны үйл ажиллагаанд оролцъё гэж удаа дараа хэлж байсан. Иймд 627 900 төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Агаас орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардалд 588 850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “СА” СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 39 050 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  23 076 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Агаас улсын тэмдэгтийн хураамжид 18 315 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “СА” СӨХ-д буцаан олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэр, нотлох баримтад тулгуурлаагүй, үндэслэл болгож буй зүйл нь бодит байдалд нийцээгүй, хийсвэр дүгнэлт гаргасан.

Би уг орон сууцанд 1991 оны 8 дугаар сараас хойш буюу 27 жил амьдарч байгаа боловч шийдвэрийн Тодорхойлох хэсэгт 17 жил амьдарч байна гэж цаг хугацааг буруу тодорхойлсныг зөвшөөрөхгүй. Мөн “СА" СӨХ нь 1999 онд байгуулагдсан атлаа сууц өмчлөгчтэй байгуулсан ямар нэгэн гэрээ байгаа эсэхийг нотолсон баримтгүйгээр хийсвэр дүгнэлт хийсэн. Хуулиар далайлган хариуцагчаас үүргээ биелүүлээгүй гэж шийдвэр гаргасан үндэслэлгүй. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчлөлийн орон сууцны болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар иргэд бидний өмнөөс Дулааны шугам сүлжээтэй гэрээг хийж, гэрээний үндсэн дээр бид орон сууцны контортой гэрээ байгуулан гэрээгээ жил бүр сунган үүргээ хэн аль нь биелүүлж яваа. Би орон сууцны төлбөрийг сар бүр төлж байгаа.

Мөн цахилгааны төлбөрийг Улаанбаатар цахилгаан түгээх газар авдаг. Би сар бүрийн төлбөрийг шаардуулахгүйгээр төлсөөр байгаа. Орон сууц нийтийн аж ахуйтай хийх гэрээ, Хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хийсэн гэрээг гуйвуулан СӨХ-ны өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж 588 850 төгрөг төлүүлэх шийдвэр гаргасныг хүлээн авах боломжгүй. СӨХ-ийн төлбөрт "засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, лифт" багтдаг байхад халаалт, халуун, цзвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан холбоо зэрэг ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөөгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.

СӨХ-ны захирал С.Жамига нь шүүх хуралдаанд "5а байранд сүүлийн 8 жилд ямар нэгэн засвар үйлчилгээ хийгээгүй" гэж мэдүүлсэн байхад энэхүү тайлбар, мэдүүлгийг намайг хэлсэн мэт гуйвуулж эсрэгээр нь дүгнэлт хийж, үүнийгээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

2 дахь удаагийн шүүх хуралдаанд шүүгч "нэхэмжлэгч 8 жилийн хугацаанд засвар хийгээгүй гэдгээ зөвшөөрсөн болохоос нэхэмжлэлийн шаардлагаас мөнгөн дүнг хасаагүй гэж намайг төөрөгдөлд оруулсан. Иймд засвар үйлчилгээнд нэхэмжилсэн мөнгийг хасч өгнө үү. Ариун цэвэр хангалтгүй тул цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой зардлыг зөвшөөрөхгүй. Мэргэжлийн хяналтын газраас ариун цэвэр шаардлага хангаж байгаа эсэхэд бодит байдлаар нь дүгнэлт гаргуулъя гэх хүсэлтийг шүүх хүлээн авч мэргэжлийн хяналтын газарт шинжилгээ хийх, шинжээч томилох шүүгчийн захирамжийг гаргасан. Үүнийг нэхэмжлэгч мэдсээр байж дүгнэлт гаргахаас өмнө засвар үйлчилгээний ажлыг хийгээд эхэлсэн. Ямар ч дүгнэлт гаргах боломжгүй болгосон. Миний бие лифтний мөнгийг нь төлөхөө илэрхийлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас 321550 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

   Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            Нэхэмжлэгч “СА" Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/ нь хариуцагч М.Ад холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 771 900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 627 900 төгрөг болгон багасган, үндэслэлээ “цэвэрлэгээний хөлс нэг өрхөөс сардаа 6000 төгрөг, жилд 72 000 төгрөг авдаг, ... 2 жилийн төлбөр 144 000 төгрөгийг хасах саналтай” гэж тайлбарлажээ. Хариуцагч дээрх шаардлагаас зарим хэсгийг буюу лифтний төлбөр 264 000 төгрөг, гадаад талбайн цэвэрлэгээний хөлс 33 000 төгрөг, баримтын үнэ 3 300 төгрөг, нийт 300 300 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

“СА" СӨХ нь 1999 оны 02 дугаар сарын 08-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ авсан, мөн Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрлах 5а байр нь тус СӨХ-д харьяалагддаг, уг байрны 52 тоот орон сууцны өмчлөгч хариуцагч М.А гэдэгт талууд маргаагүй.

Хариуцагч М.А нийтийн зориулалттай орон сууц дахь байшингийн сууц өмчлөгчийн хувьд түүнд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэг хуулиар үүсэх бөгөөд уг үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4, Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.

Хариуцагч тал 2015 оны 4 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд дээрх хуулиар тогтоосон үүргээ биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг, харин “... СӨХ сүүлийн 8 жил засвар үйлчилгээ хийгээгүй, засвар үйлчилгээний төлбөр нэмэгдсэн шийдвэр байхгүй ...” гэх үндэслэлээр төлөхгүй гэж маргасан байна.

Сууц өмчлөгч нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай /цаашид СӨХЭЗБНЗОСБДӨЭХТХуулийн гэх/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т зааснаар засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй учир түүний дээрх татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ. Анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт зөв. 

            Нэхэмжлэгч “СА” СӨХ,  хариуцагчаас засвар үйлчилгээний зардалд 2016 оны 12 дугаар сар хүртэл 7350 төгрөг авч байсан, хариуцагч нь 2015 оны 4 сар хүртэл энэ хэмжээгээр төлж байсан үйл баримт хэрэгт авагдсан засвар үйлчилгээний зардлын тайлан, Төрийн банкны төлбөрийн баримтаар тогтоогджээ. /хх-22, 24-25 дахь тал/ Харин нэхэмжлэгч тал, засвар үйлчилгээний зардлыг 2017 оны 01 дүгээр сараас 9000 төгрөгөөр тогтоосон өөрөөр хэлбэл СӨХЭЗБНЗОСБДӨЭХТХуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт заасны дагуу бүх гишүүдийн хурлын шийдвэрээр нэмэгдүүлсэн гэдгээ баримтаар нотолж чадаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгч талын цэвэрлэгээний хөлсөнд нэхэмжилсэн 198 000 төгрөгөөс багасгасан 144 000 төгрөгийг хасч бусад зардлыг тооцон, хариуцагчийн зөвшөөрсөн хэсгийг нэмж нэхэмжлэлийн шаардлагыг 588 850 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн         167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/01353 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10 296 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.НАРАНЦЭЦЭГ

           

                                          ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                                 Ч.ЦЭНД