Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00835

 

2022           09            15                                          001/ХТ2022/00835

Б.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2020/01838 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1687 дугаар магадлалтай,

Б.Аийн нэхэмжлэлтэй

Э.Гд холбогдох

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 11,560,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Номингийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Анхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Б.А нь Э.Гд холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 11,560,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2020/01838 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Ггаас 7 180 000 /долоон сая нэг зуун наян мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Аэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 380 000 /дөрвөн сая гурван зуун наян мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ггаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 129 830 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Аэд олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1687 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2020/01838 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 129 830 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Номин хяналтын гомдолдоо: Магадлалыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2 дугаар хэсэгт заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. 1. Иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу үнэлэлгүй шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 3-4 дэх талд “2019.08.14-ний өдрийн шийтгэлийн хуудсаар зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалтыг үндэслэн Э.Гг 400,000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэжээ. Зөрчил гаргагчид хариуцлага тооцож арга хэмжээ авах тасалбарт зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.2 “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хүнийг 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалтыг үндэслэж торгосон талаар дурджээ. Зам тээврийн ослыг шалгаад шийдвэрлэсэн хуудас, хариуцлага тооцож арга хэмжээ авсан тасалбар нь зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 болон 3.2 дахь заалтыг тээврийн хэрэгслийн жолооч Э.Г зөрчсөн гэх үндэслэлээр гарсан байх бөгөөд хариуцагч Э.Г нь өөрийн гэм буруугийн талаар маргаж, эдгээр шийдвэрт гомдол гаргаагүй байна” гэж дурдан, шүүхээс хариуцагчийг гэм буруугийн талаар маргаж, гомдол гаргаагүй тул гэм буруутай гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3-р зүйлүүдийг ноцтой зөрчсөн. Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримт болох зөрчлийн хэрэг үүсгэн шалгасан замын цагдаагийн зохицуулагч дэслэгч, Э.Сүхбаатарын 2019.08.14-ний өдрийн шийтгэлийн хуудас буюу зөрчлийн хэрэг шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай /хх-134/ болон МУ-ын зөрчлийн тухай хуулийн 14.7-р зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу зөрчил гаргагчид хариуцлага тооцож арга хэмжээ авах тасалбар /хх-135 хуудас/-т дурдсан зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтууд нь хоорондоо зөрүүтэй байгааг, Төв аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн зохицуулагч, дэслэгч Э.Сүхбаатар нь ослын дүгнэлтийг жолооч Э.Гд танилцуулаагүй, зөвхөн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулаагүй гэсэн үндэслэлээр арга хэмжээ авч байгаа тухай танилцуулсан, хариуцагч зөвхөн зохих журмын дагуу шалгуулаагүй зөрчил гаргасан гэж үзэж гомдол гаргаагүй байгааг анхаарч үзээгүйгээс гадна шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох зам тээврийн осол гарах үед жолооч Э.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан талаарх жолоочийн өөрийн болон гэрч Ч.Сарантулга, Б.Анхбаяр нарын мэдүүлгийг огт үнэлэлгүйгээр зөвхөн нэг талыг барьж, хариуцагчийг гэм буруутай гэж үзсэн, түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй нотлох баримттай өрсөлдөх нотлох баримт болох Ч.Сарантулга, Б.Анхбаяр нарын мэдүүлгийг хэрхэн үнэлсэн, үгүйсгэсэн талаараа шүүхийн шийдвэрт тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-д заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны дээрх алдааг залруулалгүйгээр анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэх алдаатай дүгнэлтийг хийсэн. 2. Шүүхийн шийдвэрийн 4 дэх талд “Хэрэгт авагдсан баримтаар зам тээврийн осол болох үед нэхэмжлэгчийн адууг малчин Т.Нэргүй хариулж байсан, адуу зам хөндлөн гарах үед малчин голоос үлдсэн адуугаа гаргах гээд замаас хол байсан болох нь тогтоогдож байна. Зам тээврийн осол болох үед харуй бүрий болж үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан болох нь зам тээврийн осол гарсан замын байдлын тэмдэглэлд бичигдсэнээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн адууг хариулж байсан малчин нь Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 26.6-д “Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэг болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглоно. Харин зам хөндлөн тууш гаргах зайлшгүй тохиолдолд замын дагуу 2 тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл /дэнлүү/ буюу гэрэл ойлгуур барьсан хүн хашиж гаргана” гэж заасан үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй байна” гэж нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн малчин замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн эс үйлдэхүй байгаа болон уг эс үйлдэхүй нь зам тээврийн осол гарах анхдагч нөхцөлийг бүрдүүлсэн, гэм буруутай болохыг зөв тогтоосон боловч малчны дээрх хууль бус эс үйлдэхүйн улмаас зам тээврийн осол гарсан, ослын улмаас хариуцагчийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн урд хэсэг бүхэлдээ эвдэрч, хариуцагчид хохирол учирсныг анхаарч үзээгүй. Түүнчлэн малчны хууль бус үйлдлийн улмаас уг зам тээврийн осол гарсан буюу уг үйлдэлд нэхэмжлэгч өөрөө гэм буруутай тул шаардах эрхээ алдаж байгааг анхаарч үзэлгүйгээр нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн. 3. Шүүх нэхэмжлэгчийг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг хэрэгжүүлээгүй эс үйлдэл буюу гэм бурууг зөв тогтоосон боловч Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасныг үндэслэн 20 хувийг хасаж тооцсон нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Учир нь 514-д хохирогч хэтэрхий болгоомжгүй үйлдэл гаргасан байхыг шаарддаг. Гэтэл малчны замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн эс үйлдэл нь хэт болгоомжгүй үйлдэл биш буюу авто замаар зөвхөн тээврийн хэрэгсэл явах ёстой, тухайн зам хөдөлгөөн ихтэй, үзэгдэлд хангалтгүй үед зам дээр 30 гаруй малаа хараа хяналтгүй орхих болон тээврийн хэрэгслийн жолоочид урьдчилан гэрэл асааж анхааруулаагүй тохиолдолд зам тээврийн осол гарах эрсдэлтэй, бусдын болон өөрийн эд хөрөнгөнд хохирол учруулах нь ямар ч хүн мэдэх ойлгомжтой асуудал байтал үүнийг хэт болгоомжгүй үйлдэл гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй юм. Шүүх уг зам тээврийн осол гарахад нэхэмжлэгч монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн, уг осол гарахад нэхэмжлэгч гэм буруутай болохыг тогтоосон мөртлөө нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийн зохицуулалттай нийцээгүй болно. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

6. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Э.Гд холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 11,560,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч өөрөө малаа хариулагагүй, замын хажууд орхисон буруутай гэж маргажээ.

7. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Сүхбаатарын дүгнэлт, 2019.08.14-ний өдрийн шийтгэлийн хуудас, “Мастер Үнэлгээ” ХХК, шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээ зэрэг баримтаар Э.Г нь 2019.08.02-ны шөнө 21 цаг 21 минут орчим Төв аймаг, Батсүмбэр сум, Үдлэг багийн замд 04-87 УБК улсын дугаартай Хюьндай Сонота-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа үед зам хөндлөн гарч байсан нэхэмжлэгчийн 3 адууг мөргөж, 8,900,000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай нь тогтоогдсон, шүүх нэхэмжлэгчийн гэм бурууг харгалзан хохирлыг багасгаж хариуцагчаас 7,180,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т заасан зохицуулалтад нийцсэн байна.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгах үүрэгтэй ба бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй байна. Шүүх нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болсон дээрх хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэжээ.

9. Шүүх гэм хорын шалтгаант холбоо, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн нөхцөл байдлыг тус тус зөв тодорхойлж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийсэн байна.

Хариуцагч Э.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.A-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолооч жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасныг зөрчсөн болох нь зам ослын актад тусгагдсан, осол гаргасны дараа сандарч тайван бус байсан тул пивоноос 2 балга уусан гэж мэдүүлж байсан, хариуцагч машинаараа адууг мөргөсөн үйлдэл нь нэхэмжлэгчийн 3 адуу үхсэн үр дагаврыг бий болгосон, шалтгаант холбоо тогтоогджээ.

Харин нэхэмжлэгч малаа хариулагагүй орхисон буюу харанхуй үед замын гэрэлтүүлэггүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглоно гэсэн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь осол гарсан шалтгаан бус осол гарахад нөлөөлсөн байх тул шүүх хохирлыг багасгасан, улмаар “...нэхэмжлэгч гэм буруутай учраас хохирлыг хариуцахгүй, Иргэний хуулийн 514.1 дэх заалтын хэрэглэх ёсгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох ёстой” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй болно.

10. Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2020/01838 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1687 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг  хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 129,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

                            ШҮҮГЧИД                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                     Д.ЦОЛМОН

                                                                                                    Х.ЭРДЭНЭСУВД