| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2013/0153/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/145 |
| Огноо | 2013-09-05 |
| Зүйл хэсэг | 138.2., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2013/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0153/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,
Улсын яллагч Д.Энхтуяа,
Хохирогч Ч.Б ,
Гэрч С.Т ,
Шүүгдэгч С.Э ын өмгөөлөгч Д.Оюунчимэг,
Шүүгдэгч ******* ын өмгөөлөгч Л.Цуурай,
Шүүгдэгч ******* , С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт ******* , Б овогт С.Э нарт холбогдох 201309000347 тоот эрүүгийн хэргийг 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, дулааны техникч мэргэжилтэй, “К И ” ХХК-нд талбайн даамал, хөдөлмөр хамгааллын ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын . дугаар баг .. дугаар хороолол .. дугаар байр .. тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Э овогт ******* /ТГ-../,
2. Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Увс аймгийн Ховд суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, галын аюулгүй техникч мэргэжилтэй, “К ” ХХК-нд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан ажилтай, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сумын.. дугаар баг ..хороолол .. дугаар байр ..тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Б овогт С.Э /МЗ-../
Шүүгдэгч ******* , С.Э нар нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сахин хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас 2013 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт цэвэр усны шугам солих ажил гүйцэтгэж байсан “К И ” ХХК-ны ажлын талбайд осол болж, тус компанийн туслах ажилтанаар ажиллаж байсан Б.Г шороонд дарагдаж, амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
D:\2013 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool Ganbat Enkhbold 138.2.docx
-Шүүгдэгч ******* ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би “К И ” ХХК-д 2013 оны 05 дугаар сарын 1-ний өдрөөс талбайн инженерээр ажилд орсон. Надад төслийн удирдагч Мөнхбаатар энэ ажлыг санал болгосон. Осол болсны дараа хөдөлмөрийн гэрээ нөхөж байгуулсан. Би уг нь анх ажилд орохдоо талбайн инженерээр ажилд орсон. Осол болдог өдөр ажил хэвийн явагдаж байсан, Өдрийн цайнаас ирээд ажил эхлээгүй байсан. Тоног төхөөрөмж багажаа бэлтгээд байж байхад ийм асуудал болсон. Миний зүгээс ажиллах талаар ямар нэг шийдвэр өгөөгүй байхад ийм асуудал болсон. Надад компанийн удирдлагын зүгээс хөдөлмөр хамгааллын талаар зааварчилгаа өгч байгаагүй, Мөнхбаатар инженер ажилчидад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар зааварчилга өгч бай гэсэн болохоор би өөрөө Эрчим хүчний үйлдвэрүүдийн аюулгүй ажиллагааны номноос уншиж газар шорооны ажил гүйцэтгэх гэсэн сэдвээр зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулж байсан.” гэв.
-Шүүгдэгч С.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би “К И ” ХХК-д 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ажилд орсон. 2013 оны 03 сарын 20-нд манай хүний нөөцийн менежер надтай гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээ ажил байдлын тодорхойлолттой танилцсан. Тэнд намайг Алтанбулаг төсөл, Багануур төсөлд ажиллана гэж байдаг. Намайг Дарханд 17 цагийн үед ирэхэд аврах ажиллагаа болж, бүх юм дууссан байсан. Компанийн зүгээс намайг Дарханы төсөл дээр ажил гэж хэлсэн зүйл байхгүй. Надад тийм үүрэг байхгүй. Дарханд хариуцах ёстой хүн нь талбайн инженер Г байгаа.” гэв.
-Хохирогч С.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би одоо 2 хүүхдийн хамт амьдарч байгаа. Том нь 19 настай, бага нь 3 дугаар ангид сурдаг. Би сургуулийн үдийн цайнд ажилладаг. Сард 130.000 төгрөгийн цалинтай, амьдралд хүрэлцэхгүй хэцүү л байна. Бидэнд компанийн зүгээс байшин барьж өгч байгаа. Гэтэл ярьсан хугацаандаа дуусгаж өгөөгүй учраас “К И ” ХХК-д гомдолтой байна. Байшингийн гадна тал нь тэр чигээрээ байгаа. Компаний зүгээс манай хүүхдийг ажилтнаар авъя гэсэн боловч манай хүү аавынхаа нас барсан газарт ажиллахгүй гээд байгаа. 2013 оны 10 дугаар сарын 01-нд байшингийн гадна талын шаврыг дуусгаж бариад өгнө гэж хэлсэн. Хэлсэн хугацаандаа байшингаа барьж өгөхийг хүсэж байна гэв.
-Гэрч С.Т ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манайх Сэлэнгийн Алтанбулаг болон Дархан-Уул аймагт цэвэр усны шугам солих ажил гүйцэтгэж байгаа. Газар болгондоо талбайн инженер байдаг. Дарханых ******* байгаа. Манай компанийн хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн ажилтан С.Э байгаа. ******* Дарханыг хариуцаж байгаа учраас С.Э Багануур Сэлэнгийн хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хариуцаж ажилладаг. С.Э бол зөвхөн мэргэжлийн удирдлагаар хангах ёстой. Өөрөөр хэлбэл ******* мэдэхгүй зүйл байвал С.Э оос асуух ёстой юм. Хохирогч Ч.Б ийн хувьд манай компаниас байшин барьж өгч байгаа, байшингаа 10 сарын 01-нд барьж өгье гэж тохирсон, мөн оршуулгын зардлыг компаниас дааж, бэлнээр мөнгө өгсөн. Бага охиных нь нэр дээр 2.000.000 төгрөгийн хадгаламж нээж өгье гэж байгаа. Байшинд гарах зардал нь 33.000.000 төгрөг болсон байгаа. Нийт гаргасан зардлаа тооцож үзэхэд жаран сая төгрөг болохоор байгаа. Нас барсан хүн ч, энэ 2 хүн ч аль аль нь манай компанийн ажилчид учир бид хэнийг ч хохироохыг хүсэхгүй байна.” гэх мэдүүлэг,
-Гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-6 дахь тал/,
-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 7-8 дахь тал/
-Хохирогч Б.Г ийн хувцас болон биед гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 9-10 дахь тал/,
-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 11 дэх тал/,
-Гэрч Ж.М.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ажилчид ирэхээс өмнө 14 цаг өнгөрч байхад ажлын талбай дээрээс хонда мотор авахаар Хээтэйгийн 47 дугаар байрны ард байрлах гражаасаа авахаар явсан хойно над руу 15 цаг 17 минутанд Амарбаясгалан “Г шороонд даруулчихлаа” гэж утсаар яриад би тэндээс шууд ажил руугаа явах замдаа Дарханы 105 руу 15 цаг 18 минутанд утасдаж дуудлага өгөөд 15 цаг 20 минутанд цагдаагийн газар дуудлага өгсөн. ...Амарбаясгалан нүхний төгсгөлийн ирмэг дээр зогсож байхыг машинтайгаа ирж байхдаа хараад машинаас буухад нь шороо нурж байсан, Г байж байсан болохоор Г ийг асууж орилоод байхгүй гэхээр нь дарагдчихлаа гэж орилоод над руу утасдсан байсан. ...компаниас батласан хөдөлмөр хамгааллын ажиллагааны сэдэв гэж баталж өгсөн зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 15-16 дахь тал/,
-Гэрч Б.М.ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд бид нар Г ахыг хайгаад олдохгүй болохоор нь нурсан шороо руу ороод шороог хүрздээд олоогүй. Тэгээд бид нар Онцгой байдлын албанд мэдэгдээд онцгой байдлын албан хаагчид ирээд манай ажилчдын хамт нурсан эрэгний шороог хүрзээр холдуулж, шороон доороос Г ахыг олж, эрэг дээр гаргаж ирээд байж байхад цагдаагийн машинтай цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/,
-Гэрч Ж.У.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...15 цагийн орчим буцаж Нэгдсэн эмнэлгийн ард талд байрлах цэвэр усны шугам солих ажил дээрээ ирээд бүгдээрээ нийлээд генератор холбож өгчихөөд зогсож байхад цэвэр усны шугам хоолой хийх шуудууны шороо /эрэг/ нурчихлаа гэж бригадын ахлагч Амарбаясгалан хэлээд “саяны нурсан шорооны эрэг дээр Г ах зогсож байсан, наагуур чинь байна уу?” гэж асуухад нь “байхгүй байна” гэж хэлэхэд Г ах дарагдсан байна гэж хэлээд нийт ажилчид эрэг нурсан шуудуу руу орж, нурсан эрэгний шороог хүрзээр малтаад олоогүй.” гэх мэдүүлэг /хэргийн 19 дэх тал/,
-Гэрч Х.Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай шугам хоолой суулгах нүхэн эрэгний шороо нурсан. Тэр үед манай бригадын ахлагч Амарбаясгалан ах ирээд “сая нурсан эрэг дээр Г ах зогсож байсан, та нарын дунд Г ах байна уу?” гэж асуухад нь “байхгүй” гээд ойр хавиар бие засах гээд явчихсан юм болов уу? гэж бодоод хайгаад олохгүй болохоор нь нурсан эрэгний шороог хүрзээр малтаад хайгаад олдохгүй болохоор нь Онцгой байдлын алба руу дуудлага өгч, удалгүй Онцгой байдлын албан хаагчид ирж, манай ажилчдын хамт нурсан эрэгний шороог холдуулахад Г ах шороонд дарагдчихсан байдалтай нас барсан олдсон юм.” гэх мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/,
-Гэрч Д.А.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Г ахыг яг нүх рүү орж байхыг нь бол хараагүй. Намайг машинаа холдуулах гээд машинаа унаж явж байхад Г ах нүхний амсар дээр зогсож байсан. Тэгээд би машинаа цааш нь харуулж тавьчихаад эргээд ирсэн чинь Г ах байхгүй, эрэг нурчихсан байсан. Г ах нүхний амсар дээр ганцаараа зогсож байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 21 дэх тал/,
-“Талийгаачийн биед амьддаа үүссэн 5 хавирганы хугарал, цээжний гялтан, булчин, баруун гуяны зөөлөн эдийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэл тухайлбал нурангид дарагдах үед үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Талийгаач нь хэвлий цээж дарагдах, амьсгалын зам бөглөрөлтийн улмаас зүрхний хурц дутагдалаар нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй болно. Талийгаачийн цус нь OI бүлэг байна.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2013 оны 7 дугаар сарын 1-ны өдрийн №60 тоот шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 31-38 дахь тал/,
-“К И ” ХХК нь цэвэр усны шугамын шинэчлэл, засварын ажлыг зураг төслийн “Инж байгууламж” ХХК-ийн зохиосон, магадлал хийгдсэн ИБ-83/2010 тоот шифртэй зургийн дагуу хийж гүйцэтгэж байсан байна. Сувгийн налуугийн хэмжээг 13 дугаар хуудасны огтлол 1-1 заасны дагуу хийгээгүй байна. Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм II хэсэг, техникийн аюулгүй ажиллагааны дүрэм. БНбД 12-04-06-ийн 5.9-д заасан “Хэрвээ эргийн ханыг эгц ухах явцад бэхлэх шаардлагатай бол 0.5 м гүн ухах бүрт бэхэлгээ хашлагыг доошлуулж байна.”, 5-10 дахь “Шавар, шавранцар зэрэг холбоос сайтай хөрсөнд шуудууг тасралтгүй ажиллагаатай экскаватороор ханыг бэхэлгээгүйгээр зөвхөн 3 м-ээс хэтрэхгүй гүн ухаж болно. Харин ийм шуудуунд хүмүүс орж ажиллах бол шуудууны эгц хананд түр бэхэлгээ заавал хийнэ.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулаагүй, зааварчилга өгөөгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-т заасан “Аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтанд хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн ажил олгогчийн үүрэг биелээгүй.” гэх Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2013 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 10-06-019/32 тоот шинжээчийн дүгнэлт /хэргийн 41 дэх тал/,
-“К И ” ХХК-ны С.Э той байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /хэргийн 74-80 дахь тал/,
-“К И ” ХХК-ны ******* тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хэргийн 95-99 дэх тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 103, 110 дахь тал/,
-Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /хэргийн 106 дахь тал/,
-Шинжээч С.Э.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ажил олгогч нь ажилтнуудыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтанд хамруулах үүрэгтэй. Ажил олгогч нь сургалт явуулах ажлаа ямар ч хэлбэрээр зохион байгуулж болно. Зохион байгуулахдаа гадны мэргэжлийн байгууллага, хөлсөөр хүн авчирч хичээл заалгах, инженер, техникийн ажилтангууд нь өөрсдөө сургалт явуулж болно. Харин энэ ажлыг зохион байгуулдаг хүн буюу албан тушаалтан тодорхой байх ёстой. Энэ байгууллагын хувьд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан томилогдсон байгаа учир сургалтыг зохион байгуулж болно. ... “К И ” ХХК-ны хувьд ажил олгогчийн дээрх үүргийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан С.Э биелүүлэх ёстой байна. ...”Инж байгууламж” компанийн зурсан зургийн дагуу шуудууны налууг хийсэн бол уг осол гаргахгүй байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 115 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар 2013 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт цэвэр усны шугам солих ажил гүйцэтгэж байсан “К И ” ХХК-ны ажлын талбайд осол болж, тус компанийн туслах ажилтанаар ажиллаж байсан Б.Г шороонд дарагдаж, амь нас нь хохирсон гэмт хэрэг гарсан болох нь нотлогдож байх бөгөөд хэрэг учрал болох үед “К И ” ХХК-ны талбайн даамал, хөдөлмөр хамгааллын ажилтан ******* , “К И ” ХХК-ны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан С.Э нар нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сахин хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас тухайн гэмт хэрэг гарсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Ажил олгогч тал болох “К И ” ХХК нь С.Э той 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар авч ажиллуулж байгаа болох нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор нотлогдож байна. /хэргийн 74-80 дахь тал/ Шүүгдэгч С.Э нь миний хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд “Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум болон Улаанбаатар хот Багануур дүүрэг дэх ажил, төсөлт ажлуудыг өөрийн гүйцэтгэх ажлын хүрээнд хариуцан ажиллана” гэж заасан тул Дархан-Уул аймагт гарсан осолд хариуцлага хүлээхгүй гэж мэтгэлцэж байна. Шүүгдэгч С.Э нь хөдөлмөрийн гэрээний 1.3-т заасны дагуу “компанийн ажилчдын хөдөлмөр хамгааллын бодлого, журмыг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” үүрэгтэй байх бөгөөд энэ үүргээ хэрхэн яаж биелүүлж байсан гэдгээ нотолж чадахгүй байна.
Мөн түүний ажлын байр нь ”ажлын байранд учирч болох аюул заналыг арилгах, учирч болох эрсдлийг бууруулах, ажиллагсадын эрүүл таатай нөхцөлд ажиллах боломжийг бүрдүүлэх” зорилготой байх бөгөөд энэ ч үүднээс тэрээр 2013 оны 6 сарын ажлын төлөвлөгөөндөө ”Дархан цэвэр усны шугамын төслийн ажлын байрны эрсдлийг тодорхойлох, шаардлагатай хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаагаар хангах, ажиллагсадтай уулзах” /хэргийн 107 дахь тал/ гэж тусгасан байх тул “зөвхөн Улаанбаатар хот болон Багануур дүүрэг нь миний ажил үүрэг гүйцэтгэх газар” гэх шүүгдэгч С.Э ын тайлбар үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ”ажлын байрны аюулгүй ажиллагаанд хяналт тавих” үүргээ хангалттай биелүүлж байсан бол тухайн осол гарахгүй байх боломжтой байсан гэдэг нь шинжээч С.Энхжингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...“Инж байгууламж” компанийн зурсан зургийн дагуу шуудууны налууг хийсэн бол уг осол гаргахгүй байсан.” гэх мэдүүлгээр /хэргийн 115 дахь тал/ нотлогдож байна. Иймд шүүгдэгч С.Э ыг гэм буруугүй байна гэж үзэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй юм.
2. “К И ” ХХК нь ******* тай 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, талбайн даамал, хөдөлмөр хамгааллын ажилтанаар авч ажиллуулж байгаа болох нь хөдөлмөрийн гэрээний хуулбараар нотлогдож байна. /хэргийн 95-99 дэх тал/ Шүүгдэгч ******* нь хөдөлмөрийн гэрээ нөхөн байгуулсан, хөдөлмөр хамгааллын ажилтанаар ажиллаж байгаа гэдгээ мэдээгүй байсан гэж мэтгэлцэж байх бөгөөд хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулсан гэдэг нь нотлогдохгүй байна.
Хөдөлмөрийн гэрээний дагуу ******* нь “хариуцсан ажилтнуудынхаа хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааг хангах, өдөр тутмын болон ээлжит зааварчилгаагаар хангах, хяналт тавих“ үүрэгтэй байх бөгөөд энэ ч үүднээсээ тухайн үед “хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр” хөтөлж байсан байна.
Иймд шүүгдэгч ******* , С.Э нар нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сахин хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас 2013 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт цэвэр усны шугам солих ажил гүйцэтгэж байсан “К И ” ХХК-ны ажлын талбайд осол болж, тус компанийн туслах ажилтанаар ажиллаж байсан Б.Г шороонд дарагдаж, “хэвлий цээж дарагдах, амьсгалын зам бөглөрөлтийн улмаас зүрхний хурц дутагдалаар нас барсан” болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2013 оны 7 дугаар сарын 1-ны өдрийн №60 тоот шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр /хэргийн 31-38 дахь тал/ нотлогдож байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хохирогч Ч.Б нь хохирол төлбөрийн талаар ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй бөгөөд “К И ” ХХК оршуулгын зардлыг бүрэн хэмжээгээр, 49 хоног хураахад 500000 төгрөг, хүүхдийн сургууль эхлэхтэй холбогдуулан тусламж болгож 150000 төгрөг бэлнээр өгсөн, мөн талийгаачийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх зорилгоор 7x8 хэмжээтэй хувийн байшин барьж өгч, байшин барих үйл ажиллагаа дуусах шатандаа орж байгаа гэдэг нь гэрч С.Т , хохирогч Ч.Б нарын мэдүүлгээр нотлогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн гэж үзнэ.
Шүүгдэгч нар нь “К И ” ХХК-нд ажиллаж, ар гэрийн амьдралаа тэжээн тэтгэдэг, мөн гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн зэргийг харгалзан, нэмэгдэл ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн болно. Мөн шүүгдэгч ******* , С.Э нар нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг “К И ” ХХК төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдэнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э овогт ******* , Б овогт С.Э нарыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т зааснаар шүүгдэгч ******* ын “К И ” ХХК-нд талбайн даамал, хөдөлмөр хамгааллын ажилтанаар ажиллах эрхийг хасахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих, шүүгдэгч С.Э ын “К И ” ХХК-нд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллах эрхийг хасахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ******* , С.Э нарт оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр 1 ширхэг, ажилчдын цагийн бүртгэлийн хуудас 1 ширхэг зэргийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, зураг төслийн “Инж байгууламж” ХХК-ны гаргасан “Дархан хот ус хангамж, цэвэр усны шугамын шинэчлэл, засварын ажлын зураг /13 хуудас бүхий/ 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “К И ” ХХК-нд буцаан олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч ******* , С.Э нарт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг тус бүр 1 /нэг/ жилээр тогтоосугай.
7. Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 61 дїгээр зїйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан ******* ад хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт, ялтан С.Э од хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хїлээвэл цагдаагийн байгууллагын саналыг їндэслэн хорих ялыг биечлэн эдлїїлэхийг ******* , С.Э нарт мэдэгдсїгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ******* , С.Э нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ******* , С.Э нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ