| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2020/01040/и |
| Дугаар | 142/шш2020/00938 |
| Огноо | 2020-07-29 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 142/шш2020/00938
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.У-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.А-т холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.У-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.У- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.У- нь хариуцагч Б.А-тай 2016 онд танилцаж, хамтран амьдарсан бөгөөд гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Бидний дундаас 2018 онд хүү И-төрсөн. 2019 оны 01 дүгээр сараас хойш хамтран амьдрахаа больсон тул хүүхдийн тэтгэмж авах хүсэлтэй байна. Тийм учраас хариуцагч Б.А-аас хуулийн дагуу хүүхдийн тэтгэмж тогтоолгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.А- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А.У-гийн өгсөн нэхэмжлэлтэй танилцлаа. Хүү болох И-нь миний төрсөн хүү мөн тул нэхэмжлэлийн дагуу тэтгэлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.У- нь хариуцагч Б.А-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.
Хариуцагч Б.А-т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч А.У-, хариуцагч Б.А- нар нь 2016 онд танилцаж, хамтран амьдарч тэдний дундаас 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүү А.И-төрж, хүү төрсөн цагаасаа эхлэн эх А.У-гийн асрамжид байгаа, А.У-, Б.А- нар нь таарч тохирохгүй болсны улмаас тусдаа амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү А.И-нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх ба хариуцагч Б.А-аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүү А.И ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.1-д зааснаар тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хэдий ч хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхгүй юм.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг харгалзан төлөхөөр тогтоосон ба 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү А.И-т Орхон аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 206000 төгрөгийн 50 хувь буюу 103000 төгрөгийг сар бүр хариуцагч төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар А.И-т сар бүр төлөх тэтгэлэг 103000 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, нийт 1236000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 34214 төгрөгийг хариуцагчаас гаргуулж төрийн санд оруулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү С овогт А-ын И-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг С овогт Б-ийн А-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.А-аас улсын тэмдэгтийн хураамж 34214 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ