Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/142

 

 

 

 

 

 

 2023          11              23                                   2023/ШЦТ/142

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,

Улсын яллагч Б.Түвшинтөр,

Шүүгдэгч Т.Бын өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч Ж.Мөнхнасан,

Иргэний хариуцагч Я.Агийн өмгөөлөгч О.Аюурзана,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ш,

Шүүгдэгч Н.Б, Т.Б,

Иргэний хариуцагч Я.А/цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын шүүгдэгч Н.Б, Т.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2116001110090 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1972 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Биеийн тамирын багш-дасгалжуулагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Говь-Алтай аймгийн аймгийн ,***** ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар **** аймгийн **** сум *** баг “*** тоотод оршин суух албан ёсны хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ДЮ**** регистрийн дугаартай, О овгийн Н-н Б,

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн инженер мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ *****р ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар **** аймгийн *** сум, *** баг, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ДЮ***** регистрийн дугаартай, Ө овгийн Т-ын Б,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Бын нийтийн албан тушаалтнаар буюу Говь-Алтай аймгийн Биеийн тамир спортын газрын даргаар ажиллаж байхдаа Биеийн тамир спортын газрын дээврийн холбоосны засварын болон бусад засварын ажлын гүйцэтгэгчээр “*****” ХХК-ийг сонгон шалгаруулахын тулд Говь-Алтай аймгийн З мэргэжилтэн Т.Б-той бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/20 дугаартай байгууллагын засварын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тушаалаар үнэлгээний хорооны даргаар Т.Быг, гишүүдээр Биеийн тамир спортын газрын чөлөөт бөхийн дасгалжуулагч Д.А, иргэний төлөөлөл Ц.А нарын бүрэлдэхүүнтэй томилж, үнэлгээний хороо хуралдаагүй байхад 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл, 05 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэл, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдийн 01 дугаартай “И ц” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг тус тус хуурамчаар үйлдэж Н.Б-д хүргүүлж, улмаар Биеийн тамир спортын газрын дарга Н.Б, “ И ц” ХХК-ийн захирал Я.А нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж тус гэрээний дагуу “И ц” ХХК-д 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 15,000,000 төгрөгийг нийт 35,000,000 төгрөгийг шилжүүлсэн, гэрээний дагуу шилжүүлсэн 35,000,000 төгрөгөөс Н.Б нь А.Н-ийн 5315244231 тоот дансаар 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2,500,000 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөгийг, 2019 оны 07 сарын 18-ны өдөр 5,600,000 төгрөгийг, 2019 оны 08 дугаар сарын 03- ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 16,600,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

 

2020 оны 01 дүгээр сард Улаанбаатар хот руу удирдах ажилтны зөвлөгөөнд оролцох нэрийдлээр тээвэр, шатахууны зардлаас 1,020,000 төгрөгийг, 2020 оны 06 дугаар сард Ховд аймаг руу тэмцээн, уралдаанд оролцох нэрийдлээр 240,250 төгрөг, нийт 1,260,250 төгрөгийн шатахууныг хувийн хэрэгцээндээ зарцуулсан,

 

2020 онд багаж, техник хэрэгслийн зардалд тавигдсан 8,140,000 төгрөгөөр тус газарт спортын бараа хэрэглэгдэхүүн худалдан авахаар иргэн Ж.Б-тэй 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2020/02 дугаартай бараа нийлүүлэх гэрээг байгуулж, гэрээний дагуу шилжүүлсэн 8,140,000 төгрөгөөс 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “манай газраас шилжүүлсэн барааны мөнгөнөөс 3,140,000 төгрөгийг түр гаргаад өгчих, Эрээнээс бараагаа захих үед чинь буцаагаад өгнө хэмээн иргэн Ж.Б-ээс бэлнээр гаргуулан авсан үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хамааруулан,

 

Шүүгдэгч Т.Бын нийтийн албан тушаалтнаар буюу Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн байхдаа Биеийн тамир спортын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/20 дугаартай тушаалаар тус газрын засварын гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа тус аймгийн Биеийн тамир спортын газрын даргаар ажиллаж байсан Н.Бтой бүлэглэн Биеийн тамир спортын газрын дээврийн холбоосны засварын болон бусад засварын ажлын гүйцэтгэгчээр Я.Аийн “И ц” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулахын тулд үнэлгээний хороо хуралдаж, шийдвэр гаргаагүй байхад үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэл, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдийн 01 дугаартай “И цр” ХХКтай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг хуурамчаар үйлдэж Биеийн тамир спортын газрын дарга Н.Б-д хүргүүлж, тус газрын дарга Н.Б нь үнэлгээний хороо хуралдаж шийдвэр гаргаагүй гэдгийг мэдсээр байж “И ц” ХХК-ийн захирал Я.А-тэй 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний дагуу “И ц” ХХК-д 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 31- ний өдөр 15,000,000 төгрөг нийт 35,000,000 төгрөг шилжүүлж тус компанид давуу байдал бий болгосон үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Миний бие 2016-2020 он хүртэл Биеийн тамир спортын газрын даргаар ажилласан. Энэ хугацаандаа биеийн тамир спортын газрыг өнгөтэй өөдтэй байлгах гэж яам, тамгын газруудаар явж засвар үйлчилгээний хөрөнгө оруулалтыг олж ирсэн. Үүний нэг ажил нь 35,000.000 төгрөгийн асуудал байгаа юм. Холбоосны дээвэр дээрээсээ ус гоождог байсан. Боловсрол шинжлэх ухааны яаманд очиж 35,000.000 төгрөгийн төсөв тавиулсан. Үүний дагуу И Ц ХХК-тай үнэлгээний хороог нь байгуулж хууль ёсных нь дагуу гэрээ байгуулж, засвар үйлчилгээг бүрэн хийж гүйцэтгэсэн. Дээрх маргаан юунаас болж үүссэн гэхээр миний ажлыг хүлээн авч түр орлон гүйцэтгэж байгаа н.У хэрүүл хийж асуудал үүсгэж ажлыг хүлээж аваагүй. Засвар үйлчилгээний санхүүжилтийн 35,000,000 төгрөгөөс нэг төгрөг ч авч хувьдаа хэрэглээгүй, надад өөрийн гэсэн унаа байхгүй, албаны ажилд албаны машиныг унаж хэрэглэдэг байсан. Идэж уусан зүйл байхгүй. н.Б-ээс зээлсэн мөнгийг би увуулж, цувуулж өгсөн. Албаны машинд бензин хийж Улаанбаатар хот руу явсан асуудал яригдаж байгаа. Энэ нь  Засаг даргаас аймаг орон нутгийн төсвөөс зардал гаргаж урсгал засвар хийх боломжгүй, та бүхэн өөрсдөө явж яам тамгын газраар хөөцөлдөж засвар үйлчилгээний төсвийг олж ир гэсэн чиг үүрэг өгсний дагуу 2021 оны төсөв суугдахын өмнө Улаанбаатар хот руу нягтлангийн хамт явж яам тамгын газраар 100,000.000  төгрөгийн засвар үйлчилгээний ажил хийгдэх төсвийг олж ирсэн. Ховд аймагт тэмцээн уралдаан болсон гэж байна, би сайн санахгүй байна, нягтлан анхны бичиг баримтыг бүрдүүлдэг учраас сайн мэдэхгүй байна. Өөр ярих зүйл байхгүй гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Миний бие яагаад яллагдагчаар татагдсан талаараа тайлбарлах нь зөв гэж бодож байна. 2021 оноос эхлэн Авлигатай тэмцэх газрын байцаагчид анхны мэдүүлгээ өгсөн. Анх удаа мэдүүлэг өгөхдөө хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн байдаг. 3 удаа өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн. Энэ хэргийн талаар мэдүүлэг авахад материалтай танилцсан. Үнэлгээний хорооны зөвлөмж тэмдэглэл дээр миний гарын үсэг байсан учраас минийх мөн гэж хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тухайн үед энэ асуудлаар үнэлгээний хороо хуралдсан эсэхийг санахгүй байна гэж хэлсэн. Миний гарын үсэг мөн учраас хуралдсан байх гэж хэлсэн учраас би энд зогсож байна. Яагаад санахгүй байна вэ гэхээр хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэсэг асар их ажилтай, 7 хоногт 1-5 хүртэлх удаа хурал хийдэг, дандаа гарын үсэг зурагддаг. Үнэлгээний хорооны хурал, ажлын хэсэг, хүлээж авах комисс гэх мэт олон удаа хуралддаг. Бүгд хурлын тэмдэглэл үйлдэж, нарийн бичиг боловсруулж ардаас ирж гарын үсэг зуруулдаг. Үнэлгээний хороо хуралдсаныг нотолдог зүйл нь зөвлөмж, хурлын тэмдэглэл байдаг. Хэргийн материалтай танилцаж байхдаа миний гарын үсэг мөн байна гэснээс болж л би өнөөдөр энд зогсоод байна. Мөн би 2021 оноос хойш олон шүүх хуралд орж байна. Нэг удаа ч гэсэн миний зүгээс хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж байгаагүй. Миний буруу гарын үсэг зурсан нь л байх. Би тэр гарын үсгийг хуурамчаар үйлдээгүй, Амартүвшин, эх хүмүүс дээр очиж гарын үсэг зуруулаагүй, би мэдэхгүй. Хэн хэнээр үйлдсэн нь ойлгомжгүй. Мөн прокурор хамаарал бүхий итгээд гэж яллах дүгнэлтэд дурдаж байна. 1999-2009 онд хамт сурсан гэж байна. 2004 он хүртэл дунд ангид л сурсан. Ашиг сонирхолтой этгээд гэдгийн зүйлчлэлд нь орж байгаа юм уу сайн мэдэхгүй байна. Нэг ангид суусан гэдэг нь нэгдмэл ашиг сонирхолтой болчихдог юм уу мэдэхгүй л байна. Явцын дунд асуух асуулт байвал хариулаад явна гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

1.Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Н.Б нь Говь-Алтай аймгийн Биеийн тамир спортын газрын дээврийн холбоос, бусад засварын ажлын 35,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэгчийг шалгаруулах сонгон шалгаруулт явуулаагүй байхад 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр иргэний хариуцагч Я.А-ийн /захирал/ И ц ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, улмаар гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтгүйгээр тус гэрээний дагуу 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 20.000.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 15,000,000 төгрөгийг нийт 35,000,000 төгрөгийн санхүүжилтийг бүрэн олгож бусдад давуу байдал бий болгосны улмаас Говь-Алтай аймгийн Биеийн тамир спортын газарт 35,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн тус гэрээний дагуу шилжүүлсэн 35,000,000 төгрөгөөс А.Н-ийн ***** тоот данснаас өөрийн **** тоот дансанд 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 2,500,000 төгрөгийг, 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөгийг, 2019 оны 7 сарын 18-ны өдөр 5,600,000 төгрөгийг, 2019 оны 8 дугаар сарын 03- ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг нийт 16,600,000 төгрөгийг шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон,

 

2020 оны 01 дүгээр сард Улаанбаатар хот руу удирдах ажилтны зөвлөгөөнд оролцох нэрийдлээр тээвэр, шатахууны зардлаас 1,020,000 төгрөгийг, 2020 оны 06 дугаар сард Ховд аймаг руу тэмцээн, уралдаанд оролцох нэрийдлээр 240,250 төгрөг, нийт 1,260,250 төгрөгийн шатахууныг хувийн хэрэгцээндээ зарцуулж өөртөө давуу байдал бий болгосон,

 

2020 онд багаж, техник хэрэгслийн зардалд тавигдсан 8,140,000 төгрөгөөр тус газарт спортын бараа хэрэглэгдэхүүн худалдан авахаар иргэн Ж.Б-тэй 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2020/02 дугаартай бараа нийлүүлэх гэрээг байгуулж, гэрээний дагуу шилжүүлсэн 8.140.000 төгрөгөөс 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “манай газраас шилжүүлсэн барааны мөнгөнөөс 3.140.000 төгрөгийг түр гаргаад өгчих, Эрээнээс бараагаа захих үед чинь буцаагаад өгнө хэмээн иргэн Ж.Б-ээс бэлнээр гаргуулан авч өөртөө давуу байдал бий болгосон болох нь:

 

1.Гэрч Ж.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Спорт заалны шалны будгийн ажлыг манай байгууллагын ажилчид 2019 оны намар 8, 9 сарын будаж байсан ба би тухайн үед ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан юм. Б дарга өөрөө ажилчид бидэнд өгсөн үүргийн дагуу шалны будгийн ажлыг хийж байсан. Тухайн үед ажилчид бид нар “И ц” ХХК-иас заалны будаг хийх ажлыг хийнэ гэж огт мэдээгүй, хэрэв мэдсэн бол даргад тухайн үед хэлээд тэр компаниар нь хийлгэ гэдэг шаардлагыг тавих байсан... “И ц” компаниас 2019 онд ямар нэгэн засварын ажил хийгээгүй, ямар нэгэн хар цаас авч ирсэн зүйл огт байхгүй. Мөн 2020 онд хар цаас авчирч ирээд ажлаа эхлүүлье гээд ирэхэд нь ажилчид бидний зүгээс Хятад хар цаас дээвэр дээр наалгуулахгүй шүү гэж огт хэлж яриагүй. Хэзээ, ямар машинаар хэчнээн ширхэг хар цаас ачиж ирээд хэнд үзүүлсэн юм бэ энэ мэтчилэн наад захын юм аа л худлаа яриад байх юм аа. Үнэхээр барилга, урсгал засварын чиглэлийн компани байсан бол энэ мэтийн жаахан засварын ажлыг хийхэд ядах юм байхгүй шүү дээ. Би Б даргаас 2019 оны намар байх хамт олны хурал дээр дээврийн засварын ажлыг ямар компани хийх ёстой юм бэ, яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ гээд асуухад “И ц” ХХК хийх ёстой, Шарга сумд цэцэрлэгийн ажил хийж байгаа, ажил нь давхцаад байгаа юм шиг байна лээ” гэхээр нь би түүнд “ ямар 350 сая төгрөгийн ажил байгаа биш дээ, 35 сая төгрөгийн ажил юм чинь шахаж шаардаад хурдан хугацаанд хийлгүүлж болдоггүй юм уу” гэхэд наад компани чинь харин миний үгэнд орохгүй байгаад байна гээд үл ойшоосон байдалтай байгаад байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17-20, 22-24-р тал/,

 

          2.Гэрч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ажил дээр 2019 онд дээврийн засварын ажил хийгдээгүй, наад компани чинь 2019 онд засварын ажлаа хийгээгүй 1 жил дамнуулаад 2020 оны зун 6 сарын үед Улаанбаатар хотоос 3 төмөр хаалга, 1 шилэн хаалга бас урсдаг лед самбарыг ачааны машинаар ачуулж явуулж байсан ба Б дарга хаалга, урсдаг лед самбар хотоос ирсэн байгаа агуулах руу хураагаарай гэж хэлсэн. Тэгээд гадаа жижиг ачааны машинтай залуучууд ачаад ирсэн байхаар нь хаалганууд, самбарыг жижүүрүүдтэй хамжилцаж граж руу хийж хураасан. 2020 оны 9 сарын үед байх “И ц” ХХК-ийн ачуулж явуулсан хаалгануудаас 3 ширхэг төмөр хаалгыг 2-р цэцэрлэгт харуул хийдэг О гээд залуу суурилуулж тавина гэхээр нь тэр өдөр гарсан жижүүр, ганц, нэг багш нартай нийлээд гражнаас гаргаж О-д гаргаж өгч хаалгануудыг суурилуулж хийлгүүлж байсан. Олзвой гээд залуу өөрөөсөө гадна хоёр залуутай хамт ирж ажилласан. Үүдээр ороход байдаг том шилэн хаалгыг нь “А Х” компанид барилгын ажилд нь туслаад яваад байдаг Түмэндэлгэр гээд залуутай харуул, жижүүр, ганц, нэг багш нартайгаа хамжилцаад суурилуулж тавьж байсан. Мөн урсдаг лед самбарыг ч гэсэн жижүүр, зарим нэг багш, ажилчидтай хамжилцаад бид өөрсдөө тогтоож суурилуулж байсан.

 

2019 оны 8 сарын сүүлээр 9 сарын үед тэр хавьцаа байх спорт А, Б заалны шалны будгийг ажилчид бид өөрсдөө будаж байсан. Шал будах будгийг хаанаас яаж гаргасан бэ гэхээр Б дарга “хоёулаа зах руу явж заал будах будаг авъя гээд дагуулаад явсан. Зах дээр очоод барилгын материал зардаг Хүрлээ гээд залуугаас өнгө, өнгийн лаазтай будаг, багс, өнхрүүш, будаг шингэлэгч гээд будгийн ажил хийхэд шаардагдах зүйлүүдийг тэр Хүрлээ гээд залуугаас 1.800.000 төгрөг зээл тавьж авсан. Б дарга будаг, өнхрүүш, багс, будаг шингэлэгч зэрэг зээлээр авч байгаа зүйлүүдийн мөнгө болох 1.800.000 төгрөгийг И-ЦХХК өгнө гэж байсан юм. Хүрэлээгээс будаг, будгийн ажил хийхэд зээлээр материалын мөнгө болох 1.800,000 төгрөгийг И-ЦХХК-аас өгсөн байх учиртай. Хүрлээ нь дахиж манай ажил дээр ирж зээлээр өгсөн материалынхаа мөнгөө авъя гэж нэхэж ирэхгүй байхыг бодвол “Их цэнхэр” ХХК-аас мөнгийг нь өгсөн болж таарч байгаа юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-30, 32-36, 223-225-р тал/,

 

          3.Гэрч Д.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 онд зун 07 сарын сүүлээр ч бил үү дээ, цаг хугацааны талаар тодорхой санахгүй байна. Манай байгууллагын гадна талын дээврийн засварын ажлыг аймгийн захиргаанд жижүүр хийдэг зүс таних нэг залуу, өөр хэд хэдэн танихгүй залуучуудтай хамт 6-7 өдөр хийгээд явсан. Тэрнээс хойш намар 8 сарын эхээр намайг ээлжийн амралтаа авахаас өмнө байх намайг нэг өдөр ээлжид гарах гээд өглөө ирэхэд байгууллагын гражнаас 3 ширхэг төмөр хаалгыг гаднаас ирсэн бололтой танихгүй хоёр залуу суурилуулж тавьж байсан. Би тэр өдөр байгууллагын жижүүрээр ажиллаж байсан болохоор ерөнхийдөө алсаас нь хараад л байж байсан. Харин 1 ширхэг шилэн хаалгыг намайг урд гараан дээрээс буугаад амарсан хойгуур хийгдсэн байсан. Би бодохдоо тэр хоёр залууг л хийсэн байх гэж бодож байна. Жижүүр миний хувьд 24 цаг ээлжид гараад 48 цаг амардаг болохоор амарч байх хойгуур байгууллага дээр ямар ямар үйл ажиллагаа болоод өнгөрдөг талаар төдийлөн мэдэх боломж хомс байдаг юм. Ямар ч байсан тэр хоёр залуу миний нэг гараан дээр 3 ширхэг төмөр хаалга сольж хийж байсан ба өмнөх гараанаас буусан хойгуур шилэн том хаалгыг бас тэр хоёр танихгүй залуу суурилуулж хийсэн байсан. Хаалга тавьж суурилуулсны дараа нь үүдний лед самбарыг миний бие, нярав Мөнхбат ах болон өөр хэн хэн ч байлаа даа бид хэд хамжилцаад байгууллагын үүдэндээ тогтоож бэхэлж байсан. Тэр лед самбар дасгалжуулагчийн өрөөнд хураачихсан байж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 188-190-р тал/,

 

          4.Гэрч М.Г-Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 онд манай байгууллагад засварын хэд хэдэн ажил хийгдэж байсан. Тухайлбал миний санаж байгаагаар А, Б заалны хоорондох хоолойны дээврийн холбоосны засварын ажлыг танихгүй хүмүүс хийсэн, мөн Б даргын өрөөний шалыг паркетласан, уналттай тааз хийх засварын ажлыг бас өөр танихгүй хүмүүс хийж байсан. Спорт заалны шалыг бол 2020 оны намар 08 сарын үед манай байгууллагын ихэнх багш, ажилчид маань өөрсдөө будсан. Мөн спорт зааланд байдаг сандлын өнгийг ч гэсэн шал будахад илүү гарсан будгаараа сэргээж будаж байсан. Намайг байхгүй хойгуур лав дотор талын 4 хаалгыг сольсон байсан. Хаанаас ямар хүмүүс ирж хийсэн талаар мэдээгүй... Тухайн үед Б дарга спорт заалны шал будна шүү гэж байгууллагын бүх багш, ажилчдад үүрэг өгсөн. Би тэр үед байгууллагынхаа хамгийн залуу ажилтан гэдэг утгаараа даргын өгсөн үүргийн дагуу бүхий л хар бор ажлыг хийдэг байсан. Багш, ажилчид бид байгууллагын санхүү, мөнгө төгрөгтэй холбоотой зүйлийн талаар огт мэдэхгүй, дээрээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу л байцгаадаг. Тэгээрэй гэсэн болно тэрийг нь хийдэг, дарга нарын өөдөөс сөрж болохгүй шүү дээ. Гэтэл бүүр сүүлд нь спорт заалны шалыг засвар хийсэн компани өөрсдөө хийх ёстой юм байна гэдгийг мэдсэн юм. Уг нь бол багш, ажилчид бид заалны шал будах ёсгүй байсан юм байна лээ...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 195-196, 4-р хх-ийн 47-р тал/,

 

          5.Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны намар 08 сард байх манай Биеийн тамир спортын газар дээр засварын ажил хийгдсэн...А, Б заалны хоорондын холбоосны дээврийн засвар, гадна талын урсдаг лед самбар, хаалгануудыг “Их- Цэнхэр” ХХК байрлуулж хийх ёстой байсан юм байна лээ. А, Б заалны холбоосон дээр тухайн үед хэдэн танихгүй залуучууд гарчихсан хар цаас энэ тэр сольж тавиад байсан. Би бодохдоо “И Ц”ХХК-ны ажилчид юм байх л гэж бодож байсан. Энэ компани яг ямар ажил хийсэн эсэх, ажлаа бүрэн хийж дуусгасан талаар би мэдэхгүй байна. 2020 оны 10 сарын үед байна уу даа, газрын даргаар ажиллаж байсан Б засварын ажлыг хүлээж авах ажлын хэсэг томилсон тушаал гаргасан байсан байхаа, хальт харахад засварын ажил хүлээн авсан, хүлээлгэж өгөх ажлын хэсэг гэсэн тийм тушаал байсан, тэр тушаал дээр миний нэр, манайхаас нярав Мөнхбат ах, “И Ц”ХХК-ын захирал А, Орон нутгийн өмчийн газраас мэргэжилтэн Б гээд залуугийн нэр бичигдсэн байсан. Тэгэхэд Б дарга намайг “ ажил хүлээж авсан акт гаргаадах” гэхээр нь ямар ажил юм бол гээд дарга үүрэг өгч байгаа юм чинь гаргадаг юм уу гээд яг ямар ямар ажил хийсэн талаар мэдэхгүй байсан болохоор “И Ц”ХХК-ны захирал А гэх хүний утас руу холбогдоод танай компани яг ямар ажил хийж гүйцэтгэсэн юм бэ, ирж ажлаа хүлээлгэж өгнө үү” гээд хэлсэн чинь би УБ хотод ажилтай явж байна, Говь-Алтайд манай нэг ажилтан байгаа гээд нэг хүний утасны дугаарыг нь өгсөн. Тэгээд би тэр өгсөн дугаар луу нь холбогдоод “ би танай захиралтай чинь ярьсан чинь өөрийн чинь утсыг өгч байна, танай компани манай байгууллага дээр засварын ажил хийсэн юм биш үү, ирж хийсэн ажлаа хүлээлгэж өгөөрэй” гэсэн чинь би Шарга сумд ажилтай явж байна, ажил хүлээлцсэн бичиг, цаасаа бүгдийг нь бүрдүүлчих, би очоод гарын үсэг зуръя гэсэн. Тэр залуу надтай дахиж холбогдоод, ирж ажлаа хүлээлгэж өгөөгүй таг чиг болчихсон. Б дарга намайг “засварын ажил хүлээж авах” талаар үүрэг өгсөн, бас тушаал юм гаргачихсан болохоор өгсөн үүргийг нь биелүүлэх гээд уг нь компьютер дээр суугаад ажил хүлээн авах, хүлээлцэх акт гаргаад бэлдэх гэхэд нөгөө засварын ажил хийсэн гэх “И Ц”ХХК-аас ямар ч хүн ирээгүй, ийм ийм ажил хийсэн гээд өөрсдөө хүрч ирээд танилцуулаагүй учраас бид нар ямар хуурамч материал бүрдүүлж тэдгээр хүмүүсийн өмнөөс гарын үсэг зуралтай биш гээд орхисон.Тэрнээс хойш Б дарга ч хэд хэдэн удаа нөгөө ажил хүлээлгэж өгөх актаа гаргасан уу гээд намайг шавдуулаад байсан, гэхдээ ажил хүлээн авсан акт гаргаагүй. Тэгээд тэрнээс хойш дарга, нягтлан нар өөрсдөө хот руу явчихсан билүү, яалаа амраад ч явчихсан бил үү тэгээд таг болчихсон.2020 оны намар 9 сарын үед байх, Б дарга үүдний шилэн хаалга, урсдаг лед самбарыг тогтоогоорой гээд нярав Мөнхбат ах, жижүүр, Ган-Эрдэнэ бид хэдэд хэлсэн. Тэгээд бид хэд хамжилцаад үүдний том ордог шилэн хаалгыг тогтоогоод дараа нь үүдний байр урсдаг лед самбарыг тогтоож байсан юм. Хаалга, хаяг самбар тогтоох ажилд “И Ц”ХХК-ны ажилтнаас хэн ч оролцоогүй ба дээврийн засварын ажил хийж байсан хүнээс дрилл, тэгш ус зэрэг багажийг нь ашиглаж байгаад тогтоож байсан юм. Спорт заалны шалыг будах ажилд би оролцоогүй. Гэхдээ шал будах ажлыг манай ажлын газрын ихэнх хүмүүс хийсэн. Би тэр үед ажилтай байсан болохоор будгийн ажилд оролцоогүй. Б дарга намайг тэр үед ажил хүлээлцэх акт үйлдээдэх гэхээр нь ямар ямар ажил хүлээж авах юм бол гээд “И Ц”ХХК-ын хүлээлгэж өгөх засварын ажлын жагсаалтаас харахад миний санаж байгаагаар спорт заалны шалны будгийн ажил, мөн дээврийн холбоосны засварын ажил, лед хаяг самбар тогтоох, 3 хаалга тогтоож байрлуулах ажлыг хүлээлгэж өгөхөөр байсан. Энэ ажлуудаас заалны шал будах ажлыг манай ажилчид өөрсдөө бас лед самбар, 1 ширхэг шилэн хаалгыг тогтооход би, нярав Мөнхбат ах, Г-Э өөр хэн хэн байлаа даа бид нар хийж гүйцэтгэж байсан. И-Ц ХХК нь ямар учраас өөрсдөө хийгээгүй гэдгийг мэдэхгүй байна. Б дарга өөрөө л мэдэж байгаа байх... Мөн байгууллагын гадна талын үүдний дээр байдаг лед самбарыг 2020 оны 09, 10 сарын үед байх Б дарга намайг лед самбарыг үүдэнд тогтоогоорой гэж үүрэг өгч байсан, би тухайн үед Макс группийн тэмцээн болох гээд завгүй яваад байсан. Намайг байхгүй хойгуур манай ажилчдаас юм уу эсвэл өөр хүмүүс тогтоосон юм уу, тэрийг мэдэхгүй байгаад байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 204-206-р тал/,

 

          6.Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай Биеийн тамир спортын газар дээр өнгөрсөн онд буюу 2020 онд засварын хэд хэдэн ажлууд хийгдсэн. 2020 оны намар хичээл сургууль эхлэхээс өмнө байгууллагын спорт заалны шалыг манай ажлын газрын ихэнх багш, ажилчид будаж байсан. Тэгээд 2020 оны 09 сарын үед ажлаасаа чөлөө аваад хувийн ажлаар Дорнод аймаг руу явахын өмнө Н ахын “А х” гээд компанийн хүмүүс манай ажлын газрын дээврийн холбоосны хар цаасны солих бас коридорын засвар, гадна талын пассатны засварын ажлыг хийж байсан. Тэгээд би Дорнод аймгаас ирэхэд засварын ажил нь бараг дуусаж байсан. Би Дорнод аймгаас ирээд Булган аймаг руу үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн рүү хүүхдүүдээ аваад явсан. Ингээд Булган аймагт тэмцээнд оролцож дуусаад ирэхэд үндсэндээ засварын ажил хийгдээд дуусчихсан байсан. Миний мэдэхээр Н ахын компани лав засварын ажил хийж байсан. Харин бусад засварын ажлыг хаанаас ямар компани хийсэн талаар би мэдэхгүй байна. Аан бас нэг зүйл хэлэхээ мартсан байна, намайг Дорнод аймгаас ирсний дараа Б дарга үүдэнд хаяг, самбараа тогтооно шүү гээд дасгалжуулагч нарын өрөөнд байсан урсдаг лед самбарыг Ч ах, нярав М ах тэр хэдтэй хамжилцаад урсдаг самбарыг үүдэнд тогтоож байсан юм, бас намайг Дорнод аймгаас ирсний дараа байх байгууллагын модон хаалгыг авахад нь М ах, жижүүр, харуул зэрэг хэд хэдтэй хамжилцаад авч байсан, модон хаалгыг авсны дараа шинэ төмөр хаалга хийснийг нь бол манай байгууллагын гадна талын пассат, будгийн ажил хийж байсан залуу хийж харагдсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 201-202-р тал/,

 

          7.Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнгөрсөн оны намар сургууль, цэцэрлэг орохоос өмнө санагдаж байна, газрын даргаар ажиллаж байсан Б ажлын газрын нийт хамт олныг спорт заалны шалыг будна шүү гэж үүрэг өгсөн. Тэгээд манай ажлын газрын багш, жижүүр, харуул, үйлчлэгч нарын ихэнх нь спорт заалны шалыг 2 өдөр будаж байсан юм. Харин А, Б заалны хоорондын холбоосны засварын ажил, Б даргын суудаг өрөөнд мөн засварын ажил хийгдсэн, гэхдээ энэ засварын ажлыг гаднаас өөр танихгүй улсууд ирж хийж байсан.Манай ажлын газрын хамт олноос тухайн засварын ажилд нь бол оролцоогүй... Б даргын өгсөн үүргийн дагуу заалны шал будсан. Ажилчид бид даргын өгсөн үүргийн дагуу ажилладаг юм. Ажилчид бид өөрсдөө дур мэдэж шал будна гэж байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 198-199-р тал/,

 

          8.Гэрч Д.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнгөрсөн 2020 онд манай байгууллага дээр засварын ажил хийгдэж байсан. Миний санаж байгаагаар гадна талын пассатны ажил мөн дотор талын плитаны ажил бас бус жижиг засварын ажлыг Г.Н захиралтай “А х” ХХК хийж гүйцэтгэсэн. “А Х” ХХК-иас хийж гүйцэтгэсэн засварын ажил нь ямар ч асуудалгүй хийгдэж, засварын ажлыг комисс хүлээн авч байсан санагдаж байна. Харин А, Б заалны дээврийн холбоосны засварын ажлыг “И ц” ХХК хийсэн гэтэл ажлаа хүлээлгэж өгөөгүй, угаасаа чанаргүй юм хийж хаяад явсан. “А-А” ХХК нь 1 давхарт байгаа хүндэтгэлийн самбарыг мөн даргын суудаг өрөөний засварын ажлыг хийх ёстой байсан боловч хачин юм хийгээд явчихсан, уг нь мөнгө аваад хийж байж үнэхээр чанаргүй муухай юм хийсэн байсан. 2017 онд манай газрын спорт заалны дээврийн засварын ажлыг “Баян транс” гэдэг компани хийж байсан. Тухайн үед Б т компанийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах комисст нь ороод Б даргын өгсөн үүргийн дагуу ажлыг нь хүлээн аваад гарын үсэг зурчихсан юм. Манай өмнөх дарга нар Ц дарга шиг ийм хууль бус тэр дундаа тендер зарлаж засвар, үйлчилгээний ажил хийлгэж байгаагүй болохоор миний хувьд ямар нэгэн ажил хүлээн авах комисст ороод байдаггүй байсан. “Б т” ХХК-иас хийсэн ажлыг нь хүлээн авахдаа даргын хэлсэн үүргийн дагуу авчих, авчих гэхээр нь хүлээгээд авчихсан чинь дараа нь бөөн асуудал үүсэж Авлигатай тэмцэх газарт хэд хэдэн удаа байцаалт өгч байсан. Тэр үедээ гэнэдээд Б даргын хэлсэн үүргийн дагуу байсан болохоор байгууллага дээр 2020 онд хийгдсэн засварын ажлыг хүлээн авах комисст нь ороогүй. Гэхдээ би ажил хүлээн авах комисст орсон ажлынхаа газрын бусад хүмүүст урд өмнө асуудал үүсэж байсан шүү, “А-А” ХХК, “И ц” ХХК-аас хийсэн ажлыг нь нэг бүрчлэн үзэж шалгаж аваарай, хүмүүс нь өөрсдөө хүрч ирээд хүлээлгэж өгөөгүй байхад хүлээгээд авав гэж хэлж сануулж байсан юм.Гэхдээ албан ёсоор энэ хоёр компаниас хийсэн гэх засварын ажлыг нь одоогоор хүлээн аваагүй байгаа. Энэ талаар У дарга бүүр тодорхой мэдэж байгаа байх. Байгууллагын ажилчид бид удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой. Ойр зуурын тохижилт үйлчилгээний ажил, олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцож ажиллах ёстой л гэж хувьдаа үздэг. Гэхдээ байгууллагаас албан ёсоор зарласан тендерт шалгарсан аж ахуй нэгж, компани нь өөрсдөө л хийх ёстой шүү дээ. Ажилчид бид бүхэн байгууллага дээр ямар, ямар тендер зарласан эсэх, ямар компани шалгарсан талаар мэдээлэл байдаггүй улмаас дарга, удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хэрэв заалны шал буд гэвэл будахаас өөр аргагүй, хаалга тогтоо гэвэл хаалга янзалж тогтоох гээд өгсөн үүргийг нь биелүүлж ажиллахаас өөр аргагүй... Б дарга Засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тушаал дээр А, М, З, Х, Г-Э нарын нэрийг оруулаад гаргаад ир гэхээр нь би ажил үүргийн хуваарийн дагуу буюу даргын өгсөн үүргийн дагуу ажлын хэсэг байгуулах тухай тушаалын төслийг 2 хувь гаргаад нэг хувийг нь тэр үеийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Гүррагчаад, нөгөө нэг хувийг нь архивтаа хадгалах гэж авч үлдсэн. Г надаас авч явсан ажлын хэсэг байгуулах тушаалыг авч яваад төд удалгүй “ энэ хүмүүсийн нэрсийг солих” хэрэгтэй байна гэсэн. Тэгээд байж байтал Ц дарга өрөөнөөс гарч ирээд Б, А, А-ийн нэрийг оруулаад ажлын хэсэг гаргах тушаал гаргачих гэсэн. Тэгэхээр нь би Амартүвшин ахын овгийн үсгийг мэдэж байгаа нөгөө хоёр хүмүүсийн чинь овгийн үсгийг мэдэхгүй ш дээ гэсэн чинь за одоохон гээд өрөө лүүгээ орсноо хэсэг байж байгаад гарч ирээд А-ийн овог нь тэр, Б-ын овгийн үсэг нь тэр гээд хэлүүлээд тушаалын төслийг гаргуулж байсан юм. Сүүлд гаргасан ажлын хэсэг байгуулсан буюу Б, А, А-маа нарын нэрсийг оруулсан тушаалын эх хувь байгууллагын архивын баримтад байгаа. Харин уг тушаалын өмнө гаргасан А/20 дугаартай тушаалын эх хувь нь баримтад байхгүй. Учир нь устгасан тушаалын дараа дээрх хүмүүсийн нэрс орсон сүүлийн тушаал гарсан болохоор устгасан ба явсан бичгийн бүртгэлдээ болохоор устгасан тушаалыг хуулбарлаад хийсэн юм...”гэх мэдүүлэг/1-р хх-ийн 208-210, 4-р хх-ийн 55-56-р тал/,

 

          9.Гэрч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 09 сард жирэмсний амралтаа авч байсан. Намайг амрахаас өмнө байгууллагын спорт заал будаагүй, ер нь 2020 онд ковидтой холбоотой ямар нэгэн тэмцээн уралдаан зохион байгуулагдаагүй бөгөөд заалны шал будаагүй. Харин 2019 оны намар 8 сарын сүүлээр сургалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө хоёр заалны шалыг ажилчид бид бүхэн будаж байсан юм... Заалны шал будах үүргийг тэр үед даргаар ажиллаж байсан Б өгч байсан юм. Хэн нэгнээс цалин мөнгө аваагүй...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 220-221-р тал/,

 

          10.Гэрч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би урд өмнө өгсөн тайлбар, мэдүүлэг дээр манай ажлын газрын спорт А, Б заалны шалыг ажилчид маань 2020 оны намар будсан гэж андуурч хэлсэн байна. Гэтэл 2020 оны намар заалны шал будаагүй, харин 2019 оны намар 8 сарын сүүлээр будаж байсныг андуурч хэлсэн байна... Б дарга биднийг шал будаарай гэсэн. Тэгээд авчирч ирсэн будгаар нь бид будаж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 215-р тал/,

 

          11.Гэрч Ө.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгууллагын А, Б заалны хоорондох хоолойны дээврийн засварын ажил нь 2020 оны намар 8 сарын үед гаднаас хэдэн танихгүй залуучууд хүрч ирээд хэдэн өдөр хийсэн. Тэдгээр хүмүүс дээврийн ажил хийж дуусахтай зэрэгцээд манай байгууллагын дотор талын коридорын хана, шал, таазыг замаскдаж эмүлсдээд мөн нарийн коридорыг нурааж бага зэрэг өргөтгөж сунгасан. Тэр үед Б дарга ажиллаж байсан. Бын даргын өрөөний дотор засварын ажлыг бас хийсэн, миний санаж байгаагаар уналттай тааз хийсэн бас шалыг нь паркеталсан, хаалгыг нь сольж тавьж байсан. Нэг иймэрхүү засварын ажил хийсэн юм. Тэрний дараагаар нь билүү дээ, сургууль эхлэхээс өмнө манай ажлын газрын хамт олон спорт заалныхаа шалыг будсан. Мөн 2020 оны 09 сарын үед байна уу даа, яг хэзээ байсан талаар сайн санахгүй байгаад байна, намайг нэг өдөр ээлжээсээ буугаад дараачийн гараан дээрээ ажил дээрээ ирэхэд байгууллагын дотор талын 3 ширхэг төмөр хаалгыг сольсон байсан. Тэгэхээр нь ээлж хүлээн авсан жижүүрээс хаалгаа сольчихсон юм уу гэсэн чинь тиймээ, гаднаас 3 залуу хүрч ирээд солиод явсан гэж тайлбарлаж байсан. Дээрх засвар хийгдсэний дараа байх байгууллагын үүдэнд урсдаг лед хаягийг арга зүйч М, сагсан бөмбөгийн багш Г-Э, нярав М бид хэд тогтоож байсан. Тэр лед хаяг самбар нь хаанаас хэзээ ирсэн талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 192-193-р тал/,

 

          12.Гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг Биеийн тамир спортын газарт ажилд ороод удаагүй энэ он гараад 02 сард Төрийн аудитын газраас жил бүр л санхүү, тайлангийн аудитыг хийгдэх үед нь байгууллагын 2020 оны санхүүгийн үйл ажиллагааныхаа баримтуудыг шалгуулсан. Аудитын шалгалтаар миний хуучин ажиллаж байсан Биеийн тамир спортын газарт “И ц” ХХК-тай 2019 онд засварын ажил гүйцэтгэх гэрээгээр 35,000,000 төгрөгийн төсөвт өртгөөр хийгдсэн ажлыг хүлээн аваагүй, уг мөнгөн дүнгээр тухайн компаниас авлага авахаар төлбөрийн акт тогтоогдож байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48-р тал/,

 

          13.Гэрч Х.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Есөнбулаг сумын 4-р цэцэрлэгт жижүүрээр ажилладаг юм. Цэцэрлэг сургууль амарсан үед болон ээлжээс буусан үедээ хаана барилгын ажил олдоно, ажлын санал тавьсан хүмүүстэйгээ үнэ ханш дээрээ тохиролцоод барилгын ажлын хийчихдэг юм. Намайг манай Говь-Алтай аймгийнхан бүгд ялангуяа барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани улсууд андахгүй. Өнгөрсөн оны бил үү эсвэл тэрний урд жил буюу 2019 оны 5, 6 сарын үед байна уу даа над руу нэг танихгүй залуу утсаар яриад “ барилгын засвар хийдэг хүн мөн үү” гэхээр нь тиймээ мөн байна гэсэн чинь аймгийн Биеийн тамир спортын газар дээр хэдэн хаалга солих ажил байна, үнэ ханш дээрээ тохиролцоод хийх үү гэхээр нь тэгье, тэгье гэсэн. Тэр залуу намайг цогцолбор дээр яваад ирээч гэхээр нь явж очсон. Надад тухайн ажлын санал болгосон тэр залуугийн нэрийг нь санахгүй байна, махлаг бор царайтай, приус 20 машин унадаг залуу байсан ба Биеийн тамир спортын газрын дотор талын 3 хаалгыг солиод, оронд нь шинэ хаалга суурилуулж хийх юмаа, хэдээр хийх үү гэхээр нь би 700 мянган төгрөгөөр хийнэ гэсэн чинь за за тэгвэл хийлгэе гэсэн. Ингээд үнэ хөлсөө ярьж тохирсноос хойш 2-3 хоногийн дараа би барилга дээр цуг ажилладаг Заанхүү, өрлөг өрдөг М хоёртой хамт хүрч ирээд спорт цогцолборын хуучин 3 хаалгыг нь авч шинээр солиулахаар авчирсан байсан 3 хаалгыг нь суурилуулж хийж байсан. Ажлын хөлсөнд Хаан банкныхаа дансаар 600-650 мянган төгрөгийг тэр залуугаас авч байсан санагдаж байна. Надтай цуг ажилласан З, М хоёрын цалин нь 600-650 мянган төгрөгөөс өгч байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 162-163-р тал/,

 

          14.Гэрч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие захиргааны байранд жижүүрээр ажиллаад буусан өдрөө ч юм уу эсвэл амралтын өдрүүдээрээ энд тэнд барилгын чиглэлийн ямар ажил олдоно, үнэ хөлс дээрээ тохиролцоод хийдэг юм. 2020 оны зун бил үү, намар бил үү, цаг хугацааг санахгүй байна, аймгийн Халамжийн үйлчилгээний газрын II инженер Д гээд залуу над руу утсаар холбогдоод Биеийн тамир спортын газрын дээврийн засварын ажил байна, үнэ хөлс дээрээ тохироод хийх үү гэхээр нь ямар хэмжээтэй дээвэр юм бэ гэсэн чинь үүдний хэсгийн холбоосны дээврийн засварын ажил байгаа юм, том ч биш, жижиг ч биш дундын хэмжээтэй дээвэр гэхээр нээх том хэмжээтэй дээвэр биш байлгүй, 1 сая төгрөгөөр хийгээд өгье гэсэн чинь Д нь тэг, тэг болно гэсэн. Би урд өмнө дээврийн засварын ажлыг өөрөө гардаж хийж байгаагүй болохоор, бас ганцаараа хийж чадахгүй байх, нэмэлтээр хүн авч ажиллуулъя гээд бүл дүү Б руу ярьж “ ахдаа дээврийн засварын ажил хийлцээд өгөөч, цалин хөлсийг чинь өгнө” гэсэн чинь тэгье, тэгье гэсэн. Тэгээд бүл Б-ыг мөн түүний хоёр найзтай нь хамт нийт 4-лээ Биеийн тамир спортын газрын дээврийн засварын ажлыг хийж гүйцэтгэж байсан юм. Ажлын хөлсөнд Д-с өөрөөс нь увуулж, цувуулаад 1.000.000 төгрөгийг, дараа нь ажлаа хийж дууссаныхаа дараа 200,000 төгрөг нийт 1,200,000 төгрөг Хаан банкны **** тоот дансаар авч байсан. Авсан мөнгөнөөсөө цуг ажил хийсэн Б-д 240.000 төгрөг, нөгөө хоёр залуугийн нэгд нь 100 гаран мянган төгрөг, нөгөө залууд нь 200 орчим мянган төгрөгийн цалин тус тус өгч байсан. Үлдсэн мөнгөнөөс нь би өөрийнхөө ажлын хөлсөө гаргаж аваад, 200 орчим мянган төгрөгөөр хамт ажлын хийсэн 3 хүнийхээ хоол, унд, тамхи тариаг нь авахад зарцуулсан. Тэр дээврийн засварын ажлаас надад ямар нэгэн ашиг гараагүй. Сүүлд нь таньж мэддэг хүмүүс маань ямар хямдхан зардлаар дээврийн ажил хийсэн юм бэ гээд хэлж л байсан... 38 боодол хар цаас, дараа нь нэмж 4-5 боодол хар цаас авсан. Мөн хар цаас наахад ашигладаг 20 литрийн савлагаатай 5 бил үү 6 ширхэг сав хар лак. Хар цаасны амсар дарахад гөлмөн хавтгай төмөр хэрэгтэй болсон ба гөлмөн төмөр хэрэгтэй байна гэж хэлээд Доржготовоор 20 орчим мерт төмөр авхуулсан, хар цаасыг халааж наалгадаг учир 4 удаа газ цэнэглүүлсэн, бас 2 уут цемент авхуулсан, агааржуулалтын 2 ширхэг сэнс тавьсан, 1 портер хайрга татуулж дээврийн усны хаялга хийхэд хонхорхой хэсэг мөн дээврийн хүрээний сэтэрсэн амсрыг бөглөхөд цементтэй хольж бөглөж, шавардлага хийсэн. Ингээд ийм, ийм л бараа, материал дээврийн хар цаас наах ажилд хэрэглэсэн... Д-с увуулж, цувуулаад нийт 1,200,000 төгрөгийг авсан. Үүнээс өөр мөнгө, төгрөгийг бэлэн болон дансаар аваагүй. Зөвхөн 1,200,000 төгрөгийг л авсан. Уг 1,200,000 төгрөгийг ажил хийсэн бусад гурван залуутайгаа хувааж авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 165-167, 169-172-р тал/,

 

          15.Гэрч Р.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Байгууллага дээр хийгдсэн засварын ажилтай холбоотойгоор мэдэж байгаа зүйлээ л хэлэх нь зөв байх. Өнгөрсөн 2020 онд манай ажлын газрын гадна талын пассатны ажлыг хэдэн хүмүүс хийгээд л яваад байсан бас дээврийн засварын ажлыг ч гэсэн хэдэн залуучууд хийж л байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-29-р тал/,

 

          16.Гэрч Б.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны намар яг хэдэн сар байсныг санахгүй байна. Б дарга, ажлынхаа газрын нэг хүнтэй хүрч ирээд зааландаа будаг хийх гэсэн юмаа гээд будаг, багс, бээлий будгийн ажилд орох хэрэгсэл зээлээр аваад удаахгүй мөнгийг чинь өгнөө гэсэн. Яг хэдэн төгрөг болж байсныг одоо санахгүй байна. Тэгээд мөнгөө өгөхгүй болохоор нь би ажил дээр нь очоод мөнгөө авъя гээд нэхсэн чинь нэг компаниас мөнгийг чинь өгнө гээд миний дансыг авсан. Тэгээд миний 5323088360 тоот данс руу зээлээр өгсөн бараа, материалын мөнгийг шилжүүлж байсан юм. Тэрнээс хойш дахиж бараа, материал зээлээр өгөөгүй, одоо ямар нэгэн өр шир байхгүй. Тухайн компаниас мөнгө шилжүүлсэн эсэхийг мэдье гэвэл миний дансны хуулган дээрээс харагдах байх...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 227-228-р тал/,

 

          17.Гэрч Г.Б-Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 12 сард Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт барилгын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан юм. Гэтэл намайг Биеийн тамир спортын газрын дээвэр дээр хийгдсэн засварын ажлыг шалгах ажлын хэсэгт оруулсан байсан ба даргаар нь Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны дарга Г мөн мэргэжлийн хяналтын газраас барилгын улсын байцаагч Б, Худалдан авах ажиллагаанаас Г.Б- Э, өмчийн албанаас Мөнхнасан болон миний бие гишүүдэд багтсан байсан. Ингээд миний зүгээс зөвхөн барилга талаас нь үзэж шалгахаар тус газрын дээвэр дээр гарч үзэхэд засварын ажил нь аль хэдийнээ хийгдээд дуусчихсан, өөрөө хэлбэл ямар нэгэн засварын ажил явагдаагүй байсан. Дээвэр дээр хар цаас наагдсан байсан учир хийгдсэн ажлын чанар байдлыг дүгнэх, тогтоох ямар ч боломжгүй байсан. Харин баталгаат хугацаа буюу 3 жилийн дотор ямар нэгэн зөрчил доголдол гарах өөрөөр хэлбэл ус, дусаал гоожих зэрэг зөрчил гарах юм бол гүйцэтгэгч тал өөрийн хөрөнгөөр 100 хувь засварлаж хэвийн ажиллагаанд оруулах үүрэг нь Барилгын тухай хууль болон ажил гүйцэтгэх гэрээн дээр тусгасан байдаг юм. Миний зүгээс ийм л үүрэгтэй тухайн ажлын хэсэгт орж ажилласан бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон бусад гишүүд маань өөрс өөрсдийн чиглэлээр үзэж шалгасан байх ёстой.Тус хийгдсэн засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа Орон нутгийн өмчийн газар дээр тендер нь зарлагдсан байсан бол манай Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар дээр тус засварын ажлынх нь захиалагчийн хяналтын гэрээ хийгдээд, ингээд манай байгууллагаас хяналт тавих ёстой байсан. Гэтэл дээрх тохиолдолд буюу Биеийн тамир спортын газраас тухайн засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа тухайн байгууллага дотроо тендерээ зарлаад сонгон шалгаруулсан бол Биеийн тамир спортын газраас байгуулагдсан ажлын хэсэг нь хийгдэж байсан засварын ажил дээрээ хяналтаа тавиад, байгууллага дотроосоо ажлын хэсэг гаргаж хийгдсэн ажлаа хүлээж авах ёстой байсан. Тэгэхээр заавал манай байгууллагаас буюу Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас тухайн барилга, засварын ажил дээр нь хяналт тавина гэсэн зохицуулалт байхгүй, тухайн байгууллага хуулийн хүрээнд өөрсдөө тавьж болно. Миний ойлгосноор тус газрын ажилтан алба хаагчид нь Б даргатай холбогдуулан гаргасан өргөдөлдөө “засварын ажлыг хамаарал бүхий компаниараа хийлгэсэн, тендерийг хууль бусаар зохион байгуулсан утгатай зүйл бичсэн юм байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 15-16-р тал/,

 

          18.Гэрч Б.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2020 оны 12 сарын үед миний урд өмнө ажиллаж байсан Биеийн тамир спортын газрын ажилчид маань Б даргад өргөдөл гаргаж өгөхдөө архивын баримтаас нэг юм хувилж хавсаргана гээд намайг байлцуулж байгаад архиваас 2019 оны явсан бичгийн бүртгэлийг гаргуулж авсан. Тэгээд Зандансүрэн эгч, мөн тэр үед мэргэжилтнээр ажиллаж байсан одоо дарга болсон байгаа Уранчимэг тэр хоёр тухайн баримтаас нэг хуудас баримт миний хажууд байж байгаад хуулбарлаж авсан ба тэр ямар баримт байсныг одоо санахгүй байна. Тэгээд надад Зандансүрэн эгч 2019 оны архивын баримтыг буцаагаад өгсөн. Тэр үед ажлын цаг дуусах дөхөж байсан болохоор тухайн баримтыг архив луугаа хийхээ мартаад ширээн дээрээ үлдээгээд гэртээ харьсан юм. Тэгээд маргааш өглөө ажил дээрээ ирэхэд Б дарга надаас өмнө түрүүлээд ирчихсэн байсан. Гэхдээ ширээн дээр нөгөө 2019 оны үдэгдсэн архивын баримт байсан. Урд өдөр нь З эгч, У эгч тэр хоёр тухайн баримтаас нэг хуудас материалыг хуулбарлаж авахдаа үдээстэй байна, хуулбарлаж болохгүй байна гээд задалж байсан бөгөөд буцааж архив луугаа хийхдээ задалсан хэсгийн хуудаснуудыг буцааж үдэж байхад ямар ч байсан 1 хуудас материал алга болсон. Тэгэхээр би Зандансүрэн эгчид “ өчигдрийн архиваас гаргаж авсан баримтаас хуулбарлаж авсан баримтын чинь эх хувь нь алга болсон байна, дарга л авсан юм шиг байна гэж хэлж байсан. Би тэр баримтыг Б даргаас өөрөөс нь бол асуугаагүй.Намайг тэр өглөө ажилдаа ирэхээс өмнө дарга ирчихсэн байсан болохоор Б дарга л авсан байх гэж бодоод байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 249-250-р тал/,

 

          19.Гэрч О.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие байгууллагын засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ямар нэгэн ажлын хэсэгт орж ажиллаагүй. Ажлын хэсэгт орж ажилласантай холбоотой ямар нэгэн хуралд суугаагүй. Би ажлын хэсэгт орсон байсан юм байна гэдгийг одоо л мэдэж байна. Үүнээс өмнө надад хэн нэгэн хэлж мэдэгдээгүй... Би А/20 дугаартай ажлын хэсэг байгуулах тухай тушаалтай одоо л танилцаж байна, урд өмнө нь ийм тушаал гарсан эсэхийг мэдээгүй, надад танилцуулаагүй. Тэр дундаа намайг ажлын хэсгийн ахлагчаар нь тавьсан байна. Би ийм ажлын хэсэгт орж ажиллаагүй. Ажлын хэсгийн зүгээс байгууллагын засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах талаар хуралдаж байгаагүй юм чинь ямар нэгэн дүгнэлт гараагүй. Яагаад миний нэрийг тушаал дээр оруулаад биччихсэн юм бол гэдгийг гайхаж байна... 2017 онд манай байгууллагын спорт Б заалны дээврийн засварын ажлыг “Б” гэдэг компани хийсэн байсан. Гэтэл ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэгт миний оруулчихсан, ажлын хэсгээс хурал хийсэн мэтээр зохиогоод оруулчихсан байсан, би тэр үед ямар нэгэн хуралд суугаагүй ба ажлын хэсэгт орсноо ч мэдээгүй байсан. Тэр асуудлаас бол Авлигатай тэмцэх газар байцаагдсан. Ингээд миний нэрийг энэ мэтчилэн 2 дахь удаагаа оруулсан байгаад нь маш их гайхаж байна. Намайг ахмад настай хүн, аливаа юманд зөөлөн ханддаг учраас олон юм яриад, хэл ам болохгүй байх гэж бодоод Б дарга миний нэрийг ажлын хэсэгт зохиогоод оруулчихсан байх гэж хувьдаа бодож байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 2-3-р тал/,

 

          20.Гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ийм хуралд сууж байснаа санахгүй байна. 2019-05-06-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэл болон тендер сонгон шалгаруулах ажлын хэсгээс бүрдүүлсэн баримт, материал дээр зурагдсан миний гарын үсэг минийх биш байна. Би ингэж гарын үсгээ зурдаггүй. Ямар ч байсан байгууллагын дээврийн засварын ажил хийгдэнэ гээд Цогоо дарга хэлж байсан. Тэгээд би 2019 оны намар бил үү 2020 оны намар 08 сард нь билүү ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөө аваад гарсан. Тэрнээс хойших үйл явдлын талаар би мэдэхгүй байна ...Би хуралд суугаагүй юм чинь ямар юмных нь ингэж хэлэх юм бэ. Миний өмнөөс хэн нэгэн зохиогоод бичсэн байна. Би хуралд суугаагүй. Хурлын тэмдэглэл дээр зурагдсан гарын үсэг нь ч гэсэн миний гарын үсэг биш байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 238-239, 3-р хх-ийн 184-р тал/,

 

          21.Гэрч А.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай багын найзыг А гэдэг юм, миний ч найз, манай эрэгтэй дүү А.Н-ийн ч гэсэн найз юм. Адьгаа найз маань Говь-Алтай аймагт төрж, өссөн бөгөөд одоогоор гэр бүлийн хамтаар Улаанбаатар хотод амьдарч, ажилладаг байгаа, хувьдаа барилгын компанитай. 2020 оны 05 сарын үед ямар ч байсан бороо ороогүй байсан байхаа. А над руу утсаар яриад “Биеийн тамир спортын газрын дээврийн засварын ажил болон хаалга энэ тэрийг нь солих ажил байна, туслах хүн хүч байна уу, дээврийн хар цаас гайгүй наадаг туршлагатай хүн олоод өгөөч” гэхээр нь юу гэсэн ажиллах хүн хүч хайгаад олоод өгье гэсэн. Ингээд би хар цаас наачихдаг барилга дээр ажилладаг хүн хайгаад хэсэг явсан. Тэгж байхдаа аймгийн захиргаанд жижүүр хийдэг Б ахтай таараад “дээврийн засвар, хар цаас наах ажил хийх үү” гэсэн чинь ах нь ажлынхаа цаг чөлөөгөөр хийгээд өгье, 1 саяаас 1 сая 200 мянгын хооронд хийгээд өгье гэсэн. Тэгэхээр нь би А лүү буцаж холбогдоод дээврийн хар цаас наах ажлын үнэ ханш манай энд 1 саяаас 1 сая 200-ын хооронд байдаг юм байна” гэсэн чинь өө тэгвэл наад үнээр чинь хамаагүй хийлгэе гэсэн. А намайг “наад ажил хийх хүмүүсээ дээврийн хар цаас наах ажил хийгдэх Биеийн тамир спортын газрын холбогдох хүмүүстэй нь уулзуулаад өгөөрэй” гэхээр нь Б-г спорт цогцолборын нягтлан бодогч нь бил үү, няравтай нь холбуулж уулзуулж өгч байсан. Биеийн тамир спортын газрын агуулахад нь дээвэр дээр наах хар цаасыг хураачихсан байсан ба агуулахаас нь Б, Б-тай хамт ажил хийхээр ирсэн хоёр, гурван залууд хүлээлцүүлж өгөөд тэгээд тэр хэд ажлаа эхлүүлж байсан юм. А намайг ажлынх нь явц байдлыг нь зав чөлөөгөөрөө үзэж хараад яваад байгаарай, найз нь наана чинь таньж мэдэх хүн одоо байхгүй, чамайг л гуйж байгаа шүү гээд захиж байсан болохоор найздаа туслах зорилгоор хар цаас наах ажлын үеэрээ бас баллонтой хийг нь цэнэглүүлэх зорилгоор хэд хэдэн удаа очиж байсан. Ажил нь хэвийн л явагдаж байсан. Б тэр хэд хар цаас, лаак дууссан гэхээр нь А лүү утсаар ярьж “ хэдэн боодол хар цаас, лаак дутсан шүү” гээд захиж хэлсэн. А хотоос 4-5 боодол хар цаас, хар цаас наадаг зориулалттай савтай лаакнууд явууллаа шүү гээд явуулахаар нь энд ирэхээр нь тосож аваад ажил хийж байсан хүмүүст аваачиж өгч байсан. Хар цаас нь болохоор 4-5 ширхэг, харин хэдэн сав лаак ирж байсныг санахгүй байна. Мөн жаахан шавар, замаскны ажил хийхээр болчлоо гэхээр таньдаг хүнээсээ бага зэргийн цемент гуйж аваад аваачиж Буяка ахад аваачиж өгч байсан. Бас дээврийн төмөр хэрэгтэй байна гэхээр нь барилгын материалын дэлгүүрээс төмөр худалдан аваад аваачиж өгч байсан. Эдгээрээс өөр ямар нэгэн бараа, материал ороогүй ...Б нь миний төрсөн дүү Н-той бас “И ц” ХХК-ийн захирал А-тэй Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 1-р дунд сургуульд цуг сурдаг, нэг үеийн хүүхдүүд байсан. Одоо ч гэсэн найз нөхдийн харилцаатай байдаг” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 181-186, 3-р хх-ийн 186-р тал/,

 

          22.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...“И ц” ХХК нь 2019 онд спортын А, Б заалны хүзүүвчний дээврийн засвар болон гадна талын 4 ширхэг хаалга солих, үүдний лед самбар нийлүүлж тавьж суурилуулах, мөн спорт А, Б заалны шалыг будах ийм ажлуудыг 35.000.000 төгрөгийн төсөвт өртгөөр ажлыг хийж гүйцэтгэх ёстой байсан. Гэтэл гэрээ байгуулсан тухайн 2019 онд засварын ажлаа хийгээгүй. Тэгээд 2020 онд “И ц” ХХК-аас гэрээнд заасан засварын ажлуудаасаа 3 ширхэг төмөр хаалгыг сольж суурилуулсан, үүдний шилэн хаалгыг ажилчид өөрсдөө хийсэн гэдэг юм, гэхдээ миний хувьд манай ажилчид өөрсдөө солих үед нь байгаагүй болохоор хэн хийсэн талаар мэдэхгүй байна. Үүдний дээр байрладаг лед самбарыг нярав М, спорт тоглоомын багш Г-Э, арга зүйч М, тухайн өдөр гарч байсан жижүүр бид хэд уг лед самбарыг тогтоож байсан. Лед самбарыг 3.000.000 төгрөгөөр худалдан авч угсарч өгөхөөр тусгасан байсан бөгөөд тухайн лед самбарын зах зээлийн үнэ нь яагаад ч 3.000.000 төгрөгт хүрэх самбар биш гэж бодож байна. ...Дээврийн засвар, хар цаас наах ажлыг хэдэн залуучуудаар хийлгэсэн байсан. Засвар хийсэн гэх дээврээс цас, бороо ороход даргын өрөө, коридор, үйлчлэгч нарын жижиг өрөөний таазнаас дусаал гоожиж хана, таазны эмульс замаск хууларсан байгаа. Мөн уг компани нь спортын хоёр заалны шалыг будах ёстой байсныг ажилчид бид мэдээгүйн улмаас Б даргын өгсөн үүргийн дагуу заалны шал будаж байсан. Манай байгууллагын ажилчид заалны шалны будгийг 2020 оны намар будаагүй бөгөөд 2019 оны намар 8, 9 сард будаж байсан. Ажилчид маань шалны будаг хийсэн цаг хугацааг 2020 онд хийсэн гэж андуурч хэлсэн байж магадгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-59, 4-р хх-ийн 59-60, 179-180-р тал/,

 

          23.Гэрч Д.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие байгууллагын засварын ажилтай холбоотой ямар нэгэн ажлын хэсэгт орж ажиллаагүй. Яагаад миний нэрийг оруулаад биччихсэн юм бол гэдгийг би мэдэхгүй байна. Надад хэн нэгэн “ ажлын хэсэгт орсон шүү” гэж хэлж мэдэгдээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 5-р тал/,

 

          24.Гэрч М.Г-Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би үнэлгээний хороо гэж юу байдгийг ч мэдэхгүй. Би үнэлгээний хороонд орсноо ч мэдээгүй, үнэлгээний хорооны гэх ямар нэгэн хуралд суугаагүй. Үнэлгээний хороо байгуулсан тушаал дээр миний нэрийн урд зурагдсан байгаа гарын үсэг нь угаасаа биш байна. Би гэхдээ өөрийнхөө гарын үсгээ ийм байдлаар зурдаг боловч гарын үсгээ хараад танина, минийхийг хэн нэгэн дуурайлгаад зурсан юм шиг байна. Би дахиад хэлье, би гарын үсгээ ингэж зурдаггүй...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 47-р тал/,

 

          25.Гэрч Г.Б-Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сангийн яамнаас ирүүлсэн зөвлөмж дээр 1 оролцогч тендерийн баримтуудаа ирүүлсэн, тэгээд үнэлгээний хорооноос “И ц” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр нь үндэслэлгүй байна...” гэжээ. Хэрэв тухайн оролцогчийн тендерийн материалд ажлын даалгавар, тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай техник эдийн засгийн тооцоо, ажиллах хүч, засал чимэглэлчин, цахилгаанчин, барилгын мужаан, гагнуурчин гэсэн мэргэжлийн ажилчидтай байх гэсэн тендерийн баримт бичгийн шалгуур, шалгуур үзүүлэлтийг хангаагүй байна гэсэн байна. “ И ц” ХХК үнэлгээний хороонд хийж гүйцэтгэх ёстой ажлын даалгавар, ажилчдынхаа мэргэжлийн үнэмлэхийн хуулбар болон бичиг баримтуудыг гаргаж өгөөгүй байна. Энэ тохиолдолд нь тус үнэлгээний хороо нь ирүүлсэн тендерээс татгалзаж дахин тендер зарлан явуулах ёстой байсан байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 53-р тал/,

 

26.Засварын ажлыг хариуцан хийлгэж байсан А.Д-ын “ХААН банкны **** тоот дансанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нийт 8 удаагийн орлогын гүйлгээгээр 2,025,000 төгрөг шилжигдэн орсон нөхцөл байдал тогтоогдсон тэмдэглэл. Дээврийн засварын ажлыг хийж гүйцэтгэсэн Ч.Бийн “Хаан банк”ны **** тоот харилцах дансны хуулганд хийсэн... Ч.Бу-ийн **** тоот дансанд 2020-05-17-ны өдрөөс 2020-07-03-ны өдрийг хүртэл хугацаанд дээврийн засварын ажилтай холбоотойгоор нийт 7 удаагийн орлогын гүйлгээгээр 1,279,000 төгрөг шилжүүлсэн байх ба үүнээс А.Д 6 удаагийн гүйлгээгээр 1,179,000 төгрөг, А.Н 1 удаа буюу 100,000 төгрөгийн шилжүүлэг тус тус хийсэн...” нөхцөл байдал тогтоогдсон үзлэгийн тэмдэглэл /2-р хх-ийн 47-48-р тал/,

 

27.Хаалга сольж суурилуулж тавьсан Х.О-ын /Олз/ “Хаан банк” дахь ***** тоот дансны хуулгаар... Хаалганы ажлын хөлс гэх утгаар 2020- 06-18-ны өдөр А.Д 5336007838 тоот данснаас 600,000 төгрөг шилжигдэн орсон...” /2-р хх-ийн 40-41-р тал/,

 

          28.Говь-Алтай аймгийн Биеийн тамир спортын газрын дээврийн болон бусад засварын ажлын гүйцэтгэгчээр сонгон шалгарсан “И ц” ХХК-ийн 419014991 тоот дансны хуулганд хийсэн... Биеийн тамир спортын газраас “И ц” ХХК-ийн **** тоот данс руу 2019-05-17-ны өдөр 20.000.000 төгрөг, 2019-05-31-ний өдөр 15,000,000 төгрөг нийт 35.000.000 төгрөгийг шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон талаарх үзлэгийн тэмдэглэл /2-р хх-ийн 35-р тал/,

 

          29.А.Н-ийн **** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 50-р тал/,

 

          30.Н.Бын **** тоот дансны хуулгад үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл /3-р хх-ийн 65-р тал/,

 

          31.Н.Бын эзэмшлийн *** дугаарын орсон гарсан ярианы лавлагаа /3-р хх-ийн 223-227-р тал/,

 

          32.Т.Бын эзэмшлийн **** дугаарын орсон гарсан ярианы лавлагаа /3-р хх-ийн 229-241-р тал/,

 

          33.Н.Бын харилцах данснаас 2012-2013 онуудад А.Н-ийн эзэмшлийн данс руу орлого зарлагын гүйлгээ хийгдээгүй талаарх мөрдөгчийн тэмдэглэл, дансны хуулга /3-р хх-ийн 243-249-р тал/,

 

          34.Хөрөнгө, эд зүйлийн зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2021- 11-01-ний өдрийн В21-139 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 130-140-р тал/,

 

          35.Сангийн яамны 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 6-1/6213 дугаартай зөвлөмж, тайлбар /2-р хх-ийн 70-71-р тал/,

 

          36.Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч Т.Назарбекийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт /3-р хх-ийн 209-221-р тал/,

 

          37.Биеийн тамир спортын газрын архивын бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох төр захиргааны байгууллагаас гаргуулж авсан баримт, мэдээлэл /2-р хх-ийн 17-18-р тал/,

 

          38.Гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би үндсэн ажлаасаа гадуур Оргил багийн нутаг дэвсгэр Гаалийн хорооны замын эсрэг талд байдаг “Х” плаза төвд спортын бараа хэрэгсэл, худалдаалдаг дэлгүүр ажиллуулдаг юм. 2020 оны 06 сард БТСГ-ын дарга Б манай дэлгүүр дээр орж ирж уулзахдаа “ манай Биеийн тамир спортын газар 8.140.000 төгрөгөөр спортын хэрэгсэл, бараа авах” гэж байгаа, танай дэлгүүртэй гэрээ байгуулж болох уу гэхээр нь тэгье тэгье, барааг чинь нийлүүлж өгч болно гэсэн... Ингээд маргааш өдөр нь байхаа Б дарга над руу утсаар яриад “ хоёулаа гэрээгээ байгуулъя, манай өрөөнд ороод ирээч” гэхээр нь би Бын албан өрөөнд нь явж ороход 2020 оны 06 сарын 10-ны өдрийн гэрээ бэлдчихсэн байсан юм. Тэгээд гэрээтэй танилцаад гарын үсэг зурсан. /Энэхүү гэрээ 06 сарын 10-ны өдөр байгуулагдаагүй бөгөөд огноо нь гэрээн дээр тэгж бичигдсэн, гэрээ байгуулсан цаг хугацаа бол 2020 оны 07 сарын 02, 03-ны өдөр байх ёстой/. Тус гэрээн дээр манай дэлгүүрийн зүгээс спортын чанартай, стандартын бөмбөг хэрэгсэл, жүдогийн кимоно, таеквондогийн хэрэгсэл зэрэг бараа хэрэгслийг 8.140.000 төгрөгт багтааж Биеийн тамир спортын газарт нийлүүлэх заалттай байсан. Тэгээд гэрээ байгуулснаас хойш 2, 3 хоногийн дараа миний 5315029416 тоот дансанд 2020-07-06-ны өдөр 8.140.000 төгрөг шилжигдэн орсон. Мөнгө шилжигдэж орж ирэхээр нь би урд Эрээн лүү W chataar Хятад түнштэйгээ холбогдож ийм, ийм спортын бараа хэрэгсэл захимаар байна гэсэн чинь ковидтой холбоотой хил хаагдсан, манай дэлгүүр ажиллахгүй байгаа, 09 сар гаргаад бараагаа захиалж болно гэхээр нь би Б даргатай уулзаад өнөө маргаашдаа бол гэрээн дээр заасан спортын бараагаа нийлүүлэх боломжгүй байна гээд Хятад түншийнхээ хэлсэн зүйлийг түүнд хэлсэн чинь тэрээр “энэ ондоо багтаагаад бараагаа нийлүүлж болно, өнөө маргаашдаа бол шаардлагагүй ээ” гэж хэлсэн. Тэгснээ данс руу чинь манайхаас шилжигдэж орсон 8,140,000 төгрөгөөс 3,140,000 төгрөгийг надад бэлнээр гаргаад өгөөч, Улаанбаатар хот руу ажил хөөцөлдөх гэсэн чинь мөнгө, цаасны хэрэгцээ гараад байна гэсэн. Тэгж хэлэхээр нь миний данс руу шилжигдэж орсон 8,140,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг аваад үлдсэн 1 сая төгрөгийг гэртээ байсан бэлэн мөнгөнөөс бүрдүүлээд ямар ч байсан 3,140,000 төгрөгийг бүрдүүлээд Б дарга луу утсаар яриад “ та ажил дээрээ байна уу, нөгөө 3,140,000 төгрөгийг чинь өгөх гэсэн юмаа” гэсэн чинь ах нь ажлаасаа гараад холбооны үүдэнд зогсож байна, энд хүрээд ирээч гэхээр нь явж очоод нөгөө 3,140,000 төгрөгийг бэлнээр түүнд өгсөн юм.

 

Тэрнээс хойш Хятадаас бараа захиалах хугацаа буюу 2020 оны 09 сарын эхэн хүртэлх хугацаанд байх үлдсэн 5 сая төгрөг нь надад байж байсан. Тэгээд Хятад түнштэйгээ холбогдож 5 сая төгрөгт нь гэрээн дээр заасан сагсны 30, волейболын 14 бөмбөгийг үлдээгээд бусад үлдсэн бараа, хэрэгслийг нь 2020 оны 09 сардаа багтааж урдаас авчруулж Биеийн тамир спортын газарт хүлээлгэн өгсөн. Тэрнээс хойш би Б даргатай хэд хэдэн удаа утсаар ярьж “ нөгөө авсан 3.140.000 төгрөгөө яасан бэ” гээд асуухаар ах нь ээж, аавынхаа тэтгэврийг аваад ч болтугай яаж ийж байгаад өгнө гэж явсаар байгаад он гарчихсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-64, 66-67-р тал/,

 

          39.Гэрч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 сарын 30-ны өдөр билүү 31-ний өдөр билүү дээ. Манай газрын даргаар ажиллаж байсан Б нь ажлаа хүлээлгэж өгөх гээд байж байсан. Гэтэл Б дарга намайг “ чи Хадбаатартай хамт Бо-ийн дэлгүүр дээр очоод спортын хэрэглэл, бараа ирчихсэн байгаа, тэдгээрийг очоод аваад ир” гэсэн. Тэгээд би даргын хэлсэн үүргийн дагуу жижүүр Хадбаатартай хамт Бо-ийн дэлгүүр дээр очоод манай дарга спортын хэрэглэл, бараанууд ирсэн байгаа аваад ир гэнээ гэж хэлсэн чинь уг дэлгүүрийн эзэн Бо нь “ танай газрын дарга Бо-оос өгсөн 5 сая төгрөгт бараа, материалаа авчирсан байгаа, харин үлдэгдэл 3.140.000 төгрөгийг танай дарга чинь өгөх юм бол спортын хэрэглэл, барааг чинь авчирч нийлүүлнэ гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь Хадбаатар бид хоёр Бо-с өгсөн спортын бараа, хэрэглэлийг аваад ажил дээр ирээд зааланд оруулж тавьж байсан. Тухайн хайрцагтай спортын хэрэглэл, бараануудыг задлаагүй тэр чигтээ байгаа. Бо-ийн ярианаас бол “танай дарга чинь 8.140.000 төгрөгийн спортын хэрэглэл, бараа нийлүүлэх гэрээ байгуулсан боловч 3.140.000 төгрөгөө буцаагаад авчихсан, 5 сая төгрөгийн үнийн дүнд спортын эдгээр хэрэгсэл, барааг авчирсан байгаа шүү” гэж хэлэхээр нь би Б дарга Бо рүү 8.140.000 төгрөгийг байгууллагын данс руу шилжүүлээд 3.140.000 төгрөгийг буцаагаад Бо-с авчихсан юм байна гэж ойлгосон юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28, 4-р хх-ийн 182-184-р тал/,

 

          40.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 06 сарын 10-ны өдөр иргэн Ж.Болдцэцэгтэй байгуулсан гэрээн дээр Болдцэцэг нь манай байгууллагад 8.140.000 төгрөгийн үнэтэй спортын бараа, хэрэгсэл нийлүүлэх ёстой байсан. Үүнээс 5.000,000 төгрөгийн бараа, хэрэгслийг нийлүүлсэн бөгөөд 3,140,000 төгрөгийн бараа, хэрэгслийг хүлээлгэж өгөөгүй. Хүлээлгэж өгөөгүй шалтгааны талаар Болдцэцэг бидэнд тайлбарлаж хэлэхдээ “ танай дарга чинь 3.140.000 төгрөгийг надаас бэлнээр авсан учраас би төлж барагдуулах ёсгүй, надад хамаагүй” гэдэг зүйлийг хэлдэг юм. Одоогийн байдлаар иргэн Ж.Бо-с 3.140.000 төгрөгийн бараа, хэрэгслийг хүлээлгэж өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн -р тал/,

 

          41.Гэрч Ж.Ба-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... мөн 2020 онд иргэн Ж.Бо-тэй 8.140.000 төгрөгийн үнэ бүхий спортын бараа, материал нийлүүлэх гэрээнд заагдсанаас 3,140,000 төгрөгийн бараа, хэрэгсэл нийлүүлээгүй, үүн дээр 3,140,000 төгрөгийн бараа, материалыг иргэн Болдцэцэгээс авлага авахаар төлбөрийн акт тавигдсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-49-р тал/,

 

          42.Ж.Бо-ийн “Хаан банк” дахь ***** тоот дансны хуулганд хийсэн... 2020-07-06-ны өдрийн 12:00 цагт гүйлгээний БТСГ-с материалын зардалд гэсэн утгаар 8,140,000 төгрөг шилжигдэн орж ирсэн байна. 2020.07.06-ны өдрийн 16:28 цагт 2,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн...” үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 72-р тал/,

 

          43.Ж.Бо-ийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Говь-Алтай аймгийн Биеийн тамир спортын газарт гаргасан “Ж овогтой Бо миний бие Х п төвийн спорт барааны дэлгүүрийг ажиллуулдаг. Тус БТСГ-ын даргаар ажиллаж байсан Н.Б 2020 оны 06-р сард бараа материал, бөмбөг хэрэглэл захиалж худалдан авах гэрээ хийж миний харилцах дансанд 8,140,000 төгрөг шилжүүлээд 5,000,000 төгрөгөнд захиалга хийж 3,140,000 төгрөгийг бэлнээр авсан болно. Бэлнээр авсан 3,140,000 төгрөгний бараа материалаа 2020 оны 12 сард багтааж өөрөө авна гэсэн боловч ковид-19 халдвараас болж 2021 оны 1-р улиралд багтаан нийлүүлнэ гэж миний нэр дээр авлагын баримт үүсгээд энэ хугацаанд тооцоогоо дуусгаагүй тул миний бие энэ авлагын баримт бүхий 3,140,000 төгрөгийг төлөх боломжгүй гэдгээ илэрхийлж байна. Н.Бтой олон удаа утсаар ярьж энэ асуудлыг хугацаанд нь шийдэх хүсэлт тавьсан боловч ковид-19 халдварын улмаас уулзах боломжгүй өдийг хүрсэн болно.” гэх өргөдөл /1-р хх-ийн 13 дахь тал/,

 

        44.Гэрч Ч.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Ховд аймгийн Биеийн тамир спортын газарт 2013 оноос хойш албаны даргаар ажиллаж байгаад 2021 онд газрын дарга болсон. ... 2019 оны 12 дугаар сард БНХАУ-д корона вирус гарч улмаар 2020 оны эхнээс нийтийг хамарсан уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглосон шийдвэр гарсан. Ингээд 2020 оны 06 дугаар сард Монгол Улсын Их хурлын сонгууль болсон бөгөөд тэр үед нийтийг хамарсан уралдаан тэмцээн зохион байгуулагдаагүй. Ер нь бол 2020 онд бол уралдаан тэмцээн байтугай сонгуулийн үеэр л корона гаргачихгүй эвтэйхэн өнгөрөөчихье гэж байсан бөгөөд 2020 онд Ховд аймагт ямар ч улсын болон бүсийн чанартай тэмцээн болоогүй, аймаг дотроо ч тэмцээн зохион байгуулаагүй. ... Тэмцээн болоогүй юм чинь Говь-Алтай аймгаас ямар тэмцээнд баг тамирчид тэмцээнд оролцоховдээ. Тэмцээн уралдаан болоогүй гэх мэдүүлэг /4-р хх-ийн 204-205 дахь тал/,

 

         45.Говь-Алтай аймгийн Биеийн тамир спортын газрын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаартай “Улаанбаатар хотод 2020 оны 01 дүгээр сард Удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулагдаагүй болно. 01 дүгээр сарын 27-ны өдрөөс covid-19 халдварт өвчинтэй холбоотой хөл хорио тогтоосон. Ховд аймагт 06 сард зохион байгуулагдсан арга хэмжээний удирдамж байхгүй байна. Нярав, жолооч нарын тайлбар, холбогдох баримтуудын хамт хүргүүлэв. Хавсралт 11 хуудастай...” гэх албан тоот /4-р хх-ийн 186-197-р тал/

 

          46.Биеийн тамир спортын газрын 2020 оны 7, 8 сарын санхүүгийн баримтад хийсэн үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 73-74-р тал/,

 

          47.Гэрч А.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийгөө засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэгт орсноо мэдээгүй, надад албан ёсоор хэн нэгэн хэлээгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 7-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.Б 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтнээр болон Говь-Алтай аймгийн  Биеийн тамир спортын газрын дээврийн холбоос, бусад засварын ажлын 35,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий этгээд болох иргэний хариуцагч Я.А-ийн /захирал/ И-ЦХХК-ийг уг ажлыг гүйцэтгэгчээр шалгаруулах зорилгоор огт болоогүй үнэлгээний хорооны хурлыг болсон мэтээр тэмдэглэл, гэрээ байгуулах зөвлөмжийг үйлдэн гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Д.А-ийн гарын үсгийг дуурайлган зурсан, гэрч Ц.А-г хайхрамжгүй байдлыг далимдуулан гарын үсэг зуруулж бусдад давуу байдал бий болгосон болох нь:

 

          1.Говь-Алтай аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай Байгууллагын засварын гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 79-80 дугаар тал/,

 

          2.2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай Байгууллагын засварын гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл. /2-р хавтаст хэргийн 98 дугаар тал/,

 

          3.Үнэлгээний хорооны 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай “... 1. “И ц” ХХК оролцогчийн ирүүлсэн материалыг үнэлгээний хороо хянан үзэж “И ц” ХХК-н материал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтын дагуу шаардлагад нийцсэн гэж дүгнэв. Иймд БТСГ-ын даргад тус ажлыг “И ц” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгож ажиллахыг зөвлөмж болгож байна...” гэх зөвлөмж. /2-р хавтаст хэргийн 99 дүгээр тал/

 

          4.Говь Алтай аймгийн Биеийн тамир спортын газрын 2019 оны санхүүгийн баримтад үзлэг хийж “...үнэлгээний хороо байгуулсан тушаал, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, засварын ажлын тендерийн баримт бичиг...” зэргийн хуулбарыг хураан авсан мөрдөгчийн үзлэгийн тэмдэглэл. /2 дугаар хавтаст хэргийн 78-79 дүгээр талууд/

 

          5.Монгол улсын Сангийн яамны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 6- 1/613 дугаартай “... Биеийн тамир, спортын газрын дээврийн болон бусад засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтад 1 оролцогч оролцож, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “И ц” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр үндэслэлгүй байна. “И ц” ХХК тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 1.1-д заасан үе шатны ажлын хуваарь, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтод тулгуурлан тооцоо ирүүлэх, барилгын засал чимэглэлчин, цахилгаанчин, гагнуурчин, барилгын мужаан гэсэн мэргэжилтэй ажилчидтай байх бөгөөд мэргэжлийн үнэмлэхийн хуулбар ирүүлэхээр заасан шалгуур үзүүлэлтийг хангахгүй байхад гэрээ байгуулах эрх олгосон нь хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна...” гэх зөвлөмж, тайлбар /2-р хавтаст хэргийн 70-71 дүгээр тал/,

 

          6.Гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би ийм хуралд сууж байснаа санахгүй байна. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэл болон тендер сонгон шалгаруулах ажлын хэсгээс бүрдүүлсэн баримт, материал дээр зурагдсан миний гарын үсэг минийх биш байна. Би ингэж гарын үсгээ зурдаггүй. Ямар ч байсан байгууллагын дээврийн засварын ажил хийгдэнэ гээд Ц дарга хэлж байсан. Тэгээд би 2019 оны намар билүү 2020 оны намар 08 сард нь билүү ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөө аваад гарсан. Тэрнээс хойших үйл явдлын талаар би мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /1- р хавтаст хэргийн 238-239/,

 

          7.Гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Би хуралд огт суугаагүй ... Би хуралд суугаагүй юм чинь ямар юмных нь ингэж хэлэх юм бэ? Миний өмнөөс хэн нэгэн зохиогоод бичсэн байна. Би хуралд суугаагүй. Хурлын тэмдэглэл дээр зурагдсан гарын үсэг нь ч гэсэн миний гарын үсэг биш байна... гэх мэдүүлэг. /3-р хавтаст хэргийн 183 дугаар тал/,

 

          8.Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Назарбекийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай “...Шинжилгээнд хүргүүлсэн тендерийн бичиг баримтууд болон 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл, үнэлгээний хорооноос Н.Б-д 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай хүргүүлсэн зөвлөмж, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл дээрх нарийн бичгийн дарга гэсний ард Д.А гэж зурагдсан гарын үсгүүд нь харьцуулах шинжилгээнд гаргуулан авсан адилтгалын загваруудын гарын үсгүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй байна... Дээрх 3 баримтад зурагдсан гарын үсгүүд нь Д.А-с гаргуулан авсан чөлөөт болон туршилтын загварын гарын үсэгтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, хэв загвар, дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 209-221/,

 

          9.Гэрч Г.Б-Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Хэрэв тухайн оролцогчийн тендерийн материалд ажлын даалгавар, тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай техник, эдийн засгийн тооцоо, ажиллах хүч, засал чимэглэлчин, цахилгаанчин, барилгын мужаан, гагнуурчин гэсэн мэргэжлийн ажилчидтай байх гэсэн тендерийн баримт бичгийн шалгуур, шалгуур үзүүлэлтийг хангаагүй байна гэсэн байна. “И ц” ХХК үнэлгээний хороонд хийж гүйцэтгэх ёстой ажлынхаа даалгавар, ажилчдынхаа мэргэжлийн үнэмлэхийн хуулбар гэсэн бичиг баримтуудыг гаргаж өгөөгүй байна. Энэ тохиолдолд нь тус үнэлгээний хороо ирүүлсэн тендерээс татгалзаж, дахин тендер зарлан явуулах ёстой байсан байна ...” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 53 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр гэмт хэргийн шинжийг тодорхойлон хуульчилжээ. Өөрөөр хэлбэл эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байна.

 

          Шүүгдэгч Н.Б, Т.Б нар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, сонгон шалгаруулалт явуулснаар хуульд заасны дагуу гэрээ байгуулах эрх үүссэн этгээдтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулах, тодорхой гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг хангасан нөхцөлд зохих үе шаттайгаар гэрээт ажлын санхүүжилтийг олгох зэрэг албаны бүрэн эрхийг хүлээж байжээ.

 

          Шүүгдэгч Т.Б нь сонгон шалгаруулах ажиллагааг огт явуулалгүй хурлын тэмдэглэл, гэрээ байгуулах зөвлөмжийг гарган өөрийн гарын үсэг төдийгүй албаны тэмдгээ дарж баталгаажуулан хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой аж ахуйн нэгжид давуу байдал бий болгосноороо, шүүгдэгч Н.Б нь ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаагүй байхад тухайн хуулийн этгээдтэй ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажил огт эхлээгүй байхад санхүүжилтийг бүрэн олгож, түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээний зарим үүргийг өөрийн ажилчдаараа хийлгүүлэн хамаарал бүхий этгээдтэй холбоотой аж ахуйн нэгжид давуу байдлуудыг бий болгосноороо тэдний үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангана гэж шүүх дүгнэв.

 

          Мөн шүүгдэгч Н.Б нь албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж иргэний хариуцагч Я.А/захирал/-ийн “И Ц” ХХК-тай хуульд заасан сонгон шалгаруулалтгүйгээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтгүйгээр гэрээний дагуу 35,000,000 төгрөгийг бүрэн олгосны хариуд 7 удаагийн гүйлгээгээр нийт 16,600,000 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сард төсвийн хөрөнгөөс хурал зөвлөгөөн, тэмцээн уралдаанд оролцох нэрийдлээр 1,260,250 төгрөгийг, 2020 онд төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулсан иргэн Ж.Б-ээс зээлэх нэрийдлээр 3,140,000 төгрөгийг тус тус хувьдаа авч өөртөө давуу байдал бий болгосон эдгээр үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэлээ.

 

          Шүүгдэгч Н.Быг шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж зааснаар үргэлжилсэн хэд хэдэн үйлдлээр нэг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн болно. 

 

           Прокуророос шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох...” мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж гэмт хэрэг бүлэглэн үйлдэх шинжийг тодорхойлжээ.

 

   Шүүгдэгч Н.Б, Т.Б нар гэмт хэрэг үйлдэхдээ үгсэн тохиролцсон талаарх нотлох баримт хэрэгт огт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаагүй тул шүүгдэгч нарыг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж шүүх үзээгүй бөгөөд харин өөрсдийн албан үүргээ гүйцэтгэх явцдаа хамаарал бүхий этгээдтэй холбоотой хуулийн этгээдэд давуу байдал олгосон гэж дүгнэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21, 22, 23, 28 дугаар бүлгүүдэд тодорхойлон заасан гэмт хэргийн тусгай субъект нь төрийн байгууллагад ажилладгаас гадна улс төрийн, тусгай, захиргааны болон үйлчилгээний албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалтан байх гэсэн хоёр нэмэгдэл шинжийг хангасан тохиолдолд л эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

 

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан төрийн албан тушаалыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан” хэмээн тодорхойлж, үүнд хамаарах этгээдийг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт нэрлэн заажээ.

 

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар төрийн захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан нар энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар шууд нэрлэн заасан байна. Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалд хамааруулан хуульчилсан тул Говь Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлогын мэргэжилтнээр ажиллаж байсан Т.Быг “нийтийн албан тушаалтан” биш гэж үзэх үндэслэлгүй юм. Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг нь сонгуульт болон томилолтын албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, хүлээлгэсэн чиг үүргийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан байдаг онцлогтой билээ. Өөрөөр хэлбэл, албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олсон, эсхүл өөр хүн, хуулийн этгээдэд ийм боломж олгосон байх нь дээрх бүлэгт заасан гэмт хэргийн нийтлэг шинж болно. Тухайн ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээ байгуулан томилсон нь түүний ажил үүргийн онцлог, хуулиар хүлээсэн албаны бүрэн эрхийг нь хөндөхгүй бөгөөд үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болох учиргүй юм.

 

Шүүгдэгч Т.Б нь Говь Алтай аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/20 тоот тушаалаар байгууллагын засварын гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдсон байх бөгөөд тэрээр уг чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд өөрт нь олгогдсон албаны эрх мэдэл, бүрэн эрхийг урвуулан үнэлгээний хорооны даргын хувьд үнэлгээний хорооны хурал огт болоогүй байхад хэлэлцүүлсэн мэтээр тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг баталгаажуулах, гэрээ байгуулах зөвлөмжийг үйлдэн албаны тэмдэг, гарын үсгээр баталгаажуулан төслийг шалгаруулахад албаны эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглан хийх ёсгүй үйлдлийг хийснээрээ түүний үйлдлийг дээрх гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангана гэж шүүх үзсэн болно. Иймээс шүүгдэгч Т.Бын өмгөөлөгчийн шүүх хуралдаанд “нийтийн албан тушаалтан” биш гэж мэтгэлцэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлтийнхээ үндэслэл болголоо.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоох зорилгоор шүүгдэгч Т.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5-р хавтаст хэргийн 33 дугаар тал/, шүүгдэгч Н.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4-р хавтаст хэргийн 222 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Н.Б, Т.Б нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хэдийгээр шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг “тохиолдлын” шинжтэй гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, нийгмийн хор аюулын шинж чанар зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Н.Бо-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 (Хоёр) жилийн хугацаагаар хасаж, 8,000 (Найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 (Найман сая) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Т.Бод  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 (Хоёр) жилийн хугацаагаар хасаж, 5,400 (Таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (Таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна...” гэж хуульчилсан тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албанд ажиллах эрхийг хасах ялыг хэрэглэсэн болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тус бүрд оногдуулсан торгох ялыг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 (Хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Т.Б нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлүүлэн тоолох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад сүүлд батлагдсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт нь тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан буюу эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж шийдвэрлэсэн болно.

 

          3.Гэм хор, хохирлын талаар:

         

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж хуульчилжээ.         

 

          Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Говь-Алтай аймгийн Биеийн тамир спортын газрын засварын 35,000,000 төгрөгийн ажлыг И-ЦХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулсан боловч ажлыг зохих ёсоор буюу тендерийн бичиг баримтад заасан шалгуур үзүүлэлтийг хангасан ажлыг гүйцэтгээгүй, мэргэжлийн ажилтан оролцуулаагүй, ажлын үр дүнг хүлээлцээгүй тул байгууллагад учирсан хохирлыг хариуцуулахаар иргэний хариуцагчаар Я.А/И-ЦХХК/-г тогтоосон нь үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч Н.Б, Т.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас Говь-Алтай аймгийн Биеийн тамир спортын газарт 35,000,000 төгрөгийн хохирол учирснаас В хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн В21-139 дугаартай хөрөнгийн үнэлгээ /2-р хавтаст хэргийн 130-140 дүгээр тал/-ээр тогтоогдсон И-ЦХХК-ийн засварын ажилд зарцуулсан 8,875,750 (Найман сая найман зуун далан таван мянга долоон зуун тавь) төгрөгийг хасаж, 26,124,250 (Хорин зургаан сая нэг зуун хорин дөрвөн мянга хоёр зуун тавь) төгрөгийг иргэний хариуцагч Я.А/И-ЦХХК/-гээс гаргуулан Говь-Алтай аймгийн Биеийн тамир спортын газарт олгуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

          Мөн шүүгдэгч Н.Боос гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 4,400,250 (Дөрвөн сая дөрвөн зуун мянга хоёр зуун тавь) төгрөгийг гаргуулан Говь-Алтай аймгийн Биеийн тамир спортын газарт олгуулж шийдвэрлэлээ.

 

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу И-ЦХХК-ийн Говь-Алтай аймгийн Биеийн тамир спортын газрын засварт зарцуулсан бараа, материалуудын зах зээлийн үнэлгээг тогтооход гарсан зардлыг тооцох тэмдэглэл /5-р хавтаст хэргийн 65 дугаар тал/-ийг үндэслэн 318,000 (Гурван зуун арван найман мянга)  төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж В ХХК-д олгуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

4.Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний хариуцагч Я.Агийн өмгөөлөгч О.Аюурзанын шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2 хуудас баримтыг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гарсан 318,000 (Гурван зуун арван найман мянга) төгрөгийг шүүгдэгч Н.Б, Т.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж, В ХХК-д олгож шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О овгийн Н-ын Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

-Шүүгдэгч Ө овгийн Т-ын Бо-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бын нийтийн албанд ажиллах эрхийг 2 (Хоёр) жилийн хугацаагаар хасаж, 8,000 (Найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8,000,000 (Найман сая) төгрөгөөр торгох ял,

 

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бын нийтийн албанд ажиллах эрхийг 2 (Хоёр) жилийн хугацаагаар хасаж, 5,400 (Таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 (Таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Бод оногдуулсан 5,400,000 (Таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.Бод оногдуулсан 8,000,000 (Найман сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 (Хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд бүрэн биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Б, Т.Б нарт сануулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Т.Б нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Н.Б, Т.Б нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Гэмт хэргийн улмаас Говь-Алтай аймгийн Биеийн тамир спортын газарт учирсан хохиролд нэхэмжилсэн 39,400,250 (Гучин есөн сая дөрвөн зуун мянга хоёр зуун тавь) төгрөгөөс 26,124,250 (Хорин зургаан сая нэг зуун хорин дөрвөн мянга хоёр зуун тавь) төгрөгийн хохирлыг иргэний хариуцагч Я.А/И ц” ХХК/-гээс гаргуулж, 4,400,250 (Дөрвөн сая дөрвөн зуун мянга хоёр зуун тавь) төгрөгийн хохирлыг шүүгдэгч Н.Боос гаргуулж хохирогч Говь-Алтай аймгийн “Биеийн тамир спортын газар”-т олгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

8.Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний хариуцагч Я.Агийн өмгөөлөгч О.Аюурзанын шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2 хуудас баримтыг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гарсан 318,000 (Гурван зуун арван найман мянга) төгрөгийг шүүгдэгч Н.Б, Т.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Вендо ХХК-д олгосугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Б, Т.Б нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.ЭНХБААТАР