| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2020/01026/и |
| Дугаар | 142/шш2020/00939 |
| Огноо | 2020-07-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 142/шш2020/00939
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.Б-д холбогдох,
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б хариуцагч А.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Г- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч А овогтой Г- би А-овогтой Б-тай гэр бүл болон 2002 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд гэрлэлтээ батлуулсан. 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охин Г-ийн М- төрсөн. 2005 оноос хамтран амьдрах боломжгүй болсон тул охин Г.М-ыг өөрийн асрамжинд үлдээн тусдаа амьдрах болсноос хойш 15 жил өнгөрлөө. Мөн А.Г- би одоог хүртэл өөр хүнтэй амьдрал зохиогоогүй болно. А.Б- нь гэр бүлтэй болж нөхөр хүүхдүүдийн хамт амьдарч байгаа. Иймээс А.Б- бид хоёрын гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Мөн А.Г- би охин Г.М-ыг өөртөө авч үлдэх хүсэлтэй байгаа тул А.Г- миний нэр дээр асран халамжлагчаар тогтоож өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэг тогтоох шаардлагагүй гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Г- болон А.Б- нар нь 2002 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Улиастай хотод гэрлэлтээ батлуулаад 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охинтой болсон. 2005 оноос хойш охин М- нь эцэг Г-ийн асрамжинд үлдэж энэ гэр бүл тусдаа амьдарч байгаа. Тийм учраас тэдний гэрлэлтийг цуцлуулж, охин М-ыг эцэг Г-ийн асрамжинд үлдээх саналтай байна гэв.
Хариуцагч А.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: А.Г-өөс гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй холбоотойгоор А.Б- миний бие гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Бид хоёрын дундаас гарсан охин Г.М-ыг аавынх нь асрамжинд өгөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар хэрэгт цугларсан бичмэл болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Г- нь хариуцагч А.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд А.Г-, А.Б- нар нь 2002 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлж, тэдний дундаас 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охин Г-ийн М- төрсөн болох нь зохигчийн тайлбар, охин Г.М-ын төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэрлэгчид зан, харьцааны хувьд таарч тохирохгүйн улмаас 2005 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба цаашид харилцан бие биенээ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмаар тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан боловч гэрлэгчид эвлэрээгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байх тул гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Г-ийн М-ыг өөрийнхөө асрамжид авна гэснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байх тул охин Г.М-ыг эцэг А.Г-ийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчийн хооронд эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Г-т олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар О овогт А-ийн Г, С овогт А-ийн Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Г-ийн М-ыг /эцэг/ А.Г-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Зохигчийн хооронд эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Г-т олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Цогзолмаад даалгасугай
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ