| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2023/0152/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/155 |
| Огноо | 2023-12-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,
улсын яллагч Х.Гүнжидмаа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа,
шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч С овогт Б.-ын Б-холбогдох ***** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2005 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,*** оюутан, ам бүл 7, аав, ээж, эгч, ах, дүүгийн хамт ***** аймгийн ***г сумын **** багийн *** тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ДЮ**** регистрийн дугаартай, С овогт Б-н Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Бнь 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр сургуулийн ойролцоо насанд хүрээгүй хохирогч Д.Н-ийг өөрийнх нь дүүг зодож, ээжийг нь доромжилсон гэх шалтгаанаар алгадаж, газар унасан байхад нь 3 удаа толгойн тус газар нь өшиглөж зодсон үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Б.Бнь 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр сургуулийн ойролцоо насанд хүрээгүй хохирогч Д.Н-ийг өөрийнх нь дүүг зодож, ээжийг нь доромжилсон гэх шалтгаанаар алгадаж, газар унасан байхад нь 3 удаа толгойн тус газар нь өшиглөж зодсон болох нь:
1.Хохирогч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр сургууль дээр хичээл орж байхад манай ангийн Д.Б намайг өдөөд хичээл хийлгэхгүй, миний ойролцоо суучхаад өмдний цаанаас боовоо оролдоод байхаар нь би Ж багшид хэлсэн. Тэрнээс болоод Б сандал дээрээсээ босож ирээд намайг алгадаад нүүр лүү цохих гэхээр нь би гараараа хаасан. Тэр үед манай ангийн Мөнхсайхан бид хоёрыг салгасан. 2023 оны 09 сарын 29-ны өдөр би хүүхдийн паркийн тэнд явж байтал Б-ы ах ирээд намайг газар унагаад доош хараад нүүрээ дараад хэвтэхэд толгой дээр олон удаа дэвсээд толгой нүүр лүү хэсэг өшиглөж байгаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,
2.Гэрч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өмдний халаасандаа гараа хийгээд Д.Н-д үзүүлэхэд багшид намайг боовоороо тоглоод байна гэж ховлосон. Тэгээд бид хоёр муудалцаад салсан. Н намайг гэртээ харьсны дараа над руу миний утсаар залгаад манай ээжийг гичий жингэр гэх мэтээр дуудаад намайг ална гэж хэлсэн. Тэр болсон явдлын талаар би ах Б.Б-д хэлсэн юм. Тэгтэл манай ах Б.Б, Д.Н-ийг зодсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,
3.Иргэний нэхэмжлэгч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр амбулаторийн үзлэгт 20,000 төгрөг, мөн өдрөө өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээ 120,000 төгрөг, 2023 оны 10 сарын 04-ний өдөр амбулаторийн үзлэг 20,000 төгрөгөөр үзүүлж эмийн эмчилгээ болох 1234,000 төгрөгөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Энэ хэрэгт холбогдуулан гэм буруутай этгээдээс 1394,000 төгрөгийг эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан байна. Уг мөнгийг гэм буруутай этгээдээс гаргуулан төрийн сангийн 100900020080 тоот дансанд хийлгүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,
4.Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Даваахүүгийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 268 дугаартай “...Д.Нийн биед тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг буюу хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Тухайн гэмтлийг зөрчил болсон гэх цаг хугацаанд авсан байх боломжтой болно...” гэх дүгнэлт /хх-ийн 41-р хуудас/ зэрэг улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Тус үйл баримт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Улсын яллагч дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч, болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 дугаар хуудас/, хохирол төлсөн баримт /хх-ийн 89 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүхээс шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3(Гурав) сарын хугацаанд торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д мэдэгдлээ.
3.Гэм хор хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-д эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирогч нь 119,830 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгч Б.Б-с хохирогч Д.Н-д 120,000 (Нэг зуун хорин мянга) төгрөг төлсөн.
Харин иргэний нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжилсэн энэ гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1,394,000 (Нэг сая гурван зуун ерэн дөрвөн мянга) төгрөгийг шүүгдэгч Б.Б-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар шийдвэрлэлээ.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.Б- гэмт хэргийн хохиролд хохирогч Д.Н-д 120,000 (Нэг зуун хорин мянга) төгрөг төлсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С овогт Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д мэдэгдсүгэй.
5.Энэ гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 1,394,000 (Нэг сая гурван зуун ерэн дөрвөн мянга) төгрөгийг шүүгдэгч Б.Б-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.Б-с хохирогч Д.Н-д 120,000 (Нэг зуун хорин мянга) төгрөг төлсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР