| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2020/01614/И |
| Дугаар | 101/ШШ2020/02598 |
| Огноо | 2020-07-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2020/02598
2020 07 21 101/ШШ2020/02598
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Л И” ХХК-д холбогдох
Гэрээнээс татгалзаж, 22,555,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Соёл-Эрдэнэ, хариуцагчийн төлөөлөгч Т.Ч-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: иргэн Д.О нь “ Л И” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 147 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу *******-******* аймгийн ******* сум ******* баг, 13 дугаар хороолол “*******” нэртэй 144 айлын 9 давхар орон сууцны А блокийн 2 дугаар орцын 7 давхарт 62 тоотод байршилтай 59.84 м.кв 2 өрөө орон сууцны урьдчилгаа төлбөр болох 21,000,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “ Л И” ХХК-ийн Хаан банкны ******* тоот дансанд тушаан байрны засварын дуусгаагүй хэсгийн ажлыг өөрийнхөө зардлаар гүйцээн орж гарсан зардлыг үлдэгдэл төлбөрийг нь зарлагын баримтыг үндэслэн хасуулан тооцуулах, мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д заасан Захиалсан байрныхаа үнийг 100% төлсөн. Захиалагчид байрыг акт үйлдэн хүлээлгэн өгч, өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтуудыг саадгүй өгөх үүрэг хүлээсэн зэргээр тохиролцсоны үндсэн дээр түлхүүрийг гардан хүлээн аван засварын ажлыг өөрсдөө гүйцээн орсон болно. Бид байранд орсны дараа 2018 онд “ Л И” ХХК-ийн үүсгэн байгуулагчид солигдсон өөр эзэнтэй болсон уг бариулсан байрны хөрөнгө оруулагчид нарын хооронд, мөн оршин суугч иргэдийн хооронд шүүхийн маргаан үүссэн тул шүүхээс ” Л И” ХХК-ийн данс, үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн бөгөөд уг асуудлыг эцэслэн шийдэгдэх хүртэл төлбөрийг цааш нь үргэлжлүүлэн төлөхийг компанийн удирдлага болон хөрөнгө оруулагч нарын зүгээс түр зогсоох мэдэгдлүүдийг хийсэн.
Гэтэл хариуцагч “ Л И” ХХК нь уг орон сууцны барилгыг 2016 оны улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 62 тоот байрыг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “ Л И” ХХК нь хөрөнгө оруулагч иргэн Д.Б-гийн нэр дээр шилжүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан байсан. Уг асуудлаар иргэн Д.Б-гийн бие төлөөлөгчөөр нь дамжуулан тодруулсан боловч Д.Б- нь уг байрыг “******* *******” ХХК-иас зээлсэн хөрөнгийнхөө барьцаанд захирал Т.Ч-аас хүлээн зөвшөөрүүлэн шүүхийн журмаар авсан байр, бид шүүхийн журмаар танай оршин суугаа 62 тоот байрыг албадан чөлөөлүүлэхээр болсон байгаа тийм учир та бүхэн тус байрыг хурдан чөлөөлж өгнө үү гэсэн мэдэгдэх хуудас өгсөн.
Иймд хариуцагч “ Л И” ХХК нь орон сууцны өмчлөх эрхийг манай нэр дээр гаргаж өгөх үүрэг хүлээсэн байтал өөр хүний нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлж гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй нь тодорхой болсон тул Орон сууц захиалгаар бариулах гэрээнээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар татгалзаж, гэрээнээс татгалзаж байгаа тул 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн төлбөр төлсөн баримтаар баталгаажсан 21,000,000 төгрөг, мөн төлбөрийн үлдэгдэлд тооцохоор тохиролцон надаас өөрөөс нь гаргуулсан засварын мөнгө болох 1,555,000 төгрөг зэргийг үндэслэн нийт 22,555,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Т.Ч- шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д.О- нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 147 дугаартай “Орон сууцны захиалгаар бариулах” гэрээг “ Л И” ХХК-ийг байгуулсан байна.
“ Л И” ХХК-ийг 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр харилцан тохиролцож хөрөнгө оруулсан төлбөрөө буцаан авсны дараа компанийг буцаан өгөх хэлцэлтэйгээр иргэн Ц.******* гэрээ байгуулан шилжүүлэн авсан. Ц.******* нь 144 айлын орон сууц барихад 2014 онд гэрээ байгуулан хөрөнгө оруулсан төлбөр авагч юм. Миний бие нь иргэн Ц.*******гийн компанийн нягтлангаар ажиллаж байсан. ” Л И” ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч А.Л- 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэн Ц.*******д зээлсэн мөнгөө Хятадуудаас авчирч өгөөд компаниа буцаан авна гэсэн болохоор бид хүлээж байсан.
******* захирал гадаад томилолтоор явахаар болсон тул “ Л И” ХХК-ийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Т.Ч- миний нэр дээр шилжүүлсэн болно. Тус компани нь *******д 144 айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан байсан. Компанийг шилжүүлэн авсан дараа орон сууцыг худалдахдаа хөрөнгө оруулагч, иргэд, захиалгаар орон сууц барьсан барилгын компаниудтай гэрээг давхардуулан хийсэн байсныг мэдсэн.
Иймээс өмнө компанийн хувьцаа эзэмшигч байсан А.Л-тэй уулзаж “ Л И” ХХК нь бусдын өмнө хүлээсэн зээлийн болон бусад өр төлбөрийг төлөх асуудлыг бүрэн хариуцахаар хэлцэл хийж, компанийн эрхийг буцаан шилжүүлэхээр 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулан компанийг өмнөх хувьцаа эзэмшигч А.Л-д 100 хувь шилжүүлсэн.
Гэтэл А.Л- нь гэрээний үүргийн дагуу Улсын бүртгэлийн албанд бүртгэл хийлгээгүйгээр, бидэнд мэдэгдэлгүй 2018 оны 03 дугаар сард Хятад улс руу яваад өнөөдрийг хүртэл орж ирээгүй байгаа болно. Гэрээ байгуулсан өдрөөс хойш А.Л- нэг ч удаа уулзаагүй, холбо бариагүй бидэнд итгэл үзүүлэн алга болсон. *******д баригдсан 144 айлын орон сууц эд хөрөнгийг шүүхийн захирамжаар битүүмжилсэн байгаа болно. Тус компани нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй өр төлбөр, хөрөнгийн маргааны асуудлаар Шүүхийн шатанд шалгагдаж байгаа төлбөрийн чадваргүй. Санхүүгийн бичиг баримтыг өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй, компанийн тамга, гэрчилгээнээс өөр компанитай холбоотой бичиг баримт одоогоор байхгүй байна.
“ Л И” ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Л- нь компанийн хувьцааг Ц.*******д шилжүүлэн өгсний дараа иргэн Д.О-ийн 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 147 дугаартай “Орон сууцны захиалгаар бариулах” гэрээ байгуулсан байна.
Байрны урьдчилгаа төлбөр болох 21,000,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ХААН банкны 0000000 тоот дансаар шилжүүлэн авсан байна. тус компанид Д.О-ийн 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 147 дугаартай “Орон сууцны захиалгаар бариулах” гэрээ байхгүй байгаа болно. Д.О-ийн А-62 тоот 2 өрөө байрны байр шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу хөрөнгө оруулагч Д.Б-гийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шилжсэн. Иргэн Д.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэхээр тайлбар гаргаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч “ Л И” ХХК ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзах, орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу төлсөн 21,000,000 төгрөг, засвар үйлчилгээ хийсэн 1,555,000, нийт 22,555,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хариуцагчийн төлөөлөгч компанийн удирдлагуудын хооронд асуудалтай байх үед орон сууцны урьдчилгаа төлбөрийг компанийн дансанд шилжүүлсэн байсан. Гэхдээ энэ талаар бидэнд мэдэгдээгүй, 62 тоот орон сууц иргэн Д.Б-гийн өмчлөлд шилжсэн гэсэн тайлбарыг гаргасан.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.
Зохигчдын хооронд 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр №147 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах” гэрээг байгуулагдаж, ажил гүйцэтгэгч “Л И” ХХК *******-******* аймгийн ******* сумын 11 дүгээр баг, 13 хороолол, ******* байрны 62 тоотод байршилтай 59.84 м.кв 2 өрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, захиалагч Д.О-т хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч орон сууцны үнэд 64,028,800 төгрөгийг тус төлөх үүргийг хүлээжээ.
Талуудын хооронд байгуулсан гэрээ нь “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” гэж нэрлэгдсэн боловч зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар “Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцсэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ’ гэж зааснаар худалдагч бие байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг хүлээснээс үзвэл зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч Д.О- Хас банкны 000000000 данснаас нь хариуцагч “ Л И” ХХК ХХК-ийн Хаан банкны 000000000 тоот дансанд 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр орон сууцны урьдчилгаа төлбөрт 21,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон, талууд маргаагүй./хх-ийн 14 дүгээр тал/
“ Л И” ХХК ХХК-ийн барьсан *******-******* аймгийн ******* сумын ******* баг, 13 хороолол ******* байрыг 2016 оны 11 дүгээр сард улсын комисс хүлээн авч хариуцагчийн өмчлөлд бүртгэгдэж, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс иргэн Д.Б- эзэмшиж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иргэн Д.Б- нь Хан-******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “******* ******* аймгийн ******* сумын 11 дүгээр баг, 13 хороолол ******* байрны 62 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” нэхэмжлэл гаргасны дагуу зохигчид эвлэрч, шүүхийн шийдвэрийн дагуу “*******-******* аймгийн ******* сумын 11 дүгээр баг, 13 хороолол ******* байрны 62 тоотод байршилтай 59.84 м.кв орон сууц Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт иргэн Д.Б-гийн өмчлөлд бүртгэгджээ./хх-ийн 70 тал/
Нэхэмжлэгч Д.О-, хариуцагч “ Л И” ХХК ХХК-ийг *******-******* аймгийн ******* сумын 11 дүгээр баг, 13 хороолол ******* байрны 62 тоот орон сууцыг захиалан бариулах гэрээг Д.Б-тай байгуулсан, шүүхийн шийдвэрийн дагуу Д.Б- өмчлөгч болсныг хүлээн зөвшөөрч, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахгүйгээр гэрээнээс татгалзаж, орон сууцны урьдчилгаа төлбөрөө нэхэмжилж байгааг буруутгах үндэслэлгүй.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.”, энэ хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүнд гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 21,000,000 төгрөгийг хариуцагч “ Л И” ХХК ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч орон сууцыг хүлээн авч 1,555,000 төгрөгийн засвар үйлчилгээг хийсэн гэж хариуцагчаас нэхэмжилсэн боловч хавтас хэрэгт нэхэмжлэгчээс шүүхэд цуглуулж гаргаж өгсөн баримтууд нь үнийн дүнгийн зөрүүтэй, худалдан авагчийн нэр бичигдээгүй зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул 1,555,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан 21,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “ Л И” ХХК /рд:/ ХХК-иас 21,000,000 /хорин нэгэн сая найман зуун мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,555,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан 21,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 262,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ