| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2020/00480/и |
| Дугаар | 142/ШШ2020/00708 |
| Огноо | 2020-05-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 142/ШШ2020/00708
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* /регистрийн дугаар /-д холбогдох
“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж шийдвэрлүүлэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...******* миний бие Ж Атай 2013 онд танилцаж улмаар 2014 оны 01 сарын 09-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2016 оны 06 сарын 04-нд******* төрсөн одоо 3 нас 9 сартай. Эхнэр бид 2 зан харилцаа, таарамжгүй, байнгын хэрүүл маргаантай байх болсон тул 2019 оны 05 сараас тусдаа амьдарч байгаа одоо хэн хэн нь цаашид хамтран амьдрах хүсэлгүй байгаа ийм учраас гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Эхнэр ч мөн адил гэрлэлт цуцлуулах хүсэлтэй байгаа болно. Хүү*******ыг эхийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Хэрэв эхнэр зөвшөөрвөл хүү*******ыг өөрийн асрамжид авч, өсгөн хүмүүжүүлэх боломжтой. Бидэнд гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байхгүй, хөрөнгийн талаар ямар нэг маргаангүй. Эвлэрүүлэн зуучлах төвд хандаж өргөдөл гаргасан боловч эхнэр ******* эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзаж, гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн тул 2020 оны 03 сарын 09-ний өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдаж, дуусгавар болсон. Иймд эхнэр *******аас гэрлэлтийг цуцалж өгнө үү. Том хүүг маань манай нагац өвөө өргөж авсанч, хүүхэд маань бидэнтэй амьдардаг. Хоёр хүүхдээ ээжид нь өгнө. Хоёр хүүхдэдээ би хуульд заасан тэтгэлэг төлнө... гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Жийн надад холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Миний бие Жээс гэрлэлт цуцлуулах хүсэлгүй байна. Учир нь бид хоёр гэр бүл болоод 7 жил болж байна. Бид хоёрын дундаас 2 хүүхэд төрсөн. 3-6 насны 2 хүүхэдтэй. Одоо эсэн мэнд бойжиж аав ээжтэйгээ амьдарч байна. 7 жил хамт амьдрах хугацаанд бид хоёр гэрлэлт цуцалж салах хэмжээний хэрүүл маргаан таарамжгүй зүйл огт гарч байгаагүй. Гэр бүлийн жижиг маргаан байлгүй л яахав. Гэхдээ салж сарнихаар хэрэлдэж уралдсан юм болж байгаагүй. Бид хоёр амьдралын төлөө хоёр хүүхдийнхээ төлөө л зүтгэж ирсэн. Бид хоёр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд амьдарч байгаад 2018 онд Орхон аймагт шилжиж ирсэн. Одоо хадам аавындаа амьдардаг. Би цэцэрлэгт туслах багшаар ажилладаг. Нөхөр маань хувийн барилгын компанид Улаанбаатар хотод ажиллаж байгаа. Хот явснаасаа хойш л салъя гээд байдаг болсон. Учрыг нь олохгүй л байна. Хоёр хүүхдээ өнчрүүлэн өнчрүүлэн салах ямар шалтгаан байгааг би мэдэхгүй байна. Иймээс түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрвээ салахдаа хүрвэл би хоёр хүүхдээ өөрийн асрамждаа авч хоёр хүүхдэдээ Жантбекээс хүүхдийн тэтгэлэг гаргуулна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2013 онд танилцаж, 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүү *******, 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр охин******* нар төрсөн болох нь зохигчийн тайлбар хүүхдүүдийн төрсний гэрчилгээний лавлагаанууд, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.
Том хүү *******ыг *******, Ы.Ж нарт үрчлүүлсэн гэж талууд тайлбарласан бөгөөд үрчлэлтийн бүртгэлийн лавлагаа хэрэгт иржээ.
Зохигчид шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаад эвлэрээгүй байх ба, гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цааш үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байх тул тэдэнд эвлэрүүлэх ажиллагааг хэрэглэхгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ******* нь хоёр хүүхдээ ээжид нь өгөөд хоёуланд нь хуульд заасан тэтгэлгийг төлнө гэж шүүх хуралдаанд тайлбарласан.
Том хүү Еыг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр *******, Ы.Ж нарт үрчлүүлсэн байх ба, хүү байнга өөрийн төрүүлсэн аав ээжтэйгээ хамт амьдарч байгаа талаар талуудын тайлбарлаж байна.
Хэдийгээр хүүхдийн асрамжийн асуудлаар гэрлэгчид хүүхдүүдийг эхийнх нь асрамжинд үлдээхээр тохиролцсон байх боловч хүү Еыг *******, Ы.Ж нарт үрчлүүлсэн үрчлэлт хүчин төгөлдөр байх тул Еы асрамж, тэтгэлгийг шүүх шийдэх боломжгүй гэж үзэв.
Харин охин*******ыг эхийнх нь асрамжид үлдээхийг нэхэмжлэгч зөвшөөрч байх ба хүүхдийг насанд хүртэл нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан тэтгэлгийг эцэг *******ээр сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулан олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд *******, ******* нарын гэрлэлтийг цуцалж, охин*******ыг эх *******ы асрамжинд үлдээж, насанд хүртэл нь эцэг *******ээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр заасан бөгөөд, хэдийгээр гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч нэхэмжлэгч *******ийн хувьд хүүхдүүдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх болон хүүхдүүдээ хүмүүжүүлэх хуульд заасан бусад үүргүүдээс чөлөөлөгдөөгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамжаар 34 214 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан *******, ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин*******ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******ээр сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.С-д даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 34 214 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА