| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ц.Оч |
| Хэргийн индекс | 171/2012/0125/Э |
| Дугаар | 120 |
| Огноо | 2012-06-19 |
| Зүйл хэсэг | 096.2.1, |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0125/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оч даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ё.Ринзаан нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Б.Баярсайхан
иргэдийн төлөөлөгч Д.Ганболд, С.Банди, Ц.Цэндсүрэн,
улсын яллагч О.Доржмаа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам /0-301/,
хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргал /0-306/,
хохирогч Ц.Ц.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан гэмт хэрэгт Д.А-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000005 тоот хэргийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.А- /РД: /, 1981 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувираа гутал засдаг ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ************ тоотод оршин суудаг, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Д.Д.А- нь 2011 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 20 -21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Титаник” бааранд үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр зэвсгийн чанартай зүйл болох шөвөг хэрэглэн иргэн Ц.Ц.Б-гийн биед хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Д.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2011 оны 12 дугаар сарын 18-ний өдөр манай найзын төрсөн өдөр болсон. Тэгээд 20-ны өдөр “Титаник” бааранд орсон. 21-ний өдөр гэртээ байсан. Гаднаас цоожилсон байсан. Хажуу талын айлын хүмүүс байсан. “Титаник” бааранд ороогүй. Би 20-ны өдөр савхин куртиктэй, бор ноолууран цамцтай, малгайгүй явсан. Таниулах ажиллагаанд биеэр ороогүй. Дөрвөн хүний зургаас ганцхан би өвлийн хувцастай байсан. М- байцаагч над дээр ирэхэд би ажлын хувцастай зах дээр ажилдаа гарч байсан. Ажлаас бусад цагаар савхин куртиктэй явж байсан. Энэ шөвгийг манай эхнэрээс хурааж авсан миний ажлын шөвөг мөн байна. Энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсье” гэв.
D:\My D\My office files\Шийтгэх тогтоол\D.Altanzul-96.2.1-.doc
Шүүгдэгч Д.Д.А- нь 2011 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 20-21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Титаник” бааранд иргэн Ц.Ц.Б-г “Хамт сууя” гэж ямар ч шалтаг шалтгаангүйгээр өдөөн хоргоож, түүнийг “Сүлбээд алчихна шүү” гэх мэтээр айлган сүрдүүлж хөл рүү өшиглөн түүний дал нурууны тус газарт өөрийн барьж явсан шөвөгөөр хатгаж, бие махбодид нь “цээжний хөндийд нэвтэрч баруун уушгийг гэмтээсэн шарх, цээжний хөндийн хий хуралт, хагалгааны дараах байдал бүхий, учрах үедээ амь насанд аюултай” хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч Ц.Ц.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Титаник” бааранд 19 цагийн үед ороод нэг “Боргио” пиво аваад сууж байтал Д.А- орж ирсэн. Тэгээд “Цуг суучихаа” гэхээр нь “Үгүй, би найзуудыгаа хүлээж байна” гэж хэлтэл “Чи ямар сонин пизда вэ” гэж хэлээд миний хөл рүү өшиглөсөн. Тэгээд хурууныхаа салаагаар шөвөг гаргаж ирээд шөвөгдчихнө шүү гэж байсан. Удалгүй хэрэлдэж байгаа гараад явчихсан. 30-40 минутын дараа сугаар шингэн юм урсахаар нь харсан нь их цус гарчихсан байсан. Д.А-ыг бирж дээр өмнө харж байсан. Би царайгаар нь Д.А-ыг таньж байна. Одоо эмчилгээний зардлаа нэхэмжилж байна” гэв.
Гэрч Ж.Э- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Өдрийг санахгүй байна. Манай “Титаник” бааранд Ц.Б- орж ирээд сууж байтал Д.А- гаднаас халамцуу орж ирээд өдсөн. Хэрүүл гуйж дарамтлах гээд байсан. Тэгээд би очоод “Та болиочээ” гэж түлхсэн чинь хойшоо ухарахдаа гартаа байсан шөвгөө харуулсан, тэгэхээр нь би өөрөө айгаад ухарсан. Тэр үед Д.А- шар канттай ажлын хувцастай байсан. Тэгээд Д.А- хэрүүл хийгээд бүр болохгүй баарны эзэн очиж болиулсан. Дараа нь Ц.Б- ирээд “Намайг шөвөгдчихсэн юм шиг байна, хараад өгөөч” гэхээр нь гал тогоондоо оруулж байгаад харсан чинь цус гарчихсан шөвөгөөр хатгасан мөр байсан. Зургаас нь харахад зураг дээр байсан хүн төстэй байсан. Одоо бол сайн танигдахгүй байна. Ц.Б- өмнө хааяа хааяа манайд орж ирдэг байсан болохоор таниж байна. Энэ шөвөг тухайн үед Д.А-ын барьчихсан байсан шөвөг мөн байна. Хэлбэр, хэмжээ, гартаа барьж байсан байдлааснь санахад мөн байна” гэв.
- Гэрч Б.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: /хэргийн 21-р хуудас/:
“...манай нөхөр Бирж дээр гутал оёж, засдаг бөгөөд энэ ажлаа гэртээ харьж зарим үедээ хийдэг юм. Ингэхдээ өөрийн гутал янзалдаг багаж болох шөвөг, резин зүсэгч хутга зэргээ биедээ авч явдаг юм.
...2011 оны 12 дугаар сарын 19-22-ны өдрийн хооронд манай нөхөр ажилдаа гаралгүй гэртээ өнжсөн тохиолдол ерөөсөө байхгүй. Би өөрөө мэдэж байна. Баяр болох гэж байгаа гээд бид 2 өглөө болгон хамт ажилдаа гарсан юм. Ер нь л бол манай нөхөр гэртээ өдөржин өнжиж, амардаггүй юм...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Ц.Эрдэнэцогтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: /хэргийн 22-р хуудас/:
“...2011 оны 12-р сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 01 цагийн орчим гэртээ унтаж байхад Ц.Б-гийн бага охин орж ирээд аав хутгалуулсан байна гэж хэлсэн. Ингээд гэрт нь ороход Ц.Б- орон дээрээ босоод суусан байсан бөгөөд тэгээд биеийг нь үзсэн чинь баруун дал нуруун тус газартаа шөвөг мэт нарийхан зүйлээр хатгуулсан байсан. Тэгээд өөрөөс нь яасан талаар асуухад Титаник бааранд сууж байгаад шөвөгдүүлсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,
- Яаралтай тусламж үйлчилгээний хуудас: / хэргийн 25-р хуудас/:
- Шүүх эмнэлгийн шинжээчийн №28 тоот дүгнэлт: / хэргийн 28-р хуудас/:
Дүгнэлт: “1.Ц.Ц.Б-гийн биед цээжний хөндийд нэвтэрч баруун уушгийг гэмтээсэн шарх, цээжний хөндийн хий хуралт, хагалгааны дараах байдал тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно...” гэсэн дүгнэлт.
-Шинжээчийг байцаасан тэмдэглэл
“...Ц.Ц.Б-гийн биед учирсан гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл. Хатуу мохоо зүйл гэдэгт сүх, шөвөг гэх мэт зүйлс орно.
...уг шарх нь үзүүртэй зүйлээр үүсгэгдэх боломжтой. Магадгүй уг зүйлийн хошуу 1,5 см-ээс бага хэмжээтэй байж болох боловч тухайн зүйл нь үзүүртээ дэгээ зүйлтэй бол дээрх гэмтлийг учруулж болно.”
...уг шөвгийг би өөрийн нүдээр харсан. Ер нь бол хурц үзүүртэй, хатуу мохоо үзүүртэй зүйл гэдэг бол харьцангуй ойлголт юм. Хэрэв уг шөвөгний үзүүрийг нарийсган хурцалж өгсөн бол энэ нь хурц үзүүртэй зүйлд хамаарах юм.
...гаднаас орсон шарх нь жижиг хэмжээтэй боловч дэгээ хэсэг нь үзүүртэй учир буцааж гарахдаа огло татаж дээрх гэмтлийг үүсгэгдсэн байх боломжтой юм... гэсэн мэдүүлэг..
-Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл: / хэргийн 81-82 -р хуудас/:
“...намайг хатгасан шөвөг 2 дугаарт байгаа хар өнгийн бариул бүхий урдаа дэгээтэй нарийн шөвөг мөн байна. Уг шөвгийг би үзүүрийг нь хараад таньж байна. Мөн тэр хүн ишийг нь гартаа атгаад барьсан байсанг нь бодохоор бариул нь хөндлөн мөн байна гэв... гэсэн тэмдэглэл.
-Гэрч Ж.Э- таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл: /хэргийн 83-84-р хуудас/: “...би тэр хүнийг одоо харвал нүүр царайгаар нь таньж магадгүй. Одоо жоохон мартсан байна. Өмнө нь бол би тэр хүний зургийг хараад шууд таньж байсан. Тэр хүн бол шар царай, өндөр нуруутай, 30 гаран насны залуу байсан. Тэр залуу болохоор мөр хавьдаа шар өнгийн канттай, ямар ч байсан ажлын хувцастай байсан.
...гэрч Ж.Э- 1-4 гэсэн дугаартай байрлуулсан хүмүүсийн цээж зурагнуудыг харлаа. Уг зурагнууд дотроос 4 дугаарт байгаа хүний зураг тухайн хүнтэй адилхан зураг байна. Уг зурган дээрх хүний царай дүр төрх тухайн сэжигтэн этгээдийн царайтай адилхан байна гэв... гэсэн” тэмдэглэл.
-Хохирогч Ц.Ц.Б-гаар таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл: /ХХ-ийн 85-86-р хуудас/: “...би тэр хүнийг одоо харвал царайгаар нь танина. Тэр хүн шар царай, өндөрдүү нуруутай хүн байсан. Мөн тэр хүн шар өнгийн канттай төмөр замын ажилчдын хувцастай байсан....намайг шөвгөөр хатгасан хүний зураг 2 гэсэн дугаартай зураг мөн байна. Би уг хүний зургийг хараад шууд царайгаар нь таньж байна... гэсэн тэмдэглэл.
- Шүүх эмнэлгийн №232 тоот дүгнэлт: /ХХ-ийн 93-р хуудас/:
Дүгнэлт:
- Гэрч Б.Ш-: /ХХ-ийн 113-р хуудас/:
...тэр өдөр буюу 2011 оны 12-р сарын 21-ний өглөө манай нөхөр Бирж рүү яваад өдөр 16 цагийн орчим ирсэн. Тэгэхдээ бага зэрэг архи үнэртүүлсэн ирсэн. Тэгээд гэрт байж байгаад 19 цагийн орчим хүнтэй уулзчихаад ирье гэж хэлээд гараад явсан. Ингээд орой 22 цаг болж байхад манай ахын хүүхэд болох Энхжин орж ирээд Ц.Б- ах манай гэрт ороод ирсэн байна таныг хүрч ирээд ав гэж байна гэж хэлсэн. Шөнө 01 цагийн орчим нөхөр маань босч ирээд ёоё би үхлээ гээд унасан. Тэгээд яасан бэ, юу болов гээд гадна талдаа өмсөж явсан саарал өнгийн якийг нь тайлсан чинь бага хэмжээний цус болсон байсан бөгөөд тайлаад харахад дотор талдаа өмсөж явсан ноосон цамц болон цагаан өнгийн майк нь нил цус болсон байсан. Тэгээд яасан юм бэ гээд асуусан чинь би хүнд шөвгөөр хатгуулсан хурдан түргэн дуудаарай гэж хэлсэн юм... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Д.А- нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би тэр өдөр гэртээ байсан, “Титаник” бааранд байгаагүй” гэх зэргээр үйлдсэн хэргээ тодорхой мэдүүлэхгүй байгаа боловч хохирогч Ц.Ц.Б- “Нэг “Боргио” пиво аваад сууж байтал Д.А- орж ирсэн. Тэгээд “Цуг суучихая” гэхээр нь “Үгүй, би найзуудыгаа хүлээж байна” гэж хэлтэл “Чи ямар сонин пизда вэ” гэж хэлээд миний хөл рүү өшиглөсөн. Тэгээд хурууныхаа салаагаар шөвөг гаргаж ирээд шөвөгдчихнө шүү гэж байсан. Удалгүй хэрэлдэж байгаа гараад явчихсан. 30-40 минутын дараа сугаар шингэн юм урсахаар нь харсан нь их цус гарчихсан байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Э- “...Д.А- гаднаас орж халамцуу орж ирээд өдсөн. Хэрүүл гуйж дарамтлах гээд байсан. Тэгээд би очоод “Та болиочээ” гэж түлхсэн чинь хойшоо ухарахдаа гартаа байсан шөвөгөө харуулсан, тэгэхээр нь би өөрөө айгаад ухарсан. Тэр үед Д.А- шар канттай ажлын хувцастай байсан. Тэгээд Д.А- хэрүүл хийгээд бүр болохгүй баарны эзэн очиж болиулсан. Дараа нь Ц.Б- ирээд “Намайг шөвөгдчихсэн юм шиг байна, хараад өгөөч” гэхээр нь гал тогоондоо оруулж байгаад харсан чинь цус гарчихсан шөвөгөөр хатгасан мөр байсан” гэсэн тогтвортой өгч байгаа мэдүүлгүүд, эд мөрийн баримтаар хураагдсан шөвгийг гэрч, хохирогч нар Д.Д.А-ын гартаа барьж байсан шөвөг мөн байна. “Хэлбэр, хэмжээ, гартаа хэрхэн барьж байсан” зэргээр таньж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг зэргээр гэмт хэрэг үйлдсэн этгээд нь Д.Д.А- мөн болох нь тогтоогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөн хохирогч Ц.Ц.Б-гийн биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил мэргэжлийн өргөн мэдлэг, туршлага бүхий шинжээч-эмч гаргасан тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөв гэж дүгнэсэн болно.
Иймд Д.А-ыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутайг тогтоож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Ц.Ц.Б-гаас уушиг оёулсан мэс заслын төлбөр 425.000 төгрөгийг нэхэмжилснийг /хэргийн 45 дахь тал/ шүүгдэгч Д.Д.А-аас гаргуулж олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Д.А- нь урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан байх бөгөөд одоо тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүй болсон байна. /хэргийн 62, 66-67 дахь тал/
Д.Д.А- нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, түүний хувийн байдал зэргийг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хар өнгийн бариул бүхий шөвгийг хураан ирүүлсэн бөгөөд уг шөвөг нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар устгахаар энэхүү тогтоолд заав.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Ц.Б- нь бичиг үсэг мэдэхгүй тул өөрийн эхнэрийн хамт мэдүүлэг өгөх зэргээр Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулж байсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасан тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийг өмгөөлүүлэх бололцоогоор заавал хангах үүрэгтэй.”, 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан “монгол хэл, бичиг мэддэггүй;” гэснийг зөрчсөн байгааг шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийг өмгөөлөгчөөр хангаж оролцуулсан тул дээрх зөрчлийг шүүх арилгасан болно.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.А-ыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Д.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 /долоо/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Д.Д.А-д оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Д.Д.А-ын энэ хэрэгт 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 174 /нэг зуун далан дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Д.Д.А-аас 425.000 /дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулж, ************ тоотод оршин суугч хохирогч Ц.Б- /РД: /-д олгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хар бариул бүхий нэг ширхэг шөвгийг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.5-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Д.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Д.А-д энэ тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧИД А.АЛТАНХУЯГ
Ё.РИНЗААН