Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2026/0300

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

Б.Г-н нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч М.Цэцэгмаа

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгч

Нэхэмжлэгч: Б.Г

Хариуцагч: Боловсролын яамны улсын ахлах байцаагч нар, Боловсролын ерөнхий газрын дарга

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 896 дугаар,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Боловсролын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Боловсролын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, хариуцагч улсын байцаагч А.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул

Хэргийн индекс:128/2025/0743/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 896 дугаар шийдвэрээр:

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.10, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Г-аас Боловсролын яамны улсын ахлах байцаагч, Боловсролын ерөнхий газрын даргад тус тус холбогдуулан гаргасан “Боловсролын яамны улсын ахлах байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 03-00-006/01 дүгээр дүгнэлт, Боловсролын ерөнхий газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/168 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

            2. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

2.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг иж бүрэн, тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй, захиргааны байгууллагын гаргасан процессын ноцтой алдааг зөвтгөсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн бодит нөхцөл байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Тодруулбал, шүүхийн шийдвэр нь хариуцагч талын тайлбарыг давамгайлан үндэслэсэн бөгөөд хэргийн материалд авагдсан нотлох баримтуудад тулгуурласан, бодитой дүгнэлт хийгдээгүй гэж үзэхээр байна. Шийдвэрийн 12 дахь хэсэгт үүрэг даалгаврыг бичгээр өгч, биелэлтийг бичгээр шаардсан үйлдлийг "удирдах чиг үүргээ хэрэгжүүлээгүй, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн" гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь удирдлагын чиг үүргийг бичгээр өгч, биелэлтийг хянан шаардсан нь өөрөө хуульд нийцсэн, эрх хэмжээний хүрээнд хийгдсэн үйлдэл болно. Мөн Боловсролын яамны улсын ахлах байцаагчийн 2025 оны 03-00-006/01 дугаартай дүгнэлтийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Уг дүгнэлтийг үндэслэн намайг томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын арга хэмжээ авсан баримт байсаар байхад, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзсэн нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй байна.

Түүнчлэн, дээрх дүгнэлттэй зөрчилдөн Боловсролын ерөнхий газрын даргын надад сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг "үндэслэлтэй" гэж дүгнэсэн нь анхан шатны шүүхийн өөрийнх нь дүгнэлтийг үгүйсгэсэн, логикийн зөрчилтэй шийдвэр болсон гэж үзэхээр байна.

2.2. Гомдлын хууль зүйн үндэслэлүүдийн тухай:

Сонсох ажиллагааны журам болон "мэдэх эрх"-ийг ноцтой зөрчсөн: Хариуцагч талууд нь нэхэмжлэгч надад сахилгын шийтгэл ногдуулах үндсэн шалтгаан болсон "52 ажилтны хамтын гомдол"-ыг захиргааны шийдвэр гаргах ажиллагааны аль ч шатанд танилцуулаагүй. Би уг гомдлыг анх удаа шүүхийн хавтаст хэрэгтэй танилцах явцдаа харсан.

Зөрчил: Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д заасан "тайлбар гаргах боломж олгох" үүргээ хариуцагч биелүүлээгүй. "Нууц” баримтаар буюу надад үзүүлээгүй гомдлоор үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан нь нэхэмжлэгчийн өөрийгөө хамгаалах эрхийг ноцтой зөрчсөн.

Сахилгын хариуцлагын "Гэм буруу"-гийн зарчим алдагдсан тухай: Миний бие сургуулийн захирлын ажлыг хүлээн аваад ердөө 6 сар болж байхад өмнөх удирдлагын үед олон жилийн турш хуримтлагдсан (суралцагчдын дотуур байрны эрсдэл, удирдлагын шийдвэр, үйл ажиллагаа, тогтолцооны алдаа г.м) зөрчил, дутагдлыг "Төрийн алба тасралтгүй байх ёстой" гэх нэрээр надад хаяглаж, шийтгэл ногдуулсан.

Зөрчил: Хөдөлмөрийн тухай хуулийн 123.1-д зааснаар сахилгын зөрчил нь тухайн ажилтны "өөрийнх" нь буруутай үйлдэл байх ёстой. 6 сарын хугацаанд засах боломжгүй, өмнөх удирдлагын алдааг дараагийн хүнд өвлүүлэн шийтгэх нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Хяналт шалгалтын хараат бус, шударга, бодитой байх зарчим алдагдсан тухай:Улсын байцаагч нар "хамт олны 72 хувь гомдол гаргасан" гэх тоон үзүүлэлтэд хөтлөгдөж, мэргэжлийн хяналтыг "олонхийн санал асуулга" болгон хувиргасан.

Зөрчил: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1.2-т заасан хараат бус, шударга байх зарчим зөрчигдсөн. Байцаагч нар гомдолд дурдагдсан асуудлыг бичмэл нотлох баримтаар тулгаж шалгахын оронд гомдол гаргагч талын байр суурийг шууд дүгнэлтдээ тусгасан нь нэг талыг барьсан үйлдэл болсон.

Процессын бусад алдаа: Хяналт шалгалтыг шөнийн цагаар (01:00 цаг хүртэл) хийсэн, удирдамж танилцуулаагүй нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн.Улсын байцаагч өөрийн чиг үүрэгт хамааралгүй "Ёс зүйн зөрчил"-ийг тогтоосон нь эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл юм.

Иймд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0896 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж Боловсролын ерөнхий газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/168 дугаар тушаал, Боловсролын яамны улсын ахлах байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны Өдрийн 03-00-006/01 дүгнэлтийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийгээгүй, хуулийн зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            2. Боловсролын яамны улсын ахлах байцаагчийн маргаан бүхий 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 03-00-006/01 дугаар дүгнэлтээр “ ... *** аймаг дахь Политехник коллежийн захирал Б.Г нь Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13-т заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн, Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/447 дугаар тушаалаар баталсан “Төрийн өмчийн Политехник коллежийн захирлын албан тушаалын тодорхойлолт”-д заасан “удирдан зохион байгуулах, асуудал шийдвэрлэх, манлайлах, багаар ажиллах, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих” ур чадвар, Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.10 дахь “удирдах ажилтны манлайлал, ёс зүйг хангаж ажиллах” заалтад тусгасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаагүй” гэж дүгнэсэн байна.

            2.1. Дээрх дүгнэлтийг үндэслэн Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2/2762 дугаар “Хариуцлага тооцох тухай” албан бичгээр “*** аймаг дахь Политехник коллежийн захирал Б.Гад хариуцлага тооцож, хариу ирүүлэх”-ийг Боловсролын ерөнхий газрын даргад үүрэг болгосон байна.

            2.2. Улмаар Боловсролын ерөнхий газрын даргын маргаан бүхий 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/168 дугаар тушаалаар “... төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг зөрчиж, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй нь улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Г-д 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс албан тушаалын цалинг гурван сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй байна.

2.3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд маргаан бүхий дүгнэлтийн үндэслэл тус бүрд хэрэгт авагдсан баримтад тулгуулан дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзлээ.

 

3. Маргаан бүхий дүгнэлтийн “Политехник коллежийн үйл ажиллагаа хяналтын хуудасны үнэлгээгээр 43%-тай буюу “дунд” эрсдэлтэй, дотуур байрны үйл ажиллагаа нь 61%-тай буюу “их” эрсдэлтэй” гэж дүгнэсэн” гэсэн зөрчил гаргасан гэх дүгнэлтийн тухайд:

            3.1. Нэхэмжлэгчээс дээрх зөрчилтэй холбогдуулан “... хяналтын хуудасны байгууллагын удирдлага, зохион байгуулалт буюу надтай холбоотой хэсэг дэх асуултын 6 дугаарт стратеги төлөвлөгөө байхгүй гээд шаардлага хангаагүй буюу 10 гэсэн үнэлгээг тавьсан. Тус коллеж нь 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 5 жилээр магадлан итгэмжлэгдсэн, 2021-2025 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөтэй, .. 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлтээ тайлагнан 90.6 хувьтай “маш сайн гэж үнэлэгдсэн, ... элсэлт зохион байгуулах тушаал гаргаж холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн, ... статистик тоон мэдээг хариуцсан ажилтантай тул тоон мэдээллийг цаг тухайд нь өгдөг, ... багш ажилтнуудын цахим ур чадварыг хөгжүүлэхийн тулд “Багш флатформ”-г үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна, … зөвхөн удирдлага, зохион байгуулалттай холбоотой асуултуудад өгсөн үнэлгээг нь авч үзэхэд хяналт шалгалтыг хариуцлагагүй хийсэн, … ажлаа хүлээж аваад 6 сар болсон нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй дотуур байрны 61 хувийн эрсдэлтэй гарсанд алдааг дан ганц надад тохсон бөгөөд энэ хугацаанд хийх боломжтой, хийсэн ажлуудыг шалгаагүй, ... өмнөх удирдлагын алдааг шинэ захиралд тохож байгаа нь үндэслэлгүй, ... Авлигатай тэмцэх газарт мэдээлсэн, шүгэл үлээгчийн эсрэг ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүдийн захиалгат үйл ажиллагаа ...” гэж тайлбарлан маргасан.

3.2. Харин хариуцагчаас “... шалгалтын дүнг танилцуулах үед улсын байцаагч “... танд хариуцлага тооцуулах саналыг гаргаж байна” гэсэн санал гаргаж байгаа талаар ярихад захирал ямар нэгэн тайлбар хэлээгүй, хяналт шалгалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй болон тайлбар гаргах, татгалзсан зүйлгүй учир хяналт шалгалтыг дуусгасан, … 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн удирдах зөвлөлийн тэмдэглэлийг үзэхэд 5 асуудал хэлэлцсэн ч стратеги төлөвлөгөө, дүрэм шинэчлэн батлаагүй, … коллежид суралцах суралцагч элсүүлэх хяналтын тоог 2024-2025 оны хичээлийн жилд 15 мэргэжлээр 495 суралцагч элсүүлэхээр баталсан ч бүртгэл мэдээллийн цахим системд 511 суралцагч бүртгэлтэй, … өөр мэргэжил эзэмшсэн багш нар өөрийн мэргэжлийн бус чиглэлээр багшилдаг хэдий ч хөрвөх сургалт болон мэргэшүүлэх сургалтад хамрагдсан талаар нотлох баримтгүй, мөн багшлах эрхийн сургалтад хамрагдаагүй багш нар ажиллаж, ажлын байранд нарийн мэргэжлээр мэргэших орчин бүрдээгүй, …” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын тус хэсэгтэй холбогдуулан тайлбар гаргаж маргасан байна.

3.3. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.3-д “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан.

            3.4. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрийн хяналт шалгалт (цаашид "хяналт шалгалт" гэх) хийхэд дараахь зарчмыг баримтална:” 4.1.2-т “хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх;”, 4.1.4-т “шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах” гэж заасан байна.

           

3.5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааг шалгах хяналтын хуудсаар[1] шаардлага хангасан асуултын тоо “26”, хууль сахин мөрдөлтийн хувь “54 хувь”, шаардлага хангаагүй нийт оноо “180”, эрсдэл үүсэх магадлалын хувь “43 хувь”, эрсдэл үүсэх магадлал “Дунд” гэж тус тус үнэлэгдсэн байна.

3.6. Мөн дотуур байранд хийгдсэн хяналт шалгалтын үнэлгээний хуудсаар[2]  шаардлага хангасан асуултын тоо “18”, хууль сахин мөрдөлтийн хувь “38 хувь”, шаардлага хангаагүй нийт оноо “245”, эрсдэл үүсэх магадлалын хувь “61.2 хувь”, эрсдэл үүсэх магадлал “их” гэж үнэлэгдсэн байх боловч хариуцагчаас маргаан бүхий дүгнэлтийн “Политехник коллежийн үйл ажиллагаа хяналтын хуудасны үнэлгээгээр 43%-тай буюу “дунд” эрсдэлтэй, дотуур байрны үйл ажиллагаа нь 61%-тай буюу “их” эрсдэлтэй” гэж дүгнэсэн” гэсэн үндэслэлд хамаарах баримт нотолгоог буюу дотуур байрны үйл ажиллагаа их эрсдэлтэй гэсэн үнэлгээг хэрхэн ямар шалгуурт нийцэх ёстой боловч хэрхэн ямар шалтгаан үндэслэлээр нэхэмжлэгчид хамаатай байдлаар үнэлэгдэх дүгнэгдсэн, үнэлгээнд хамаарч байгаа хүчин зүйлүүд тэдгээртэй холбоотой нөхцөл шаардлага дан ганц нэхэмжлэгчид хамаатай бөгөөд түүнийг хангаагүй нь мөн нэхэмжлэгчийн буруутай үйлдэл эс үйлдэлтэй холбоотой болохыг баримтаар тогтоосон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

3.7. Өөрөөр хэлбэл, дээрх хяналт шалгалтаар нэхэмжлэгч Б.Гаас шалтгаалан Политехник коллежийн үйл ажиллагаа хяналтын хуудасны үнэлгээгээр 43%-тай буюу “дунд” эрсдэлтэй, дотуур байрны үйл ажиллагаа нь 61%-тай буюу “их” эрсдэлтэй” гэж дүгнэсэн”  дээрх нөхцөл байдал үүссэн эсэх, нэхэмжлэгч Б.Гыг ажлаа хүлээн авснаас хойших 6 сард багтаан тухайн зөрчлүүдийг засаж сайжруулах боломж бодит байдалд байсан эсэх, тус зөрчлүүдэд нэхэмжлэгч дангаараа буруутай гэж үзэх хангалттай үндэслэл эргэлзээгүйгээр тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийн буруутай гэж үзсэн маргаан бүхий актын тус хэсэг захиргааны шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн гэж шүүхээс үзэх боломжгүй байна.

4. Маргаан бүхий дүгнэлтээр нэхэмжлэгчийг “52 багш ажилтан гомдол ирүүлж, тэдгээрээс тайлбар тодруулга авч уулзахад Б.Г захирлыг харилцаа хандлага, ажлын байранд тэгш бус харилцаа, сэтгэл зүйн дарамт, стресс үүсгэсэн, удирдлагын манлайллыг ханган ажилладаггүй зөрчил гаргасан” гэх тухайд:

4.1. Нэхэмжлэгчээс тус зөрчилтэй холбогдуулан “... намайг ёс зүйн дүрэм зөрчсөн талаар Боловсролын ерөнхий газар болон Боловсролын яамны ёс зүйн хорооны дүгнэлт гараагүй байхад улсын байцаагч өөрийн үзэмжээр ёс зүй хэрэгжүүлж ажиллаагүй, ёс зүй зөрчсөн гэж дүгнэж байгаа нь хуульд нийцээгүй” гэж тайлбарлан маргасан.

4.2. Хариуцагчаас “... хяналт шалгалтын явцад хамт олны 70 гаруй хувь нь хяналт шалгалтын ажлын хэсгийн ахлагчтай уулзахаар ирж, хяналт шалгалт хийх хугацаа сунжрахад нөлөөлсөн. Удирдлагын зан харилцаа, дарамт шахалтын тухай, захиралтай шаардлагатай үед уулзах нөхцөл боломжгүй, хоорондоо албан бичгээр харилцдаг, байгууллагын баримт бичгүүдийг өрөөндөө авч цоожилдог, хаалга нь кодтой, хардаж сэрдэж, дарамт шахалт үзүүлдэг. Тухайлбал ажилтанд үүрэг даалгавар өгөхдөө тухайн өдрийнхөө 18 цагт бэлэн болгож өгөх үүрэг өгдөг, ар гэрийн гачигдал гарсан тохиолдолд нотлох баримт нэхдэг. Зарим багш, ажилчид ажлын байрандаа стрессдэх, удирдлагын дарамт шахалт, хэл амнаас залхсан тухайгаа ярьсан ...” гэж тайлбарласан байна.

4.3. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрийн хяналт шалгалт (цаашид "хяналт шалгалт" гэх) хийхэд дараахь зарчмыг баримтална:”, 4.1.4-т “шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах” гэж заасан.

4.4. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 109 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ”-ний 2.7-д “Албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэх хүрээнд дараах хэм хэмжээг мөрдөнө:”, 2.8-д “Байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэх хүрээнд дараах хэм хэмжээг мөрдөнө:”, 2.10-т “Багаар ажиллах, суралцах, шинэ санаачилгыг дэмжих, хамт олны итгэлцлийг эрхэмлэх, удирдах албан тушаалтны итгэлийг дааж ажиллах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэх хүрээнд дараах хэм хэмжээг мөрдөнө” гэж заасан.

4.5. Хэрэгт авагдсан улсын байцаагчийн маргаан бүхий 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 03-00-006/01 дугаар дүгнэлтэд “... 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 03-00/19 дугаар удирдамж, багш ажилчдаас Монгол Улсын Их Хурлын даргад болон Боловсролын яаманд ирүүлсэн гомдлын дагуу *** аймаг дахь Политехник коллежийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ” гэсэн байна.

4.6. Мөн Монгол Улсын Их Хурлын дарга Д.А-д 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “*** аймаг дахь Политехник коллежийн захирал Б.Г-н Төрийн албаны хууль, Хөдөлмөрийн хууль зөрчсөн шийдвэр үйл ажиллагааны талаар гомдол хүргүүлэх тухай” гомдлыг тус сургуулийн 52 багш, ажилтан гаргасан байна[3].

4.7.Тус 52 багш, ажилтнаас“... хувь хүний нэр төр, алдар хүндэд бүдүүлгээр халдаж, гутаан доромжилсон, ... сургуулийн удирдах зөвлөлд ажиллах төлөөллийг санал болгох үйл ажиллагаанд багш, ажилчид, суралцагчдын саналыг аваагүй, ... албан тушаалын байдлаа хэтрүүлэн сургуулийн бүтцэд байхгүй “сэтгэл зүйч” гэсэн орон тоо гаргасан, … үйлчлэгч, жижүүрүүд амрах түр өрөөгүй болсон, … вайберт үзэл бодлоо илэрхийлсэн ажилтныг өрөөндөө дуудаж дарамталсан, … ажилчдыг дорд үзэж, дээрэнгүй харьцаж, сүрдүүлсэн, … төрийн албан хаагчийн хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх үүргээ биелүүлсний төлөө үүрэг даалгавар мэдэгдэх хуудсаар өгсөн, … хурал дээр санал хэлсэн ажилтны ажлыг шалгуулахаар Боловсролын газарт албан бичиг өгч шалгуулсан, … ёс зүйн хорооны даргыг дуудаж ёс зүйн өргөдөл ирсэн эсэх, дүгнэлтийг даруй гаргахыг шаардаж дарамталсан, … байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж хүргүүлэхэд өөрийн биеэр оролцоогүй, … чөлөө олгохдоо нотлох баримт шаарддаг, … ач холбогдолгүй шуурхай хурал удаа дараа зарлаж, заавал суу гэж шаарддаг, … сахилгын арга хэмжээ авсан 4 ажилтны өргөдлийг өөрийн үгээр өөрчлүүлж бичүүлсэн, ... хичээлийн жил дуусаж амралт дөхсөн үед автомашины засварчны мэргэжлийн багшийг дур мэдэн шинээр томилсон, ... нягтлан бодогчийн орон тооны сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт хөндлөнгөөс оролцсон, ... олон нийтэд зарлаагүй жолоочийн ажлын байранд өөрийн найзын ахыг жолооны үнэмлэхтэй гэх шалтгаанаар авсан, ... цаг бүртгэлийнTimely системийг ашиглаж байсан боловч Боловсролын яамтай гэрээ хийгдээгүй Amjilt системээр цаг бүртгэж, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан, ... худалдан авах ажиллагааны сургалтад өөрөө хүмүүс сонгон суулгасан боловч төлбөр төлөгдөөгүй шалтгаанаар шалгалтад ороогүй, ... жижүүрийг үндэслэлгүй халснаас шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлтэй холбогдуулан байгууллагын төсвөөс өмгөөлөгч авсан, ... мэргэжлийн бус албан хаагчдаар санхүүгийн сүүлийн 5 жилийн баримтыг авч хяналт шалгалт явуулж байна, ... багш ажилчдыг дарамтлахдаа “хүүхдүүдийг чинь сайн явахыг харна” гэж дарамталснаас болж чадварлаг багш өөрөө хүсэлтээ өгч гарсан ...” гэсэн агуулга бүхий гомдлыг гаргасан байна.

4.8. Харин маргаан бүхий актад удирдамж болон багш, ажилчдын гомдлыг үндэслэсэн гэсэн байх боловч хариуцагч нараас тус хяналт шалгалтыг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 03-00/19 дугаар удирдамжаар хийсэн эсэх, эсхүл багш ажилчдаас Монгол Улсын Их Хурлын даргад болон Боловсролын яаманд ирүүлсэн гомдлын дагуу хийсэн эсэх нь тодорхойгүй байх бөгөөд 52 багш, ажилтны гомдолтой холбогдуулан нэхэмжлэгч Б.Г-аас тайлбар тодруулга авсан талаар баримт нотолгоо байхгүй, дээрх 52 багш, ажилтны гомдолд дурдсан асуудал тус бүрийг шалгасан эсэх нь тодорхойгүй байна.

4.9. Хариуцагчаас давж заалдах шатны шүүх хуралдаанд “... тухай дүгнэлтийг 52 ажилтны гомдолтой холбогдуулж гаргаагүй, ... ажлын хэсэг хяналтын хуудасны үнэлгээг 3 хувааж авч үзсэн, ... нэр бүхий ажилтнуудаас ирсэн гомдолтой холбогдуулан холбогдох ажилтнуудаас тайлбар, тодруулга авах шаардлагатай гэдгийг шалгуулагч этгээдэд мэдэгдсэн ...” гэж тайлбарласан байна.

4.10. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасны дагуу шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах гэж заасан зарчим хяналт шалгалтын явцад хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй, хяналт шалгалтаар илрүүлсэн гэх “... Удирдлагын зан харилцаа, дарамт шахалтын тухай, захиралтай шаардлагатай үед уулзах нөхцөл боломжгүй, хоорондоо албан бичгээр харилцдаг, байгууллагын баримт бичгүүдийг өрөөндөө авч цоожилдог, хаалга нь кодтой, хардаж сэрдэж, дарамт шахалт үзүүлдэг” гэсэн зөрчлүүдийг хэрхэн тогтоосон болох нь ойлгомжгүй, энэ талаар баримт нотолгоо бүрдээгүй, ёс зүйн зөрчил гэж үзэж байгаа эсэх нь тодорхой бус, ёс зүйн зөрчил гаргасан талаар эрх бүхий этгээдийн дүгнэлт шийдвэр гарсан эсэх нь тодорхой бус, зөвхөн “гомдол гаргасан гэх 52 ажилтны тайлбарыг үндэслэсэн” гэж тайлбарлаж байх тул шүүх хариуцагчийн шийдвэрийн дээрх хэсгийг хуулиар тогтоосон “шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах” зарчимд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

5. Маргаан бүхий дүгнэлтээр нэхэмжлэгчийг “... 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр томилогдсоноосоо хойш багш, ажилтнуудад ажлын байрны болон сэтгэл зүйн дарамт үзүүлдэг, багш, ажилтнууд захиралтай шууд харилцах, мэдээлэл солилцох боломжгүй албан бичгээр хоорондоо харилцдаг. 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд нягтлан бодогч, хүний нөөц, сургалтын менежер, багш, ажилтан 33 хүнд, өдөрт дунджаар нэг хүнд 3-4 удаа албан бичгээр үүрэг даалгавар хүргүүлж, биелэлтийг бичгээр авч, чирэгдэл үүсгэдэг” гэх зөрчил гаргасан гэж дүгнэсэн тухайд:

5.1. Нэхэмжлэгчээс тус зөрчилд холбогдуулан “… хууль ёсны шаардлагыг удаа дараа биелүүлэхгүй байгаа тодорхой албан тушаалтнуудад бичгээр албан шаардлагыг хүргүүлж ажилласан … ” гэж маргасан байна.

5.2. Хариуцагчаас “... үүрэг даалгаврыг сургуулийн дотоод сүлжээгээр хүргүүлдэг мөртлөө давхар 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 3 хүнд 7 албан бичиг, 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 8 хүнд 8 албан бичиг, хүний нөөц гадаад харилцаа хариуцсан ажилтанд 2025 оны 05 дугаар сарын 29, 30-ны өдөр, 06 дугаар сарын 02, 03 буюу 4 өдөр дараалж, үүрэг даалгавар хүргүүлэх зэрэг нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Архив, албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам, Боловсролын багц хууль, захирлын албан тушаалын тодорхойлолт, Хөдөлмөрийн дотоод журамд ажилтан, албан хаагчдад өгөх үүрэг даалгаврыг байгууллагын удирдлага албан бланк, тамга тэмдэг ашиглах талаар зохицуулалт байхгүй ...” гэж маргасан.

5.3. Албан хэрэгт хөтлөлтийн нийтлэг журмын 1.1-д “Энэ журмаар төрийн болон бусад байгууллага, хуулийн этгээд (цаашид "байгууллага" гэх)-ийн үйл ажиллагааг баримтжуулах, баримт бичгийг цахим болон цаасан хэлбэрээр зохион бүрдүүлэх, ангилан төрөлжүүлэх, хүлээн авах, бүртгэх, илгээх, хянан шийдвэрлэх, ашиглах, хадгалах, албан хэрэг бүрдүүлэх, байгууллагын архивд шилжүүлэх үйл ажиллагаатай холбогдох харилцааг зохицуулна” гэж заасан.

5.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчээс 2025 оны 05 дугаар сарын 21, 22, 27, 30-ны өдрүүд, 06 дугаар сарын 02, 03-ний өдрүүдэд холбогдох албан тушаалтнуудад албан тушаалын чиг үүргийн дагуу албан ажил хийж гүйцэтгэхийг үүрэг болгосон агуулгатай албан бичгүүдийг[4] хүргүүлсэн байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгчээс “... хууль ёсны шаардлагыг удаа дараа биелүүлэхгүй байгаа тодорхой албан тушаалтнуудад бичгээр албан шаардлагыг хүргүүлж ажилласан” гэж тайлбарласныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

5.5. Хэдийгээр тус албан бичгүүдийн хувьд хэрэгжүүлэх хугацаа богино байх боловч холбогдох үүрэг даалгавар авсан албан тушаалтнууд тухайн үүрэг даалгаврыг биелүүлэх боломжгүй талаар удирдах албан тушаалтанд тайлагнах нэмэлт хугацаа тогтоох талаар шаардлага гаргах эрх нь нээлттэйн дээр нэхэмжлэгч Б.Гаас өмнө нь өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг биелүүлээгүйтэй холбогдуулан албан бичгээр дахин өгсөн гэж тайлбарласан байх боловч хариуцагчаас энэ талаар шалгагдагч этгээдийн байр суурийг сонссон, асуудлыг бусад албан тушаалтнуудын чиг үүрэгт хамаарч байгаа эсэх өмнө нь тухайн асуудлаар үүрэг даалгавар өгч биелэлт хангагдсан эсэхийг нягтлан тулгаж шалгаагүй нь буруу, нэхэмжлэгчээс тус албан бичгүүдээр нэр бүхий албан тушаалтнуудад  хандаж албан тушаалын чиг үүрэгт нь хамаарах хугацаатай үүрэг даалгаврыг өгсөн байх тул Архив, албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журамд нийцээгүй, хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Маргаан бүхий дүгнэлтээр “Байгууллагын ажилтан, албан хаагчдын сонгон шалгаруулалт явуулахдаа Төрийн албаны тухай хууль, сонгон шалгаруулалтын журам зөрчсөн, ... 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн  А/20 дугаар тушаалаар 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан боловч ярилцлагын шалгалтад өөрөө оролцон оноо, үнэлгээ өгч, Д.Батгэрэлийг илт давуу байдлаар дэмжсэн, ... автомашины засварчин, мэргэжлийн багшийн ажлын байрны сонгон шалгаруулалтад 2 иргэн бүртгүүлсэн хэдий ч “насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох” эрүүгийн хэрэгт хариуцлага хүлээж байгаа иргэнийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар тухайн албан тушаалд томилсон” гэсэн зөрчил гаргасан гэж дүгнэсэн тухайд:

6.1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4-т ”Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан.

6.2. Нэхэмжлэгчээс “... Д.Б нь сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноог авсан, мөн ажлын хэсгээс сонгон шалгаруулсан иргэнийг автомашины засварчин мэргэжлийн багшийн ажлын байранд авч ажиллуулсан боловч түүнийг ажилд томилогдсон тушаал гарсны дараа гэмт хэрэгт холбогдож байсан талаарх мэдээллийг хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан ажилтан Р.Ариунжаргалаас 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдсэн ...” гэсэн үндэслэлээр маргасан.

6.3. Харин хариуцагчаас “... Б.Г нь сонгон шалгаруулалтад хөндлөнгөөс оролцож, улмаар ярилцлагыг өөрөө авч оноожуулан, онолын шалгалтыг 40 оноотой өгч хоёрт жагссан Д.Б өндөр оноо авч нягтлан бодогчоор томилогдсон байна, ... Мөн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа иргэн Б.А-н төрийн албан хаагчийн анкет дахь “Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар мэдээлэл” хэсгийг бөглөсөн эсэх, шүүхийн шийдвэрээр эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх талаар лавлагаа авч нягтлалгүйгээр томилсон” гэж тайлбарласан байна.

6.4. Хэрэгт авагдсан *** аймаг дахь Политехник коллежийн захирлын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/20 дугаар тушаалаар[5] нээлттэй зарлагдсан Нягтлан бодогч, Цахилгаанчин, Автомашины засварчин мэргэжлийн багш, Гагнуурчин мэргэжлийн багшийн ажлын байрны сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилсон байна.

6.5. Ажлын байрны сул орон тооны сонгон шалгаруулалтын 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн тайлангаар[6] нягтлан бодогчийн орон тоонд өрсөлдсөн 4 иргэний шалгалтын онооны дүнг эрэмбэлж, шалгалтын нэгдсэн дүнгээр Д.Б 58 оноо авч нягтлан бодогчоор томилохоор шийдвэрлэсэн байх бөгөөд ярилцлагын шалгалтын асуултыг сургуулийн захирал Б.Г тавьж оноожуулсан байна.

Улмаар *** аймаг дахь Политехник коллежийн захирлын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/25 дугаар тушаалаар[7] Д.Б-г тооцооны нягтлан бодогчоор тус өдрөөс эхлэн томилсон байна.

6.6. Мөн *** аймаг дахь Политехник коллежийн захирлын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар[8] Б.А-г Автомашины засварчин мэргэжлийн багшаар түр томилсон байх боловч тус иргэн нь Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь тогтоогдсон[9] байна.

6.7. Нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Автомашины засварчны мэргэжлийн багшийн сонгон шалгаруулалт удаа дараа зарлаад  хамгийн сүүлд ирсэн 2 хүний нь нэг нь үйлдвэрлэлийн механикжуулалт мэргэжилтэй буюу манай сургуулийн хөтөлбөрийн агуулгад таарах нэг ч хичээл үзээгүй байсан учраас буцаасан, автомеханикч мэргэжилтэй Б.А тодорхой шаардлага хангаж байна гэж үзээд үлдээх шийдвэрийг ажлын хэсэг гаргасан, ... Б.А-ийг гэмт хэрэгт холбогдсон талаар мэдээгүй, хүний нөөцийн ажилтан бүх бичиг баримтыг бүртгэдэг. Тухайн үед анкет болон бусад баримттай нь танилцаагүй, ажлын хэсэг Б.А-ийг ажилд авах талаар танилцуулсан тул томилсон, гэтэл хүний нөөцийн ажилтан 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Б.А-ийн талаар албан бичиг ирүүлсэн, Б.А халагдсан, ... сонгон шалгаруулалтын ажлын хэсэг тест болон ярилцлагаа яаж явуулах талаар зохион байгуулалт хийгээгүй байсан бөгөөд шалгалт өгөхөөр ирсэн хүмүүс цугларсан байсан тул яаралтай арга хэмжээ авч хүний нөөцийн ажилтан Р.А-г тест болон ярилцлагын асуултыг бэлд гэж хэлсэн. Ажлын хэсгийн хүсэлтээр би зөвхөн ярилцлагын асуултуудыг асуусан. Харин эцсийн дүнг би гаргаагүй” гэж тайлбарласан байна.

Хэдийгээр хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь тухайн ажилтан сонгон шалгаруулах үйл явцад оролцсон нь учир дутагдалтай байх боловч хариуцагчаас нэхэмжлэгчийн дээрх тайлбартай холбогдуулан Б.Аийг эрүүгийн хариуцлага хүлээж байсныг мэдсээр байж шалгаруулж, ажилд томилсон гэж үзэх үндэслэлд хамаарах тайлбар, баримт нотолгоог хариуцагчаас гаргаагүй байх тул шүүх маргаан бүхий актын энэ хэсгийг мөн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгчээс Б.А-ийг эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар мэдсэн даруйдаа албан тушаалаас чөлөөлсөн гэж тайлбарласныг хариуцагчаас няцааж үгүйсгээгүй энэ талаарх баримт нотолгоог гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.

7. Түүнчлэн нэхэмжлэгч Б.Г-аас хяналт шалгалтыг шөнийн 01 цаг хүртэл хийсэн гэж тайлбарлан маргаж байгаа бөгөөд хариуцагчаас хяналт шалгалтыг шөнийн 01 цаг хүртэл хийсэн талаар үгүйсгээгүй, харин энэ талаар “... томилолтын хугацаа богино байсан, дараагийн аймаг руу явах ёстой байсан, ... олон хүнээс тайлбар тодруулга авах талаар мэдэгдсэн байхад нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй бол татгалзсан хариу өгөх боломжтой байсан ...” гэж тайлбарласныг шүүх зөв гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, хариуцагчаас хяналт шалгалтыг гүйцэтгэхдээ шалгуулагч этгээд бүрэн дүүрэн танилцуулж түүний, эрх хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн харилцаж, тэгш байдлаар хандсан гэх баримт нотолгоог шүүхэд гаргаагүй байх тул хариуцагчийн маргаан бүхий дүгнэлт гаргасантай холбоотой хяналт шалгалтын үйл ажиллагааг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах” гэсэн зарчимд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байгааг мөн дурдах нь зүйтэй байна.

8. Нэгэнт дээр дурдсан үндэслэлээр улсын байцаагчийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, уг дүгнэлтийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болох нь тогтоогдож байх тул түүнийг үндэслэн гаргасан Боловсролын ерөнхий газрын даргын маргаан бүхий 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/168 дугаар нэхэмжлэгч Б.Г-д 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс албан тушаалын цалинг гурван сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул тус тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Иймд шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 896 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасныг баримтлан Боловсролын яамны улсын ахлах байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 03-00-006/01 дүгээр дүгнэлт, Боловсролын ерөнхий газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Б.Гад сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/168 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                М.ЦЭЦЭГМАА

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

 

[1] Хэргийн 1 дэх хавтас, 99-105 дахь талууд

[2] Хэргийн 1 дэх хавтас, 106-110 дахь талууд

[3] Хэргийн 3 дахь хавтас, 28-36 дахь тал

[4] Хэргийн 1 дэх хавтас, 162-190 дэх талууд

[5] Хэргийн 1 дэх хавтас, 191 дэх тал

[6] Хэргийн 1 дэх хавтас, 192-194 дэх талууд

[7] Хэргийн 1 дэх хавтас, 196 дахь тал

[8] Хэргийн 1 дэх хавтас, 197 дахь тал

[9] Хэргийн 1 дэх хавтас, 208 дахь тал