Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 1522

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00534

 

 

 

“ЭҮ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00776 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “ЭҮ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч СЗСҮТ, Б.Н-а нарт холбогдох

 

Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 268 923 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О

Хариуцагч Б.Н-агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

            Нэхэмжлэгч “ЭҮ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ЭҮ” ХХК нь үйлчилгээний чиглэлээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулж байсан боловч манай компанийн өмчлөлийн хөрөнгүүдийг СЗСҮТөөс өргөтгөл барих нэрийдлээр 2 удаагийн үйлдлээр нураасан. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, улмаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгаж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагч хөрөнгийн үнэлгээ гаргуулах тогтоолын дагуу хөрөнгийн үнэлгээ гаргасан. Уг үнэлгээгээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамжны 62-02 тоот хаягт байрлах чулуун зоорийн үнэлгээг 179 245 500 төгрөг, мөн тоотод байрлах барилгын өргөтгөлийн үнэлгээг 79 966 600 төгрөг, нийт 256 212 100 төгрөг болохыг тогтоосон.

Мөн зооринд хадгалагдаж байсан 12 711 000 төгрөгийн эд хөрөнгө компанийн нийт 268 923 100 төгрөгийн эд хөрөнгийг устгасан. Иймд хариуцагчдаас өөрт учирсан хохиролд нийт 268 923 100 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

Хариуцагч СЗСҮТ шүүхэд гаргасан тайлбартаа: СЗСҮТ нь Төрийн өмчийн хорооны 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 687 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан конторын барилгыг бусад объект, инженерийн шугам сүлжээний хамт балансын үнэ 560 504 744 төгрөгөөр нөхөн сэргээх сувилалын зориулалтаар хууль тогтоомжийн дагуу худалдан авахыг Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын яам хүлээн зөвшөөрсний дагуу үндсэн хөрөнгө хүлээн авах, шилжүүлэх тухай 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн актаар Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс дээрх хөрөнгийг хүлээн авсан. Ингэж худалдаж авахад албан конторын 64 өрөө бүхий барилга, түүний ард байрлах 54 м.кв талбай бүхий 1 давхар 1 өрөөтэй хуучин чулуун зоорь, хашаа зам талбай, нэг гарааш, 1 750 м.кв газар зэрэг хөрөнгө хүлээн авсан ба эдгээр хөрөнгө нь балансын бүртгэлд хамтдаа бүртгэгдсэн байдаг.

Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь н.Гунаажав буюу “ЭҮ” ХХК-иас 2005 оны 8 дугаар сарын 31-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр 1 476 м.кв талбайтай 64 өрөө бүхий 4 давхар барилгыг 328 000 000 төгрөгөөр худалдсан. Уг гэрээнд газрын тухай дурдаагүй. Тус өдрөө н.Гунаажавын төрсөн ах н.Жамбалдорж буюу “Буян ээж” ХХК-иас 54 м.кв 1 давхар, 1 өрөөтэй хуучин чулуун зоорь, тус барилгын гадуурх бетон хашаа, гаднах зам талбай, зогсоолын хамт 22 000 000 төгрөгөөр худалдан авсан. Нэхэмжлэлийн шаардлагад өргөтгөлийн барилга нь 4 өрөө 64 өрөөтэй барилгын хажуу талаар хийсэн шат бөгөөд 4 давхрын “Буян ээж” эмнэлэг рүү гаднаасаа ордог ба шатаа өргөтгөл гэж ярьдаг. Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст уг барилгыг шаттай нь худалдсан. “Буян ээж” ХХК нь “ЭҮ” ХХК-иас өргөтгөлийг барихад 23 500 000 төгрөг зээлсэн. Уг өргөтгөлийн барилга нь Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст зарагдаагүй байхдаа 2005 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс захирамж гаргуулсан. Ингээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар “Буян ээж” ХХК-ийн дансанд Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс 70 сая гаран төгрөгийг шилжүүлсэн. Иймд Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст зараагүй байхдаа өргөтгөлийн барилгын үнийг авсан. Мөн “Буян ээж” ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 54 м.кв-тай 1 давхар 1 өрөөтэй зоорийг зам, талбай, хашааны хамт 22 000 000 төгрөгөөр зарж, мөнгийг нь Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс шилжүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Б.Н-а шүүхэд гаргасан тайлбартаа: Хуучнаар Сэргээн засал, хөгжлийн төв байхад нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны Б/61 дугаартай тушаалаар тус төвийн даргаар ажиллаж байсан. Ажиллах хугацаанд уг обьект нь Төрийн өмчийн хороо болон холбогдох бусад төрийн байгууллагуудын гэрээ, акт зэргээр Сэргээн засах хөгжлийн төвд шилжин ирсэн. Үүний дараа уг обьектийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлэх зорилготой барилга барихаар яамнаас зөвшөөрч, Ган цаг ХХК-тай гэрээ байгуулан нураалгасан. Б.Н-а 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ажлаа хүлээлгэн өгөхдөө холбогдох ажил хүлээлцэх акт, баримтуудыг хийсэн. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол түүнийг нь төр хариуцна” гэж заасан. Тухайн үед энэхүү хэрэг маргаан нь эрүү, иргэн, захиргааны журмаар хянан шийдвэрлэгдэж байсан. Мөн Б.Н-а нь Сэргээн засал, хөгжлийн төвийг уг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч гэж үзэн барилгыг тендерт шалгарсан компанид үүрэг өгч, зоорийг нураасан нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй. Иймд уг маргааны хариуцагч нь Б.Н-а биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “ЭҮ” ХХК-ийн СЗСҮТ болон Б.Н-а нараас хохирол 268 923 100 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 503 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Газар эзэмших эрхийн талаар:

Хэрэгт авагдсан баримтаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00129 дугаар шийдвэрийг хууль хэрэглээний хувьд Нийслэлийн давж заалдах шатны шүүх өөрчилж 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 638 дугаар магадлалаар "хууль бус шударга эзэмшигч" гэж үзэн, газар албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Уг шийдвэр магадлалыг Улсын дээд шүүх 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд 644 дүгээр тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн. Магадлал, тогтоолын агуулгад хууль бус шударга эзэмшигч гэж үзсэн бөгөөд энэ нь “ЭҮ” ХХК-ийн газар эзэмших эрхийг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. “ЭҮ” ХХК нь хууль бус эзэмшигчээс хууль ёсны эзэмшигчийн хувьд эд хөрөнгөө шаардах эрхтэй бөгөөд Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төв нь түхайн эд хөрөнгийг шударга эзэмшигчийн хувьд газрыг чөлөөлөхөд шаардагдах зардлыг шаардах эрхтэй. Харин “ЭҮ” ХХК-ийн эзэмшлийн газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх нь талуудын хувьд ихээхэн хохиролтой буюу чөлөөлөх боломжгүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Өөрөөр хэлбэл Сэргээн засалт сүргалт үйлдвэрийн төвийн Ган цаг ХХК-тай байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээгээр 1 986 897 949 төгрөг байхаар тохиролцож, барилга угсралтын ажил гүйцэтгэсэн. Иймээс тухайн газрыг чөлөөлөх боломжгүй тул газрын үнэлгээг хууль ёсны эзэмшигчийн хувьд шаардах эрхтэй. Нөгөө талаар газрыг чөлөөлөхөд гарах зардлыг одоог хүртэл шаардаагүй нь тухайн газрыг чөлөөлөх сонирхолгүйг илэрхийлнэ. “ЭҮ” ХХК нь газар эзэмших эрхийг Захиргааны хэргийн гурван шатны шүүхээр баталгаажуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж олж авсан.

Эд хөрөнгө өмчлөх эрхийн талаар:

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл /14171/ Цагдаагийн гудамжны 62/2 тоотод байрлах чулуун зоорь, өргөтлийн барилгыг “ЭҮ” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоосон. Энэ талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 42 дугаар тогтоолоор тодорхой дүгнэсэн бөгөөд “ЭҮ” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлсэн нь Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн эрхийг зөрчөөгүй, маргаан бүхий эд хөрөнгийг түүний хөрөнгө гэж үзэх боломжгүй гэж шүүх тогтоосон шийдвэр хүчин төгөлдөр байдаг. Гэтэл эдгээр шийдвэрүүд хүчин төгөлдөр байсаар байтал “ЭҮ” ХХК-ийг чулуун зоорь болон 441 м.кв газар, өргөтгөлийн барилгыг эзэмших эрхгүй гэж шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Төрийн өмчийн хорооны 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 687 дугаар тогтоол, түүний танилцуулга, гэрч н.Дуламсүрэн нарыг байцаасан тэмдэглэл зэргээс тухайн эд хөрөнгийг Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвд шилжүүлсэн үйл баримт тогтоогддоггүй. Захиргааны болон Иргэний хэргийн шат шатны шүүхийн шийдвэрээр газрын болон эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч гэж үзсэн шийдвэрүүд хүчин төгөлдөр байгаа.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч “ЭҮ” ХХК нь хариуцагч СЗСҮТ, Б.Н-а нарт холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 268 923 100 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... компанийн өмчлөлийн хөрөнгүүдийг буюу чулуун зоорь болон барилгын өргөтгөлийг хариуцагч нь өргөтгөл барих нэрийдлээр 2 удаа нураасан, ... зооринд хадгалагдаж байсан эд хөрөнгийг устгасан ...” гэж тайлбарлан шүүхэд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл /14171/ Цагдаагийн гудамжны 62/2 тоотод байрлах 100 м.кв талбай бүхий чулуун зоорийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгчээ. /хх-1, 4 дэх тал/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хор учруулсан гэм буруутай этгээдээс уг гэм хорыг хариуцан арилгахыг шаардах эрхийн нэг үндэслэл нь нэхэмжлэл гаргаж буй этгээдийн эд хөрөнгөд гэм хор учирсан байх ёстой.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1376 дугаар шийдвэрээр “Буянт ээж” ХХК, “ЭҮ” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2005 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр буст тооцож, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн газар эзэмших эрх шилжүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 942 дугаар магадлалаар өөрчлөлт оруулан “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 1750 м.кв газар эзэмших эрхийг бүртгэхийг Нийслэлийн газрын албанд даалгаж”, бусад заалтыг хэвээр үлдээжээ. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 80 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх-106-107, 2хх-13-16 дахь тал/

Мөн “ЭҮ” ХХК-ийн нэхэмжлэлтэй СЗСҮТд холбогдох газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00129 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 638 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 644 дүгээр тогтоолоор хянан хэлэлцээд “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах, нэгж талбарын 143052/0097 18644313090010 дугаартай 441 м.кв газарт СЗСҮТийн өргөтгөлийн 5 давхар барилгыг барих үед буюу 2015 оны 5 дугаар сард маргаан бүхий газрыг СЗСҮТ эзэмших эрхтэй байсан тул нэхэмжлэгч “ЭҮ” ХХК-ийн газар эзэмших эрхийг зөрчөөгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ./хх-108-113, 2хх-22-25 дахь тал/

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч “ЭҮ” ХХК-д 268 923 100 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэх боломжгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгөд гэм хор учирсан гэх нөхцөл байдал нь хэргийн баримтаар нотлогдоогүй байна. 

Мөн зооринд 12 711 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө хадгалагдаж байсан гэдгээ нэхэмжлэгч “ЭҮ” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

            Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00776 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 503 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                          ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                 Ч.ЦЭНД