Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 168

 

Ч.Га-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн, Л.Данзанноров, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 91 дүгээр цагаатгах тогтоол, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар магадлалтай 1722000440014 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн, Л.Данзанноров нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ч.Га- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хавтаст хэргийн 27-33, 56-57, 91-96, 183-185 дугаар талд авагдсан баримтуудыг нотлох баримтаар тооцохгүйг дурдаж, шүүгдэгч Ч.Га-ыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тухай тогтоолыг хүчингүй болгон хэргийг прокурорт буцааж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Бо- нь оршуулгын зардал нэхэмжлэхгүй гэснийг дурдаж, тэтгэврийн зээл төлүүлэх тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ч.Га-т холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн, Л.Данзанноров нар хамтран гаргасан гомдолдоо “1.Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасныг баримтлан нотлох баримтын шаардлага хангаагүй, хуульд зааснаар цуглууж бэхжүүлээгүй хэрэгт авагдсан баримтыг үнэлээгүй нь зөв байна. Хэрэг гарсны дараа 2017 оны 08 дугаар сарын 30-ны шөнө Д.На-ыг гэрчээр асуусан бөгөөд түүний мэдүүлснээр тухайн цаг хугацаанд Д.На- нь нилээн халамцуу байсан гэх цаг хугацаанд буюу шөнийн 2255 цагт байцаалтыг эхлүүлж, 2322 цагт дууссанаар тэмдэглэлд тусгагджээ. Энд байцаагч гэрчийг согтуу байхад нь мэдүүлэг авснаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 1, 12 дахь хэсгийг ноцтой зөрчсөн. Шөнийн цагаар мэдүүлэг авах, хэрэг хянан шийдвэрлэх аль ч үндэслэл бүрдээгүй байхад хууль зөрчин, шөнийн цагаар, согтуу, хэргийн бодит байдлыг үнэн зөв тусган мэдүүлэх чадвар нь хязгаарлагдсан хүмүүсээс мэдүүлэг авсан нь хууль зөрчсөн юм. Хэрэгт гэрч Ц.Да-, сэжигтэн Ч.Га- нарын мэдүүлсэн мэдүүлгүүд нотлох баримтын эх сурвалж болохгүй юм. Мөн энэ мэдүүлгүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөнөөрөө шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй юм.

Түүнчлэн мэдүүлэг авсан өрөө нь мэдүүлэг авах өрөө биш байсан болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад биечлэн шалгасан бөгөөд анхан шатны шийдвэр гарсны дараа ч өмгөөлөгч Д.Дарьсүрэн очиж нягтлахад мөн л зөвшөөрөл олгогдоогүй байсан. Гэтэл тухайн өрөө нь мэдүүлэг авах өрөөний зөвшөөрөл олгогдсон байсан мэтээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол гарснаас хойш хэрэгт нэмэлтээр 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 44/85 дугаартай албан бичгийг гаргаж өгсөн.

Энэ нь нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн шинжтэйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...анхан шатны шүүхээр хэлэлцээгүй ... шинжлэн судлаагүй баримт”-ыг гарган өгсөн тул шийдвэрийн үндэслэл болох учиргүй байсан. Цагаатгах тогтоолд яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг яагаад үнэлээгүй талаараа нэг бүрчлэн хуулийн үндэслэлээр нь тайлбарласан байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт шинжээчийн дүгнэлтэд зайлшгүй тусгах зүйлсийг нэг бүрчлэн тоочсон. Гэтэл хэрэг гарахаас бараг 1 жилийн өмнө дүгнэлт гарсан мэтээр огноологдон гаргасан дүгнэлтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д тусгасан зайлшгүй шаардлагыг огт тусгаагүй байна.

Санаа сэтгэл нь цочрон давчидсан эсэхийг хэргийн холбогдогчийн мэдүүлэгт үндэслэн тодорхойлсон нь буруу. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлд шинжээчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг тодорхойлсон бөгөөд мөн зүйлийн 15.1.2-т “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн дүгнэлт гаргах”-ыг хориглосон. Гэтэл 929 дугаартай шинжээчийн дүгнэлт яллагдагч Ч.Га-ын мэдүүлэгт үндэслэн гаргасан болох нь тодорхой харагддаг. Дээр дурдсан мэдүүлгүүд болон дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 6 дахь хэсгийг зөрчжээ. Иймд магадлалыг хүчингүй болгон, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров хэлсэн саналдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль ёсны байна, хэрвээ хууль зөрчсөн бол хүчингүй болгоно гэж заасан. Анхан шатны шүүх дүгнэхдээ “мөрдөн байцаалтын шатанд хууль зөрчиж авсан нотлох баримтууд байх тул тэдгээрийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй” талаар дурдаж хууль зөрчсөн нотлох баримтуудыг үнэлж дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 17 дахь хэсэгт мэдүүлгийг тусгайлан бэлтгэсэн мэдүүлгийн өрөөнд авна гэж заасан. Үүнийг хангахын тулд Улсын ерөнхий прокурорын баталсан мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлагад нийцсэн өрөөнд мөрдөгч мэдүүлэг авна гэсэн журам бий. Гэтэл мөрдөгч дээрх тушаалыг удаа дараа зөрчиж шүүгдэгчийн эсрэг мэдүүлгүүдийг авсан. Зөвхөн хэрэгт холбогдсон этгээдийн мэдүүлэгт үндэслэж дүгнэлт гаргахыг хориглосоор байтал шүүх сэтгэцийн шинжээч сэжигтэн, яллагдагчийн өгсөн мэдүүлгийг үндэслэж дүгнэлтээ гаргасан нь Шүүх шинжилгээний тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх дээрх бүх нотлох баримтуудад хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн хэлсэн саналдаа “Шүүгдэгч Ч.Га-ыг яллаж байгаа нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн баримтууд байгаа юм. Шүүгдэгч “би хутгалсан юм” гэж хэлдэг бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүх үнэлж дүгнэн шийдвэрлэсэн.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх боловч бусад нотлох баримтуудаар нотлогдож байх ёстой гэж заасан. Гэтэл хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудал нь эргэлзээтэй байгаа учраас анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв

Мөн шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрчүүдийн мэдүүлэг, шүүх шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн цагаатгах тогтоол гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг шинжлэн судалсан байдал зэргийг харгалзаж үзэлгүйгээр шүүгдэгчийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн улсын яллагчийн анхан шатны шүүхэд гаргасан хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хэрхэн үгүйсгэсэн зэргээ цагаатгах тогтоолдоо зааж өгөөгүй нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Шүүгдэгчийг 2 удаа, Д.На-ыг 3 удаа тус тус байцаасан асуудал, Ц.Да-ыг байцаахдаа хуульд заасан мэдүүлэг авах өрөөнд байцаагаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаж байна. Дээрх асуудалд бичиг техникийн шинжтэй алдаа гаргасан талаараа прокурор эсэргүүцэлдээ дурдаж өгсөн бөгөөд энэ талаар нотлох баримт хавтас хэрэгт мөн авагдсан байгаа. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн, Л.Данзанноров нарын гаргасан гомдлыг үндэслэн Ч.Га-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Ч.Га-ыг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, 9 дүгээр байрны 1-6 тоотод Ш.Ба-ын цээжинд хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан яллах талын нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдээгүй гэсэн үндэслэлээр Ч.Га-ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүйн дээр шүүхийн цагаатгах тогтоолд дурдсан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

Хэрэв тодорхой нотлох баримтуудыг хууль зөрчиж цуглуулсан гэсэн дүгнэлт хийж тэдгээрийг нотлох баримтаар тооцоогүй тохиолдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой  байж болох бусад нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтоож хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй байхад анхан шатны шүүх Ч.Га-т хутгалуулсны улмаас Ш.Ба-ын амь нас хохирсон үйл баримтыг бүхэлд нь үгүйсгэсэн дүгнэлт хийж хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгожээ.             

Тодруулбал, Ш.Ба-ын амь насыг хохироосон үйлдлээ үгүйсгээгүй бөгөөд үүнийгээ санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан нөхцөлд үйлдсэн гэж тайлбарлаж буй шүүгдэгчийн мэдүүлэг хэргийн бодит байдалд нийцэж байгаа эсэх, түүнчлэн санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх нөхцөл байдлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоохгүй, хамаарах асуудал биш гэх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал хууль зүйн үндэслэлтэй эсэх, хэрэв эдгээр нөхцөл байдлыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тохиолдолд няцаан үгүйсгэж байгаа үндэслэлээ зааж, нотлох баримтыг бүх талаас нь хянан хэлэлцээд шийдвэрлэсэн гэж дүгнэх боломжгүй байх тул цагаатгах тогтоол хууль ёсны болж чадаагүй байна.

Түүнчлэн, шүүх гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг прокурорт буцаах нь гэмт хэргийн шинжтэй үйлдэлд тодорхой хүний гэм буруу, оролцоо байхгүй агуулга хамаардаг, харин  тухайн хүний буруутгагдсан үйл баримтад ямар нэгэн гэмт хэргийн шинж байхгүй, гэмт хэрэг огт гараагүй нөхцөл байдалд хэргийг буцаах асуудал байхгүй болохыг ялгаж ойлгох шаардлагатай.           

Гэтэл анхан шатны шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт Ч.Га- нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй гэж дүгнэсэн атлаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр Ч.Га-ыг цагаатгасан.

Энэ нь түүнийг өөр хэрэгт холбогдуулан дахин шалгахыг үгүйсгэж байгаа асуудал биш гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн, Л.Данзанноров нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

                                            ДАРГАЛАГЧ                                       Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН