Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2013/ШЦТ/168

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2013/0174/Э/

 

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,

Улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

Шүүгдэгч *******-н өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

Хохирогч Н.Д, иргэний нэхэмжлэгч У.Б нарын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

Иргэний нэхэмжлэгч У.Б,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-т заасан гэмт хэрэгт Ц овогт Б-н Б-д холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201309000536 дугаартай хэргийг 2013 оны 9 дүгээр сарын 25ы өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, Ц овогт Б-н Б, /РД: ***/ **** оны **** дугаар сарын ****-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ***** настай, эрэгтэй, **** боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл ***, **** хамт **** аймгийн **** сумын **** багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй

 

Шүүгдэгч ******* нь  2013 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын **** дугаар багийн нутаг дэвсгэр “Буурал хангай” постны орчимд Киа Бонго маркийн **** улсын дугаартай авто машиныг жолоодож, замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1-Б заалтыг зөрчиж, жолооч Н.Д-н жолоодож явсан хюьндэй портер маркын **** улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргаж, Н.Д-н бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  *******шүүхийн  хэлэлцүүлэгт   мэдүүлэхдээ:  “...2013 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Дарханаас гарч даваагаар давж явахад өөдөөс ирж явсан машин орж ирээд хохирогчийн машиныг мөргөсөн. Би 2004 онд жолоо төгссөн. Хохирол төлбөрт нийт 4.840.000 төгрөг өгсөн” гэв.  

 

Шүүгдэгч ******* нь 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн    Дархан   сумын  6  дугаар  багийн  нутаг  дэвсгэр  “Буурал  хангай” постны

 

 

D:\2013 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Bathuu 215.1.doc

орчимд Киа Бонго маркийн ***** улсын дугаартай авто машиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1 б-т заасан “өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалтыг зөрчиж, жолооч Н.Д-н жолоодож явсан хюьндэй портер маркын ***** улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргаж, Н.Д-н бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

-Хохирогч Н.Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдөр **** аймаг явдаг замын цагдаагийн постны орчим тоосго зардаг газраас тоосго авах гэж явсан юм. Тэгээд тоосгоо ачаад буцаад явж байсан, засмал замаар явж байтал миний өөдөөс ирж байсан машин зүүн гар тийш эргэх гээд дохио өгөөд зогссон. Тэр машинд ойртоод зөрөх гэж байтал тэр машины араас цэнхэр өнгийн ачааны машин гэнэт гарч ирээд миний машинтай мөргөлдсөн. Би тухайн үед мөргөлдөхгүй гэж баруун гар тийшээ дарсан боловч гэнэт гарч ирээд тулсан байсан болохоор даанч амжаагүй. Тэгээд нэг мэдсэн ухаан балартаад юу болж байгааг мэдэхгүй байсан ухаан ортол цагдаа, онцгой байдлын хүмүүс намайг машинаас гаргаж байсан. Ингээд эмнэлэг дээр иртэл миний хөл болохгүй тойг хугарч гэмтсэн байсан, Дарханд хагалгаанд ороод болохгүй, Улаанбаатар хотод очиж хагалгаанд орсон” гэх мэдүүлэг /хэргийн 15-16 дахь тал/,

 

- Иргэний нэхэмжлэгч У.Б-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Миний нөхөр Н.Д нь осолд ороод Дарханы нэгдсэн эмнэлэгт хүргэгдээд 3 хоногийн дараа судас нөхөх хагалгаанд орсон. Яс бутарсан учраас түр холбох хагалгаа хийсэн. Улаанбаатарт очоод дахин хагалгаанд орсон. Ерөнхий зардлаа гаргаж өгсөн байгаа. Одоо биеийн байдал нь хөл дээрээ босож чадахгүй байна. Биднээс маш их зардал гарсан. Машины зардал нилээн гарсан. Одоо ч гэсэн машин журмын хашаанд байгаа. Бид эд хөрөнгөөрөө болон эрүүл мэндээрээ хохирч байна. Монголд эмч нар тойгны ясны бүрхэгч нугархад хүнд гэж хэлсэн. Үүнийг Монголд одоохондоо эмчлэхгүй Солонгос улсад эмчлүүлнэ. Зардлаа тухайн үед нь нэхэмжилнэ. Бид одоо машин түрээслэж ажлаа явуулж байгаа. Үүний зардлыг нэхэмжилнэ. Би осол болсны маргааш нь Б-д машин хурдан засаад өгөөрэй гэж хэлж байсан. Цаана нь бидний амьдрал явж байгаа. Ийм хэрэг хийсэн хүнийг торгуулаад өнгөрөх сонин санагдаж байна.“ гэх мэдүүлэг,

 

- Иргэний нэхэмжлэгч *******-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдөр миний төрсөн ах ******* миний эзэмшлийн машиныг жолоодож яваад машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан байсан. Би уг машиныг 2008 онд худалдаж авсан. Зам тээврийн осолтой холбоотой миний машины эвдрэлд шинжээч томилж гаргасан дүгнэлттэй танилцсан. Уг дүгнэлтэд гаргах санал хүсэлт байхгүй. *******-с нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 20 дугаар хуудас/

 

-Иргэний нэхэмжлэгч Г.П-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… ***** улсын дугаартай Портер маркийн авто машиныг би эзэмшиж байгаад 2013 оны 6 сарын сүүл 7 сарын эхээр өөрийн хамаатан Н.Д-д зарсан. Энэ хүн манай садан төрлийн хүн юм. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ миний нэр дээр байдаг. шилжүүлж амжаагүй байгаа. Удахгүй гэрчилгээг нь Н.Д-д шилжүүлж өгнө. Энэ машин осолд орсон талаар надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 23 дахь тал/          

 

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-7 дахь тал/

- Замын цагдаагийн газрын зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хэргийн 8-10 дахь тал/

- Хохирогч Н.Д-н биед үзлэг хийж гаргасан “Н.Д-н биед баруун тойг ясны битүү хугарал, баруун шилбэний шархны гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл болно. гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2013 оны 8 дугаар сарын 27ы өдрийн 861 тоот дүгнэлт /хэргийн 26 дахь тал/ 

 -“Вендо” ХХК-ийн автомашины эвдрэл, хохиролын үнэлгээний дүгнэлт /хэргийн 33-34, 37-39 дэх тал/

-Ослын дүгнэлт /хэргийн 51 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч ******* нь 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын **** дугаар багийн нутаг дэвсгэр “Буурал хангай” постны орчимд Киа Бонго маркийн ***** улсын дугаартай авто машиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1 б-т заасан “өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалтыг зөрчиж, жолооч Н.Д-н жолоодож явсан хюьндэй портер маркын ***** улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргаж, Н.Д-н бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж дүгнэв.

             Шүүгдэгч ******* нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 52 дахь тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Иргэний нэхэмжлэгч У.Б нь зураг авахуулсан төлбөрт 140.000 төгрөгийн нотлох баримт ирүүлсэн бөгөөд үүнийг шүүгдэгч *******атхүү шүүхийн шатанд төлж барагдуулсан байна.

            Хохирогч Н.Д-н иргэний нэхэмжлэлээс хэвтрийн хөтөвчний үнэ 12500 төгрөг, бензин авсан 30000 төгрөг, эхнэр У.Б-ы автобусаар Улаанбаатар орсон, Дарханд ирсэн замын зардалд 20000 төгрөг, Дарханаас түргэний машинаар Улаанбаатар руу эмнэлэгт хүргүүлсэн 150000 төгрөг, Гэмтэл согог сэргээн заслын үндэсний төвийн ор хоногийн мөнгө 43150 төгрөг, Дархан-Уул аймгийн эмнэлэгт мэс засал хийлгэсэн 300000 төгрөг, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн ор хоногийн мөнгө 28800 төгрөг, эм тариа авсан 325900 төгрөг, Улаанбаатар хотын Гэмтэл согог сэргээн заслын үндэсний төвд хагалгаа, эмчилгээ хийлгэсэн 800000 төгрөг, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ны гаргасан автомашины эвдрэл, засварын хөлс 3281000 төгрөг, нийт 4991350 төгрөгийг шүүгдэгч ******* хариуцах хууль зүйн үндэслэлтэй. Иймд шүүгдэгч *******-н төлсөн 4840000 төгрөгийг хасч, үлдэх 151350 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Даваахүүд олгох нь зүйтэй.

            Харин Улаанбаатар орсон, Дарханд ирсэн таксины хөлсөнд 155000 төгрөг нэхэмжилж байгаа боловч холбогдох нотлох баримтгүй, мөн хохирогч өвчилсөн эсэхээс үл хамааран хоол унд идэж хэрэглэдэг учир хоол ундны мөнгө гэх 336130 төгрөг, нийт 491130 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Мөн хүнсний ногооны худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг учир 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хүнсний ногоо борлуулах үйлчилгээнд зориулж “Зэлмийн сүлд” ХХК-ны захирал болох иргэний нэхэмжлэгч У.Б нь “Дархан Өсөх” ББСБ-ын эзэмшлийн ***** улсын дугаартай истана маркын автомашиныг өдөр бүр 50000 төгрөгийн хөлс өгөхөөр тохиролцон хөлсөлж байгаа гэж “машин түрээслэх гэрээ” нэртэй гэрээ ирүүлжээ. Уг гэрээг иргэний нэхэмжлэгч У.Б нь Ж.Г гэгч этгээдтэй байгуулсан байх бөгөөд Ж.Г нь “Дархан Өсөх” ББСБ-ыг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх нь тодорхойгүй, мөн өдөр бүр 50000 төгрөг автомашины түрээсийн төлбөрт төлж байгаа гэдгийг нотлох баримт ирүүлээгүй байна. Иймд иргэний нэхэмжлэлээс автомашин түрээсэлсэн гэх 2500000 төгрөгтэй холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлын зарим хэсгийг сайн дураар нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.

            Энэ хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц **** улсын дугаартай киа бонго маркын автомашины тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч *******-д буцаан олгож, *******-н 330089 тоот жолоочийн үнэмлэхийг Замын цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэйг дурьдаад

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ц овогт Б-н Б-г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-т зааснаар шүүгдэгч *******-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч,  1 /нэг/ сар баривчлах ял шийтгэсүгэй.

 

            3. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******-с 151350 төгрөг / нэг зуун тавин нэгэн мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын **** дугаар баг ***** дүгээр хэсэг ***** тоотод оршин суугч Н-н Д-д олгож, иргэний нэхэмжлэлээс 491130 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, автомашин түрээсэлсэн гэх 2500000 төгрөгтэй холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.

           

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.1.1-т заасныг баримтлан хохирогч Н.Д, иргэний нэхэмжлэгч У.Б нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ***** улсын дугаартай киа бонго маркын автомашины тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч *******-д буцаан олгосугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар *******-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг баривчлах ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, түүний жолоочийн 330089 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Замын цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

           

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

           

8. Энэхүү шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.           

 

            9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Я.ТУУЛ