| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2020/02250/И |
| Дугаар | 101/ШШ2020/02600 |
| Огноо | 2020-07-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2020/02600
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Т Д” СӨХ-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Р.А-д холбогдох,
СӨХолбооны төлбөр болох 448,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, хариуцагч Р.А, нарийн бичгийн дарга Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хорооллын “Тансаг дөл” СӨХ-ны харьяа 48 дугаар байрны******* тоотод оршин суугч Р.А СӨХ-ийн төлбөрөө 2015 оны 8 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацаанд төлөөгүй. Аав нь амьд байхдаа хугацаанд нь төлдөг байсан аавыгаа өнгөрснөөс хойш ер төлөхөө больсон. СӨХ-ийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч ер төлдөггүй.Иймд дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ хийх зориулалтаар зарцуулагддаг СӨХ-ны төлбөр болох 448,400 төгрөгийг хариуцагч Р.А-гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан гаргасан хариу тайлбартаа: *******,******* тоотод оршин суух Р.А миний би “Т Д” СӨХ үндэслэх шалтгаангүй нэхэмжлэл гаргаж тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийг гаргаж авахгүй. Тус СӨХ-г огт ажил хийдэггүй газар гэдийг үл харгалзан 2017 оныг хүртэл СӨХ-н мөнгийг цаг тухайд нь төлж байсан бөгөөд 2017 оноос хойш орцын ариун цэвэр орчин бохир, гадаад орчны тав тухтай байдлаас шалтгаалан тус СӨХ-н мөнгийг төлөхөөс татгалзаж байна. Манай байр дахин төлөвлөлтөд орсон байр учир СӨХ айлуудын хураалгасан мөнгөөр өмнө нь юу хийсэн, одоо юу хийх гэж байгаа нь тодорхойгүй. Жижүүр, цэвэрлэгээний төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч, засвар үйлчилгээний төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.
Нэхэмжлэгч “Т Д” СӨХ нь хариуцагч Р.А-гаас дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардалд 2015 оны 8 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сарын сарын хүртэл хугацаанд 448,400 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч “Т Д” СӨХ нь 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, №28 тоот гэрчилгээг олгож, удирдах зөвлөлийн хурлын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1 дүгээр тогтоолыг үндэслэн В.*******г чөлөөлж, Д.*******г гүйцэтгэх захирлаар томилжээ. /хх-ийн 8 дугаар тал/
Тус СӨХ нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48, ******* дугаар байрыг хариуцан үйл ажиллагаа явуулдаг талаар болон гүйцэтгэх захирал нь Д.******* мөн эсэх талаар талууд маргаагүй энэ үйл баримт тогтоогдсон гэж үзэв.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т зааснаар тус холбооны гүйцэтгэх захирал нь холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна.” гэж заасан тул хариуцагч тус байранд оршин суудаг, СӨХ-ны гишүүн мөн гэж үзэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ” би ариутгалын компанид хандаж хувиараа мөнгө төлж ариутгалыг орцод хийлгэж байсан.Орон сууцны төлбөр төлөхөд засвар үйлчилгээний төлбөр гэж төлдөг, давхар СӨХ-д засвар үйлчилгээний мөнгө төлж байна. СӨХ ямар засвар хийдгийг мэдэхгүй.Жижүүр болон цэвэрлэгээний төлбөрийг хүлээн зөвшөөрч төлнө, засвар үйлчилгээний төлбөр төлөхгүй” гэж тайлбарласан.
Хариуцагч “Т Д” СӨХ нь ажлаа хийдэггүй, орц харанхуй, гэрэлтүүлэггүй, орцод засвар хийдэггүй энэ тухайгаа удирдлагад удаа дараа гомдол, шаардлагыг тавьж байсан” гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж, нэхэмжлэгчийн нэхэмжилж буй шаардлага 448,400 төгрөгийг төлөөгүй болохоо зөвшөөрсөн болно.
Хариуцагч СӨХ-ийн төлбөр төлөхгүй байх шалтгаан үндэслэл болгож буй дээрх СӨХ-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасан эрхийнхээ дагуу засвар үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэх талаар мөн СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой гомдлоо дээд шатны байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй атал энэ талаарх гомдол гаргаж шийдвэрлүүлсэн эсэх нь тодорхойгүй, баримтаар нотлогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолоогүй болно.
Хэрэгт авагдсан “Т Д” СӨХ -ийн дундын өмчлөлийн засвар, үйлчилгээний зардал 2015 оны 8 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд 448,400 төгрөг төлөх үүрэгтэй нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн шүүхэд гарган ирүүлсэн төрийн банкны төлбөрийн нэхэмжлэхээр нотлогдож байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлөх үүрэгтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Р.*******гаас сууц өмчлөгчдийн холбоонд төлөх дундын өмчлөлийн засвар, үйлчилгээний зардалд 448,400 төгрөгийг гаргуулж “Т Д” СӨХ-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,338 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 12,338 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасныг баримтлан хариуцагч Р.А--с 448,440 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т Д” СӨХ-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,338 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 12,338 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ