Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2020/00833

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: М.М /ФБ59120877/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “НД” ХХК //-д холбогдох   

“Гэм хорын хохирол 14 000 0000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Э, хариуцагчийн төлөөлөгч Г.Х, иргэдийн төлөөлөгч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие М.М нь Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг ПДУ-5-2 тоотод байдаг өөрийн өмчлөлийн газар дээрээ 2008 онд 13 х 9.0 харьцах хэмжээтэй 117 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг барьсан бөгөөд 2012 онд дээрх барилгандаа өргөтгөл хийж үйлдвэрийн зориулалтаар ашиглахаар байсан юм. Гэвч санхүүгийн хүндрэлээс болоод бүрэн гүйцэд барих боломжгүй болсон болно. 2016 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр манай гудамжны айл өрхүүдийг ус, дулаанаар хангах зорилгоор сувгийн угсралтын ажлыг “НД” XXК хийж гүйцэтгэж байгаад ажилдаа хайнга хандаж газрыг буруу ухсаны улмаас манай барилгын нүүр талын суурь хагарч, нүүр хэсэг тэр чигээрээ нураад, нүүр талаараа суулт өгч бетонон суурь нь хугарч цаашид үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байдал үүсэж хохирсон.  “НД”ХХК нь манай барилгын урдуур 9 м-ийн урттай хэсгээр, сууринд ойрхон 1 м хүрэхгүй зайд ухсаны улмаас миний эд хөрөнгөнд минь хохирол учруулсан болно. Би Орхон аймаг дахь Мэргэжлийн хяналтын газарт “НД’’ХХК-ний буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учруулсан талаар улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан байгаа болно. Тус үл хөдлөх хөрөнгийн анхны барилгын төсвийн үнэлгээ нь 18 539 329 төгрөг болж байсан бөгөөд одоо манай барилгыг дахин барихаас өөр аргагүй болсон тул одоогийн зах зээлийн ханш нь өөрчлөгдөж нэмэгдсэн гэж бодож байна. Би “НД” ХХК-д миний барилгыг хэвийн байдалд нь оруулахыг шаардсан боловч шаардлагыг минь хүлээн авахгүй байгаа тул шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болно. Иймд надад хохирол учруулсан “НД” ХХК-наас 14 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.  

Хариуцагчийн төлөөлөгч Г.Хаян шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Энэ ажил нь Баянцагаан багийн ПДУ-ын хэсгийн айл өрхийг төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдсэн ажил юм. Тухайн үед М ахын барилга нь өмчлөх эрх авахдаа кадастрын зураг хийлгэж баталгаажуулаагүй байсан. Аймгийн захиргаанаас захиалагдсан ажил тул улаан шугамын дагуу л хийгдсэн. Манайх хохирлыг барагдуулна... гэжээ.    

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт ирүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.М нь “НД” ХХК-д холбогдуулан гэм хорын хохирол 14 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийг ”НД” ХХК гэж тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг “НД” ХХК болгуулан өөрчлүүлсэн бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 9 108 000 төгрөг гаргуулахаар шаардсан.  

Хариуцагч “НД” ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн ПДУ-н хэсгийн айл өрхийг төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг хийж гүйцэтгэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...би Баянцагаан багийн ПДУ-5-2 тоотод байрлах газар дээрээ 2008 онд 13х9,0 хэмжээтэй 117 м2 бүхий үл хөдлөх хөрөнгийг барьсан. “НД” ХХК нь орон нутгийн хөрөнгөөр манай гудамжны айл өрхүүдийг, ус дулаанаар хангах зорилгоор сувгийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэж байгаад ажилдаа хайнга хандаж буруу ухсаны улмаас манай барилгын нүүрэн талын хэсэгт суулт өгч, бетонон суурь нь хугарч цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Энэ нь “НД” ХХК-ийн цэвэр буруутай үйл ажиллагаа болсон... гэсэн тайлбар гаргасан.

Хариуцагчийн төлөөлөгч: ...тухайн үед М ахынх өмчлөлийн газар дээрээ байшин барихдаа кадастрын зураг хийлгэж баталгаажуулаагүй байсан. Ингээд эдний барилгын урдуур улаан шугам таарахад захиалагч байгууллага, зураг зурсан байгууллага хоёр нь ярилцаад барилгаас 40-50 см зайтай явуул гэсний дагуу ажлаа гүйцэтгэсэн. Ер нь нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулж өгнө 9 108 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэсэн.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байх ба нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Талуудын хүсэлтээр шүүх Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, “Далайван Аудит”  ХХК-ийг тус тус шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан шинжээчийн дүгнэлтэд: ...Тус барилгын зүүн талын /барилгын нүүр талаас харахад/ цутгамал бетонон суурь нь /ус дулааны шугам угсарсны дараа/ газрын хөрснөөс хөндийрснөөс үүдэн барилгын суурь, ханын голын хэсэгт 2-5 см орчим хагарч доош суусан байна...,

“Далайван Аудит”  ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг ПДУ 5 гудамж 02 тоотод байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай барилгыг газар дээр нь очиж үзэхэд уг барилгын урд талын хэсгийн суурь нурж хагарснаас барилгын урд талын 6х9 харьцаатай хана хугарч цууран барилгын чанарын шаардлага хангахгүй болсон байдалтай байна. Тиймээс бид урд талын 6х9 харьцаатай өрөөний хэсгийг дахин босгох шаардлагатай хохирол гэж үзэн өртгийн тооцоог томсгосон үнэлгээгээр хийхэд 9 108 000 төгрөг болж байна... гэжээ.

Нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгө болох Баянцагаан багийн ПДУ-5-2 тоотод байрлах 117 м2 бүхий үл хөдлөх хөрөнгийн нүүр хэсэгт цутгамал бетонон суурь нь газрын хөрснөөс хөндийрснөөс үүдэн барилгын суурь ханын голын хэсэгт 2-5 см орчим хагарч доош суусан нь “НД” ХХК-ийн Баянцагаан багийн ПДУ-н хэсгийн айл өрхийг төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг хийж гүйцэтгэх явцдаа гаргасан үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Тиймээс “НД” ХХК нь нэхэмжлэгчид учирсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 9 108 000 төгрөгийн хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас 4 892 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.     

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 160 678 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан хариуцагч “НД” ХХК-аас 9 108 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 892 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “НД” ХХК-аас 160 678 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олсугай.  

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ХИШИГДАВАА

 

                 ШҮҮГЧИД                                       Л.АРИУНЦЭЦЭГ

 

                                                                       Р.ҮҮРИЙНТУЯА