| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2013/0183/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/178 |
| Огноо | 2013-10-11 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2013/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:171/2013/0183/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал,
Хохирогч П.О,
Хохирогчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт Г-н Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000575 дугаартай хэргийг 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харъяат, Б овогт Г-н Б /РД: ****/, **** оны 1 дүгээр сарын 8-ны өдөр ***** аймгийн *** суманд төрсөн, **** настай, ****, **** боловсролтой, **** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ****, **** хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын **** дугаар баг Мангиртын **** дугаар хэсэг, **** тоотод түр оршин суудаг, урьд:
**** оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 4 тоот шийтгэх тогтоолооор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичсэн байдлаар/
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** дугаар баг Мангиртын **** дугаар хэсэг **** тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хардалтын улмаас эхнэр П.О-г зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *******-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гэрээ буулгаад буцаагаад барих гэж байгаад ганцаараа нэг шил архи уугаад гэрээ ч барьсан юм байхгүй, шөнө авгайгаа зодсондоо гэмшиж байна. Тухайн үед би их согтсон байсан, 2001 онд суллагдсанаас хойш гэртээ айлд байгаа юм шиг л байдаг болсон. Гэр бүлийн сайхан уур амьсгал гэж байхгүй. Хохирол төлбөрт нийт 110.000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг,
Хохирогч П.О-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2013 оны 08 дугаар сарын 26-ны орой ажлаа тараад гэртээ ирэхэд гэр орон бариагүй, тараагаад хаясан байсан. Тэгээд манай хүн согтуу ирээд хоол идье гэхээр нь хийж амжаагүй байна гээд бэлэн гоймон авчирч дэвтээж идээд орондоо орсон. Тэгээд ******* хэрүүл өдөөд байхаар нь буруу хараад хэвтэж байсан чинь үсдэж орноос унагаж байгаад нүдчихсэн, сүүлдээ гутлаараа цохисон. Тэгээд үснээс тавихаар нь зугатаж, хажуу айлдаа орж цагдаа дуудсан. Би гомдолтой, өөрөө албан ёсоор ирж уучлал гуйгаагүй. Өмнө нь намайг 2007 онд зодож байсан гэх мэдүүлэг.
Гэрч Д.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: П.О орж ирээд ******* зодоод байна гээд чармай нүцгэн ам хамраас нь цус гоожсоор байж байхад нь араас нь ******* согтуу орж ирээд зодох гээд байсан, манай нөхөр болиулаад *******-г цагдаад өгч явуулсан гэх мэдүүлэг /хэргийн 13 дахь хуудас/
Гэрч С.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: П.О эгч хаалга татаж орж ирээд чармай нүцгэн ам хамарнаас нь цус гарчихсан архи уугаагүй эрүүл Б зодоод байна цагдаа дуудаад өгөөч гэж орж ирсэн. Тэгээд ардаас нь Б орж ирээд согтуу зодох гээд хөөгөөд байхаар нь би салгаж цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хэргийн 14 дэхь хуудас/
Гэрч Ц.Ч-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2013 оны 8 дугаар сарын 26-ны орой 18 цагаас 02 цагийн хооронд шөнийн эргүүлд хяналт тавьж ажиллаж байсан. Эхнэрийгээ зодсон гэх Б гэж хүнийг авч эрүүлжүүлэхэд өгсөн гэх мэдүүлэг /хэргийн 15 дахь хуудас/
- Хохирогч П.О-н биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 864 дугаартай дүгнэлтэд: “П.О-н биед бүслэхийн хоёр нугаламын хажуугийн сэртэнгийн битүү хугарал, их бие доод мөчдийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, гэтлийн зэрэг тогтоох зааврын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт /хэргийн 21 дэхь тал/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ******* нь 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын баг *** дугаар хэсэг **** тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хардалтын улмаас эхнэр П.О****г зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч **********г бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь **** онд Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т зааснаар 6 жил хорих ял шийтгүүлж, *****оны 12 дугаар сарын 20-нд ялын хугацаа дуусч суллагдсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т зааснаар ялтай байдал дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хохирогч П.О**** нь эмчилгээний зардалд 275750 төгрөг нэхэмжилж, холбогдох нотлох баримтаа ирүүлсэн бөгөөд шүүгдэгч ********** нь хохирол төлбөрт 110000 төгрөг шүүхийн шатанд төлсөн байх тул иргэний нэхэмжлэлээс үлдэх 165750 төгрөгийг гаргуулж хохирогч П.О*** олгох нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч П.О****н бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан байх бөгөөд эмчилгээ үргэлжлүүлэн хийлгэж байгаа болох нь амбулаториор эмчлүүлэгчийн картаар нотлогдож байх тул цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *********** нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлын зарим хэсгийг сайн дураар өөрийн боломжоор төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, ял оногдуулахдаа харгалзан үзлээ.
Шүүгдэгч ********** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б**** овогт Г****н Б*****г бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч ***** 300 /гурван зуу/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч ***** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ***** 165750 /нэг зуун жаран таван мянга долоон зуун тавин/ төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын **** дугаар баг **** тоотод оршин суух П.О****т олгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар хохирогч П.О**** нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоног баривчлах ялаар тооцож солихыг шүүгдэгч ***********д мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол ***********д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***********д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ