Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 001/ХТ2022/00837 |
Дугаар | 001/ХТ2022/00837 |
Огноо | 2022-09-15 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2022/00837
2022 09 15 001/ХТ2022/00837
О.Дийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/01977 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1694 дүгээр магадлалтай,
О.Дийн нэхэмжлэлтэй
“Т К” ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч О.Хаш-Эрдэний гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашдорж, хариуцагчийн төлөөлөгч Б.Болортунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. О.Д нь “Т К” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/01977 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352-р зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т К ХХК-иас 15 000 000 /арван таван сая/ төгрөг гаргуулж Очирын О.Дэд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т К ХХК-иас 232 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1694 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/01977 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын “...352-р зүйлийн 352.1...” гэснийг “205 дугаар зүйлийн 205.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 232 950 төгрөгийн 51 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 181 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгч О.Хаш-Эрдэнэ хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрөн гомдол гаргаж байна. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх... Гэрээний 3.1-т зааснаар ажил гүйцэтгэгч нь орон сууцыг 2019.04 дүгээр улиралд ашиглалтад оруулах, 2.4-т зааснаар захиалагч 2020.12.30-ны дотор тогтоосон хэмжээгээр төлбөрийг төлж дуусгахаар тохирчээ. Харин захиалагч гэрээний хугацаанд 23,000,000 төгрөг төлсөн. Гэрээ цуцлах болсон үндэслэл нь гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой, харин захиалагчийн буруугаас гэрээ цуцлах шалтгаан болоогүй, энэ тохиолдолд захиалагчийн төлсөн 23,000,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ... “Т К” ХХК-иас 15,000,000 төгрөг гаргуулж Очирын О.Дэд олгосугай...гэжээ. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэжээ. Захиалагч О.Д нь гадаад явахаар болсон гээд гэрээг цуцлах саналыг гаргасны дагуу гэрээг цуцалсан бөгөөд тус гэрээний 5.1, 3.1, 4.11 дүгээр заалтуудад гэрээг захиалагчийн хүсэлтээр цуцалсан тохиолдолд 10 хувийн торгууль төлөхөөр тохирсон тул О.Дийн төлсөн 23,000,000 төгрөгнөөс 10 хувь буюу 2,300,000 төгрөгийг төлөх боломжгүй тул магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.
6. Нэхэмжлэгч О.Д нь хариуцагч “Т К” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзсаны улмаас үлдэгдэл 15,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь торгууль 2,300,000 төгрөгийг суутгах үндэслэлтэй гэж маргажээ.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй болсон, хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, холбогдох хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
8. Талууд 2019.04.30-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, “Т К” ХХК нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй үйлчилгээ, орон сууцны цогцолбор хотхонд, 9 давхрын 2 өрөө, 32,6 м.кв талбай бүхий орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч О.Д нь 44,010,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон, нэхэмжлэгч нь нийт 23,000,000 төгрөгийг шилжүүлсэн, гэвч талууд гэрээг цуцалж, хариуцагч нь 2020.2.01-ний дотор 23,000,000 төгрөгийг буцааж өгөх үүрэг хүлээсэн, 8,000,000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 15,000,000 төгрөгийг төлөөгүй үйл баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээнээс татгалзсан эрх зүйн үндэслэлийг анхан шатны шүүх зөв тодорхойлсон боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүх залруулж, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсгийг 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэг болгон шийдвэрт өөрчлөлт оруулсан нь оновчтой болсон байна. Ажил гүйцэтгэх гэрээг байгуулах үед орон сууц баригдаж байсан ба гэрээг байгуулснаас хойш ажлын үр дүн бий болоогүй тул гэрээг цуцлах бус гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа харилцан буцаахаар талууд тохирчээ.
9. Нэхэмжлэгч О.Д нь гадаад явахаар болж, өөрөө гэрээг цуцалсан гэж гэрээнд заасны дагуу 10 хувийн торгууль болох 2,300,000 төгрөгийг хасч тооцуулахыг хүссэн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэл муутай байна.
Талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 5.1-д захиалагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс эсхүл цаашид биелүүлэх боломжгүй болсон, эсхүл захиалагчийн хүсэлтээр гэрээ цуцлагдсан тохиолдолд орон сууцны төлөгдсөн төлбөрийн 10.0 хувьтай тэнцэх торгуулийг Гүйцэтгэгчид төлнө.”, 3.1-д “гүйцэтгэгч нь орон сууцны барилгын батлагдсан зураг, төслийн дагуу Монгол Улсын Барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Барилгын норм ба дүрэм, чанар стандартад нийцсэн орон сууцыг 2019 оны 4-р улиралд багтаан барьж, Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгнө.”, 4.11-д “Захиалагч өөрийн хүсэлтээр эсвэл энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан тохиолдолд уг орон сууцыг дараагийн Захиалагч худалдан авахаар гэрээ байгуулж, эхний төлбөр орж ирсэн үед гэрээний 5.1-д заасан торгуулийг суутган тооцуулж, үлдсэн төлбөрийг Гүйцэтгэгчээс эргүүлэн авах эрхтэй. Энэ мөнгөнд хүү, алданги төлөхгүй.” гэж заажээ. /хх-4-8/ Зохигч гэрээнээс татгалзсан үйл баримтыг маргаагүй, харин гэрээнээс татгалзсанд хэн нь буруутай, торгуулийг хариуцах эсэх асуудал маргааны зүйл болсон байна.
Талууд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тохиолдолд анз тохирох нь хууль зөрчихгүй бөгөөд харин уг тохиролцоо нь үүргээ зөрчсөн эсвэл гэм буруутай тал хариуцлага хүлээх хуулийн зарчмыг зөрчих учиргүй болно. Иймд гэрээнээс татгалзсанд нэхэмжлэгч буруутай эсэх талаар шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасны дагуу дүгнэж, “Т К” ХХК нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүйн улмаас нэхэмжлэгч О.Д гэрээнээс татгалзсан гэж үзсэн нь хэрэгт байгаа баримтад тулгуурласан, торгуулийг хариуцан суутгах үндэслэлгүй байх тул хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.
10. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1694 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 51,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД