Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 12

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн

улсын яллагч Б.Долгион

шүүгдэгч С.Оюунбаатар, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626022477 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 4-нд Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эх, эгчийн хамт Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Рашааны 10 гудамж 599 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаагийн 1-709-1 тоотод түр оршин суугаа гэх, ялгүй, ЗЮ80120474 дугаарын регистртэй, Хошуу овогт Сэрдамбын Оюунбаатар

Шүүгдэгч С.Оюунбаатар 2016 оны 9 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах GB хотхоны 42 дугаар байрны гадна талын автомашины ил зогсоолд байрлуулсан хохирогч Б.Батжаргалын эзэмшлийн 61-62 УНЕ улсын дугаартай Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, нэвтрэн орж 2 ширхэг толь, Dell маркийн зөөврийн компьютерийг цүнх, хулганы хамт хулгайлж, нийт 850.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч С.Оюунбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй.

Тухайн үед манай найз миний нэр дээр банкнаас зээл авчхаад гадаад улс руу зугтаагаад гарсан, зээлийг нь би төлж байгаад сүүлдээ боломжгүй болсон. Тэгээд таксинд явж байтал хулгай хийх бодол гэнэт орж ирсэн. 42 дугаар байрны тийшээ хүн хүргэж өгчихөөд явж байсан. Би нөөтбүүкийг 400.000 төгрөгөөр, 2 ширхэг толийг нийтэд нь 100.000 төгрөгөөр тус тус зарсан.

Хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ маш их ичиж, гэмшиж байна. Цаашид биеэ зөв авч явна гэв.

Шүүгдэгч С.Оюунбаатарын хувийн байдалтай холбоотой: түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 38/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 34/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 37/,

гэрч Сэрдамбын Даваасүрэнгийн “... би Оюунбаатарын төрсөн эгч нь. Оюунбаатар 1980 оны 12 дугаар сарын 4-нд Дундговь аймагт айлын зургаа дахь хүүхэд болж төрсөн. 1988 онд Дундговь аймгийн 2 дугаар арван жилийн сургуульд элсэн орж 1998 онд арван жилийн сургуулиа сайн үнэлгээтэй төгсөөд Үндэсний биеийн тамирын сургуулийн хувиар авахаар нь төлбөр мөнгийг нь төлж чадахгүй эрэгтэй хүүхэд яахав гээд эмэгтэй дүүг нь сургуульд оруулсан. Ингээд Оюунбаатарыг сургуульд оруулж чадахгүй байж байгаад 3 сарын цагдаагийн курст суралцуулаад дараа нь аавтай нь хамт тээвэрт явж байгаад сүүлд өөрөө машин зээлээр аваал одоо таксинд явдаг. Миний дүү их зөөлөн хүнд тусархуу, хүний үгэнд оромтгой, сэтгэл сайтай, миний хувьд маш сайн дүү гэж боддог. Урьд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг хийж байгаагүй байх гэж бодож байна. Насанд хүрсэн хүнд байнга хяналт тавих биш тэгээд ч гэмт хэрэгт холбогдоод байхаар хүмүүжилтэй хүн биш” гэсэн мэдпүүлэг /хх-н 25/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

2016 оны 9 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, GB хотхоны 42 дугаар байрны гадна талын автомашины ил зогсоолд байрлуулсан хохирогч Б.Батжаргалын эзэмшлийн 61-62 УНЕ улсын дугаартай Toyota Prius 20 маркийн автомашины 2 ширхэг толь, уг автомашин дотроос Dell маркийн зөөврийн компьютер хулгайд алдагдаж, түүнд 850.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учирсан гэх гэмт хэрэг үйлдэгджээ.

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч С.Оюунбаатар үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт түүний мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан

хохирогч Бүдрагчаагийн Батжаргалын “... 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн орой 21-22 цагийн орчим Баянгол дүүргийн 1 дүгээр хороо GB хотхоны 42 дугаар байранд байдаг эгчийнхээ гэрт очиж хонохоор болсон. Маргааш өглөө нь 09 цагаас 10 цагийн орчим эгчийнхээ гэрээс ганцаараа гараад өөрийн байрлуулж тавьсан байсан 61-62 УНЕ улсын дугаартай цайвар ногоон өнгийн Тоёота приус 20 маркийн автомашин дээрээ очоод машиндаа сууж, машинаа асаагаад толийг нь нээх гэтэл машины хоёр толь байхгүй байсан. Тэгээд хартал жолоочийн хаалганы урд талын жижиг цонх хагарсан байхаар нь миний нөүтбүүк гээд хойд талынхаа суудлын урд шалавч дээр тавьсан байсан нөүтбүүкээ үзэхэд байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгөхөд цагдаа нар ирээд үзлэг хийсэн. Машины хоёр толь, Dell маркийн, улаан хүрэн өнгөтэй нөүтбүүк, хар өнгийн Самсунг гэсэн бичигтэй нөүтбүүкний цүнх байсан. Мөн дансны хуулга, утасгүй хулгана зэрэг эд зүйл алдагдсан. Сэрдамбын Оюунбаатар гэх хүнийг танихгүй. Өмнө харж байгаагүй. Өөр сэжиглэж байгаа хүн байхгүй. Миний машин байсан газар хяналтын камер байхгүй. Алдагдсан машины толийг 200.000 төгрөгөөр авсан. Оригналь нь 500.000 төгрөг байдаг юм. Dell  маркийн улаан хүрэн өнгөтэй нөүтбүүк 1 ширхэг /I-5 марктай, 15.6 инчийн дэлгэцтэй, 2014 оны намар Компьютер ландаас 1.700.000 төгрөгөөр авч байсан. 1.400.000 төгрөг, хар өнгийн Самсунг гэсэн бичигтэй нөүтбүүкний цүнхийг 25.000 төгрөг, утасгүй хулгана буюу маусыг 15.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Алдагдсан эд зүйлээ олж авмаар байна” /хх-н 8-9/,

“... комиссын үнэлсэн 850.000 төгрөгтэй санал нийлж байна. Хэрэв Оюунбаатар гэх хүн миний хохирлыг барагдуулж өгвөл надад гомдол санал байхгүй” /хх-н 24/ гэсэн түүний мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... шинжилгээнд хүргүүлсэн хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэх гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн 2 дугаарт гарын мөр нь Папилон санд MN000710000258 гэсэн дугаараар Сэрдамба овогтой Оюунбаатар нэрээр бүртгэгдсэн этгээдийн баруун гарын алганы хээтэй тохирч байна” гэсэн 01/671 тоот дүгнэлт,

хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 5/, цагдаагийн ажилтны Илтгэх хуудас /хх-н 21/, мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх-н 49/, шинжилгээнд тэнцсэн гарын мөрийн зураг /хх-н 13-14, 16/ эрэн сурвалжлалт зарласан тухай баримт /хх-н 17-20, 46-49/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд Шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолд “... “агуулах сав” гэдэг нь ... түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин ... зэргийг хамааруулан ойлгоно” гэж тайлбарлажээ.

Шүүгдэгч С.Оюунбаатарт холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл тэрээр хохирогч Б.Батжаргалын эзэмшлийн автомашинд нэвтэрч эд зүйл хулгайлсан байгаа нь хуулийн дээрх тайлбартай нийцэх ба прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэв.

Иймд Хошуу овогт Сэрдамбын Оюунбаатарыг агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Харин бусдын эд хөрөнгийг хулгайлах энэ гэмт хэргийн улмаас бага бус хэмжээний хохирол учирсан нь эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон /хх-н 33/ бөгөөд шүүгдэгч С.Оюунбаатар бусдад төлөх төлбөргүй буюу хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан /хх-н 49/, хохирогчийн зүгээс гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч С.Оюунбаатарт ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, тухайлбал үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугийн талаар маргахгүй байгаа, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзав.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.Оюунбаатар саатуулагдсан болон цагдан хоригдсон хоноггүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

1.  Хошуу овогт Сэрдамбын Оюунбаатарыг агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар С.Оюунбаатарыг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

3. С.Оюунбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. С.Оюунбаатар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Батжаргал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

5. С.Оюунбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзан,

мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар түүнд хяналт тавихыг нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Оюунбаатарын “батлан даалт”-ын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.        

 

         ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             О.ЖАНЧИВНЯМБУУ