Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 580

 

 

 

 

 

 

   2020            5              12                                       2020/ДШМ/580

 

Ч.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Анармөнх,

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Ч.Бд холбогдох 1911007760796 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овгийн Ч.Б, 1984 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 35  настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэвлэлийн график дизайн, төрийн захиргааны менежмент мэргэжилтэй, Үндэсний статистикийн хороонд Хүн ам, орон сууцны тооллогын товчооны статистикч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 018 дугаар байрны 1 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 137 дугаар байрны 59 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:НВ84092632/;

            Ч.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 12, 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 137 дугаар байрны 59 тоотод оршин суух гэрээсээ Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Нийтлэг үйлчилгээний газрын www.khangardi.mn веб сайтад хууль бусаар халдаж мэдээлэл устгасан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ч.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигин овогт Чагнаадоржийн Бат-Эрдэнийг цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасны улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Бат-Эрдэнийг 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгж буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Ч.Бд торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгийг хэрэгт нь үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч П.Эрхэмбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.Бат-Эрдэнэ Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийтлэг үйлчилгээний газрын www.khangardi.mn веб сайтед 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагт халдаж мэдээлэл утгасан учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.400.000 мянган төгрөгөөр торгох ял сонссон.

Шийтгэх тогтоолын үндэслэлд “...нийтийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан гэмт үйлдэлд гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. ...” , “...тухайн хэргийн улмаас учирсан хохирол нь мөнгөн хэлбэрээр илэрхийлэгдэх боломжгүй тул шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. ...” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

  1. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... гэмтээсний улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол. ...” гэж хохирол, хор уршиг шаарддаг зүйл анги байдаг.

Энэ зүйл ангитай холбоотой шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” -г нотолж тогтоох ёстой байсан.

Гэвч энэ хэрэгт хохирол, хор уршиг учраагүй бөгөөд мөрдөгчийн магадлагаа, шинжээчийн дүгнэлт, хохирол учирсан гэх гэрчийн мэдүүлэг болон түүнийг нотолсон нэг ч нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хоролдулам нь шүүх хуралдаан дээр манай байгууллагын зүгээс учирсан хохирол, хор уршиг байхгүй гомдолгүй болно гэж мэдүүлсэн.

Мөн Э.Хоролдуламын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Эдийн бус хохирол учирсан байгаа. ...” /хх-86-87/, гэрч Х.Эрдэнэбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...шууд мөнгө төгрөгөөр яригдах хохирол биш ч гэсэн байгууллагын ажилчдын дундах бие биедээ итгэх итгэл нь байхгүй болж байгаа юм. ... ” /хх-96-97/, гэрч Б.Билгүүтэй мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...яг учирсан бодит хохирол гэх зүйл байхгүй. ...” /хх-27-28/ гэх мэдүүлгүүд нь хохирол, хор уршиг учирсан гэж үзэх хангалттай үндэслэл биш юм.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. ...” гэж, мөн 4 дүгээр хэсэгт хохирлын хэмжээг мөнгөн дүнгээр тодорхойлж өгсөн байдаг.

Тэгвэл тухайн www.khangardi.mn веб сайтад нэвтэрч коммент устгасан шууд үр дагавар нь юу байсан бэ. Үүнийг мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны явцад тогтоож чадаагүй. Шууд үр дагавар нь энэ гээд прокурор нэг ч нотлох баримт гаргаж ирээгүй.

Ийм нөхцөл байдалд шүүгч ямар үндэслэл, дотоод итгэл үнэмшлээр нийтийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэг ч иргэн www.khangardi.mn веб сайтад хандахад ажиллахгүй байсан, үүнээс болоод миний ажилд ийм сөрөг үр дагавар гарсан гэх өргөдөл байгаагүй. Шүүгч хэн гэдэг хүний, ямар гомдол, ямар үр дагаврыг тооцоолон, хичнээн иргэдэд хохирол учирсан гэж үзсэн нь тодорхойгүй байна.

Дээрх дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

2. Цахим мэдээлэлд хууль бусаар халдахын тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж...” гэж заасан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг үзвэл үзлэг хийсэн тэмдэглэл “...2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 16 цаг 34 минутын үед “64.119.25.80 эх IР” хаягаас админ эрхээр нэвтэрсэн лог харагдаж байв.” /хх- 13/;

хохирогч Б.Билгүүтэй “... Хандалт бол бүх хүнд нээлттэй зүйл. Харин нэвтэрнэ гэдэг нь нэвтрэх нэр болон нууц үг ашиглан админ эрх эдэлж...” гэх мэдүүлэг /хх-32/,

гэрч А.Тулгаа “...архивыг шалгаж үзтэл тухайн сайтын админ эрхээр нэвтэрч мэдээлэл буюу постуудыг устгасан байсан...” гэх мэдүүлэх /хх-34/ мөн мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дандаа нэвтрэх гэдэг нэрийг ашиглаж асуулт асуусан байдаг.

Гэвч яллагдагч Ч.Б 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр www.khangardi.mn веб сайтад хуучин нэр болон хуучин нууц үгийг хийж үзтэл нэвтэрсэн байдаг.

Харин Нийтлэг үйлчилгээний газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”-г дуусгавар болгох тухай тушаалаар М.Мөнхсүрэн, Г.Энхтуяа, Д.Мөнхсайхан болон Б.Билгүүтэй нартай ажил хүлээлцсэн байдаг. Тухайн веб сайтад нэвтрэх нэр болон нууц үгийг ажил хүлээлцэх комиссын гишүүн Б.Билгүүтэйд албан ёсоор хүлээлгэн өгсөн. Гэвч ажил хүлээлцэх үед Б.Билгүүтэй нь нэвтрэх нэр болон нууц үгийг солих ёстой байтал солиогүй нь энэ нөхцөл байдал бий болгоход хүргэсэн.

Өөрөөр хэлбэл, хэвлэлийн дизайнер мэргэжилтэй Б.Бат-Эрдэнэ нь хууль бусаар халдах тусгай программ, техник хэрэгсэл бэлтгэж санаатайгаар халдалт хийж чадахгүй, боломж ч байхгүй. Өөрийн хуучин нэр, хуучин нууц үгийг хийж үзтэл шууд нэвтэрсэн үйлдэл байна. Үүнийг “халдсан” гэж үзэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Мөн хохирогч Б.Билгүүтэйн “манай сайт одоо хэвийн үйл ажиллагаатай ажиллаж байгаа” болон мөрдөгчийн “дээрх устсан мэдээллүүдийг сэргээн байршуулах боломж байгаа юу” гэсэн асуултад хариулсан “одоо сэргээх боломжтой тухайн үедээ “бейк апп” хийгдээгүй байсан учир боломжгүй байсан юм. Одоо мэдээллүүдээ сэргээгээд явж байгаа...” гэсэн мэдүүлэг зэргийг шүүх үнэлэх боломжтой байсан гэж үзэж байна.

Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь мэдээллийн үйл ажиллагааны салбарын эсрэг нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд улс орны ашиг сонирхол, эдийн засгийн болон хувь хүний эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг чиглэсэн ашиг хонжоо олох зорилготой нийгэмд аюултай үйлдэл байдаг. Учирсан хохирлыг тогтооход мэдээллийн үнэ цэнэ, эвдрэлийг арилгахад шаардагдах хугацаа, хохирсон хэрэглэгчдийн тоо, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан байдал, эд хөрөнгийн хохирлын хэмжээ зэргийг зайлшгүй харгалзан үзэх ёстой.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/666 дугаар захирамжийн хавсралтаар Нийтлэг үйлчилгээний газрын дүрмийг баталсан байна.

Тодорхойлохдоо "Нийтлэг үйлчилгээний газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын санхүү бүртгэлийн болон үндсэн хөрөнгө, барилга байгууламжийн ашиглалтыг хариуцан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад санхүү, аж ахуй, цэвэрлэгээ үйлчилгээ үзүүлэгч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг мөн.” гэж тодорхойлжээ.

Өөрөөр хэлбэл, энэ байгууллагын чиг үүрэг нь www.khangardi.mn сайтад мэдээ мэдээлэл байршуулах, олон нийт түүн рүү хандаж, мэдээлэл авдаг, байнгын ашигладаг, тэдэнд зориулж мэдээ мэдээлэл бэлтгэдэг, сайтын үйл ажиллагаа явуулдаг газар биш гэсэн үг.

www.khangardi.mn сайтын мэдээллүүд нь аль хэзээний сэргэсэн, хохирол, хор уршиг учраагүй гэж тухайн байгууллагын төлөөлөгч шүүх хуралдааны үеэр дурдсан бөгөөд тухайн сайтад халдсан гэж үзэх үндэслэл хангалттай тогтоогдохгүй байсан.

Мөн Ч.Бат-Эрдэнийн хувийн байдлыг тодорхойлоход өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг төлөв даруу гэж ойрын хүмүүс тодорхойлдог энгийн нэгэн Монгол улсын иргэн хүн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.1 дүгээр зүйлийн 4 хэсэгт заасан “эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.” гэдгийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Би тухайн байгууллагаад 2009 оны 2 дугаар сараас эхлэн ажилласан. Уг байгууллага зөвхөн дотооддоо үйлчилгээ явуулдаг. Өдийг хүртэл би ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Миний үйлдлийг өршөөхийг хичээнгүйлэн хүсч байна. ...” гэв.

Прокурор Г.Анармөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Тухайн гэмт хэргийг шүүгдэгч нь хувийн өс хонзонгийн санаатай үйлдэж мэдээллүүдийг устгасан байдаг. Энэ гэмт хэргийн улмаас тухайн байгууллагын 2018 оны ажлын тайланг дүгнэх шалгуур үзүүлэлтүүд байхгүй болсон. Мөн Төрийн албаны тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг буюу ил тод байх зарчмыг алдагдуулсан. Мэдээлэл устгасан үйлдэл нь санамсар болгоомжгүйгээр устгасан гэж шүүгдэгч хэлдэг боловч цахим санд үзлэг хийсэн баримтуудаар үзэхэд тухайн устгасан мэдээллийг дахин сэргээх боломжгүй болгож устгасан байдаг. Үүнээс үзэхэд түүний үйлдэл нь санаатай болох нь харагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 137 дугаар байрны 59 тоотод оршин суух гэрээсээ Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Нийтлэг үйлчилгээний газрын www.khangardi.mn веб сайтад хууль бусаар халдаж мэдээлэл устгасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Билгүүтэйгийн “...Нийтлэг үйлчилгээний газар нь www.khangardi.mn веб сайтад байгууллагын мэдээ, мэдээллийг байршуулдаг сайт юм. 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр www.khangardi.mn веб сайтад байгууллагын мэдээллийг байршуулсан. 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн өглөө ажилдаа ирээд www.khangardi.mn веб сайтад мэдээлэл хийх гэсэн боловч тухайн сайтад байршиж байсан бүх мэдээлэл устсан байсан. 2019 оны 1 дүгээр сарын 12, 13-ны өдөр буюу амралтын өдрөөр www.khangardi.mn гадны IР хаягаас нэвтэрч олон үйлдэл хийсэн байсан. www.khangardi.mn сайт руу нэвтрэх нэр надаас гадна техникч ажилтай Тэмүгэд л байдаг. Өмнө нь ажлаас гарсан Бат-Эрдэнэд байдаг байсан. Хандалт бол бүх хүнд нээлттэй харин нэвтрэх нэр болон нууц үг ашиглан админ эрх эдэлж мэдээлэлд өөрчлөлт, засвар хийх бүрэн боломжтой. ... ” /1-хх-27-32, 2-хх-25-28/,

иргэний нэхэмжлэгч Э.Хоролдуламын “...Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 2018 оны ажилд үнэлэлт өгөх ажлын хэсгийн үнэлгээнд байгууллагынхаа үйл ажиллагааны ил тод байдлыг хангах шалгуур байдаг. Энэ үүднээс газрын даргын тушаал, байгууллагын дүрэм, журам, хүнийн нөөцийн мэдээлэл, худалдан авах ажиллагааны мэдээлэл болон үйл ажиллагаатай холбоотой бүх мэдээллийг байршуулахыг шаарддаг. Үүний дагуу манайх бүх мэдээлээ байршуулсан байсан. Шалгалт ирэхээс 1-ээс 2 өдрийн өмнө сайт руу хандаж үзэхэд орохгүй байсан. Эдийн бус хохирол учирсан. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас томилогдсон ажлын хэсэг Нийтлэг үйлчилгээний газрын 2018 оны ажлын үр дүнд үнэлэлт өгөхөд сөргөөр нөлөөлсөн. Өмнөх жилүүдэд байршуулсан мэдээллүүдийг устгасан учраас нөхөж байршуулах боломжгүй нөхцөл үүсэн ба зөвхөн 2018 оноос хойшхи мэдээлэл байршуулах боломжтой болсон. ...” /1-хх-84-87, 2-хх-21-24/,

гэрч А.Тулгаагийн “...www.khangardi.mn” веб сайтад хадгалагдаж байсан бүх пост буюу нийтлэлүүд бүгд устсан. 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өглөө Нийтлэг үйлчилгээний газрын Билгүүтэй над руу залган “манай сайтад байсан мэдээлэл устсан байна” гээд намайг дуудсан. Сайтын архивыг шалгаж үзтэл тухайн сайтын админ эрхээр нэвтэрч мэдээлэл буюу постуудыг устгасан байсан ба IP хаяг мэдээлэл үлдсэн байсан. 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 64.119.25.80 IP хаягаас мэдээллийг устгасан байсан. /1-хх-33-34/,

гэрч Х.Эрдэнэбилэгийн “...Бүх төрийн байгууллагуудын веб сайттай мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэж байх, нээлттэй байх ёстой гэдэг үүднээс ажиллуулдаг байсан. Энэ веб сайтад байршуулсан мэдээ, мэдээллээр жилийн ажил дүгнэхэд ажлын үзүүлэлт болж дүгнэгддэг. ...” /1-хх-94-97/,

Ч.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “...Би хуучин ажиллаж байсан админ эрхээрээ хандалт хийхэд орж байсан бөгөөд би уг сайтад хадгалагдаж байсан мэдээллүүдийг санамсаргүй устгасан. Устгасан мэдээллийг эргэн сэргээхийн тулд материалууд нь байгаагүй учир болоогүй юм. ...” /1-хх-73-75, 76-81, 2-хх-29-30, 31/ гэх мэдүүлгүүд,

эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-хх-10-11/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-хх-12-26/, Юнивишны харилцагчийн мэдээлэл /1-хх-43-44/, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчөөр Э.Хоролдуламыг томилсон тухай албан бичиг /1-хх-242-243, 2-хх-54/, Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын дүрэм /1-хх-248-250/, Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын хөдөлмөрийн дотоод журам /2-хх-1-12/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүрэг бүхий субъектүүдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийг цахим мэдээлэлд хууль бусаар халдаж, сүлжээг ашиглах боломжгүй болгож, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийг 2019 оны 1 дүгээр сарын 12, 13-ны өдүүдэд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 137 дугаар байрны 59 тоотод оршин суух гэрээсээ Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Нийтлэг үйлчилгээний газрын www.khangardi.mn веб сайтад хууль бусаар халдаж мэдээлэл устгасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр нарын “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хэргийн материалыг судлан үзэхэд, Нийслэлийн нийтлэг үйлчилгээний цахим сайт болох www.khangardi.mn веб сайтад “тамгын газрын даргын тушаал, байгууллагын дүрэм, журам, хүнийн нөөцийн мэдээлэл, худалдан авах ажиллагааны мэдээлэл болон үйл ажиллагаатай холбоотой бүх мэдээллийг” байршуулдаг байсан бөгөөд энэ нь иргэний нэхэмжлэгч Э.Хоролдуламын “...Эдийн бус хохирол учирсан. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас томилогдсон ажлын хэсэг Нийтлэг үйлчилгээний газрын 2018 оны ажлын үр дүнд үнэлэлт өгөхөд сөргөөр нөлөөлсөн. Өмнөх жилүүдэд байршуулсан мэдээллүүдийг устгасан учраас нөхөж байршуулах боломжгүй нөхцөл үүсэн ба зөвхөн 2018 оноос хойшхи мэдээлэл байршуулах боломжтой болсон. ...” /1-хх-84-87, 2-хх-21-24/, гэрч Х.Эрдэнэбилэгийн “...Бүх төрийн байгууллагуудын веб сайттай мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэж байх, нээлттэй байх ёстой гэдэг үүднээс ажиллуулдаг байсан. Энэ веб сайтад байршуулсан мэдээ, мэдээллээр жилийн ажил дүгнэхэд ажлын үзүүлэлт болж дүгнэгддэг. ...” /1-хх-94-97/ зэрэг мэдүүлгүүдээр тухайн байгууллагад хохирол учирсан болох нь нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх дээрх байдлыг үндэслэн шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгж буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн Ч.Бат-Эрдэнийн үйлдлийн улмаас Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Нийтлэг үйлчилгээний газрын www.khangardi.mn веб сайтад байсан мэдээллүүд устгагдсан, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан төдийгүй иргэдийн мэдээлэл олж авах эрхэнд халдаж, тэдний эрхийг хязгаарлажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус тодорхойлсноос дүгнэвэл Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Нийтлэг үйлчилгээний газрын хэвийн үйл ажиллагаа алдагдсан, хууль ёсны ашиг сонирхолд эдийн бус хохирол учирсан байна.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “...Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.” гэж заасантай нийцжээ.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                 ШҮҮГЧ                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ