Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2026/0339

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

   “ТС” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                  захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Б.Адъяасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч М.Цэцэгмаа,

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн өмгөөлөгч

Нэхэмжлэгч: “ТС” ХХК

Хариуцагч: Сангийн яам,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 230 дугаар,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 128/2025/1121/З

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 230 дугаар шийдвэрээр:

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3, 14.7, 22 дугаар зүйлийн 22.6, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.8 дахь заалтыг тус тус баримтлан Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02/9044 тоот “Гомдол хянасан тухай”, 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 02/9083 тоот “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” албан бичгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “ТС” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

2. Давж заалдах гомдлын агуулга:

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.6-д “Захиалагчийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 01/2243 дугаар албан бичигт гаргасан гомдлын дагуу гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тендерийн баримт бичигт заасан ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг шалгах шалгуурыг нэхэмжлэгч хангаагүй буюу хоёр гэрээний нийт үнийн дүн төсөвт өртгийн 30%-д хүрэхгүй байсан нь тогтоогдсон” гэж, Үндэслэх хэсгийн 2.8-д “... Хэдий нэхэмжлэгчээс байгууллагын "Нууц хамгаалах журам"-ыг хавсралтаар хүргүүлсэн байх боловч хуулийг давж үйлчлэх дүрэм, журам гэж байхгүй тул энэ үндэслэлээр захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж дүгнэсэн хариуцагч Сангийн яамны шийдвэр үндэслэлтэй байна”, гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Анхны тендерийн баримт бичиг /ТББ-1/-ийн ТШЗ 18.1.2-т заасан "Ижил төстэй гэдэгт багц тус бүрд техникийн тодорхойлолтод заасан хэмжээс бүхий хүнд даацын дугуй нийлүүлсэн байхыг ойлгоно" гэж заасан. Энэ нь шударга, тэгш өрсөлдөөнийг хязгаарласан, бусдад давуу байдал үүсгэсэн байна гэж үзэж Монополын эсрэг газарт уг заалттай холбогдуулан 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн TS-2025-085 дугаартай гомдол гаргасан.

Манай гомдлыг Монополын эсрэг газар хянаж үзээд тендерийн баримт бичиг нь өрсөлдөөнийг хязгаарласан байна, ТББ-г хууль, журамд нийцүүлэх тухай албан бичгийг Монополын эсрэг газраас захиалагч ЭТТ ХК-д 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/1495 тоот албан бичгээр хүргүүлсэн. Захиалагч “ЭТТ” ХК-иас Монополын эсрэг газрын тендерийн баримт бичиг хянасан албан бичгийн дагуу тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулалгүйгээр дахин системд ТББ-г оруулсан.

Захиалагч тэгш өрсөлдөөнийг хязгаарласан үйлдлээ засварлаагүй тул дахин өөрчлөлтийн ТББ-З:ТШЗ 20.1-т "Ижил тостой гэдэгт багц тус бурд R51 болон түүнээс дээш хэмжээж бухий хүнд даацын дугуй нийлүүлсэн байхыг ойлгоно" гэж заасан энэ заалт нь өөрчлөлт орсон мэт харагдав ч утгын хувьд өмнөх тендерийн баримт бичигтэй ямар ч ялгаагүй. Учир нь гэвэл Монгол Улсад R51 хэмжээтэй автосамосмалын дугуй хэрэглэдэг уурхай маш цөөхөн буюу Эрдэнэт үйлдвэр, ЭТТ ХК-аар хязгаарлагдана. Уг дугуй нь Caterpillar, Belaz, Komatsu гэх мэт уул уурхайн том техникт хэрэглэгддэг, уг техникүүд асар үнэтэй, Монгол улсад цөөн тоотой байдаг техникүүд юм. Гэтэл захиалагчийн зүгээс ижил төсөөтэй ажлын туршлагыг нэн ховор хэрэглэдэг дугуй нийлүүлсэн байхыг шаардаж энэ нь өрсөлдөөнийг хязгаарласан байна гэсэн дүгнэлт нь гараад байхад дахин өөрчлөлт оруулахдаа уг хэмжээнээс том хэмжээтэй дугуйг нийлүүлсэн хамт тооцно гэдэг нь агуулгын хувьд ямар ч ялгаагүй зүйл юм. Өөрөөр хэлбэл захиалагчийн зүгээс зориудаар өрсөлдөөнийг хязгаарласан, өрсөлдөх тэгш боломжоор хангаагүй, уг үйлдлээ хэлбэрийн хувьд өөрчлөн дахин үргэлжлүүлсэн гэж үзэхээр байна.

Дээрх нөхцөл байдлаа харгалзан үзэлгүйгээр тендер шалгаруулалтыг хийж, Манай компанид ЭТТ ХК-аас 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 01/2243 дугаартай "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр шаардлага хангаагүй тендер гэж үзэж татгалзсан тухайгаа мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл R51 болон түүнээс дээш хэмжээтэй дугуй нийлүүлсэн ажлын туршлагыг ирүүлэх байтал R51 болон R49 хэмжээтэй дугуйны ажлын туршлагын мэдээллийг ирүүлсэн гэж үзсэн. ТББ-ийн ТШЗ-ын 20.1-т “.... ижил, төстэй гэрээг хэрэгжүүлсэн байх” гэж заасан бөгөөд энэ нь заавал ижил байх шаардлага гэж үзэхгүй. Энэхүү шийдвэр нь үндэслэлгүй, ижил төстэй ажлын туршлагыг хууль, тогтоомжид нийцэхгүйгээр тогтоож, шаардаж байсан нь захиалагчийн 2025.10.19-ны өдөр дахин зарласан тендерийн баримт бичгээс тодорхой харагдаж байна. ТББ-4: “Ижил төстэй гэдэгт багц тус бүрд R49 болон түүнээс дээш хэмжээс бүхий хүнд даацын техникийн дугуй нийлүүлсэн болохыг тухайлан ойлгоно" гэж заасан.

Эндээс дүгнэж үзвэл Захиалагч нь тэгш өрсөлдөөнийг хязгаарласан шаардлагыг ТББ-Д оруулсан бөгөөд үүнийг нь хууль нийцээгүй байна гэсэн дүгнэлт нь Монополын эсрэг газраас гарсан байхад түүнийгээ засахгүйгээр тендерийг үнэлсэн.

Уг хуульд нийцээгүй шаардлага тавьж, түүгээрээ тендерийг үнэлж, улмаар манай тендерийг шаардлага хангаагүй гэж татгалзсан шийдвэр нь үндэслэлгүй байна гэж Сангийн яаманд гомдол гаргахад агуулгын дүгнэлт огт хийлгүй, хэлбэрийн төдийгөөр асуудалд хандаж гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь хууль тогтоомжид нийцэхгүй. Мөн манай компанийн зүгээс байгууллагын нууцад хамаарах болон хувь хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг холбогдох хууль, журмын дагуу нууцалж илгээсэн.

Байгууллагын нууцын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол байгууллагын албан үйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсхүл шударга өрсөлдөөнд зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор байгууллага оороо нууцалж хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох нууц мэдээ, технологийн шийдэл, тосол, судалгаа-шинжилгээний баримт бичиг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг байгууллагын нууцад хамааруулж болно" гэж, 4 дүгээр зүйлийн 4.2-т "Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах нууцыг байгууллага өөрөө тогтооно", 5 дугаар зүйлийн 5.1-т "Байгууллагын нууц нь тухайн байгууллагын хамгаалалтад байна. Байгууллага нь нууцаа хамгаалах журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрөө тогтоож мөрдөнө" "ТС" ХХК-ийн гүйцэтгэх захирлын батлагдсан “Нууц хамгаалах журам"-ын 1.3.1, 1.3.2, 2.1, Тушаалын 2-р хавсралтаар батлагдсан Нууцын жагсаалтын 17-д тус тус заасныг үндэслэ.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-т “"хүний хувийн мэдээлэл" гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг”, 4.1.12-т "хүний эмзэг мэдээлэл" гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг" гэж тус тус заасан. Шударга өрсөлдөөнд зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор байгууллага өөрөө нууцалж хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох мэдээллээ нууцалж илгээсэн бөгөөд уг мэдээлэл нь мөн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан хүний хувийн мэдээлэлд хамаарах тул нууцалж илгээсэн нь хууль тогтоомж зөрчөөгүй.

Байгууллагын нууцтай холбоотой харилцааг тусгайлан нарийвчлан зохицуулсан хууль нь Байгууллагын нууцын тухай хууль юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Шалгарсан оролцогчийн тендерийн нууцлаагүй хэсэг, тендерийн талаар оролцогчоос өгсөн тодруулгыг гэрээ байгуулах эрх олгосноос хойш ажлын таван өдрийн хугацаанд цахим системээр бусад оролцогчид ил болгоно" гэж заасан. Эндээс үзвэл тендерт оролцогч холбогдох хууль тогтоомжийн дагуу байгууллага болон хувь хүний нууцтай холбогдох мэдээллийг нууцалж илгээх боломжтой болохыг харуулж байна.

Мөн ТББ-ийн ТШЗ-ийн 25.5-д “Бүх материалыг нууцалж ирүүлсэн тохиолдолд татгалзах үндэслэл болно" гэж заасан бөгөөд харин манай компани зөвхөн импортын барааны мэдүүлгийг нууцалсан нь хууль, тогтоомж болон тендерийн шаардлагыг зөрчөөгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бодит байдалд нийцсэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 230 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү ” гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

            2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

            2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “ЭТТ” ХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 01/2243 дугаар албан бичгээр “...  “ЭТТ” ХК-аас зарласан ЭТТХК/20250102437 дугаартай “Автосамосвалын дугуй”, багц 1  “Автосамосвалын дугуй” (33.00R51)-ыг нийлүүлэхээр ирүүлсэн танай тендер Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй” гэсэн хариуг нэхэмжлэгч “ТС” ХХК-д хүргүүлсэн байна.

2.2. Нэхэмжлэгч “ТС” ХХК-аас дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргаснаар тус яамны 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 02/8643 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн байна.

2.3. Гэвч Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02/9044 дүгээр албан бичгээр “... Захиалагч 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр цахим системд нийтэлсэн тендер шалгаруулалтын баримт бичгийн тодруулгад “... Ижил төстэй гэдэгт багц тус бүрд R51 болон түүнээс дээш хэмжээс бүхий хүнд даацын техникийн дугуй нийлүүлсэн байхыг тухайлан ойлгоно” гэж заасан байх тул тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй шалтгаанаар татгалзсан гэх гомдол үндэслэлгүй … тендерт R51 болон түүнээс дээш хэмжээс бүхий хүнд даацын техникийн дугуй нийлүүлсэн 2.249.340.000.00 төгрөгийн гэрээний мэдээлэл ирүүлсэн байх тул багц тус бүрийн төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүн бүхий ижил төстэй гэрээ хэрэгжүүлсэн байх шаардлагыг хангаагүй гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй, ... “ТС” ХХК тендерт ижил төстэй гэрээний импортын барааны мэдүүлгийг ирүүлсэн байх боловч нууцалсан байх тул шаардлага хангахгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй” гэсэн үндэслэлээр захиалагчийн шийдвэрийн хэрэгжилтийг түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацааг дуусгавар болгож, мөн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 02/9083 дугаар албан бичгээр “... гомдол гаргагчийн тендер шалгаруулалтын 1 дүгээр багцад хүргүүлсэн Мөнх даатгалын 2504******* дугаартай 40.000.000 /Дөчин сая/ төгрөгийн тендерийн  баталгааг Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын MN7500901009******** тоот дансанд төвлөрүүлж, ажлын 3 өдрийн дотор хариу мэдэгдэнэ үү” гэсэн албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.

            2.4. Нэхэмжлэгчээс дээрх Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн үнэлгээний хорооны нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан шийдвэрийг үндэслэл бүхий гэж үзсэн 02/9044 дүгээр албан бичиг болон тендерийн баталгааг улсын орлого болгохын мэдэгдсэн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 02/9083 дугаар албан бичгийг тус тус эс зөвшөөрч “... ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг 2022-2024 оны аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй гэрээний нийлбэрээр тооцно гэж, ижил төстэй гэрээ гэдэг нь 251 болон түүнээс дээш хэмжээс дугуй худалдаалсан гэрээг ойлгохоор заажээ. Манай компани нь R51 болон түүнээс дээш хэмжээстэй дугуй худалдаалсан гэрээний дүн 7.127.320.000 төгрөг байхад уг шаардлагыг хангахгүй гэж байгаа нь үндэслэлгүй, ... гаалийн мэдүүлгийн хуудаст захирал Ч.Б-н үндэс угсаа, утас, хаяг буюу  Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.12-т заасан “хүний эмзэг мэдээлэл”-д хамаарах мэдээллийг агуулсан байхад нууцалсан нь хууль зөрчсөн гэж үзэж манай тендерээс татгалзсан нь үндэслэлгүй ... ” гэх үндэслэлээр маргасан байна.

            2.5. Анхан шатны шүүхээс “... ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг үнэлэх шалгуурыг захиалагч хугацаа, үнийн дүн, ижил төстэй барааны хэмжээ, чанараар тодорхой тогтоон өгч тендерт оролцогчдод мэдээлэл хүргүүлж, тендерийн баримт бичгийн хүрээнд сонгон шалгаруулалтыг явуулсан байдаг. Гэтэл нэхэмжлэгчээс уг шаардлагыг хангасан гэж бус дахин тендер сонгон шалгаруулалтын баримт бичгийг иш татах байдлаар гомдлын үндэслэлээ тайлбарлаж байгаа нь хариуцагч Сангийн яамны гомдлыг хянан шийдвэрлэсэн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй юм. Захиалагчийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 01/2243 дугаар албан бичигт гаргасан гомдлын дагуу гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тендерийн баримт бичигт заасан ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг шалгах шалгуурыг нэхэмжлэгч хангаагүй буюу хоёр гэрээний нийт үнийн дүн төсөвт өртгийн 30 хувьд хүрэхгүй байсан нь тогтоогдсон. Иймд тендерт оролцогч “ТС” ХХК-аас захиалагчийн тавьсан шалгуурыг хангасан гэх агуулгаар гомдол гаргаагүй энэ нөхцөл байдалд гомдлыг хянан шийдвэрлэсэн Сангийн яамны “ … гомдол үндэслэлгүй” гэх агуулга бүхий шийдвэрийг үндэслэлгүй хариу өгсөн гэж буруутгах боломжгүй, … нэхэмжлэгчээс байгууллагын “Нууц хамгаалах журам”-ыг хавсралтаар хүргүүлсэн байх боловч хуулийг давж үйлчлэх дүрэм, журам гэж байхгүй тул энэ үндэслэлээр захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж дүгнэсэн хариуцагч Сангийн яамны  шийдвэр үндэслэлтэй, … Сангийн яам нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн энэ тохиолдолд захиалагч “ЭТТ” ХК уг баталгааг улсын орлого болгохоор журамд нарийвчлан заасан ...” гэсэн дүгнэлтүүдийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

            3. Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02/9044 тоот “Гомдол хянасан тухай”  албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            3.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор, захиалагчид гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тухай гомдлыг энэ хуулийн 57.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш ажлын таван өдрийн дотор тус тус хүлээн авна”, 59.3-т “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргах гомдол үндэслэл бүхий байна”, 59.8-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тендер шалгаруулалтад холбоотой цахим системд байршуулсан баримт бичиг, мэдээлэл, тендер шалгаруулалтын хувийн хэрэгт үндэслэн гомдлын үндэслэлийн хүрээнд ажлын 10 өдөрт багтаан гомдлыг хянан шийдвэрлэнэ” гэж заасан.

3.2. Мөн Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалаар баталсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 4.1-д “Хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрөх тухай гомдлыг хуулийн 28.3-т заасан шийдвэр нийтэлснээс хойш ажлын таван өдрийн дотор гаргах ба дараах шаардлагад нийцсэн байна. Үүнд:”, 4.1.1-д “гомдол гаргаж буй тендер шалгаруулалт, түүний аль багц болон шийдвэрийг тодорхой дурдсан байх”, 4.1.2-т “шийдвэрийг эс зөвшөөрч буй үндэслэлийг нэг бүрчлэн, бүрэн тодорхойлж ирүүлэх”, 4.1.3-т “захиалагчийн шийдвэрийн хуулбарыг хавсаргах”, 4.1.4-т “тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалтад гомдол гаргасан оролцогчийн тендерийн баталгаа хүчинтэй бөгөөд гомдол хянан шийдвэрлэх хугацаанд дуусгавар болохгүй байх”, 5.8-д “Сангийн яам гомдлын үндэслэлийн хүрээнд тендер шалгаруулалт хууль, холбогдох дүрэм, журам, зааварт нийцэж явагдсан эсэхийг хянан шийдвэрлэх нь Сангийн яамны гаргах шийдвэрийн төрлийг хязгаарлах үндэслэл болохгүй”, 5.9-д “Сангийн яам гомдол хянан шийдвэрлэхэд хуулийн 59.10-т зааснаар хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй асуудлаар захиалагчийг хуулийн 48.2.3-т заасан эрх, үүргийн хүрээнд хяналт тавихыг даалгасан бол захиалагч хуулийн 28.1-д зааснаар шийдвэр дахин гаргах эсэхийг шийдвэрлэж, оролцогчид мэдэгдэнэ” гэж тус тус заасан.

3.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Автосамосвалын дугуй” Багц 1 “Автосамосвалын дугуй (33.00R51)”-ыг нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-д “Сүүлийн 3 жил буюу 2022, 2023, 2024 онуудын аль нэг жилд багц тус бүрийн төсөвт өртгийн 30 хувь буюу Багц1 6.670.801.962 төгрөгөөс багагүй үнийн дүн бүхий 1-ээс доошгүй ижил төстэй гэрээг хэрэгжүүлсэн байх. Ижил төстэй гэдэгт багц тус бүрд R51 болон түүнээс дээш хэмжээс бүхий хүнд даацын техникийн дугуй нийлүүлсэн байхыг ойлгоно” гэсэн шаардлага тусгагдсан, тус тендерийн шаардлагын баримт бичигтэй нэхэмжлэгчээс маргаагүй, хүчин төгөлдөр тендерийн баримт бичгийн хүрээнд захиалагчаас тендер шалгаруулалтыг зохион байгуулж явуулсан байна.

3.4. Нэхэмжлэгч “ТС” ХХК-аас тендер шалгаруулалтад оролцохдоо 2024 онд “КЭСР” ХХК-тай байгуулсан №TS 2024-018 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, 2024 онд “КЭМг” ХХК-тай байгуулсан №TWS 2024-001 дугаартай Худалдах, худалдан авах гэрээг тус тус ижил төстэй гэрээнд тооцуулахаар хүргүүлсэн байна.

3.5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:”, 4.1.17-д “"тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг;”, 11.1-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална.”, 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана.”, 26 дугаар зүйлийн 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ:”, 26.4.1-д “энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх;”, 26.4.2-т “санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх;”, 26.4.4-т “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх” 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ” гэж заасан.

3.6. Дээр дурдсан хуулийн зохицуулалтад нийцүүлэн боловсруулсан хүчин төгөлдөр тендерийн баримт бичгийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчээс ирүүлсэн тендерийг хянаад “... КЭСР” ХХК-тай байгуулсан №TS 2024-018 дугаартай Худалдах, худалдан авах гэрээгээр 33.00R51 хэмжээтэй дугуй 18 ширхэгийг 1.199.340.000 төгрөгөөр, “КЭМг” ХХК-тай байгуулсан №TWS 2024-001 дугаартай Худалдах, худалдан авах гэрээгээр 33.00R51 хэмжээтэй 16 ширхэг дугуйг 1.050.000.000 төгрөгөөр тус тус нийлүүлсэн байгаа нь Сүүлийн 3 жил буюу 2022, 2023, 2024 онуудын аль нэг жилд багц тус бүрийн төсөвт өртгийн 30% буюу  Багц1 6.670.801.962 төгрөгөөс багагүй үнийн дүн бүхий 1-ээс доошгүй ижил төстэй гэрээг хэрэгжүүлсэн байх гэсэн шаардлагыг хангахгүй” гэж татгалзсан байна.

3.7. Иймээс хариуцагч Сангийн яамнаас нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан үнэлгээний хорооны татгалзсан шийдвэрт гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хянаад “... Захиалагч 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр цахим системд нийтэлсэн тендер шалгаруулалтын баримт бичгийн тодруулгад “... Ижил төстэй гэдэгт багц тус бүрд R51 болон түүнээс дээш хэмжээс бүхий хүнд даацын техникийн дугуй нийлүүлсэн байхыг тухайлан ойлгоно ...” гэж заасан тендерийн баримт бичгийн шаардлага хүчин төгөлдөрт баримт бичигт үндэслэн хариу өгсөн байх тул нэхэмжлэгчийн тендерийн баримт бичгийн шаардлагыг хангасан гэж биш харин тендер сонгон шалгаруулалтын баримт бичигтэй холбогдуулан маргасан үндэслэлээр Сангийн яамны гомдол хянан шийдвэрлэсэн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

            3.8. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д “Оролцогч тендерийн дараах баримт бичиг, мэдээллийг ил болгохыг зөвшөөрч илгээнэ”, 22.6.1-д “энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлага хангасныг нотлох баримт бичиг”, 22.6.2-т “тендер шалгаруулалтын баримт бичигт тусгасан маягтын дагуу илгээсэн мэдээлэл;”, 22.6.3-т “энэ хуулийн 22.5-д заасан үндэслэлээр ил болгохгүй баримт бичиг, мэдээлэл байгаа бол түүний хууль зүйн үндэслэлийг тайлбарласан мэдэгдэл”, 22.6.4-т “тендер шалгаруулалтын баримт бичигт ил болгохоор заасан бусад баримт бичиг” гэж заасан байна.

            3.9. Тендер шалгаруулалтын баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 25 дугаар зүйлийн 25.5-д “Хуулийн 22.6-д заасан баримт бичиг, мэдээллийг заавал ил болгож илгээх ба ТШЗ-ны 25.4-т заасан нь уг баримт бичгүүдэд хамаарахгүй. Захиалагч тухайн тендер шалгаруулалтад нэмэлтээр ил болгох баримт бичгийг өгөгдлийн хүснэгтэл заах ба уг баримт бичиг хүний эмзэг мэдээлэл хамаарах бол мэдээллийн эзний зөвшөөрлийг авсны үндсэн дээр тендер илгээнэ,”, тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 25.5-д “Оролцогчдод ил болгох нэмэлт баримт бичгийн жагсаалт: 1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлагыг хангасныг нотлох баримт бичиг; 2. Тендер шалгаруулалтын баримт бичигт тусгасан маягтын дагуу илгээсэн мэдээлэл; 3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан хүний  эмзэг мэдээлэлд хамаарах мэдээлэл байгаа бол хууль зүйн үндэслэлийг тайлбарласан мэдэгдэл ирүүлэх. /Бүх материалыг нууцалж ирүүлсэн тохиолдолд татгалзах үндэслэл болно/ ” гэж тус тус заасан байна.       

3.10. Хууль болон Тендер шалгаруулалтын зааварчилгаа, тендерийн өгөгдлийн хүснэгтээс үзэхэд тендерт оролцогч нь тендерийн баримт бичиг, мэдээллийг ил болгохыг зөвшөөрч илгээх ба хүний эмзэг мэдээлэл хамаарах мэдээлэл байгаа бол түүний ил болгоогүй хууль зүйн үндэслэлийг тайлбарлах ба бүх материалыг нууцалж ирүүлсэн тохиолдолд татгалзах үндэслэл болгохоор заасан байна.

3.11. Харин нэхэмжлэгч “ТС” ХХК-аас ижил төстэйд тооцуулахаар ирүүлсэн гэрээгээр нийлүүлсэн дугуйны импортын барааны мэдүүлгүүдийг цахим системд нууцалж хүргүүлсэн нь хууль болон Тендер шалгаруулалтын зааварчилгаа, тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасантай нийцээгүй байх тул захиалагчийн тендерээс татгалзсан шийдвэрийг тендерт оролцогчийн гаргасан гомдлоор хянаж гаргасан Сангийн яамны шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02/9044 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдэл үндэслэл бүхий байна.

            4. Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 02/9083 тоот “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            4.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол захиалагч тендерийн баталгааг улсын орлого болгоно”, 14.6.3-т “санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн”, 14.7-д “Энэ хуулийн 14.6.3-т заасан тохиолдолд 20 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцогчийн тендерийн баталгааны 20 хүртэл сая төгрөгийг, 20-100 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцогчийн тендерийн баталгааны 40 сая төгрөгийг, 100 тэрбумаас дээш төгрөгийн төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцогчийн тендерийн баталгааны 60 сая төгрөгийг тус тус улсын орлого болгоно” гэж заасан.

            4.2. Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 5.13-т “Хуулийн 14.6.3-т заасан нөхцөл үүссэн тухай шийдвэрийг хүлээн авсан захиалагч гомдол гаргагчийн 20 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй тендерийн баталгааг бүхэлд нь, түүнээс дээш үнийн дүнтэй тендерийг баталгааг хуулийн 14.7-д заасан үнийн дүнгээр Төв төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болгоно” гэж заасан байна.

            4.3. Энэ тохиолдолд нэхэмжлэгч “ТС” ХХК-аас гаргасан гомдлыг Сангийн яамны маргаан бүхий 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02/9044 дүгээр албан бичгээр “гомдлыг үндэслэлгүй” гэж шийдвэрлэсэн байх тул 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 02/9083 тоот “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” албан бичгийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул энэ талаарх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт шийдэл мөн үндэслэлтэй байна.

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 230 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                                          Б.АДЪЯАСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                           М.ЦЭЦЭГМАА

 

                        ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ