| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ц.Оч |
| Хэргийн индекс | 171/2012/0144/Э/ |
| Дугаар | 137 |
| Огноо | 2012-07-05 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2012 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0144/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оч даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярсайхан,
улсын яллагч Б.Сүрмандах,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тэрбиш
хохирогч Т.Т.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт --- Х.М-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000271 дугаартай хэргийг 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Монгол Улсын иргэн --- Х.М-, /РД: /, 1985 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ************************ тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгч Х.Х.М- нь согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 23-24 цагийн хооронд Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт “Сатрун” бааран хажууд иргэн Т.Т.Б-ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Х.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр ажлынхаа хүмүүстэйгээ Үйлчилгээний төвийн аркаар гараад явж байхад Т.Б- намайг дуудаад “Чи намайг танихгүй байна уу” гээд гараа дайлсан. Тэр үед миний нүдний шилээ унгачихсан тэгэхээр нь доошоо тонгойгоод шилээ авах үед манай ажлынх Т.Б-ийг салгаж авсан. Тэгтэл цаанаас хоёр цагдаа ирээд бид нарыг бас Т.Б-ийг Үйлчилгээний төвийн камерт зураг авчихаад явуулсан. Т.Б-тэй зодолдсон зүйл байхгүй. Хохирлын мөнгө өгчих гээд цагдаагаас утасдаад байсан. Тухайн үед би хөдөө ажлаар явж байсан. Т.Б-тэй утсаар ярьсанг Т.Б- өөрөө биччихээд цагдаад өгсөн байсан. Тэгээд байцаагч чиний ярьсан чинь энд бичигдчихсэн байна. Албан газар луу чинь бичиг явуулна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажилд ороод удаагүй байсан болохоор ажлаасаа гарчихаж магадгүй гээд хохирлыг нь төлсөн” гэв.
Хохирогч Т.Т.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2012 оны 4 дүгээр сарын 05 өдөр аркаар ганцаараа явж байтал Сатрун баарны үүдэнд сууж байсан залуучуудаас “Хөөе чи нааш ир” гэсэн тэгэхээр нь би очихгүй зогсоод байтал Х.М- ирээд “Чи хаанахынх юм бэ” гэхээр нь “Хуучин хорооллынх” гэж хэлэхэд Х.М- “Тэгвэл энд юу хийж байгаа юм бэ” гээд шууд мөргөсөн. Тэгтэл доошоо тонгойчихсон байхад нэг нь
D:\My D\My office files\Шийтгэх тогтоол\Х.Манат-181.2.1-137-ЦТ.doc
тэвэрч авсан. Нэг нь бас толгой руу цохисон хэн нь цохьсонг мэдэхгүй байна. Тэгээд хоёр эргүүлийн цагдаа ирээд замын камерт зураг авчихаад бид нарыг явуулсан. Эхлээд би 2 хүнтэй маргалдаад цагдаад дуудлага өгсөн. Тэр хүмүүс цагдаа ирэхээс хүмүүс яваад өгсөн. Тэгээд цагдаа ирээд намайг явж чадах уу гэхээр чадна гээд явж байсан юм. Би тэр үед архи уугаагүй эрүүл байсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг, тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 23-24 цагийн орчим хохирогч Т.Т.Б-ий биед хамар ясны хугарал, таславчны мурийлт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь:
-Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 329 дугаартай акт- Дүгнэлт
1.Т.Т.Б-ий хамрын ясны хугарал, таславчны мурийлт, нүүрний зөөлөн эдийн цус хуралтын биед тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 22 дахь тал/,
- Гэрч Т.Т.Гын: “2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр нилээн орой 23 цагийн үед /баараа хааж байх үед/ намайг ажил дээрээ буюу “Ди Ди” бааранд байхад манай дүү Т.Т.Б- нь бааранд орж ирээд хамт явъя гэсэн, тэр үед надад ажил гараад түрүүлээд харьж байгаа гээд баарнаас гаргасан. Би гэртээ 03 цагийн үед очиход Т.Б- гэрт унтаж байсан. Маргааш өглөө нь үзэхэд Т.Б-ий хамар нь хөхрөөд хавдчихсан байсан. Хэнд цохиулсанг нь мэдэхгүй байна гэсэн” мэдүүлэг /хэргийн 44 дэх тал/ зэрэг баримтаар тогтоогдож байгаа боловч энэхүү гэмтлийг Х.Х.М- нь үл ялих зүйлээр шалтаглан, түүнийг зодож догшин авирлан танхайрч учруулсан гэдэг нь хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.
Өөрөөр хэлбэл Улсын Дээд шүүхийн “Танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн гэмт хэрэг болон захиргааны зөрчлөөс ялгаж, зөв зүйлчлэхэд анхаарах зарим асуудлын талаар” гаргасан 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дугаартай тогтоолд “Танхайрах гэмт хэрэг” нь гэмт этгээд олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчихдөө нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах, хүч хэрэглэх буюу хэрэглэхээр заналхийлэх зэрэг үйлдлээр илэрнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч Х.Х.М-ын үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг агуулаагүй болох нь:
Хэрэг учрал болох үед шүүгдэгч Х.Х.М-тай хамт явж байсан:
Гэрч Х.Х.Б-гийн: “…2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 23 цаг 30 минутын үед харих гээд баарнаас гараад үйлчилгээний төвийн хажуугийн Сатрун баарны аркаар гараад явж байтал нэг согтуу залуу хүрч ирээд намайг таних уу, би эндхийн атаман байна гээд орилоод гараад ирээд Х.М- руу цохих гээд дайраад байсан. Манай тухайн залууг танихгүй гэхэд нөгөө залуу маргалдаад гараараа Х.М-ын нүдний шилийг унагаасан. Х.М- цохих гэхээр нь бултахдаа нүдний шилээ унагаасан байх. Тэгэхэд Х.М- зүгээр байгаач тэгэхэд нөгөө залуу дахиад дайраад байсан ба Х.М-тай зууралдаад барьцалдаад авсан…зууралдсан байсан залуугийн хамраас цус гараагүй, ер нь зүйл хэвийн байсан. Х.М- нь толгойгоороо л тухайн залуутай зууралдаж байгаад шүргэх шиг болсон” мэдүүлэг /хэргийн 19 дэх тал/,
Гэрч Т.Э-: “…үйлчилгээний төвийн хажуугийн Сатрун баарны аркаар гараад явж байтал нэг согтуу залуу хүрч ирээд “Пизда нараа та нар намайг таних уу, би хуучин хорооллын Т.Б- байна” гэхэд Х.М- тухайн залууг танихгүй гэхэд нөгөө залуу маргалдаад Х.М-ын нүдний шил рүү цохиод унагаасан. Тэгэхэд Х.М- зүгээр байгаач гэхэд нөгөө залуу дахиад дайраад байсан ба Х.М-тай барьцалдаад зууралдаад авсан тэгэхэд нь Х.Б-, Г- бид Х.М-ыг тухайн залуугаас салгасан. Удалгүй 2 цагдаа ирээд бид тавыг үйлчилгээний төвийн урд талын камер дээр ирээд зургийг авчихаад явуулсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/,
Дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч: Гэрч Ч.Б-: “…Б- хамт 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хуучин хороололд эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад 00 цагийн үед Үйлчилгээний төв дээр Т.Б- гэгч нь хүнд зодуулсан байна гэсэн дуудлагын дагуу Үйлчилгээний төв дээр очиход Т.Б- гэх залуу нилээн согтуу байсан ба үл таних 4 залууд зодуулчихлаа гэхээр нь Т.Б-д согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биеэ зөв авч явах, гэмт хэрэгт өртөж болзошгүй талаар зөвлөгөө өгч явуулаад зодсон гэх дөрвөн залууг маршрутандаа эрэн сурвалжлаад явж байхад удалгүй С- гудамжаар явахад үйлчилгээний төвийн Струан баарны аркны хажууд хэдэн хүмүүс маргалдаад байхаар нь яваад очтол Т.Б- нь үл таних 4 залуутай маргалдаад түүн дотор байсан нүдний шилтэй залуутай заамдалцаад зогсож байхаар нь маргааныг таслан зогсоогоод Үйлчилгээний төвийн камер дээр Т.Б- болон хамт зогсож байсан 4 залуугийн хамт зургийг нь даруулаад Т.Б-ээс урд нь зодсон дөрвөн залуу мөн үү гэж асуухад биш гэж хэлж байсан…Т.Б- нь нилээн согтуу байсан нөгөө дөрвөн залуугаас согтууруулах ундааны зүйл үнэртэх төдий л байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 45 дахь тал/,
Гэрч Б.Б-: “…Хуучин хорооллын Үйлчилгээний төв дээр Т.Б- гэгчтэй уулзах гэсний дагуу Үйлчилгээний төвийн Элит дэлгүүрийн шатан дээр яваад очиход Т.Б- нь намайг дөрвөн залуу зодчихоод явчихлаа гэж хэлэхээр нь ахлагч Батсайхан бид хоёр Т.Б-ийг харахад ямар нэгэн шарх сорви байхгүй байсан болохоор нь харьж амар гээд тэр дөрвөн залууг маршрутандаа эрэн сурвалжилна гэж хэлээд Т.Б-ийг гэр рүү нь явуулсан. Тэгээд бид хоёр үйлчилгээний төвийг эмнэлэгт талаар тойроод Хуучин хорооллын Цэцэрлэгт гудамж чиглэн алхаж байтал бид хоёрын явж байсан зүгийн баруун талд буюу Хуучин Сатрун баарны үүд хавьцаа залуучууд орилолдож байхыг сонсоод яваад очиход Т.Б- нь дөрвөн залуугийн хамт зогсож байсан ба Т.Б- нь орилоод /ээ намайг цохичихлоо шүү дээ гэх зэргээр/ зогсож байхаар нь дундуур нь ороод салган зөвлөгөө өгч Үйлчилгээний төвийн Өсөх баарны урд талын камерт очиж Т.Б-ийг тусад нь, дөрвөн залууг тусад нь зургийг нь авахуулаад явуулсан. Т.Б- нь тухайн үед дунд зэргийн согтолттой байсан ба биеэ ер нь хэвийн бус авч явж байсан ба надад зүгээр явж байгаа хүмүүсийг өдөөн хоргоож, хэрүүл маргаан үүсгэх сонирхолтой мэт санагдаж, үйлчилгээний төвөөр чанга, чанга орилоод тухайн дөрвөн залуутай маргаж байгаагаар харагдаж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 46 дахь тал/ зэргээр тогтоогдож байгаа бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Т.Т.Б- “…2012 оны 4 дүгээр сарын 05 өдөр аркаар ганцаараа явж байтал Сатрун баарны үүдэнд сууж байсан залуучуудаас “Хөөе чи нааш ир” гэсэн тэгэхээр нь би очихгүй зогсоод байтал Х.М- ирээд “Чи хаанахынх юм бэ” гэхээр нь “Хуучин хорооллынх” гэж хэлэхэд Х.М- “Тэгвэл энд юу хийж байгаа юм бэ” гээд шууд мөргөсөн” гэсэн мэдүүлэг дээрх гэрч нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна гэж шүүх үзэв.
Гэрч Ч.Б-, Б.Б- нар нь энэ гэмт хэрэгт ямар нэгэн хувийн сонирхолгүй, тухайн үед цагдаагийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж явсан бөгөөд болсон үйл явдлын талаар гэрчлэхдээ “Т.Б- нь биеэ хэвийн бус авч явж байсан. Зүгээр явж байсан хүмүүсийг өдөөн хоргоож, хэрүүл маргаан үүсгэж байсан” гэж тодорхой мэдүүлснийг дурьдаж байна.
Мөн мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагч нь 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тухай тогтоолоор “Х.Х.М-ын ************* дугаарын утаснаас Т.Т.Б-ий ************* дугаар луу залгаж ярьсан ярианы бичлэгийг” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 86 /Эд мөрийн баримт, түүнийг хадгалах/, 132 /Хураан авах, нэгжлэг хийх үндэслэл/ зүйлүүдийг удирдлага болгон эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах бөгөөд энэхүү ажиллагааг хийхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу баримтлаагүй байна гэж шүүх үзлээ.
Тухайлбал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйл, 86 дугаар зүйлийн 86.2, 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар эд мөрийн баримтад үзлэг хийж, тэмдэглэл хөтлөөгүй, хэнээс хураан авсан нь тухай тодорхойгүй, мөн тогтоолдоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 132 дугаар зүйл /Хураан авах, нэгжлэг хийх үндэслэл/-ийг удирдлага болгосон атлаа уг хуулийн 133, 137, 141 дугаар зүйлд заасан эд зүйлийг хураан авах тухай тогтоол гаргаж прокуророор батлуулах, хураан авах ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулах, тэмдэглэлийн хуулбарыг эд зүйлээ хураалгасан этгээдэд гардуулан өгөх зэрэг хураан авах ажиллагааны журмыг зөрчиж, эд зүйлийг хураан авчээ.
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-д заасан эд мөрийн баримтаар ирүүлсэн “Х.Х.М-ын ************* дугаарын утаснаас Т.Т.Б-ий ************* дугаар луу залгаж ярьсан ярианы бичлэгийг нотлох чадвараа алдсан гэж үзэж шүүхээс шийдвэрийнхээ үндэслэл болгохгүй байхаар шийдвэрлэлээ.
Дээрх байдлаас дүгнэн Х.Х.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан “Догшин авирлаж танхайрсан” гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзэж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахаар шийдвэрлэлээ.
Хэрэг эд мөрийн баримтаар ирүүлсэн “Х.Х.М-ын ************* дугаарын утаснаас Т.Т.Б-ий ************* дугаар луу залгаж ярьсан яриа бүхий CD-ийг хэрэгт үлдэхээр тогтоолд заав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290, 294, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт --- Х.М-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000271 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч Х.Х.М- нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.2-т зааснаар нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн нэг ширхэг CD-ийг хэрэгт үлдээсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6.2-т зааснаар Х.Х.М-ад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дүгээр зүйлийн 303.1-д зааснаар цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар цагаатгах тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Х.Х.М-ад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл авсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЧ