Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2020/01741

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгч Т.Ганчимэг, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.А

Хариуцагч: Ж.Г

Гэм хорын хохирол болох 3,725,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.А , иргэдийн төлөөлөгч Ц.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн Г.А  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний өөрийн эзэмшлийн Субару импреза маркийн******* улсын дугаартай автомашиныг миний нөхөр Р*******гийн Э******* 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 21 цаг 40 минутын үед жолоодож яваад зам тээврийн осолд орсон.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чулуун овооны Номин агуулах худалдааны төвийн урд замаар Нарантуул захаас зүүн тийш, Чулуун овооны буудал руу 1 дүгээр эгнээгээр явж байх үед Тоёота эстима маркийн ******* УНД улсын дугаартай суудлын автомашины жолооч Жалхаа овогтой Г  урдуур хөндлөн чиглэлд, эргэх зориулалтгүй газар эргэж, миний машинд мөргүүлсэн.

Түүний энэ бууруутай үйлдлийн улмаас миний эзэмшлийн автомашинд ихээхэн хэмжээний хохирол учирсан. Ж.Г ын буруутай үйлдэл нь Замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдож байгаа. Хохирлын хэмжээ бага тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай прокурорын мэдэгдэл ирсэн.

Миний автомашинд “К*******” ХХК-ийн үнэлгээгээр 1,385,000 төгрөгийн хохирол учирсан. Энэ тухай бид ярьж тохиролцон Ж.Г  нь хохирлоо бүрэн төлж барагдуулахаар баталгаа гаргаж өгсөн боловч өнөөг хүртэл төлөөгүй.

Миний нөхөр Р.Э******* уг машинаараа таксины үйлчилгээнд явж өдөрт 20,000-25,000 төгрөгийн орлого олдог. Түүгээрээ гэр бүлээ тэжээдэг. Мөн миний нөхөр чихрийн шижин өвчтэй тул сар бүрийн эм тариагаа авдаг байсан. Өөр орлого байхгүй тул амьдрал хүнд байгааг харгалзан үзнэ үү.

Иймд машинд учруулсан хохирол 1,385,000 төгрөг, үнэлгээний төлбөр 70,000 төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулсны төлбөр 20,000 төгрөг, осол болсноос хойш 3 сарын орлого 2,295,000 төгрөг, нийт 3,725,000 төгрөгийг Ж..Г аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.Г  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт ************** дугаартай машины жолооч нь эргэж байх үед араас ирж мөргөж осол гаргасан. Энэ үед бас хэн хэний буруутай үйл ажиллагаа байсан. Миний машинд эвдрэл гарч хохирсон.

Тухайн үедээ энэ Э******* нь үнэлгээ хийлгэнэ, машин засуулна гэдгээр ярилцаж байгаад 1,100,000 төгрөг өгнө гэж тохирсон. Мөн Э******* нь үнэлгээ хийлгээд жолоочийн хариуцлагын даатгалаас үнэлгээний дагуу мөнгөө авч, машинаа засуулсан гэж байсан.

Тухайн үед 1,100,000 төгрөгийн хохирлыг төлнө гэдгээ амласан боловч өлийн улиралд миний хувьд боломж гараагүй. Одоохондоо ч бас ажил эрхлээгүй, ар гэрийн хувьд эхнэр өвчтэй байна. Би хувиараа янз бүрийн ажил хийж, ар гэрээ ганцаараа тэжээдэг тул бүх ажил зогсонги байгаа өнөө үед төлөх бололцоо үнэндээ олдоогүй тул төлж чадаагүй байна.

Энэ нэхэмжлэлийн үнийн дүнгээс өмнө тохирсон 1,100,000 төгрөгийн төлбөрийг энэ үнийн дүнд таарсан улсын тэмдэгтийн хураамж төлөхөд татгалзахгүй.

Бусад нэхэмжилж буй төлбөрийг зөвшөөрөхгүй. Учир нь тухайн үед машины хохирлыг даатгалаас авсан, тухайн үед машинаа засуулсан, мөн үнэлгээ хийлгэсэн төлбөр нь миний төлнө гэж байгаа үнийн дүнд багдаж байгаа тул тус тус төлөх үндэслэлгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар, зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.А  нь хариуцагч Ж.Г ад холбогдуулан зам тээврийн ослын улмаас автомашинд учруулсан хохирол 1,385,000 төгрөг, үнэлгээний төлбөр 70,000 төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулсны төлбөр 20,000 төгрөг, осол болсноос хойш 3 сарын орлого 2,295,000 төгрөг, нийт 3,725,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,100,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргаж байна.

Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Ж.Г  нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 21 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овооны Номин агуулах худалдааны баруун талын замд, Тоёота эстима маркийн ******* УНД улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ Р.Э******* жолоочтой Субару Импреза маркийн******* ******* улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9  “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн, Субару Импреза маркийн******* ******* улсын дугаартай автомашины жолооч Р.Э******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй болох нь зохигчдын тайлбар, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Замын цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт, шийтгэлийн хуудас зэргээр тогтоогдож байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт заасан эрх зүйн этгээд хооронд гэм хор учруулснаас үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн гэж үзсэн этгээд учруулсан хохирлоо арилгуулахаар эрх зөрчсөн этгээдээс шаардах эрхтэй” гэж, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан  этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зохицуулжээ.

Нэхэмжлэгч Г.А  нь Субару Импреза маркийн******* ******* улсын дугаартай автомашины өмчлөгч болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд автомашинд учирсан хохирлоо барагдуулахаар шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалтт бүхий тээврийн хэрэгслийг  ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч Ж.Г  нь дээрх зам тээврийн улмаас учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Тоёота эстима маркийн ******* УНД улсын дугаартай автомашин нь “нэт капитал авто” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч Ж.Г  нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч биш боловч Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т “өөрийн хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж, 89.3-т “өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна” гэж тус тус зохицуулснаар, шууд байдлаар эзэмшилдээ эзэмшиж байхдаа бусдад учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Хариуцагч Ж.Г  нь осол гаргасан тухайн үедээ Субару Импреза маркийн******* ******* улсын дугаартай автомашины жолооч Р.Э*******тэй хэлэлцэн тохиролцсон 1,100,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бусад мөнгөн дүнг төлөхөөс татгалзаж буй үндэслэлээ “...машины хохирлыг даатгалаас авсан, машинаа засуулсан, үнэлгээ хийлгэсэн төлбөр нь миний төлнө гэж зөвшөөрч буй үнийн дүнд багтаж байгаа” гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “К*******” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай “Автомашины үнэлгээний тайлан”, дугаартай “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт”-аас үзэхэд, Субару Импреза маркийн******* ******* улсын дугаартай автомашинд ослын улмаас учирсан хохирол 1,385,000 төгрөг болох нь тогтоогдож байна.

Харин үнэлгээний төлбөр 70,000 төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулсны төлбөр 20,000 төгрөг, осол болсноос хойш 3 сарын орлого 2,295,000 төгрөгт холбогдох шаардлага нь нотлох баримтаар нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ж.Г аас 1,385,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.А д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,340,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Г аас 37,110 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.А д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Б.УНДРАА

 

               ШҮҮГЧИД                      Т.ГАНЧИМЭГ

 

                                                            Л.ЭНХЖАРГАЛ