| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттуулайн Болормаа |
| Хэргийн индекс | 119/2018/0024/з |
| Дугаар | 24 |
| Огноо | 2018-07-19 |
| Маргааны төрөл | Бусад, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2018 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 24
Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа би ОАПГ-ын ЕП Г.Э-ын ОАДТАГ-ын дарга, ТА Ц.Н-д холбогдуулан гаргасан “ОАДТАГ-аас ирүүлсэн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02/02 дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ОАПГ-ын ЕП Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ОАПГ-ын 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн аудитаар дараах зөрчил илэрлээ хэмээн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 02/02 дугаартай албан шаардлагыг ирүүлсэн байна. Үүнд: Төрийн үйлчилгээний албан хаагчдад үндэслэлгүйгээр аймгийн Ерөнхий прокурорын 2017.01.16-ны өдрийн А/01, 2017.04.05-ны өдрийн А/12, 2017.06.30-ны өдрийн А/17, 2017.09.29-ний өдрийн А/24 тоот тушаалуудаар хавтгайруулан нийт 9.776.044 төгрөгийн ур чадварын нэмэгдэл олгосон зөрчил илэрлээ. гэх албан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь ур чадварын нэмэгдлийг олгохдоо дараах хуулийн заалтыг удирдлага болгодог Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4-т заасны дагуу үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон докторын, мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдлээс тус тус бүрдэнэ, мөн хуулийн 28.13-т Энэ зүйлийн 28.2 дахь хэсэгт заасан цалингийн нэмэгдлийн дээд хэмжээ нь төрийн албан хаагчийн цалин хөлсний 40 хувиас хэтрэхгүй байна. гэж заасан /ур чадварын нэмэгдлийг олгохдоо 25 хувиас хэтрүүлэхгүй олгодог/ мөн хуулийн 38.2-т Төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийн албан хаагчдад олгох төлбөрийг түр буюу бүрмөсөн зогсоох, тэдний цалин хөлсийг бууруулах үндэслэл болохгүй гэж заасан байна.
... Тус аймгийн Прокурорын газар нь 2017 онд өвчтэй байсан, шинээр ажилд орсон, сахилгын шийтгэл хүлээсэн алба хаагчдад олгоогүй бөгөөд нийт прокурор ажилтнуудаас санал авч тэдний ажлыг дүгнэн нэгтгэж аймгийн Ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж тогтоон тушаалаар ур чадварын нэмэгдэл олгосон нь хавтгайруулж олгосон гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд тус аймгийн Аудитын газраас ирүүлсэн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02/02 дугаартай албан шаардлагыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч ОАДТАГ-ын дарга, ТА Ц.Нармандах шүүхэд гаргасан тайлбартаа: Тус АПГ-ын ЕП Г.Э-ын гаргасан ОАДТАГ-аас ирүүлсэн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02/02 дугаартай албан шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэлтэй танилцлаа.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч дараах саналыг гаргаж байна. Тус АПГ-ын төрийн үйлчилгээний алба хаагчдад ур чадварын нэмэгдлийг цалингийн 25%-иас хэтрүүлэхгүй олгох, өвчтэй байсан, шинээр ажилд орсон, сахилгын шийтгэл хүлээсэн алба хаагчдад ур чадварын нэмэгдлийг олгохгүй байх, батлагдсан төсвийн хүрээнд төрийн үйлчилгээний алба хаагчдад илүү цагаар ажилласан бол нотлох баримтыг үндэслэн илүү цагийн хөлсийг олгож байх талаар анхаарах. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
ОАПГ-ын нэхэмжлэлтэй ОАДТАГ-т холбогдох захиргааны хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ тухайгаа бичгээр илэрхийлсэн болно.
Иймээс шүүх хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн ОАДТАГ-аас ирүүлсэн “2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02/02 дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, 119/2018/0024/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг нарийн бичгийн дарга М.Бүжинд даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, гуравдагч этгээд нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА