Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2026/0356

 

 

 

 

 

 

 

                               

 

 

 

“ДБ” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч М.Цэцэгмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Б.Адъяасүрэн

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Гомдол гаргагч: “ДБ” ХХК

Хариуцагч: Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 135 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагч Н.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 128/2025/1085

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “ДБ” ХХК-аас Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц д холбогдуулан “Оюуны өмчийн газрын хяналт, шалгалтын газрын улсын байцаагч Б.Ц гийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0079886 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 135 дугаар шийдвэрээр 

Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1, Патентын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 3.1.15, 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг тус тус баримтлан ДБ” ХХК-аас Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц-д холбогдуулан гаргасан “Оюуны өмчийн газрын хяналт, шалгалтын газрын улсын байцаагч Б.Ц-гийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0079886 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

            3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх тус хэргийг хянан хэлэлцээд гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгийг үндэслэн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагаа нь 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; гэсэн зарчимд нийцэхгүй, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

3.1.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.9-д нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хооронд "... гэр бүл цуцлалт, дундын өмч хөрөнгө, оюуны өмчийн зөвшөөрөл олгосон тухай маргаантай байгаа бөгөөд уг хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй" болохыг дурдсан байна. Гэтэл шүүх энэхүү иргэний эрх зүйн маргаантай асуудал нь захиргааны зөрчлийн хэргийн үндэслэлд шууд нөлөөлөхүйц байхад үүнийг анхаарч үзэлгүйгээр шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, тухайн барааны тэмдгийг ашиглах эрх нь гэр бүлийн дундын өмчийн асуудал тул бусдын оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашигласан" гэх зөрчлийн бүрэлдэхүүн иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл эргэлзээтэй байна.

3.1.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2025/0614 тоот шийдвэрээр улсын байцаагч Б.Ц-гийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гаргасан 0079884 дугаартай шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн бөгөөд хариуцагч шинэ акт гаргахдаа нөхцөл байдлыг бүрэн шалгаагүй. "Хуурамч хүнсний бүтээгдэхүүн" гэх тодорхойлолт нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4.1.15-д заасан шинж чанарыг (орц найрлага өөрчилсөн, муудсан гэх мэт) агуулаагүй байхад шүүх үүнийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх хариуцагчийн гаргасан "үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг"-ийг үндэслэсэн боловч эдгээр нь "ДБ" ХХК-ийн зүгээс тухайн бүтээгдэхүүнийг яг хэзээ, хаана, ямар хэмжээгээр борлуулсныг хөдөлшгүй баримтаар (борлуулалтын орлого, падаан гэх мэт) нотлоогүй. Мөн шүүх шийдвэртээ Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4.1.15-д заасан хуурамч хүнсний бүтээгдэхүүний тодорхойлолтыг дурдсан бөгөөд манай бүтээгдэхүүн чанар, найрлагын хувьд ямар нэгэн зөрчилгүй, зөвхөн оюуны өмчийн маргаантай байхад "хуурамч" гэх ойлголтод багтааж торгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм. (Шүүх шийдвэртээ Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4.1.5 гэж андуурч бичсэн байна). Гэтэл шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт хууль зүйн үндэслэл бүхий тайлбарыг огт няцааж дүгнэлт хийлгүйгээр, зөвхөн "зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд нийцсэн" гэх ерөнхий дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасан шаардлагыг хангаагүй байна.

3.1.3. Шүүх хуралдааны явцад гуравдагч этгээд Б.М-н төлөөлөгчийн зүгээс "улсын байцаагч Б.Ц нь миний анх гаргасан гомдлын дагуу шийдвэр гаргаагүй, өөр үндэслэлээр шийтгэл ногдуулсан" гэх агуулга бүхий тайлбарыг гаргасан. Энэ нь захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр (шийтгэлийн хуудас) нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйл 39.1-т заасан "Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх" шаардлагыг хангаагүйг нотолж байна. Үүнээс харахад гомдол гаргагч гуравдагч этгээдийн хүсэл зориг болон байцаагчийн тогтоосон зөрчлийн хооронд ийнхүү зөрүү үүссэн байгаа нь улсын байцаагч хэргийн бодит нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн гүйцэд шалгаагүй, зөрчлийн шинж чанарыг буруу тодорхойлсон болохыг илтгэж байхад анхан шатны шүүх үүнд хууль зүйн дүгнэлт өгөөгүй нь үндэслэлгүй юм. Мөн Оюуны өмчийн газрын байцаагч Б.Ц нь зөрчлийн шинж чанарыг зөв тодорхойлж чадаагүй болох нь гуравдагч этгээдийн мэдүүлгээр тогтоогдож байна.

3.1.4. Нэхэмжлэгч тал өөрийн шинэ бүтээгдэхүүний уут, загварыг Оюуны өмчийн газарт бүртгүүлэхээр хүсэлт гаргаж, шинэ бүтээгдэхүүн гаргаж байсан гэх нөхцөл байдлыг шүүх харгалзан үзээгүйгээр шийдвэр гаргасан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 128/ШШ2026/0135 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

            2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

2.1. Маргаан бүхий 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0079886 дугаартай шийтгэлийн хуудсаар “барааны тэмдэг, бүтээгдэхүүний загварын патент эзэмшигчийн зөвшөөрөлгүй үйлдвэрлэн, худалдан борлуулсан” гэх үндэслэлээр гомдол гаргагч “ДБ” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг гомдол гаргагч “ДБ” ХХК-аас эс зөвшөөрч “... Оюуны өмчийн газрын хяналт, шалгалтын газрын улсын байцаагч Б.Ц-гийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0079886 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх Б.М-н 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан “30-2021-******* мэдүүлгийн дугаартай “Г” наполеон тортны уутны хэвлэмэл загварын патент болон 40-2020-******* мэдүүлгийн дугаартай Д, 40-2020-11***** мэдүүлгийн дугаартай Г, 40-2016-00******* мэдүүлгийн дугаартай Д барааны тэмдгийн хууль ёсны эзэмшигч ба барааны тэмдэг, патент хуурамчаар үйлдвэрлэгдсэн “ДӨБ” ХХК, Нарантуул худалдааны төвийн 140, 118, 225, 184 дүгээр лангуугаар худалдан борлуулж байна” гэх гомдол, мэдээллийн дагуу 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр эрх бүхий албан тушаалтан зөрчлийн 250200239 дугаар хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

2.3. Улмаар Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 0079884 дүгээр шийтгэлийн хуудсаар холбогдогч “ДБ” ХХК-ийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг гомдол гаргагч “ДБ” ХХК-аас эс зөвшөөрч тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 614 дүгээр шийдвэрээр улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 0079884 дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд шийтгэлийн хуудас хүчингүй болохыг тогтоон шийдвэрлэсэн байна.

2.4. Хариуцагчаас дээрх шүүхийн шийдвэрийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин явуулж, маргаан бүхий бүхий 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0079886 дугаартай шийтгэлийн хуудсаар “барааны тэмдэг, бүтээгдэхүүний загварын патент эзэмшигчийн зөвшөөрөлгүй үйлдвэрлэн, худалдан борлуулсан” гэх үндэслэлээр гомдол гаргагч “ДБ” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

2.5. Патентын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно”, 3.1.11-д “"патент" гэж тухайн шийдэл нь шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар болохыг тодорхойлж, патент эзэмшигч нь тодорхой хугацаанд энэ хуулийн 46.2-т заасан онцгой эрхийг эдлэх эрхийг”, 3.1.15-д “"патент эзэмшигч" гэж патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг өмчлөх онцгой эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан хувь хүн, хуулийн этгээдийг”, 47 дугаар зүйлийн 47.2-т “Патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, эсхүл бүтээгдэхүүний загварыг патент эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглахыг хориглоно”, 47.3-т “Дараах үйлдлийг патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг ашигласанд тооцно”, 47.3.1-д “патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүнийг, эсхүл патентаар хамгаалагдсан аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх, импортлох, худалдах санал гаргах, худалдах, хэрэглэх, эсхүл эдгээр зорилгоор хадгалах” гэж заажээ.

2.6. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13.1-д “Дараахь тохиолдолд барааны тэмдгийг ашигласанд тооцно”, 13.1.1-д “барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн бол”, 13.1.2-д “барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, үйлчилгээ үзүүлсэн бол” гэж тус тус заасан.

2.7. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүнийг, эсхүл патентаар хамгаалагдсан аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх, импортлох, худалдах санал гаргах, худалдах, хэрэглэх, эсхүл эдгээр зорилгоор хадгалах нь патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг ашигласанд, мөн барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн болон барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, үйлчилгээ үзүүлсэн бол барааны тэмдгийг ашигласанд тооцогдохоор байх бөгөөд хэрэв тухайн патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүнийг патент эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр зах зээлд нийлүүлсэн, худалдсан бол Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан буруутай этгээдэд торгох шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

2.8. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/120 тоот тушаалаар Б.М-д Г нэртэй наполеон тортны уутны хэвлэмэл загварын патентыг 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн анхдагч огноотой, 2036 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хүчинтэй байхаар олгосон байна.

2.9. Гуравдагч этгээд Б.М нь D барааны тэмдгийг 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн анхдагч огноо, 15996 улсын бүртгэлийн дугаартайгаар, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн анхдагч огноо, 40-0023*** дүгээр улсын бүртгэлийн дугаартайгаар, Г нэртэй барааны тэмдгийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн анхдагч огноо, 40-0023***дугаар улсын бүртгэлийн дугаартайгаар барааны тэмдгийн гэрчилгээг авсан байна.

2.10. Ийнхүү гуравдагч этгээд Б.М нь Г нэртэй наполеон тортны уутны хэвлэмэл загварын патентыг 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн анхдагч огноотойгоор, D барааны тэмдгийг 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн анхдагч огноо, 15996 улсын бүртгэлийн дугаартайгаар, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн анхдагч огноо, 40-0023*** дүгээр улсын бүртгэлийн дугаартайгаар, Г нэртэй барааны тэмдгийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн анхдагч огноо, 40-0023*** дугаар улсын бүртгэлийн дугаартайгаар барааны тэмдгийн гэрчилгээг тус тус эзэмшдэг байхад түүний зөвшөөрөлгүйгээр “Г” нэртэй бүтээгдэхүүнийг “ДБ” ХХК худалдан борлуулсан нь тогтоогдсон байх тул хариуцагч улсын байцаагчаас маргаан бүхий 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0079886 дугаартай шийтгэлийн хуудсаар “барааны тэмдэг, бүтээгдэхүүний загварын патент эзэмшигчийн зөвшөөрөлгүй үйлдвэрлэн, худалдан борлуулсан” гэх үндэслэлээр гомдол гаргагч “ДБ” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг шүүх буруу гэж үзэх үндэслэлгүй

2.11. Нэгэнт тус Г нэртэй наполеон тортны уутны хэвлэмэл загварын патент, D барааны тэмдэг, Г нэртэй барааны тэмдгийн эзэмшигчээр Б.М бүртгэгдсэн, уг бүртгэл хүчин төгөлдөр тохиолдолд гомдол гаргагчийн “... “ДБ” ХХК-ийн захирал О.** болон Б.М нар иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэр бүл цуцлалт болон дундын өмч хөрөнгө, оюуны өмчийн зөвшөөрөл олгосон тухай маргаантай байгаа бөгөөд уг хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна ” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

2.12. Зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар “Г” нэртэй наполеон тортны уутны хэвлэмэл загвар, барааны тэмдгийг эрх эзэмшигч Б.М-н зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсан болох нь тогтоогдсон, үүнийг гомдол гаргагчаас зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтыг үгүйсгэж маргаагүй, мөн үгүйсгэсэн баримт нотолгоог шүүхэд гаргаагүй байна.

2.13. Иймд шүүхээс “заавал бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан тоо хэмжээг тогтоох шаардлагатай” гэж үзэх шаардлагагүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын барааны тэмдэг, бүтээгдэхүүний загварын патент эзэмшигчийн зөвшөөрөлгүй үйлдвэрлэн, худалдан борлуулсан гэх зөрчил үйлдсэн тохиолдолд дээрх хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр заасан байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх хариуцагчийн гаргасан “үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг”-ийг үндэслэсэн боловч эдгээр нь “ДБ” ХХК-ийн зүгээс тухайн бүтээгдэхүүнийг яг хэзээ, хаана, ямар хэмжээгээр борлуулсныг хөдөлшгүй баримтаар (борлуулалтын орлого, падаан) нотлоогүй … ” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

2.14. Мөн гомдол гаргагчаас “... өөрийн шинэ бүтээгдэхүүний уут, загварыг Оюуны өмчийн газарт бүртгүүлэхээр хүсэлт гаргаж, шинэ бүтээгдэхүүн гаргаж байсан гэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй” гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримт нотолгоог гаргаж маргаагүй энэ тохиолдолд Б.М-н нэр дээр бүртгэгдсэн барааны тэмдэг, бүтээгдэхүүний загварын патент эзэмшигчийн зөвшөөрөлгүй үйлдвэрлэн, худалдан борлуулсантай холбогдуулан шийтгэл оногдуулсан хариуцагчийн шийдвэрийг үгүйсгэх боломжгүй юм.

            Ийнхүү анхан шатны шүүх хэргийг нотлох баримтад үндэслэж, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглэж, хуулийн зорилт, зарчимд нийцүүлэн дүгнэж, гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 135 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                                                      М.ЦЭЦЭГМАА

                        ШҮҮГЧ                                                                      Б.АДЪЯАСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                      Н.ХОНИНХҮҮ